| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2018/0036/З |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-12-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:114/2018/0036/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн ... тоотод оршин суух Ц.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн “Тэтгэвэр багасгасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, урьд авч байсан 531220 төгрөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2018 оны 4 сараас хойш тэтгэврийн зөрүү 1.649.345 төгрөгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг хүссэн” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Э.Б
Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н-с шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н би 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсад 20 жил 8 сар 26 хоног ажилласнаар өндөр насны тэтэвэрт гарч нийгмийн даатгалын байгууллага миний
тэтгэврийг хувь тэнцүүлснээр буюу тухайн үед олгодог хамгийн бага тэтгэвэр болох 81 000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгосон. ОХУ-н харьяа Зарубеж “ФГУП, ГЗС” газарт 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2016 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоож болно.” гэж заасны дагуу 2016 онд өөрийн цалингийн сонголтоор тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлт гаргаж Зарубежстрой компанид ажиллаж байсан цалингаа санал болгосон боловч нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч “тус компанийн цалингийн баримт, цагийн бүртгэл архивч байхгүй байгаа тул энэ цалингаар тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй, өөр цалин сонго” гэсэн шаардлага тавьсан тул иргэн хүн би нийгмийн даатгал төлсөн баримт байхад яагаад цалингийн баримт нэхээд байгааг ойлгохгүй байсан.
Ингээд Дархан-Уул аймгийн Холбооны газарт 1984-1988 оныг дуустал ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолтоор 2016 оны 6 дугаар сараас тэтгэвэрээ нэмэгдүүлсэн. Ингээд 2018 оны 2 дугаар сард төрөөс 27 000 төгрөг нэмэгдэж авах тэтгэвэр 531 220 төгрөг болсон. Холбооны газрын цалингийн нэмэгдлээр надад ердөө 100 000 гаруй төгрөг л нэмэгдсэн бөгөөд бусад нэмэгдэл бүгд миний ажилласан жил болон төрөөс нэмэгдсэн нэмэгдэл байна. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ОХУ-ын харьяа байгууллага Зарубеж “ФГУП, ГЗС”газарт 5 жил гаруй ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу уг байгууллага өндөөрийг хүртэл төлж байгаа. Өөрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын 16 дугаар баг хариуцсан байцаагч болох Э.Б-д 2017 оны нийгмийн даатгалын дэвтэр, хуулга, бүртгэлийн хуулга тэтгэврийг шинэчлэн бодох талаарх хүсэлтээ гаргахад миний тэтгэврийг олгохгүй зогсоосон. Яагаад зогсоосныг асуухад таны Холбооны газраас олгосон цалингийн тодорхойлолт хуурамч байна. Та ирж уулз гэсэн тул энэ талаарх маргаанаа шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст миний тэтгэвэр авах эрхийг 2018 оны 4 дүгээр сараар хааж, миний тэтгэврийг зогсоогоод 2018 оны 8 дугаар сараас эхлэн миний сард авах тэтгэврийн хэмжээг 267420 төгрөгөөр тогтоож миний эрхийг ноцтой зөрчлөө. Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх журмын 4 дүгээр бүлгийн 4.2 дэх хэсэгт тэтгэвэр тогтоох ба хянах хэсгийн 4.1.1 дэх хэсэгт Сум /хороо/-ны нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1, 3.2, 3.4-т заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалгаж, уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан гэж үзэл тэтгэврийн хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримт
бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна гэж заасны дагуу Ц.Н миний бүрдүүлсэн баримтыг хүлээн авч тэтгэврийг шинэчлэн тогтоох хүсэлтийн дагуу тэтгэврийг шинэчлэн тогтоож шийдвэрлэсэн.
Нийгмийн даатгалын байцаагч тухайн баримт хуурамч байна уу гэдгийг шалгаад хуурамч баримт биш байсан тул баримтыг хүлээн авсан. Би хуурч мэхлэх замаар уг баримтыг бүрдүүлээгүй. Тухайн үед ажиллаж байсан байгууллагын дарга Баяраагаас уг баримтыг гаргуулж авсан. Нийгмийн даатгалын байгууллага ямар нэгэн акт гаргаагүй байж миний тэтгэврийг багасгаж миний эрхийг ноцтой зөрчиж байх тул би өмнө нь авч байсан 531.220 төгрөгийн тэтгэврээ авах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар тэтгэврийн зөрүүг Нийгмийн даатгалын байгууллагаас шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул Ц.Н миний тэтгэвэр багасгасан шийдвэрийг илт хууль бус акт болохыг тогтоож, урьд авч байсан 531.220 төгрөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2018 оны 4 дүгээр сараас хойшхи тэтгэврийн зөрүү 1.649.345 төгрөгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр тушаалаар баталсан “Аян зохион байгуулах тухай” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн нийт 13 719 тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, олголтод хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын явцад Дархан сумын 16 дугаар багийн иргэн Ц.Н тэтгэврийг хянаж үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний хэмжээг өөрчлүүлэх хүсэлтээ гарган Дархан-Уул аймгийн Холбооны газраар цалингийн тодорхойлолт авч өөрчлүүлсэн баг уг цалингийн тодорхойлолтыг шалгахад хуурамч цалин болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Иргэн Ц.Н-г утсаар дуудаж уулзаад хуурамч цалингийн тодорхойлолт авчирсан байна. Гэтэл өөрөө очиж тулгана гээд явсан байдаг. Түүнээс хойш удаа дараа утсаар дуудсан боловч өвчтэй, завгүй, хотод эмнэлэгт хэвтэж байна зэрэг шалтаг хэлж улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хэл амаар удаа дараа доромжилж байсан. Дархан-Уул аймгийн Холбооны газар нь Ц.Н-д холбогдох Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2 удаа санаатайгаар хуурамчаар тодорхойлж өгсөн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22-т зааснаар “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй эсхүл илүү авсан тэтгэвэр, тэтгэмж төлбөрийг нөхөн төлүүлж, торгох шийтгэл ногдуулах болно.” гэх заалтыг зөрчсөн. Энэ дагуу Холбооны газрын нягтлан болон дарга нарыг дуудан уулзаж шийтгэлийн хуудсаар хуудсаар торгох шийтгэл оногдуулсан болно. Ц.Н нь Холбооны газрын
нягтланд “Ах нь тэтгэвэртээ гарах гээд цалингаа өндрөөр бичүүлмээр байна.” гэж удаа дараа уулзсан гэдгийг нягтлан бодогч В.Э анхан шатны шүүх хуралд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Н тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилийн нэмэгдлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар сард 0.125 хувиа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдлийг тухай бүрт нь өргөдлийн дагуу тооцож олгосон болно. Хянан шалгасан тогтоолтоор Ц.Н-н олговол зохих тэтгэвэр сард 287.420 төгрөгөөр тогтоогдсон. Хуурамч цалин хөлс түүнтэй адилтгах орлого тодорхойлсон урьд авч байсан тэтгэрийг олгох боломжгүй бөгөөд тэтгэврийн зөрүү 1. 649.345 төгрөгийг нэхэмжилсэн явдал нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Гэрч В.Э мэдүүлэгтээ: “...680 төгрөгөөр гээд гараар бичсэн тодорхойлолтыг би бичээгүй. Тухайн үед би жирэмсний амралттай байсан. Намайг З гэх хүн орлож байсан. 2016 онд 1984-1988 оны цалингийн тодорхойлолтыг Ц.Н гуай өөрөө компьютер дээр биччихсэн ирээд ах нь Нийгмийн даатгалын байцаагчтай ярьчихсан. Цалингийн тодорхойлолтоо ингээд хийгээд ирвэл тэтгэвэрийг чинь нэмж болох юм байна гэсэн утгатай юм ярьж над дээр 2,3 удаа гуйж ирсэн. Тэгээд би тодорхойлолт хийгээд П.Б даргаар гарын үсэг зуруулсан. П.Б дарга анзаараагүй гарын үсэг зурчихсан. Би Ц.Н гуайд 2008 онд буруу цалингийн тодорхойлолт хийж өгснөө хүлээн зөвшөөрч байгууллагын даргаас сануулах хуудас авч, нийгмийн байцаагч Б 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ирж үндсэн баримтыг үзээд тулгалт хийхэд Ц.Н гуай 1983 онд 12 дугаар сард л 378 төгрөгийн цалин авсан, 1984 оны 1 дүгээр сард 222.59 төгрөгийн цалин авч байснаар нь цааш үргэжлүүлэн 1988 оныг дуустал тодорхойлолт өгсөн нь зөв юм. Ц.Н гуайг Нийгмийн даатгалын хэлтсийг шүүхэд өгсөн гэж сонсоод би Ц.Н гуайтай утсаар ярьсан. Гэтэл Ц.Н гуай намайг үндсэн баримт байхгүй гээд хэлчих гэж надад хэлж байсан. Энэ талаар өөрөө мэдэж байгаа байх гэжээ...”
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үүнд: Нэхэмжлэлийн “Тэтгэвэр багасгасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, урьд авч байсан 531220 төгрөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2018 оны 4 сараас хойш тэтгэврийн зөрүү 1.649.345 төгрөгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг хүссэн” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Н нь анх 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “ Өндөр насны
тэтгэвэр тогтоолгох” өргөдөл гаргахдаа Дархан-Уул аймгийн Холбооны газарт 1983 оны 4 сараас 1988 оны 4 дүгээр сар хүртлэх хугацаанд 680 төгрөгийн цалин авч байсан тухай тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон тушаалуудын хуулбар, архивын лавлагаа зэрэг баримтуудыг хавсарган өгснөөр хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс нь түүний өндөр насны тэтгэвэрийг анх 81.000 төгрөгөөр тогтоосон, түүний хүсэлт болон шүүхийн шийдвэр, Засгийн газрын тогтоолуудын дагуу 105.300 төгрөг, 258.172 төгрөг, 298.442 төгрөг, 305.061 төгрөг, 365.378 төгрөг, 372.671 төгрөг болгон нэмэгдүүлж байсан, мөн Ц.Н 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Дархан-Уул аймгийн Холбооны газарт ажиллаж байсан 1984-1988 оны цалин, цалингийн нэмэгдлийг үндэслэн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоолгохыг хүссэн” өргөдөл, Дархан-Уул аймгийн Холбооны газрын дарга П.Б, ахлах нягтлан бодогч В.Э нарын гарын үсэг,тамга тэмдэг бүхий “Ц.Н-н 1984-1988 оны цалингийн түүвэр”-ийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-аар 493.947 төгрөгөөр тогтоосон ба түүнээс хойш ажилласан жилийн нэмэгдэл болон Засгийн газрын тогтоолын дагуу уг тэтгэвэр нь нэмэгдсэнээр Ц.Н нь нийт 531.220 төгрөгийн тэтгэврийг 2018 оны 3 дугаар сар дуустал авч байсан нь тэтгэвэрийн дэвтэр, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Н-н анх 2008 онд тэтгэвэр тогтоолгохдоо болон 2016 онд тэтгэвэрээ шинэчлэн тогтоолгохдоо өгсөн Дархан-Уул аймгийн ”Холбооны газрын цалингийн тодорхойлолт”-ууд нь хуурамч болох нь гэрч В.Э-н мэдүүлэг, Нийгмийн даатгалын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн баримттай тулгалт хийж авсан цалингийн тодорхойлолт, шүүхээс Холбооны газрын 1983-1988 онуудын цалингийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа болно.
Хариуцагч нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр “Аян зохион байгуулах тухай” тушаалын дагуу өндөр насны тэтгэвэр авагч Ц.Н-н 2008 онд тэтэвэр тогтоолгохдоо болон 2016 онд тэтгэвэрээ шинэчлэн тогтоолгохдоо сонгосон 5 жилийн цалингийн тодорхойлолтуудыг Холбооны газрын архивын үндсэн баримтуудтай 2017 оны 1 дүгээр сарын 30 өдөр тулгалт хийснээр Ц.Н-н 1983-1988 онуудын цалингийн тодорхойлолт нь өөрчлөгдөж / буурч/ гарсан бөгөөд энэхүү тодорхойлолтыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т / 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнөх хуулийн заалт/ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид ”хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно”. 5 дугаар зүйлийн 2-т “Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны
дагуу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-аар түүний тэтгэврийг 2008 оноос эхлэн шинэчлэн бодож, ОХУ-н харьяа Зарубеж “ФГУП, ГЗС” газарт 2013 оноос 2017 онд ажилласан нэмэгдлийг нэмж 2018 оны 3 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн 287.420 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэгүй бөгөөд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “Захирааны үйл ажиллагааны зарчим” 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд Ц.Н-д тэтгэвэр тогтоолт, олголтын талаар шалгасан тухай 2017 оны 1 дүгээр сарын 31-нд мэдэгдсэн, 2 дугаар сарын 6-ны өдөр өөрөө ирж уулзсан, тэтгэвэр олголтыг түр зогсоохыг, тэтгэвэр шинэчлэгдсэн болохыг мэдэгдэж байсан, тэтгэвэр олголтыг 4 дүгээр сараас түр зогсоосон, байх бөгөөд нэхэмжлэгчээс уг асуудалтай холбогдуулан хариуцагч байгууллагад санал, хүсэлт, тайлбар гаргаж байгаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хяналтын албанд өргөдөл гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын хэлтэс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1182 тоот албан бичгээр хариу өгчээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Тэтгэвэр багасгасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож ...” гэж тодорхойлсон хэрнээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.1, 47.1.2, 47.1.3, 47.1.4, 47 1 5, 47.1.6, 47.1.7-д заасан аль шинжийг агуулж байгааг тайлбарлаагүй, ер нь тэтгэвэр багасгаж байгаа нь илт хууль бус шүүдээ гэж тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдахгүй байгаа төдийгүй 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-аар түүний тэтгэврийг 2008 оноос эхлэн шинэчлэн бодож 2018 оны 3 дугаар сарын 1 өдрөөс эхлэн 287.420 төгрөгөөр тогтоосон байцаагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “илт хууль бус захирааны акт”-д хамаарахгүй учир нь дээрх шийдвэр гаргах эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар байцаагчид олгосон байгаа учир маргаан бүхий захиргааны актад хамаарна. Харин илт хууль бус захирааны акт гэдэг бол хэн ч харсан, илэрхий, ноцтой алдаатай байх үндсэн шинжийг агуулдаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ц.Н гуайн тэтгэвэрийг 2008 онд анх тогтооход болон 2016 онд шинэчлэн тогтооход Нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, нэг хүний тэтгэвэр тогтооход 3-4 нь байцаагчийн хяналт дамждаг гэх тайлбар нь Ц.Н-н 2016 онд тэтгэврийг өөрчлөн тогтоолгохоор өгсөн Холбооны газрын цалингийн тодорхойлолт, 2008 онд анх тэтгэвэр тогтоолгохоор өгсөн цалингийн тодорхойлолтой онууд нь таарч, цалин нь өөр бичигдсэн байхад тухайн үед нь байгууллагын архивын үндсэн баримттай тулгалт хийгээгүй, цалингийн тодорхойлолтууд хуурамч гэдгийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр илрүүлсэн хэрнээ, тэтгэврийг үргэлжлүүлэн олгож 2018 оны 4 дүгээр сард түр түтгэлзүүлсэн, зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 47 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, / 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнөх хуулийн заалт/ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-с Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Тэтгэвэр багасгасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, урьд авч байсан 531.220 төгрөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2018 оны 4 сараас хойш тэтгэврийн зөрүү 1.649.345 төгрөгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ