Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00092

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 33 дугаар байрны № 51 тоотод оршин суух Түмэн овогт Шийнэнгийн Чулуунчимэгийн /РД:МЗ63090102, Утас: 99010937/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамж № 76 тоотод оршин суух Сартуул овогт Мангалламын Гэрэлмаад /РД:МЗ69072963, Утас:99054937/ холбогдох 1650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... М.Гэрэлмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөнгөний хэрэг байна 1000000 төгрөг зээлээч гэж ирсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 100000 төгрөг бүгд 1100000 төгрөгийг гэрээ байгуулан зээлж авсан. Тухайн үед чамаас өөр найдвартай хүн алга чи надад мөнгө зээлж туслаач би чиний мөнгийг хүүтэй нь найдвартай төлнө гээд гуйж байгаад мөнгө зээлж авсан. Гэтэл одоо болтол нэг ч төгрөг өгдөггүй. Утсаар мөнгөө асууж ярихаар одоохон өгнө, амралтын мөнгөн дээр өгнө, зээл аваад өгье гээд өнөөдрийг хүрлээ. Иймд М.Гэрэлмаа нь зээлсэн мөнгөө өгөхгүй байх тул гэрээнд заасны дагуу зээлдүүлсэн 1100000 төгрөг , алданги 550000 төгрөг тооцож бүгд 1650000 төгрөгийг М.Гэрэлмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:........ Ш.Чулуунчимэгээс мөнгө зээлж авсан нь үнэн. Түүний нэхэмжилж байгаа 1650000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Маргах зүйлгүй. Шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Ш.Чулуунчимэгийн 1650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Гэрэлмаа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгийн 1650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Гэрэлмаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Гэрэлмаагаас 20675 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 20675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН