Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1037

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт О. М т холбогдох 2008000830755 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...аймгийн ....суманд төрсөн,.... настай, .... ,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...аймгийн... сумын ...оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон нийт 34 хоногийг 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 272 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч уг ялыг эдэлсэнд тооцсон, Ө овогт О.М  /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... төвийн орчимд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Б т “Гар утсыг чинь худалдаж авъя” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Б-с түүний өмчлөлийн айфоне-7 маркийн гар утсыг авч бусдад 280.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 5-11х/, хохирогч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 12-16х/, гэрч Э.Ш-н мэдүүлэг /хх-ийн 19-20х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ц-82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23х/, шүүгдэгч О.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 71х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-78х/, шүүгдэгч О.М-ийн мэдүүлэг /хх-ийн 64-66х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.М нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... төвийн орчимд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Б-т “Гар утсыг чинь худалдаж авъя” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Б-с түүний өмчлөлийн айфоне-7 маркийн гар утсыг авч 280.000 төгрөг хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай: “...Миний гар утсыг худалдаж авна гэж хэлээд намайг АТМ-д дансаа шалгаж байх хооронд миний гар утсыг авч алга болсон үл таних эмэгтэй хүн энэ байна. Би тухайн хүнийг  нүдний харц, хөмсөг, нүдний өнгө, хоёр нүдний хол зай болон нүүрний ерөнхий байдлаар нь таньж байна, тэр хүн яг мөн байна гэж Зураг №4 буюу Ө овогт О.М  /РД:... /-ийн гэрэл зургийг заасныг тэмдэглэлд тусган, SAMSUNG A-6 маркийн гар утасны камерыг ашиглан гэрэл зургийн аргаар баримтжуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6х, 11х/,

Хохирогч Б.Б-н: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний фейсбүүк хаяг руу Б.Б гэх хаягнаас миний фейсбүүк хаяг дээр тавьсан зарын дагуу гар утсыг чинь худалдаж авъя, Хар хорин захын ард интернет кафед аваад ирж болох уу гэж хэлсэн. Би нөхрийнхөө ажлаас гараад явж байтал надтай дахиж  холбогдоод ...төв дээр хүрээд ир гэж хэлсэн. Намайг Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ...төв дээр очиход нөгөө үл таних эмэгтэй намайг хүлээгээд зогсож байсан. Уулзаад миний утсыг дотор орж байгаад үзсэн. Тэгээд тэр үл таних эмэгтэй миний гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд Мобайл банк руу ороод миний дансыг асууж байгаад “нааш цааш явуулсанд уучлаарай” гээд 420.000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлсэн. Тухайн үед миний гар утсанд интернет банк байхгүй байсан учраас хаан банкны АТМ-с дансаа шалгахаар хамт явсан. Хаан банкны АТМ дээр очоод дансаа шалгаж байх хооронд нөгөө үл таних эмэгтэй алга болчихсон, миний дансанд мөнгө орж ирээгүй байсан. Тэгээд тухайн үл таних эмэгтэйн надтай холбогдож байсан .... гэсэн дугаар луу холбогдож “миний мөнгийг өгөхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдлээ” гэж анхааруулахад би тэр хүнийг танихгүй, миний утсаар гуйж ярьсан, одоо миний хажууд байхгүй байна гэж хэлээд тасалчихсан. Тэрнээс хойш утсаа аваагүй. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа 2019 оны 6 дугаар сарын эхээр өөрийн зарын дагуу үл таних хүнээс 600.000 төгрөгөөр худалдан авсан, ямар нэг сэв зураас байхгүй. Гадуураа резинэн гадар бүхий цулгуй хар өнгийн найке гэсэн бичиглэлтэй гэртэй, хар өнгийн гадаргуутай, 128 гигабайт санах ойн багтаамжтай, Айфоне 7 маркийн гар утас байсан. Дэлгэцний код нь хурууны хээ болон 6-н оронтой нууц тоогоор тайлагддаг. Системийн ажиллагаа хэвийн, ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй. Би гар утсаа худалдан борлуулах гэж байсан үнэ болох 400.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утсанд ...гэсэн дугаар ашиглагдаж байсан, имейл кодоо мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

Гэрч Э.Ш-н: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CIRCLE K” түргэн хоолны газрын хажуу талын төв зам дээр өөрийн эзэмшлийн 31-83 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн автомашинтайгаа зогсож байхад үл таних эмэгтэй ирээд “та таксинд явах уу, Баруун 4 зам орох хэрэг байна” гэж хэлсэн. Тэгээд миний машинд орж суугаад “гар утсаар чинь ярьж болох уу” гэж асуусан. Би гар утсаа өгөөд миний дугаараас хэд хэдэн хүн рүү залгаад авахгүй болохоор нь миний утсыг буцааж өгсөн. Тэгээд тухайн үед нөгөө эмэгтэй жаахан байж байгаад хоёулаа хөдөлье гэж хэлсэн.Тухайн үед би өлсөж байсан болохоор тухайн эмэгтэйд “хоол идэх үү” гэж санал тавихад зөвшөөрч бид хоёр “KFC” түргэн хоолны газраас 2 ширхэг бургер худалдан аваад машин дотроо идсэн. Намайг бургер идэж байх хооронд миний гар утсыг гуйж аваад хүмүүс рүү залгаж байсан. Тэгээд тухайн эмэгтэйг анх миний автомашинд суусан газар газар болох “CIRCLE K” түргэн хоолны газрын хажууд буулгасан. Тухайн эмэгтэйг өмнө нь харж байгаагүй. Миний гар утсаар ямар дугаар луу залгасныг мэдэхгүй, гар утас худалдаж авах талаар яриад байх шиг байсан. Тухайн үл таних эмэгтэй 20-25 орчим насны, 150-160см орчим өндөр, шар царайтай, хоёр нүд хол зайтай, гадуураа хар өнгийн урт куртик, богино түрийтэй хар бараан гутал, өмссөн байсан. Тухайн эмэгтэйтэй ямар нэг харилцаа холбоогүй тухайн үед танилцмаар санагдсан болохоор хоол авч өгч яриа өдсөн юм. Тэр эмэгтэй Анагаахын 6-р курсийн оюутан, 3-р эмнэлэгт дадлага хийж байгаа, Өмнөговь аймгийн гурван сайхан суманд амьдардаг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ц-82 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...Iphone 7 гар утас-280.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 21-23х/,

Шүүгдэгч О.М-ийн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр би гар утас худалдаж авах санаатай гар утасны хар зах гэх фэйсбүүк хуудас дээр тавигдсан гар утас зарна гэсэн заруудыг уншаад байж байтал нэг хүн Айфоне 7 маркийн гар утас 300.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг олж харсан. Тэгээд би найз И-н ... дугаарын утсаар тухайн зар байршуулсан хүн рүү залгаад СХД-ийн ...-р хороо ...үйлчилгээний төв дээр уулзахаар тохирсон. Тэр эмэгтэйгийн гэр 21-р хороололд байдаг гээд ойртоод тэнд уулзахаар болсон. Тэнд манай найз намайг буулгаад би ганцаараа тэр гар утас зарна гэсэн эмэгтэйтэй уулзсан. Бид хоёр шилэн ...төвийн хажуу талын 1 давхар үйлчилгээний төвд орж тухайн хар өнгийн Айфоне 7 маркийн гар утасны ай-ди кодыг гаргуулж би өөрийн ... дугаарын симээ хийж шалгасан. Тэгээд худалдаж авах гэтэл постон дээр 300.000 төгрөгөөр зарна гэсэн байж өөрөө 400.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би тэр эгчид данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ гэж худлаа хэлэхэд тэр эгч АТМ-р картанд мөнгө орсон эсэхийг шалгачхаад ирье гэх хооронд нь би утсыг нь аваад нөгөө талын хаалгаар гарчихсан юм. Миний санаж байгаагаар хар өнгийн Айфоне 7 маркийн ямар нэгэн сэв зураасгүй гар утас байсан. Ямар зорилгоор энэ хэргийг үйлдсэн талаар надад хэлэх үг алга. Би уг нь анх тэр эгчтэй уулзахдаа гар утсыг нь худалдаж авах санаатай очсон бөгөөд тухайн үед миний хаан банкны ... дугаарын дансанд 250 орчим мянган төгрөг байсан. Тэгээд яг худалдаж авах гэтэл тэр эгч 400.000 төгрөгөөр зарна гэхээр нь мөнгө хүрэхгүй байсан тул аваад явчихсан юм. Ер нь бол би энэ утсыг өөрөө барих санаагаар аваад явчихсан юм. Зарж борлуулах санаа байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч О.М  нь гар утас худалдан авах бэлэн болон бэлэн бус мөнгөгүй байсан /Хаан банкны дансны хуулга, хх-ийн 72-76х/ атлаа хохирогч Б.Б-н айфоне 7 гар утас зарна гэсэн зарын дагуу хохирогчтой утсаар холбогдож газар товлон уулзаж “гар утсыг чинь худалдаж авъя, картнаас мөнгө шилжүүлчихье” хэмээн хуурч, гар утасны мөнгийг шилжүүлж буй мэтээр гар утсаар оролдож байгаад данс руу чинь 420.000 төгрөг шилжүүлчихлээ гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Б-н 280.000 төгрөгийн үнэ бүхий айфоне-7 маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна.  

Шүүгдэгч О.М-ийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч О.М нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч О.М-ийн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 280.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Б.Б нь гар утсаа буцаан хүлээн авсан /хх-ийн 82х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч нь “...санал хүсэлтгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлөгдсөн байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь 2 удаа залилах гэмт хэрэг үйлдэж байсан ч засарч хүмүүжээгүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М т 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.М нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 24 цаг сэжигтнээр баривчлагдсан, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хоригдсон буюу нийт 23 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Ө овогт О. М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М т 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 23 (хорин гурав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ