Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1004

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Мөнхжаргал,

хохирогч Д.Ч

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б. Ц холбогдох 1808047540019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ...төрсөн, ...,... настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ...тоотод оршин суух хаягтай, урьд

-1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №7 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял, 113 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож эдлүүлсэн, 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-1998 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 4-т зааснаар 12 жил хорих ял, 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 10 жил хорих ял, 123-1  дүгээр зүйлийн 1-т зааснаар 4 жил хорих ял, 125  дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял, 287 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял, 211 зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтаах болон нэмж нэгтгэн 19 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 21 жилийн хугацаагаар тогтоосон,

-2002 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 1998 оны 31 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 21 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 10 сар 12 хоногийн  хорих ялын заримыг буюу 14 жил 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 17 жил 10 сараар тогтоосон,

-2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 17 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 7 cap 11 хоногийн хорих ялын зарим болох 11 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 16 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 312 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 cap 17 хоногийн  хорих ялаас чөлөөлж суллагдсан,

-2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Т овогт Б.Ц  /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу

-2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу ...тоот суух М.М-н монгол гэрийн ханын шийрийг хугалж, 32 инчийн Samsung маркийн зурагт, 27 инчийн малчин зурагт, үнэртэй ус, мөнгөн бүс зэргийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 937.950 төгрөгийн,

-2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн...тоотод суух Д.Н, Б.Л нарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж иргэн Б.Н.н Монел маркийн 32 инчийн маркийн зурагт, хөөрөг, чулуун шагай, чулуун 4 бэрх зэргийг нь нууцаар, хууль бусаар авч 352.740 төгрөгийн, хохирогч Б.Л.н бөөгийн заншлын хэрэгсэл, двд тоглуулагч зэрэг 181.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буюу бусдад 533.740 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух иргэн Д.Ч-гийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалж, зурагт, халтар манан хөөрөг, чулуун хөөрөг, мөнгөн аяга зэргийг нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух иргэн Я.О.н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт, LG 3 загварын гар утас, Нокиа маркийн гар утас, угаалгын нунтаг, шампунь ангижруулагчийн хамт, барааны саван, түрийвч, 5000 төгрөг, автобусны карт, “Хаан” банкны виза карт, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 342.800 төгрөгийн буюу нийт 2.694.490 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Яллах дүгнэлтэд бичигдсэн 4 үйлдлээс хохирогч Я.О, Ч нарын үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эдгээр айлуудад би ганцаараа ороогүй. Ч-н гэрт бол Хар Г, бас нэг шар залуугийн хамт орсон. Тэр хоёртой Дэнжийн 1000 явах замд тааралдсан. Тэгээд хамтдаа 1 шил архи авч хувааж уучхаад дахиад 1 шил архи авч уусан. Тэгээд Г энэ Ч-н хашаа руу харж байгаад даваад орчихсон, тэгэхэд нь би айл амьтанд хүн байгаа юм биш үү гэхэд зүгээр гэсэн. Тэгэхээр нь би шар залуутай хамт 1 татчихаад  хамтдаа хашаа давж орсон. Тэгээд усны тэрэг дээр саван дотор юм хийчихсэн байсныг түрээд гарсан, тэр 2 хашааны хойд хэсгээр гарч ирэхдээ зурагт барьчихсан гарч ирсэн, би усны тэрэг түрж явж байгаад энэ хохирогчтой тааралдсан, Г ирээд энэ юмнуудын алийг нь авах вэ гэхээр нь би зурагтыг нь авсан. 10 дугаар сарын 11-ний өдөр Т, М гэх хүмүүстэй тааралдсан. Тэгээд гурвуулаа уг айл руу орж юм авсан. Харин Н, Л нарын гэрт орж юм хулгайлаагүй. Энэ айл руу З, бас 1 бор залуугийн хамт орсон байсан. Дараагийн айл руу үнэг Б гэх хүн орж юм авсан байсантай би таарсан...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайхаас 2 ширхэг мөнгөн аяга, усны тэрэг, 120 литрийн усны сав алдагдсан байсан. Бас гагнуурын аппарат алдагдсан байсныг 7 хоногийн дараа мэдсэн. Усны савны амсар том учир манай 32 инчийн зурагт чөлөөтэй багтахаар байгаа юм. Одоо би алдагдсан эд зүйлээс усны тэргээ буцаан авсан бусад эд зүйлээ аваагүй байгаа, эдгээр зүйлсийг үнэлсэн үнэлгээгээр нь нэхэмжилнэ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Я.О-н мэдүүлэг /1хх-ийн 36-41х/, хохирогч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 177-184х, 185-187х/, хохирогч П.Н-н мэдүүлэг /2хх-ийн 50-51х/, хохирогч Б.Л-н мэдүүлэг /2хх-ийн 52-54х/, хохирогч М.М-н мэдүүлэг /2хх-ийн 123-124х/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-21х, 1хх-ийн 160-167х, 2хх-ийн 20-22х, 2хх-ийн 103-109х/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 70, 1хх-ийн 198х, 1хх-ийн 202х, 2хх-ийн 74х/, гэрч Ц.О-н мэдүүлэг /1хх-ийн 49-50х/, гэрч И.М-н мэдүүлэг /1хх-ийн 191х/, гэрч Ш.Б-н мэдүүлэг /1хх-ийн 43-44х/, гэрч Б.А-н мэдүүлэг /2хх-ийн 60-61х/, гэрч Б.Б-н мэдүүлэг /3хх-ийн 9х/, гэрч Г.У-н мэдүүлэг /3хх-ийн 11х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 174-176х/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 33-34х/, Ихэмсэг жаргал ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1хх-ийн 32х/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /2хх-ийн 186-206х, 2хх-ийн 207-226х/, албан бичгийн хуулбар, хариу /2хх-ийн 223х, 3хх-ийн 49х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 427400 дугаар албан бичиг /3хх-ийн 32х/, шүүгдэгч Б.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 76х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /1хх-ийн 85х, 86-96х, 100-101х/, шүүгдэгч Б.Ц-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 129-130, 210-211х, 2хх-ийн 78-83, 137-138х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод суух Д.Н, Б.Л нарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн Б.Н-н гэрээс Монел маркийн 32 инчийн маркийн зурагт, хөөрөг, чулуун шагай, чулуун 4 бэрх зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 352.740 төгрөгийн хохирол, хохирогч Б.Л-н бөөгийн заншлын хэрэгсэл, двд тоглуулагч зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 181.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 20-21х, 22-24х/,

Хохирогч П.Н-н: “...Манайх 2014 оноос эхлэн одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн ...оршин сууж байна. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутад гэрээ цоожилж гараад 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Манайхаас LCD Монел зурагт, дөрвөн бэрх шагай, чулуун толгойтой шилэн хөөрөг найман шаргатай хулгайд алдагдсан байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 50-51х/,

Хохирогч Б.Л-н: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 6 цагт эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...тоот гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой ажлаа тараад 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож эвдлээд хулгай орсон байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйлс сандаачаад эмх замбараагүй болгосон байсан. Манайхаас двд тоглуулагч, бөөгийн хэрэгсэл болох манжига суран ташуур, бугын эвэртэй бардаг зэрэг эд зүйлс алдагдсан байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 54х/,

Гэрч Б.А-н: “...Өнөөдөр нөхрийнхөө хамт 06 цагийн үед гэрээсээ ажил руугаа гарцгаасан. Нөхөр бид хоёр ... бэйкерид хамт ажилладаг. Ажил дээрээ байж байгаар оройн 21 цагийн үед гэртээ ирээд би түрүүлээд хашааны хаалгаа онгойлгоод гэр лүүгээ хартал манай гэр цоожгүй байхаар нь очоод хаалгаа онгойлгоод үзтэл гэр дотор байсан хувцас хунар эд хогшил эмх замбараагүй дэлгээд хаясан байдалтай байсан. Гэртээ ороод эд зүйлсүүдээ шалгаж үзтэл манай нөхрийн бөөгийн эд хэрэгслүүд хулгайд алдагдсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс дандаа бөөгийн эд хэрэгсэл болох 2 салаа ташуур буюу голдоо суртай манжига, суран ташуур, модон гуулин нум сумны үзүүр шиг эвэртэй бардаг, ДВД тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 60-61х/,

Яллагдагч Б.Ц-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Б.Ц нь би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хорооллын ар талын гэр хорооллоос хоёр айлаас хулгай хийсэн. Тухайн 2 айлыг заая гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гаднаас 21 цаг 15 минутад хөдлөн гэр хорооллын гудамжаар Овоотын ... дугаар гудамжаар дээш өгсөн явж ... хүнсний дэлгүүрийн баруун талын цэнхэр өнгийн хашааны хаалгатай, хашааны хаалганы дээр 5 гэсэн дугаартай айлыг зааж тухайн айлаас 32 инчийн лсд зурагт, ддш тв, двд тоглуулагч, бөөгийн хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлсан. Би дээрх хэргийг ганцаараа үйлдсэн гэх ба урьд өмнө нь хулгай орж байсан эсэхийг асууж тодруулах зорилгоор хаалгыг нь тогшиход П.Н  нь манайх Сонгинохайрхан дүүргийн..., цагдаагийн байгууллагад хандсан гэх” /2хх-ийн 44-45х, 46х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...хохирогч Б.Н-н алдагдсан эд зүйлийг 352.740  төгрөгөөр, хохирогч Б.Л-н эд зүйлийг 181.000 төгрөгөөр үнэлсэн” тайлан /2хх-ийн 74х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны Сонгинохайрхан дүүргийн ... тоот суух М.М-н монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч, 32 инчийн Samsung маркийн зурагт, 27 инчийн малчин зурагт, үнэртэй ус, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 937.950 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 104-106х, 107-110х/,

Хохирогч М.М-н: “...Манайх Сонгинохайрхан ...тоотод 2010 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өглөө ажилдаа гараад ажил дээрээ хоноод маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд ханын шийрийг хугалсан, гэрийн зурагт байхгүй байсан. Самсунг брэндийн 32 инч зурагт, гурван жилийн өмнө 420.000 төгрөгөөр авч байсан одоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. Малчин шар 27 инчийн зурагт 380.000 төгрөгөөр үнэлж байна. Улаан ДВД үнэртэй ус 30.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн бүс 300.000 төгрөгөөр үнэлж байна. Монгол гэрийн ханын шийрийг хугалсан 55.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 123х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung брэндийн 32 инчийн зурагт-289.950 төгрөг, Малчин шар 27 инчийн зурагт-348.000 төгрөг, DVD үнэртэй ус-20.000 төгрөг, Мөнгөн бүс-280.000 төгрөг, Монгол гэрийн хана-27.000 төгрөг, нийт-964.950 төгрөг” гэх тайлан /2хх-ийн 129-130х/,

Яллагдагч Б.Ц-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Б.Ц нь би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хорооллын ар талын гэр хорооллоос хоёр айлаас хулгай хийсэн. Тухайн 2 айлыг заая гэсний дагуу явахад ... дараагийн айл нь тухайн айлаас ойрхон байгаа гэсний дагуу гудамжаар явсаар, Овоотын ... дүгээр гудамжаар явж байтал ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан төмөр жижиг хаалгатай айлыг зааж тухайн хашаан дотор байгаа монгол гэрээс зурагт, хазаар, үнэртэй ус зэрэг эд зүйлс хулгайлж байсан. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэх ба урьд өмнө нь хулгай орж байсан эсэхийг асууж тодруулах зорилгоор хаалгыг нь тогшиход М.М нь манайх Сонгинохайрхан дүүргийн ...тоот бөгөөд манай гэрт 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хулгай орж эд зүйлс алдагдсан тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байсан” гэх /2хх-ийн 44-45х, 46х/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...оршин суух иргэн Д.Ч-гийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн, зурагт, халтар манан хөөрөг, чулуун хөөрөг, мөнгөн аяга зэргийг нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 160-164х, 165-167х/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Нэгээс тав хүртэл дугаарласан 5 хүний зургийг хохирогч Д.Ч-д үзүүлж усны тэргэн дээр 120 литрийн усны савтай эд зүйлс тавьцан явсан хүн байна уу, хэрэв байвал та уг хүний зургийг зааж ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа болох талаар ярина уу гэхэд Д.Ч “3 дугаартай хүнийг зааж, Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаанаас гарч явсан усны тэргэн дээр 120 литрийн усны савтай эд зүйлс тавьцан явсан хүн мөн байна гэж Б.Ц-ын зургийг заах тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 174х, 175-176х/,

Хохирогч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэрээсээ 12 цагийн үед гараад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргааны халуун усанд ороод 14 цагийн үед гэрийнхээ хашааны хаалганы урд иртэл нэг залуу манай усны тэргэн дээр манай 120 литрийн усны савыг тавьчихсан манай хашаанаас гарч яваад надтай хашааны урд таарсан. Усны саван дотор эд зүйлс хийчихсэн бололтой дуугарч байсан. Би тэгээд гэртээ ортол манай 32 инчийн зурагт байхгүй, манай гэрийн эд зүйлсийг бүгдийг онгичиж, шалан дээгүүр ус асгарчихсан байсан. Би тэгээд шууд цагдаа дуудахаар явсан. ...Би тухайн залуугаас айгаад асууж чадаагүй явуулаад цагдаа дуудсан. ...надад үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 180-182х, 183-184х, 185х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч И.М-н: “...Би 2018 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ хаалга руугаа хараад хэвтэж байтал 10-11 цагийн орчим тэрэгтэй цэнхэр том усны сав тавьчихсан, усны саванд эд зүйл хийсэн байдалтай сэжигтэй хүн явж өнгөрсөн. Эрэгтэй 45-55 орчим настай, 170-175 орчим см өндөртэй, бор царайтай, бараан өнгийн хувцастай хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 191х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 247 дугаартай шинжээчийн: алдагдсан эд зүйл нийлээд 880.000, хагарсан цонхны шил 100,000 төгрөг, нийт-930.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 197-198х/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух иргэн Я.О-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт, LG 3 загварын гар утас, Нокиа маркийн гар утас, угаалгын нунтаг, шампунь ангижруулагчийн хамт, барааны саван, түрийвч, 5000 төгрөг, автобусны карт, “Хаан” банкны виза карт, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 342.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-16х, 17-21х/,

Good барьцаалан зээлдүүлэх газраас Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 33х/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Я.О-д хар өнгийн Самсунг маркийн ЛСД зурагтыг хүлээлгэн өгөв” гэх /1хх-ийн 34х/,

Хохирогч Я.О-н: “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай хүү Ц 17 цагийн орчимд гэрээсээ гарсан ба бид нар 19 цагийн орчимд гэртээ хамт ирцгээсэн. Гэртээ иртэл гэрийн амбаарын хаалга эвдэрсэн, мөн монгол гэрийн хаалгыг төмрөөр хөшиж эвдсэн байдалтай байсан. Гэртээ ортол гэрээс эд зүйлс алдагдсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Манай гэрээс гэрийн хоймор хэсэгт байсан Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан. Уг зурагтыг 2017 оны 05 сарын үед санагдаж байна ломбарднаас хуучин зурагт 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Содон шинж тэмдэг гэвэл зурагт ассан үед доод хэсгээрээ бага зэргийн туяа орчихсон өөр содон шинж тэмдэг байхгүй. Одоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн ЛЖ ж-3 маркийн хар өнгийн гадуураа ягаан өнгийн тагтай гар утас, уг гар утсыг 2015 онд драгон худалдааны төвөөс 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан мэдрэгч нь эвдэрчихсэн ашигладаггүй байсан гар утас юм, уг гар утсыг одоо 25.000 төгрөгөөр үнэлж байна. Товчлууртай нокиа маркийн хар өнгийн гар утас, уг гар утсыг 2017 онд 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 15.000 төгрөгөөр үнэлж байна. Омо нэртэй шинээрээ байсан вок 1 ширхэг 7.500 төгрөгөөр үнэлж байна. Мөн керасис нэртэй хэрэглэж байсан шампунь ангижруулагчийн хамт 25.000 төгрөгөөр үнэлж байна. Барааны саванг 1 ширхэг 750 төгрөгөөр үнэлж байна. Манай хүүгийн бор өнгийн түрүүвч задгай 5.000 орчим мянган төгрөг, автобусны карт, хаан банкны виза карт, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн ddish tv-ийн удирдлага 5000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41х/,

Мастер үнэлгээ ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18-124 дугаартай: нийт-342.800 төгрөг” гэх тодорхойлолт /1хх-ийн 70-71х/

Гэрч Ш.Б-н: “...Миний бие ... ХХК-ийн захирал ажилтай, манай байгууллага нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй Самсунг брэндийн 32 инчийн Лед зурагтыг Ц.О гэдэг хүн барьцаалан 80.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл тухайн зурагт нь хулгайн зурагт гэж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд хурааж авч явсан. Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан Г.Ж гэдэг ажилтан зурагтыг нь барьцаалж аваад зээл өгөөд, хэд хоногийн дараа цагдаа нар ирэхэд хураалгасан. Одоо манай байгууллагад 80.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Тухайн үед Ц.О гэдэг хүн өөрийнхөө бичиг баримттай ирээд тэр зурагтыг тавьж зээл болох 80.000 төгрөг авсан байсан. Үйлчлүүлэгч нар хулгайн эд зүйлс авч ирж барьцаалж байгаа эсэхийг бид нар мэддэггүй, өөрсдийнхөө бичиг баримтыг авч ирээд өөрсдийнхөө эд зүйлсийг барьцаалж байна гэж хэлдэг учир хулгайн эд зүйлс мөн үү, үгүй юу гэдгийг мэдэх боломж байдаггүй. ...Би тухайн хэргийн улмаас учирсан хохирлоо төлүүлээгүй. Гэхдээ тухайн 80.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44х/,

Гэрч Ц.О-н: “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний танил П над руу залгаад орой чамд нэг зурагт аваачиж өгнө гэхээр нь би ямар учиртайг асуутал Ц зарах гэж байгаа юм, тэрийг нь би авах гэж байгаа юм, Ц-д чамайг худалдаж авч байгаа юм гэж хэлсэн, чи зурагт аваачиж өгөхөөр надтай хамт АТМ орж мөнгө авна гээд хоёулаа хамт гарна шүү, тэгээд би АТМ-с мөнгө аваад өгчихнөө гэж хэлсэн. Тэгэхээр нь чи юу хийгээд яваад байгаа юм бэ гэж хэлтэл утсаа тасалчихсан. Тэгээд тухайн орой 21 цаг өнгөрч байх үед П над луу яриад танай гадаа ирчихлээ, танайд ороод хоол унд идээд унд идье гэхээр нь би гэртээ оруулаагүй. Тэгтэл П яваад өгсөн. Маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд П миний ажил дээр ирээд нөгөө зурагтыг чинь аваад ирсэн оруулаад ирье гэсэн ба Ц нөгөө зурагтыг нь бариад манай ажил дээр орж ирээд цонхны тавцан дээр тавьсан. Тэгээд ажлаас гараад П бид хоёр ATM ороод 80.000 төгрөг аваад надад өгч Ц өгөөрэй гэж хэлээд би П-н машинд очиж Ц-т өгсөн. Тэгээд би тэр хоёроор Сансар хүргүүлчхээд ажлаа амжуулчхаад Драгон төв хүргүүлж тэндээсээ салсан. Маргааш нь ажил дээр ирээд ажлаа хийж байтал миний ажлын ширээн дээр жижиг мөнгөн аяга байхаар нь гайхаад П руу залгаад юун мөнгө аяга байгаа юм бэ, чи зурагт болон энэ аягаа ав гэтэл наад мөнгөн аягыг чинь нөхөрт чинь өгч байгаа юм аа гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм би авахгүй, чи ирж юмнуудаа ав, цагдаа нар орж ирээд шалгаад байна гээд худал хэлсэн. Тэгтэл тэр даруй ирээд зурагт, мөнгөн аягаа аваад гарсан. Би араас нь гартал энэ зурагтыг хаана тавьдаг юм билээ гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, чи наадахаа Ц-т нь өгөөч эсхүл цагдаагийн газар аваачиж өгөөч гэж хэлтэл би энэ зурагтыг авч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр хамт машинд суугаад ярилцсан ба П зурагтыг Саппарогийн автобусны буудал дээр байрлах ломбарданд барьцаанд тавихаар болоод ломбарданд хамт орсон ба П надад хэлэхдээ чи бичиг баримтаараа барьцаанд тавьчих гэхээр нь яагаад би барьцаанд тавих ёстой юм бэ гэж асуутал би Ц-т чамайг авсан гэж хэлсэн байгаа, тийм учраас чи бичиг баримтаар тавьчих гэхээр нь би өөрийнхөө бичиг баримтаар Самсунг маркийн шар хүрээтэй хар өнгийн 32 инчийн зурагтыг би тус ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд дээрх хулгайн үйлдлийг үйлдсэн хэмээн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч Я.О, Д.Ч нарын гэрт орж эд зүйл хулгайлсан, хохирогч Д.Ч-гийн гэрт орохдоо хар Ганаа, 1 шар залуугийн хамтаар орсон, Я.О-н гэрт орохдоо Т, М нарын хамтаар орсон. Харин хохирогч П.Н, Б.Л, М.М нарын гэрээс эд зүйл хулгайлаагүй, эдгээр айлуудаас 1 айлд нь З, бас 1 бор залуугийн хамт орсон байсан. Дараагийн айл руу үнэг Б  гэх хүн орж юм авсан байсантай нь би таарсан гэж мэдүүлсэн байна.

Тус хэргийн 2 дугаар хавтасны 213 дугаар хуудаснаас 250 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 1 дүгээр хуудаснаас 24 дүгээр хуудсанд Б.Ц-ын мэдүүлснээр түүнтэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх хар Г, Дарханы З, үнэг Б гэх хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эрэн сурвалжилсан талаарх судалгаа, илтгэх хуудас, хамт архи уудаг гэх хүмүүс, шүүгдэгч Б.Ц-ыг таньдаг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд дээрх баримт, мэдүүлгүүдэд Б.Ц-ын мэдүүлэгт дурдагдсан нэр, хочтой хүмүүсийг мэдэхгүй, судалгаанд хамрагдаж байгаагүй, ийм нэр, хочтой хүмүүс байдаг эсэх нь тогтоогдоогүй байна.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Ц нь дээрх хамт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийн овог нэрийг тодорхой мэдүүлдэггүйгээс эдгээр нэр бүхий хүмүүс байдаг эсэхийг нягтлан шалгах боломжгүй, харин эсрэгээрээ зарим гэрч нарын мэдүүлэгт Б.Ц нь хэн нэгэнтэй нийлдэггүй, найз нөхөд гээд байх юм байхгүй, дандаа ганцаараа явж харагддаг талаар хэлсэн байна. /гэрч О.П-н мэдүүлэг, 2хх-ийн 157х/ 

Мөн тус хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч М.М, Д.Ч, Б.Л, Д.Н, Я.О-ын  орон байрнаас эд зүйл алдагдаж, хулгайн гэмт хэрэг гарсан болох нь хэргийн үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсоноос гадна зарим хохирогч, гэрч нар нь шүүгдэгч Б.Ц-ыг ганцаараа хулгайн эд зүйл авч явж байхыг харсан талаар мэдүүлсэн, таньж олуулах ажиллагаагаар түүнийг заасан, хулгайн эд зүйлээс хохирогч Я.О-н зурагтыг буцаан хураан авч хүлээлгэж өгсөн, уг зурагтыг Ц нь П гэгчид зарсан байсан талаар Ц.О гэх гэрчийн мэдүүлэгт дурдагдсан, түүнчлэн шүүгдэгч Б.Ц-ын мэдүүлгийг газар дээрх шалгах ажиллагаагаар хохирогч М.М, Д.Н нарын гэрийг зааж хэрхэн яаж, нэвтэрч хулгай гэмт хэрэг үйлдсэн талаараа тэмдэглүүлсэн байх тул дээрх хэргүүдийг шүүгдэгч Б.Ц нь ганцаараа  үйлдсэн байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Ц нь шууд санаатай, шунахайн сэдэлтийн улмаас хохирогч нарын орон байранд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний хооронд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ц-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Я.О-д 342.800 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид Good барьцаалан зээлдүүлэх газраас Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хураан авч хүлээлгэн өгсөн /1хх-ийн 33х, 34х/, одоо 92.800 төгрөгийн үлдэгдэлтэй, хохирогч Д.Ч, М.М, Б.Н, Б.Л нарт учирсан шууд болон шууд бус хохирол төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-аас нийт 2.571.490 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-т 352.740 төгрөгийг, хохирогч Б.Л-д 181.000 төгрөгийг, хохирогч М.М-д 964.950 /шууд хохирол 937.950 төгрөг, шууд бус хохирол 27000 төгрөг/ төгрөгийг, хохирогч Д.Чд 980.000 /шууд хохирол 880.000 төгрөг, шууд бус хохирол 100.000 төгрөг/ төгрөгийг, хохирогч Я.О-д 92.800 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-т 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “ шүүгдэгч Б.Ц нь зарим үйлдлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа, мөн эрүүл мэндийн хувьд түрүү булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байгаа зэрэг байдлыг харгалзан оногдуулах ялыг багасгаж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Б.Ц нь хохирол төлбөрийг барагдуулаагүй, хувийн байдлын хувьд өмнө хулгай, хүчин, танхай ...гэх мэт хэрэг үйлдэж 5 удаа ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй, иймээс шүүгдэгч Б.Ц-т 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 56х, 59х/, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 193х, 195х/, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 249 хоног цагдан хоригдсон буюу нийт 253 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.                                                                              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Т овогт Б.Ц-г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц т 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ын цагдан хоригдсон 253 (хоёр зуун тавин гурав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас нийт 2.571.490 (хоёр сая, таван зуун далан нэг мянга, дөрвөн зуун ер) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-т 352.740 (гурван зуун тавин хоёр мянга долоон зуун дөч) төгрөгийг, хохирогч Б.Л-д 181.000 (нэг зуун наян нэг мянга) төгрөгийг, хохирогч М.М-д 964.950 (есөн зуун жаран дөрвөн мянга, есөн зуун тавь) төгрөгийг, хохирогч Д.Ч-д 980.000 (есөн зуун наян мянга) төгрөгийг, хохирогч Я.О-д 92.800 (ерэн хоёр мянга найман зуу) төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ