Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0288

 

“ШО” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Ж.З

Гомдол гаргагч “ШО” ХХК

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Ө

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003019 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Ж.З

Хариуцагч Ц.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0702/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “ШО” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өт холбогдуулан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003019 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр:

2.1. “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0003019 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Шижир ойл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа, Ж.Зоригтбаатар нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхээс "ШО" ХХК-ийн дизель түлшин дэх цетаны тоо, хувийн жин гэх 2 үзүүлэлт стандарт зөрчсөн гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, албан бус баримтуудад тулгуурлан хэт нэг талыг барьсанаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь:

3.1.1. Шүүхээс “ШО" ХХК-ийн дизель түлш чанарын шаардлага хангасан эсэхийг хянан шийдвэрлэхдээ Евро дизель түлшний стандарт MNS 0216:2017 эсхүл энгийн дизель түлшний MNS 6861:2020 стандартуудын алийг нь баримтлан хэргийг шийдвэрлэхээ тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хамаарч буй 2 стандартыг хоёуланг нь шалгуур болгосон нь шүүхээс хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэг төрлийн дизель түлшинд эдгээр 2 стандартыг зэрэг хэрэглэдэггүй болох нь холбогдох мэргэжлийн хүмүүсийн дараах тайлбараар нотлогдоно.

3.1.2. Стандартчилал хэмжил зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/89 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичгээр Евро дизелийн тулшинд MNS 0216:2017 стандартыг, энгийн дизель хөдөлгүүрт MNS 6861:2020 стандартыг хэрэглэдэг болохыг тодорхойлсон.

3.1.3. Ашигт малтмал газрын тосны газраас оролцсон шинжээч гэрч Ж.Бадамцэрэн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь анх дээж өгөхдөө к5, к2 аль нь вэ? гэдгийг ялгаж өгөөгүй. Бид лац дугаараар шинжилгээ хийсэн учир аль ангилалд хамаарахыг мэдэхгүйгээр MNS 0216:2017 стандартад хамааруулан шинжилсэн гэсэн агуулгаар мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Ж.Бадамцэрэн нь “...Гэхдээ харьцуулж дүйцүүлэх үзүүлэлт нь өөр байгаа. Хэрэв энгийн дизель түлш бол MNS 0216:2017 ЕВРО Түлшний Өндөр үзүүлэлтэнд харьцуулж дүгнэж болохгүй...” гэж тайлбарласан байдаг.

3.1.4. Гэтэл анхан шатны шүүхээс “ШО” ХХК-ийн дизель түлшний цетаны тоо нь MNS 6861:2020 стандартад нийцсээр байхад MNS 0216:2017 стандартад нийцээгүй гэсэн агуулгаар дүгнэсэн. Тэгсэн атал хувийн жин нь MNS 0216:2017 стандартад нийцсэн байхад MNS 6861:2020 стандартад нийцээгүй гэх агуулгаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг аль дордуулсан стандартыг дураараа сонгож хэрэглэн хэрэг маргааныг шийдэж буй нь хууль зөрчиж байна.

3.2. “ШО” ХХК-ийн дизель түлшин дэх цетаны тоо нь Ашигт малтмал газрын тосны газрын шинжилгээгээр 46.3 Иргэний нисэхийн ерөнхий газрын шинжилгээгээр /итгэмжлэлгүй/ 41.4 гарсан нь стандарт зөрчөөгүй болохыг дараах 4 үндэслэлээр нотолж байна.

3.2.1. MNS 6861:2020 стандартын 1 дүгээр хүснэгтийн 1-д зааснаас үзэхэд цетаны тоо 45-аас их байхаар заасан байх тул Ашигт малтмал газрын тосны газрын

шинжилгээгээр цетаны тоо 46.3 гарсан нь стандартад нийцэж байна.

3.2.2. Иргэний нисэхийн ерөнхий газрын шинжилгээгээр /итгэмжлэлгүй/ 41.4 гарсан гэх үзүүлэлтийн хувьд дараах гомдол, тайлбарыг гаргаж байна. Шүүх хуралдаан дээр миний бие нь Иргэний нисэхийн ерөнхий газраас оролцсон гэрч Ж.С-аас “Танай байгууллагын итгэмжлэлгүйгээр хийсэн шинжилгээний хариу нь албан ёсны баримт бичгийн буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл хүртэл болж болох уу?” гэж асуусан. Нэхэмжлэгчийн энэ асуулттай уялдаад шүүх хуралдаан даргалагчаас “Танай гаргасан цетаны тоог үндэслээд Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргах нь аль хэр зохимжтой вэ?” гэж асуухад гэрч Ж.С нь: “Хууль эрх зүй талаасаа зохимжтой эсэхийг би хэлж мэдэхгүй байна” гэж хариулсан байдаг. Гэтэл шүүхээс гэрч Ж.С-ын тайлбарыг эсрэг утгаар тайлбарлаж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээ болгож буйд гомдолтой.

3.2.3. Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лабораторт стандартчилал хэмжил зүйн газраас цетаны тоог хэмжих зохих зөвшөөрөл, эрх олгоогүй бөгөөд албан бус шинжилгээ хийдэг болох нь баримтаар тогтоогдсоор байхад тус шинжилгээний хариуг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэрэглэж буйд гомдолтой байна.

3.2.4. Мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/25 дугаар дүгнэлт нь Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/146 дугаар цетаны тоог хэмжих итгэмжлэлгүй, албан бус, хуульд заасан эрх олгогдоогүй этгээдийн шинжилгээний хариунд үндэслэсэн нь алдаатай байна.

3.3. Аргын стандартын дагуу Лаборатори хоорондын зөвшөөрөгдөх зөрүү гэж байдаг байна. Цетаны тоо нь 44-47,9 байхад зөрүү 3.3, цетаны тоо 48-51.9 байвал лаборатори хоорондын зөрүү 3.8 дотроо байвал шинжилгээ зөв явагдсан гэж үздэг байна. Гэтэл шинжилгээ хийсэн 2 байгууллагын лаборатори хоорондын зөрүү 4.9-өөр зөрж буй нь /46,3 болон 41,4-ын зөрүү/ аргын стандарт, лаборатори хоорондын зөвшөөрөгдөх зөрүүг зөрчиж байна.

3.4. Харин MNS 0216:2017 стандартын 4.3.3-ын 3 дугаар хүснэгтийн 5-д зааснаар өвлийн улиралд цетаны тоо 47 байдаг бөгөөд шүүх хуралдаанд гэрч Ж.Бадамцэрэн хэлэхдээ “ШО" ХХК-ийн цетаны тоо 46.3 гарсан нь 47 хүрэхэд 0.7-оор зөрж буй нь зөвшөөрөгдөх зөрүүндээ байна. /зөвшөөрөгдөх зөрүү 0,9-ын хэмжээнд багтах тул/. Энэ утгаараа стандарт зөрчөөгүй гэсэн агуулгаар тайлбарласан байхад шүүхээс үүнийг анхаарч үзээгүйгээр барахгүй энэ агуулгын гэрчийн мэдүүлгийг тэмдэглэлд тусгалгүй хагас дутуу орхигдуулсан байна. Үүнд гомдолтой байна.

3.5. Ашигт малтмал газрын тосны газрын шинжилгээгээр “ШО” ХХК-ийн дизель тулшний 15 градус дахь хувийн жин 819.7, Иргэний нисэхийн ерөнхий газрын шинжилгээний дүнгээр 819.3 гарсан. Энэ нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн байтал хувийн жин шаардлага хангаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

3.5.1. Манай компанийн дизель түлшин дэх хувийн жин нь стандартад бүрэн нийцсэн. Үүнийг хүснэгтээр харуулбал:

АМГТГ-ын шинжилгээний дүн 819.7 гарсан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын шинжилгээний дүнгээр 819.3 гарсан.

Евро дизель түлшний стандарт 0216:2017 -ын 3 дугаар хүснэгтийн 3-т зааснаас үзэхэд хувийн жин 800.0-845.0 байхыг шаардаж буй тул стандартад нийцсэн.

Энгийн дизель түлшний MNS 6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 16-д зааснаар өвлийн тулш 843.4-өөс ихгүй гэж заасан нь стандартад нийцсэн

3.5.2. Мөн анхан шатны шүүхээс “ШО” ХХК-ийн дизель түлшний 20 градус дахь хувийн жин стандарт зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

3.5.2.1 Евро дизель түлшний MNS 0216:2017 стандартаар 20 градус дахь хувийн жинг хэмждэггүй байна./ Зөвхен 15градус дахь хувийн жинг хэмждэг/.

3.5.2.2. Энэ утгаараа ч Ашигт малтмал газрын тосны газар нь “ШО” ХХК-ийн дизель түлшний 20 градус дахь хувийн жинд огт шинжилгээ хийгээүй байхад шүүхээс 20 градус дахь хувийн жингийн стандарт зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.5.2.3. Иргэний нисэхийн ерөнхий газрын ахлах инженер Ж.Сайнбаяр нь хувийн жинг 15, 20 гэж ялгаж үздэг учрыг хэлэхдээ: “...Нормчилсон үзүүлэлтээсээ хамаарч байгаа. Оросын холбооны улс 20 градуст хувийн жингээ тодорхойлдог. 15 градуст европ болон Америкийн системд үздэг гэж ойлгож болно...” гэж тайлбарласан байдаг.

3.5.2.4. Үүнээс үзэхэд тухайн дизель нь 20 градуст шинжилгээ хийдэг түлшний төрөлд хамаарах эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс хувийн жингийн үзүүлэлтийг зөрчсөн гэж дүгнэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай шийдвэр бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч Ц.Өаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “ШО” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өт холбогдуулан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003019 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалж байна” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд үүнд гомдол гаргагч “ШО” ХХК-ийн СШ21/146 болон СШ21/145 дугаартай сорил цетаны тоо агууламжаар Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017 болон Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020 шаардлагыг хангаагүй. Мөн СШ21/145 дугаартай сорил 200С дахь хувийн жингийн хувьд ч Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020 шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэлт гаргажээ.

3.3. Дээрх дүгнэлт болон Иргэний Нийсэхийн Үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторийн СШ21/145, СШ21/146 сорилын үр дүнгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори шинжилгээний хариу зэргээр хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас “ШО” ХХК нь зөрчил гаргасан нь илэрхий гэж үзэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэл хуудас үйлдэж, гомдол гаргагчийг 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

3.4. Гомдол гаргагчаас гомдлын үндэслэл болон давж заалдах гомдолдоо лабораторын шинжилгээнүүдээр сорьцын үр дүнгүүд өөрөөр шинжлэгдэж, өөр хариу гарсан бөгөөд ийнхүү эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагчаас бүрэн тодруулалгүйгээр шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь буруу гэх байдлаар тайлбарлан маргаж байх боловч гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.5. “ШО” ХХК-ийн сорилд өгсөн дээж болох СШ21/145, СШ21/146 сорьц нь энгийн түлш бөгөөд, евро түлш биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй болно. Ийнхүү уг тохиолдолд энгийн дизел түлшний MNS 6861:2020 стандартыг хэрэглэх ба хэрэгт авагдсан 2 лабораторийн шинжилгээг харьцуулбал:

3.6. Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT072 дугаар Сорилтын үр дүнгээр Шижир ойл ХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо 46,3 хувийн жин 15C дахь 819.7 гарсан. Харин Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/145, №СШ21/146 дугаар Сорилтын үр дүнгүүдээр дизелийн түлшний цетаны тоо 41,4, хувийн жин буюу нягт 15C дахь 819.3, хувийн жин буюу нягт 20C дахь 815.7 гарсан байна.

3.7. Дээрхээс үзвэл Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтэд заасан өвлийн түлш хэт хүйтэн бүс эсэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байх, мөн Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 17-д заасан 20C дахь хувийн жин, кг/м 840-860 байх шаардлагыг аль алиныг хангахгүй болох нь тогтоогдож байна.

3.8. Хэдийгээр захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа 2 өөр лабораторид шинжилгээ хийлгэсэнд өөр хариу гарсан нь эргэлзээтэй мэт боловч хариуцагчийн тайлбарлаж буй “гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүйн үүднээс илүү чанарын шаардлага хангаж буй шинжилгээний дүнгээр шалгалтыг тооцож үзсэн ч зохих стандарт, шаардлагыг хангахгүй” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд стандартад заасан 20C дахь хувийн жин, кг/м 840-860 байх шаардлагыг хангахгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.9. Нөгөөтэйгүүр, шалгалтыг явуулахдаа цаг хугацаа алдсан байх боловч нэгэнт бусад байгууллагын дүгнэлтүүдээр зөрчил тогтоогдсон байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд гомдол гаргагчаас “ШО” ХХК-ийн худалдан борлуулж буй түлш чанарын шаардлага хангахгүй талаар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт гаргасантай маргаагүй байх бөгөөд хэрэв маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч гомдол гаргагчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Шижир ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА