Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Цогтсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06915 дугаар шийдвэртэй, А.Цогтсайханы нэхэмжлэлтэй, Г.Галт, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд Г.Галтаас 22 537 000 төгрөг, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас 22 537 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ө.Дагва-Очир нь Тоёота ланд крузер-100 маркийн 30-00 УНҮ дугаартай автомашиныг Төв аймгийн Аргалант сумын нутагт Жирмийн цагаан нуур буюу 64/367 км газарт байрлах асфальтан хучилттай зам дээр жолоодож явах үедээ замд тааралдсан замын эвдрэлээс шалтгаалан хурдаа хассан бөгөөд энэ үед түүний араас иргэн Г.Галт 15-38 УНЕ улсын дугаартай Ланд ровер маркийн автомашинаар мөргөсний улмаас жолоодлого алдаж, өөдөөс ирж явсан А.Халиуны жолоодож явсан А.Цогтсайхан миний эзэмшлийн 49-15 УНЗ дугаартай Лексус 470 автомашиныг мөргөж онхолдуулсан. Энэ хэргийн улмаас зөвхөн надад гэхэд 45 074 000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн байцаатын явцад Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 69290 дугаартай автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нийт 7 удаагийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчид дүгнэлт гаргасан байдаг бөгөөд бүх дүгнэлтүүд замын нөхцөл байдал авто замын осол гарахад нөлөөлсөн, Г.Галт нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход мөргөхгүй, хажуудаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан тохируулж яваагүйн улмаас осол гарсан болохыг тогтоосон. Шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд замын засвар, арчлалтыг цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй буруутай эс үйлдлээс осол болоход шалтгаалсан. Мөн Г.Галтын буруутай үйл ажиллагааны улмаас энэхүү зам тээврийн осол гарсан болох нь бүрэн тогтоогдож байна. Хэргийг Өршөөл үзүүлэх хуулиар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, иргэний нэхэмжлэгч нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 227 дугаар зүйлийн 227.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223, 224 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас 22 537 000 төгрөг, Г.Галтаас 22 537 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож хохиролгүй болгож өгнө үү

 

Хариуцагч Г.Галт шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн үед эрүүгийн хэргийг шалгаж байхад хохирогч А.Цогтсайхан машины хохиролд 39 000 000 төгрөг нэхэмжилж байсан. Би хохирогч А.Цогтсайханы хохирлыг төлж хохиролгүй болгож өгнө. Г.Галт надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Ээж минь ослоор нас барсан ба би ээжийнхээ гэрт өөрийн төрсөн ах Г.Цогын хамт амьдарч байна. Ах минь харвалт авч хүний асаргаанд байдаг тул би ахыгаа асарч ажил хийх боломжгүй байна. Би ахынхаа халамжийн мөнгө 140 000 төгрөг, асаргааны 64 000 төгрөг авдаг тул энэ мөнгөнөөсөө нэхэмжлэгчийн төлбөрийг сар бүр зохих хуваарийн дагуу төлнө гэжээ.

 

Хариуцагч “Баянчандмань АЗЗА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 106.2 км асфальтбетон хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг 2011 онд Очир төв ХХК гүйцэтгэж Улсын комисс хүлээлгэж өгсөн. Хууль болон гэрээнд заасны дагуу уг замын баталгаат засварын хугацааг 2 жилээр тогтоосон байдаг. Дээрх чанарын баталгаат хугацаа нь буюу 2013 онд уг автозамд гарсан эвдрэл гэмтлийг Очир төв ХХК засварлаагүй тул 2014 оны 1 дүгээр сарын 03-нд яаралтай засварлах үүргийг Монгол улсын Зам тээврийн яамнаас үүрэг болгосон. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болж аваар осол болсон замын хэсэгт эвдрэл /нүх/ гарсаас болж иргэн Цогтсайхан хохирсон асуудал нь манай байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй юм. Очир төв ХХК авто замын засвар шинэчлэлтийн ажлын баталгаат хугацаандаа замын эвдрэл гэмтлийг зассан тухай зам тээврийн яамнаас удаа дараа мэдэгдэж байсан. Мэдэгдлийн дагуу зам засварын ажлыг хийгээгүй. Энэ нь Зам тээврийн яамнаас 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3/9538 тоот баталгаат засварын тухай гэсэн Очир төв ХХК-д хүргүүлсэн албан тоотоос тодорхой болж байна. Уг тоотод баталгаат хугацаанд гарсан эвдрэлүүдийг цаг хугацаанд нь стандартын дагуу чанартай засварлахыг шаардсан албан тоотуудыг явуулж, компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж хугацаатай үүрэг даалгавар өгч байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн засварлаагүй байгааг тогтоогоод байна. Үндэсний их баяр наадмаас өмнө уг замыг засварлаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн албан тоотуудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газраас тус тус ирүүлээд байна. 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор зам засварын ажлаа хийж фото зургаар баталгаажуулан тайланг манайд ирүүлэхийг мэдэгдье гэсэн албан тоотоос үзэхэд нэхэмжлэгч А.Цогтсайханы машинд учирсан гэмтлийг Баянчандмань АЗЗА ТӨХК хариуцах бус Очир төв ХХК хариуцах ёстой болох нь тогтоогдож байна. Ө.Дагвадорж болон Г.Галт нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 438 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгогдсон. Энэ баримтуудыг аймгийн прокурорын газрын архиваас авах гэтэл улсын прокурорын газраас уг хэргийг хяналтын журмаар татсан тул бичгийн нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй байгаа юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Галтаас гэм хорын хохиролд 22 537 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цогтсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас 22 537 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийнхураамжид нэхэмжлэгч А.Цогтсайханы төлсөн 191 660 төгрөгийг, хариуцагч Г.Галтаас 191 660 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансанд тушааж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас гэм хорын хохиролд 22 537 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь тус хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй дүгнэлт гэж үзсэн байдаг бөгөөд бусад дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзсэн байдаг. Гэтэл эдгээр нийт 7 удаагийн дүгнэлтүүдэд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн тухай дурдсан. Энэ нь тухай зам тээврийн осол гарахад замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн болохыг бүрэн баталсан. Мөн хэрэгт авагдсан баритаас үзвэл Ө.Дагва-Очир нь замын эвдрэл гэмтлээс зайлсхийх зорилгоор тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд энэ үед Г.Галт уг автомашины араас мөргөж осол гаргасан байдаг. Шүүх хуралдааны явцад миний зүгээс дан ганц нэг дүгнэлтээр “Баянчандмань АЗЗА” ТӨХК-иас буруутайг нотлох боломжгүй болохыг дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн буруутай болохыг хэрэгт авагдсан бүх дүгнэлтээр батласан бол эдгээр бүх дүгнэлтийг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзэж үнэлэх нь зүйтэй юм. Харин сүүлийн дүгнэлт бусдыгаа үгүйсгэсэн бол тухай дүгнэлтийг үнэлэх нь зүйтэй. Тэгэхээр уг замын засвар, арчлалтын ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий “Баянчандмань АЗЗА” ТӨХК нь үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзнэ.

“Баянчандмань АЗЗА” ТӨХК нь хууль, тогтоомжоор хүлээсэн дараах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас бусдад хохирол учруулсан болохыг хууль, хяналтын байгууллага шалгаж тогтоосон бол хохирлыг хариуцан төлөхөөр заасан байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 4 дүгээр зүйл, Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 15.1.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасан үндэслэлүүд юм.

Энэ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийг өөрийн хариуцсан замын зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэлтэй болохыг зохих байгууллага нь шалгаж тогтоосон тул уг компанийг буруутай гэж үзэн нийт учирсан хохирлын тал хувь болох 22 537 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний хувьд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч А.Цогтсайхан нь хариуцагч Г.Галт, “Баянчандмань АЗЗА” ТӨХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 22 537 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Г.Галт нь гэм хорын хохирлыг хуваарийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй, “Баянчандмань АЗЗА” ТӨХК нь автозам барьсан “Очир төв” ХХК нь замын эвдрэлийг засаагүй тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Г.Галт нь Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газар 15-38 УБЕ улсын дугаартай, Ланд ровер загварын автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, Б.Дагва-Очирын жолоодон явсан 30-00 УНҮ улсын дугаартай, Тоёота ланд крузер 100 загварын автомашиныг мөргөсний улмаас А.Цогтсайханы 49-15 УНЗ улсын дугаартай Лексус 470 загварын автомашинд гэм хор учирсан үйл баримт хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №10/12 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Харин шүүх автомашины өмчлөх, эзэмших эрхтэй этгээд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учирсан гэм хорыг арилгахаар зохицуулсан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн заалтыг баримтлан хариуцагч Г.Галтаас гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь оновчгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр буюу хариуцагч Г.Галтын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч хэргийн нөхцөл байдлын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах тул энэ агуулгаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хувьд нэхэмжлэгч А.Цогтсайханы автомашинд учирсан гэм хорын хохирлын шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, эс үйлдэл нь нэхэмжлэгч А.Цогтсайханы автомашинд гэм хор үүсэх шууд шалтгаан болоогүй, харин Б.Дагва-Очир гэх иргэн автомашинаа гэнэт зогсоон, түүний араас мөргөсөн хариуцагч Г.Галтын үйлдэлтэй холбогдож байгаа талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан байна. Энэ талаар баримт хэрэгт авагдсан тул хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл гаргасан этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь гэм буруутай буюу шууд гэм хор учруулсан шалтгаант холбоотой этгээдээс хохирлынхоо үлдэх хэсгийг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Г.Галт болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК нарын хооронд гэм хорын шалтгаант холбооны талаар энэ шийдвэрийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй болно.

 

Шүүх хэргийн оролцогчдоос гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нийт үнийн дүнгээс буюу 45 074 000 төгрөгөөр бодож нэхэмжлэгч болон хариуцагч Г.Галтаас 191 660 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн агуулгыг зөвтгөх шаардлагатай байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд болон улсын тэмдэгтийн хуваарилтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06915 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг хасч, 2 дахь заалтын “191 660” гэснийг “270 635” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 284 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА