Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 122

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох 2028000000125 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Ёлын 01 дүгээр гудамжны 04 тоотод С.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зүүн хөмсөг, зүүн бөөр тус газар нь заазуураар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-ын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэртээ амарч байхдаа тал шил архийг ганцаараа уучихаад багийн найз Батсайханы гэрт очсон. Батсайханы гэрт очиход Түвшинжаргал, Батсайхан, Мандах, Батбаяр нар байсан. ...Б, Түвшинжаргал бид гурав Батсайханы гэрт байж байгаад би Б-ыг хэл, амаар доромжилсон санагдаж байна. Б бид хоёр барилцаж авах үед Түвшинжаргал намайг салгаад гэрээс аваад гарах гэхэд Батбаяр миний зүүн хөмсөгний дээд хэсэгт заазуураар зүсэхэд нүүрээр цус урсаад ирсэн. Цаашаа юу болсныг мэдэхгүй миний ууц хэсэгт халуун оргиод миний толгой манараад юу болсон талаар санахгүй байна. Эмнэлгийн түргэн дээр оёдол хийлгээд сууж байсан. ...Санал хүсэлт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй”. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Т.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед найз Батсайханы машиныг унаад хүргэж өгөхөд Батсайхан гэртээ Мөнх-Эрдэнэ, Б нартай хамт архи уусан бололтой согтуу байцгаасан ба би үлдсэн. Батсайхан гадагшаа гарчаад ирье гээд явсан. Мөнх-Эрдэнэ, Б нар хоорондоо чи намайг доош нь хийж ярьсан байсан гээд Мөнх-Эрдэнэ хэлэхэд Б нь чи хөгийн гар гэх зүйл яриад маргалдаж байгаад би үүдний коридорт орж угаалтуурт нь гараа угааж байтал өрөөн дотор пижигнээд эхлэх чимээ гарахаар нь ороод харахад тэр хоёр өрөөн дотор хоорондоо цохилцсон байдалтай зодолдоод зогсож байсан. Би салгаад Б-ыг орон дээр суулгаад Мөнх-Эрдэнийг үүдний коридорт гаргасан чинь гэнэт араас Б заазуур барьж ирээд Мөнх-Эрдэнийн нүүр рүү заазуураар цохиход зүүн хөмсөгний дээр нь зүсчихсэн. Би салгаад Б-ыг цааш нь түлхсэн чинь Б миний ар талаар дахиад заазуураар Мөнх-Эрдэнийг цохих шиг болсон. Мөнх-Эрдэнийн нуруунаас цус гарч байсан. Би Б-ын гараас заазуурыг нь булааж аваад Б-ыг цааш нь түлхсэн. Мөнх-Эрдэнийн цусыг тогтоож байхад Б өөрөө эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч А.Батсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өглөө гэртээ байж байхад найз Мөнх-Эрдэнэ согтуу ирсэн. Б-ын хотоос авчирсан 1 шил архины тал байсныг Б, Мөнх-Эрдэнэ бид гурав хувааж уугаад байж байхад манай ангийн Мандах, Түвшинжаргал хоёр гаднаас ирсэн. Архи дуусахааар нь Мандах бид хоёр архи авахаар дэлгүүр рүү алхсан.  ...Түвшинжаргал над руу залгаад Б, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо зодолдоод цустайгаа холилдоод бөөн юм боллоо гэсэн. Мандах бид хоёр буцаад алхаад ирэхэд цагдаа, түргэний машин ирсэн байсан...”. /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өглөө Батсайханы найз Мөнх-Эрдэнэ согтуу ирсэн. Батсайхан босоод архи байна уу гэхээр нь би нөгөө дээрээс уусан архи гаргаж тэр хоёрт өгөөд бид гурав хувааж уугаад дуусч байхад Түвшинжаргал, Мандах нар  ирсэн. Архи дуусаад Батсайхан, Мандах нар гарч архи авчирна гээд явсан. ...Мөнх-Эрдэнэ хүн рүү агсраад над руу агсан тавиад хэл амаар доромжлоод байхаар би өмнөөс маргалдсан юм. Мөнх-Эрдэнэ босч ирээд намайг хэд хэд цохиод авсан. Би цохиулчихаад босоод явж байтал хоолны ширээн дээр бандан, заазуур байж байсан. Тэгэхээр би заазуур аваад Мөнх-Эрдэний зүүн нүдний дээд хэсэгт цохисон. Одоо зодолдохоо болъё гэж бодоод байж байтал Мөнх-Эрдэнэ нүүрнээсээ цус гоожуулаад над руу дайраад хэд хэд цохиод авч Түвшинжаргал ирээд бид хоёрыг салгаад Мөнх-Эрдэнийг цааш нь аваад явахад би Мөнх-Эрдэнийн араас гартаа барьж байсан заазуураар цохисон. Мөнх-Эрдэнийн толгой, бөөрөн тус газраас цус их гарч байсан. ...Би Мөнх-Эрдэнийг цус их алдахаар нь Цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирж намайг аваад явсан”. /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Мөнх-Эрдэнийн биед тархины доргилт, зүүн хөмсөг, дээд зовхи, зүүн бөөр орчмын арьс зөөлөн эдийн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

Эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 62-72 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Ёлын 01 дүгээр гудамжны 04 тоотод С.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зүүн хөмсөг, зүүн бөөр тус газар нь заазуураар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч С.Мөнх-Эрдэнийн “...Б бид хоёр барилцаж авах үед Түвшинжаргал намайг салгаад гэрээс аваад гарах гэхэд Батбаяр миний зүүн хөмсөгний дээд хэсэгт заазуураар зүсэхэд нүүрээр цус урсаад ирсэн. Цаашаа яасан мэдэхгүй миний ууц хэсэгт халуун оргиод миний толгой манараад юу болсон талаар санахгүй байна...”, гэрч Т.Түвшинжаргалын “...тэр хоёр өрөөн дотор хоорондоо цохилцсон байдалтай зодолдоод зогсож байсан. Би салгаад Батбаярыг орон дээр суулгаад Мөнх-Эрдэнийг үүдний коридорт гаргасан чинь гэнэт араас Батбаяр заазуур барьж ирээд Мөнх-Эрдэнийн нүүр рүү заазуураар цохиход зүүн хөмсөгний дээр нь зүсчихсэн. Би салгаад Батбаярыг цааш нь түлхсэн чинь Батбаяр миний ар талаар дахиад заазуураар Мөнх-Эрдэнийг цохих шиг болсон. Мөнх-Эрдэнийн нуруунаас цус гарч байсан...”, гэрч А.Батсайханы “...Түвшинжаргал над руу залгаад Батбаяр, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо зодолдоод цустайгаа холилдоод бөөн юм боллоо гэж хэлсэн...”, гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 393 дугаартай шинжээчийн С.Мөнх-Эрдэнийн биед тархины доргилт, зүүн хөмсөг, дээд зовхи, зүүн бөөр орчмын арьс зөөлөн эдийн хутгалагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь С.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг төлсөн ба хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэтээр бохирлогдсон хагас ханцуйтай срочикон цамц 1 ширхэг, фудволк 1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэтээр бохирлогдсон хагас ханцуйтай срочикон цамц 1 ширхэг, фудволк 1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.   

6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ