| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0995/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1031 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1031
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ш овогт Т.А-д холбогдох 2008000001232 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ...аймгийн ...суманд төрсөн, ...настай,... , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа грушик хийдэг гэх, ам бүл 3, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Т. А /РД:... /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.А нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-ийн гүүрний хойд талд хохирогч Х.М-г “Увсын пизда гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас түүний уруул руу гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Х.М-н мэдүүлэг /хх-ийн 11,13х/, гэрч Т.С-н мэдүүлэг /хх-ийн 17х/, гэрч Ч.А-н мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Т.С-н мэдүүлэг /хх-ийн 21х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9011 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24х/, шүүгдэгч Т.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 46х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 48х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 49х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-52х/, хохирогч Х.М-н хүсэлт /хх-ийн 57х/, шүүгдэгч Т.А-н мэдүүлэг /хх-ийн 36х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-ийн гүүрний хойд талд хохирогч Х.М-г “Увсын пизда гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас түүний уруул руу гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Х.М-н: “...Би 2020 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-ийн гүүрний хойд талд байдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байхад С, Б, А гурав явж байсан. Тэгээд би С-г дуудаад архи аваад өг гэхэд С тоохгүй цаашаа яваад өгөхөд муу Увсын пизданууд гээд хараагаад үлдсэн. ...орой 18 цаг өнгөрч байхад би 34-ийн хойд талд байдаг караокетэй хүнсний дэлгүүрийн үүдэнд сууж байхад А явж байхаар нь би дуудаад архины мөнгө өгчих гэхэд чамд мөнгө өгөхгүй гээд цаашаа явахад би муу Увсын пизда гээд хараахад А хүрч ирээд миний уруул руу гараараа цохиод хөл рүү өшиглөж газар унагасан. Тэгээд цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х, 13х/,
Гэрч Т.С-н: “...2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15-16 цагийн үед гэрээсээ гараад хамт амьдарч байсан А-г хайгаад гадуур явж байхад Москва хорооллын хойд талд байрлах дутуу баригдсан барилга дотор М ганцаараа сууж байсан. Би М-тай уулзахад танай хүргэн өчигдөр цохиж зодсон гэж хэлсэн. Би тэр өдрийн орой хүргэн А-тай уулзаад чи хамар М-г зодсон юм уу гэж асуухад 2020 оны 8 дугаар сарын 02-ны үдээс хойш ажлаа тараад гэр лүүгээ харьж явахад М согтуу тараад над руу томроод байхаар нь түлхээд унагасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х, 17х/,
Гэрч Ч.А-н: “...Би М-г багаас нь танина, Х. М гэдэг ... оны залуу байдаг. Харин А С-н хүргэн байгаа юм. Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. М-тай 34 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун хойд талд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа гүүрний хажууд таарахад М-н хөл нь доголчихсон явж байсан ба надад хэлэхдээ битгий гомдоорой С А хоёрт өргөдөл бичээд өгчихсөн шүү гэхээр нь би М-с яасан юм бэ гэхэд А ийм болгосон гэж хэлсэн. Би тэрнээс цаашаа лавлаж асуугаагүй М-с салаад явсан. Дараа нь С-тай уулзаад М хөл гэмтсэн гээд явж байна яасан юм бэ гэхэд С аан тийм юм болсон. А М-н хөлийг нь мушгисан гэл үү дэвссэн гэл үү 1 юм ярьж байсан гэж хэлсэн. Тэрнээс хойш М-тай таараад архи уухад би өргөдөл өгөөгүй, аав өгсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9011 дугаартай: “...Х.М-н биед зүүн шаант ясны цууралт, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24х/,
Шүүгдэгч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...оройн 19 цагийн үед гэр лүүгээ явсан. Гэртээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...-ийн гүүрний хойд талд М-тай таарахад М согтуу намайг дуудаад архины мөнгө нэхэхээр нь би чамд өгдөг мөнгө байхгүй гэж хэлэхэд М над руу гараараа далайхаар нь гарыг нь хаагаад гараараа ам уруул хавьцаа нь цохиод өшиглөөд газар унагасан. Тэгээд би яваад өгсөн. М нь газар суугаад үлдсэн. ...Би М-н уруул руу нь гараараа нэг удаа цохиж, зүүн хөл рүү нь өшиглөж газар унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Т.А нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...хохирол төлбөрт 130.000 төгрөг хүлээн авсан, А надаас уучлалт гуйсан, эвлэрсэн тул гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /хх-ийн 57х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.О нь Т.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Т.А танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт Т.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ