Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1661

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч У.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2250 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн У.Т, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 509-22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  /РД: УМ90051030/,

Шүүгдэгч У.Т 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Наранхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хүндэвтэр хорирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч У.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөрт 300.000 төгрөгийг нөхөн төлсөн”  гэв.

Хохирогч Э.Наранхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүргэн болох Наранбаатарын хамт 32-ын тойрог дээр байдаг дэлгүүр ороод 0.5 литрийн Тайга нэртэй архи авсан. Тэр үед найз Т, Лхагвасүрэн, Батбаяр, Ариунбилэг нар ирсэн. Бид хэд машин дотор тухайн авсан архиа хувааж уугаад би явлаа гэж хэлэхэд найз Т нь би монелд уналттай тааз хийж байгаа, тэрэнд туслаадахаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр амжихгүй гэж хэлтэл явъя гэж хэлээд бүгд Батбаярын машинтай монел руу явсан. Тэгээд замдаа явж байхад Ариунбулаг, Батбаяр нартай маргалдаад замдаа бууя гэхэд буулгалгүйгээр хуучин ганц худгийн ойролцоо байрлах эзэнгүй хашаанд зогсоод маргалдаж байсан. Цаашаагаа би юу болсныг ерөөсөө санахгүй байна. Ттэй маргалдаж байсан. Дараа нь хэн зодсоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч М.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...машины цонх онгорхой байсан болохоор надад тэр хоёрын яриа сонсогдсон юм. Т тэгээд машины хаалга онгойлгоод Наранхүү суу гэсэн чинь Наранхүү нь хоёулаа сайхан зодолдъё гээд суухгүй байгаад Тгийн шилэн хүзүү рүү 2 удаа цохисон. Т цохиулчихаад Наранхүүг чи одоо машиндаа суулдаа гээд түлхсэн чинь Наранхүү нь замын хажуу руу өнхрөөд унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Гэрч О.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би машинд сууж байсан болохоор Т, Наранхүү нарыг хэрхэн яаж зодолдсоныг тодохой хараагүй, буугаад очиход ямар ч байсан тэр хоёр хоорондоо барьцалдаад авчихсан, нэг нэгнийгээ цохилцоод зогсож байсан. Очоод шууд салгаад машинд суулгасан. Тэгэхэд Наранхүүгийн хамарнаас цус гарсан байсан. Т зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Яллагдагч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Наранхүүг цохисон нь үнэн л юм чинь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №9170 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Э.Наранхүүгийн биед цээжний баруун талын 6, 7, 11 дүгээр хавирга, зүүн талын 11 дүгээр хавирга, ахар сүүлний 2 дугаар нугаламын их биеийн далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч У.Т 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Наранхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хүндэвтэр хорирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Э.Наранхүүгийн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ...найз Т нь би монелд уналттай тааз хийж байгаа, тэрэнд туслаадахаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр амжихгүй гэж хэлтэл явъя гэж хэлээд бүгд Батбаярын машинтай монел руу явсан. Тэгээд замдаа явж байхад Ариунбулаг, Батбаяр нартай маргалдаад замдаа бууя гэхэд буулгалгүйгээр хуучин ганц худгийн ойролцоо байрлах эзэнгүй хашаанд зогсоод маргалдаж байсан. Цаашаагаа би юу болсныг ерөөсөө санахгүй байна. Ттэй маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Лхагвасүрэнгийн: “...машины цонх онгорхой байсан болохоор надад тэр хоёрын яриа сонсогдсон юм. Т тэгээд машины хаалга онгойлгоод Наранхүү суу гэсэн чинь Наранхүү нь хоёулаа сайхан зодолдъё гээд суухгүй байгаад Тгийн шилэн хүзүү рүү 2 удаа цохисон. Т цохиулчихаад Наранхүүг чи одоо машиндаа суулдаа гээд түлхсэн чинь Наранхүү нь замын хажуу руу өнхрөөд унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч У.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч У.Тд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Наранхүү нь хавтаст хэрэгт хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул тэрээр уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч У.Тд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон хуульд заасан бусад байдлыг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгчид хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулсан болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар У.Тд 550 (таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Т нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Э.Наранхүү нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл У.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР