Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1011

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Х.Онолт /томилолтоор/,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн О овогт Г. Г-т холбогдох 2008000001233 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 10-ны өдөр... аймгийн ...суманд төрсөн, ...настай, ..., дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Г.Г /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 03-ны орой 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гэртээ хохирогч Г.Н-г хардалтын улмаас түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутгаар зүүн гаран тус газар зүсч түүний эрүүл мэндэд зүүн сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Г.Н-н мэдүүлэг /хх-ийн 17-18х/, гэрч Б.Г-н мэдүүлэг /хх-ийн 24-25х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 51-59х/, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 60х/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 49-50х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 8949 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29х/, шүүгдэгч Г.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 65х/, эд хөрөнгөгүй тухай лавлагаа /хх-ийн 67х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-91х/, шүүгдэгч Г.Г-н мэдүүлэг /хх-ийн 47-48х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байх гэртээ хардалтын улмаас хохирогч Г.Н-н зүүн гаран тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч Г.Н-н: “...Г.Г бид хоёр эхнэр нөхөр байгаа юм. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, манай эхнэр 5 настай хүүтэй. Эхнэр бид хоёр танилцаад хамт амьдраад 10 гаран сар болж байгаа бөгөөд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр байр түрээслэн хүүхдийн хамт амьдарч байгаа. 2020 оны 08 дугаар  сарын 02-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...тоот гэртээ эхнэр Г-н хамт байж байхад манай найз Г ирсэн юм. Тэгээд эхнэр, Г бид гурав юм ярьж суунгаа 2 л том пиво 3 савыг уусан. Манай найз Г шөнийн 01 цагийн үед согтоод унтаад өгсөн. Эхнэр бид хоёр юм яриад сууж байхад эхнэр намайг хардаад уурлаад байсан. Тэгснээ гал тогооны өрөө лүү ороод хутга авч гарч ирээд над руу хутгаа далайхаар нь би хамгаалаад зүүн гараараа хутганы үзүүрээс нь бариад авахад татчихсан чинь миний гарын алга зүсэгдсэн. Г сэрээд Г-с хутгыг нь аваад цагдаад дуудлага өгсөн юм. Манай эхнэр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

Гэрч Б.Г-н: “...Би 2020 оны 08 дугаар сарын 02-ны орой найзуудтайгаа Өгийн нуур луу амралтад яваад найз Н-нд 22 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд Н хамтран амьдрагч Г-тэйгээ 2.5 литрийн пиво хуваагаад ууж байсан. Тэгээд би дэлгүүр гарч нийт 3 ширхэг том пиво авч ирээд хувааж ууж дуусгаад гал тогооны өрөөнд нь ор засаад унтах гэж байсан. Тэр үед Н, Г нар маргалдаж эхлээд Г гал тогооны өрөөнд орж ирээд гарсан. Удалгүй Н орилохоор нь би гараад хартал үүдний өрөөнд Г нь Н-ын зүүн гарны алга руу нь хутга дүрсэн байсан. Архи уухаараа ер нь маргалддаг байсан, тухайн хэрэг болох үед юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй. Намайг пиво уугаад сууж байхад 2 уулаа салъя гээд маргалдаж байсан. Би өрөөнөөс гарч ирэхэд Н-н гарнаас цус гарсан байсан. Г гартаа 3 ширхэг хутга барьсан байдалтай байсан. Би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 8949 дугаартай: “...Г.Н-н биед зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 51-59х/,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 60х/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 49-50х/,

Шүүгдэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...тоот гэртээ хамтран амьдрагч Н-н хамт байж байхад манай нөхрийн найз Г ирээд бид гурав хоёр литрийн том савтай пиво 3 савыг хувааж уусан юм. Уугаад байж байхад шөнийн 01 цагийн үед Г согтоод унтаад өгсөн. Н бид хоёр юм ярьж сууж байгаад хардаад уурлаад жоохон гомдсон. Тэгээд гал тогооны өрөөнд ороод хутга аваад Н-г айлгах гээд хутгаа далайхад Н зүүн гараараа хутганы үзүүр хэсгээс бариад авсан. Би сандарсандаа хутгаа татаад авахад зүүн гарын алга хэсгийг нь зүсчихсэн юм. Тэгээд Г сэрээд цагдаад дуудлага өгсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Г нь хардалтын улмаас хамтран амьдрагч Г.Н луу хутга далайж хохирогчийн гарыг зүсэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан идэвхитэй үйлдэл хийснийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Г нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 18х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У нь Г.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Г.Г-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. О овогт Г. Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ