Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1663

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат, 

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Г.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Г.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2102 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Т, 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүргийн 09 дүгээр хороо, 33-34 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:,

Шүүгдэгч Г.Т 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сувдан сондор хотхоны зүүн урд хэсэгт байрлуулсан иргэн Б.Ганбатын эзэмшлийн 19-49 УАН улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус 30 маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүрийн 05 дугаар хороо, Отгонтэнгэр их сургуулийн хойд талд байрлах 5 давхар байрны автомашины зогшсоол дээр байрлуулж тавьсан иргэн Б.Анхбаярын 22-44 УБГ улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хулгайн хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Тухайн үед эгчтэйгээ хүнсний ногоо зарах гээд хүнээс мөнгө зээлсэн байсан наймаа ашиггүй болоод өрөнд орсон юм. Тэгээд амар хялбар аргаар мөнгө олох гэж хулгай хийсэндээ гэмшиж байна. Гэрч хохирогч нарын өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ганбат мөрдөг шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний орой өөрийн вайян хар өнгийн приус 30 19-49 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээ 18 цаг 50 минутын орчим 78 дугаар байрны зүүн талд байрлах хашаанд машинуудын хажууд байрлуулаад өнөөдөр өглөө миний утас руу хүн залгаад тээврийн хэрэгслийн 4 дугуй чинь алга гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Хохирогч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төгсбаяр руу залгаж намайг тосоорой гэж хэлсэн. 10 орчим минутын дараа дүү Төгсбаяр над руу залгаж машины 4 дугуй нь байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч Я.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарн 05-ны 15-16 цагийнхооронд фэйсбүүкээс Tugstuguldur Gantulga гэх хаягтай хүн Приус 30, 17-той сток обуд дугуй зарна гэсэн зарын дагуу холбогдож Баянгол дүүрэг, Амур 2 гэх буудлын хажууд байрлах далангийн хажуу талын 59 дүгээр байрны гаражид уулзаж бэлнээр 400,000 төгрөг өгсөн.  Тэгээд 4 дугуйгаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч Л.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү Г.Т нь ахаасаа дугуй авчихлаа, зараад мөнгийг нь ав гэсэн гээд 4 ширхэг дугуй зараад 400.000 төгрөг авсан. Яг дугуй зарж байх үед би харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Яллагдагч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан сондор хотхоны шороон авто замын зогсоол дээр байсан хар хөх өнгийн Приус 30 маркын тээврийн хэрэгслийг доороос нь данхратаар өргөж чулуу тоосгоор эвж байгаад 4 ширхэг дугуйг тайлж аваад Жамсран гэх хүний нэр дээр байдаг Эксэл маркийн тээврийн хэрэгсэлд хийгээд аваад явсан. Тухайн авсан гэх дугуйгаа 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр фэйсбүүк орчинд Приус 30 маркын тээврийн хэрэгслийн жи сток хямд зарна гэхэд 15-16 цагийн орчимд Boldbaatar Boldoo гэсэн фэйсбүүк хаягтай хүнд 400.000 төгрөгөөр зарсан...би дугуйг тайлахдаа данхрат, дорцов ашигласан...2020 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 4 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр их сургуулийн хойно байх угсармал 5 давхар байрны гадна талын автомашины зогсоол дээр байсан цайвар өнгийн Приус 30 маркын тээврийн хэрэгслийн 4 дугуйг данхрат дорцов ашиглаж аваад доор нь тоосго эвж тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27, 52-55/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 47, 86-87/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 64/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 77-79/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Т 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сувдан сондор хотхоны зүүн урд хэсэгт байрлуулсан иргэн Б.Ганбатын эзэмшлийн 19-49 УАН улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус 30 маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.Ганбатын: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний орой өөрийн вайян хар өнгийн приус 30 19-49 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээ 18 цаг 50 минутын орчим 78 дугаар байрны зүүн талд байрлах хашаанд машинуудын хажууд байрлуулаад өнөөдөр өглөө миний утас руу хүн залгаад тээврийн хэрэгслийн 4 дугуй чинь алга гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг,

2020 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүрийн 05 дугаар хороо, Отгонтэнгэр их сургуулийн хойд талд байрлах 5 давхар байрны автомашины зогшсоол дээр байрлуулж тавьсан иргэн Б.Анхбаярын 22-44 УБГ улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгний хохирол учруулсан  болох нь,

Хохирогч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төгсбаяр руу залгаж намайг тосоорой гэж хэлсэн. 10 орчим минутын дараа дүү Төгсбаяр над руу залгаж машины 4 дугуй нь байхгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Тийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ганбат, Б.Анхбаяр нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Т нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь  хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг данхрат, 1 ширхэг дорцовыг зэргийг устгахыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Тийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг тус тус жураман, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Тт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Г.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг данхрат, 1 ширхэг дорцовыг зэргийг устгахыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Тт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР