Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 124

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч, хохирогч  Б.А,

Шүүгдэгч, хохирогч  А.Т,

Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, Б.А нарт холбогдох 2028000000134 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:         

Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Монгол Улсын иргэн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар нь 2020 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг “Өлзийтийн гол” гэх газарт харилцан зодолдож  Б.А нь А.Т-ын нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Мөн тухайн цаг хугацаанд  А.Т нь  Б.А-ийн нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч  А.Т нь  Б.А нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  А.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Шүүгдэгч  Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэх зүйл байхгүй.Тухайн үед буруу зүйл хийснээ сайн ойлгосон ба хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна гэв.

Хохирогч  А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би айл руу явж хонины ноос хяргах ажилд явахаар бэлдсэн. Би надтай хамт байнга явж ажил хийдэг Мөнх-Очир болон түүний найз  Аийг авч явахаар болсон. Энэ өдөр манай хүүхдийн төрсөн өдөх болж 2 шил архи авчирч  А, Мөнх-Очир бид гурав гэрт хувааж уусан. 18 цагийн орчимд манай гэрт бид нарыг авч явахаар Адилбиш машинтай ирсэн. Би ажил хийлгэх гэж байгаа хүнээс урьдчилгаа авч эхнэртээ мөнгө үлдээе гээд нийт 120,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Мөнх-Очир 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Үлдсэн 40,000 төгрөгөөр 0.75 литрийн хараа, ерөөл нэртэй 2 шил архи, тамхи, худалдаж авсан.  ... А, Мөнх-Очир бид гурав айлд орж цай уучхаад маргааш өглөө хонь хяргах ажлаа хийнэ гээд амрахаар гэрийнх нь зүүн талд байсан ачааны авто машины тэвшин дээр ороо засаад бид гурав авч ирсэн 2 шил архиа ууцгаасан. Аймгаас гарахаасаа өмнө архи уугаад айлд ирээд 2 шил архи уугаад  А, Мөнх-Очир бид 3 их согтсон байсан. Архи их ууж согтсоноос болоод би  Атэй маргалдаж эхэлсэн. Яг хэн нь хэнийг эхэлж цохисныг нь санахгүй байна.  А намайг архины шилээр цохисон. Миний нүүр ам цусаар дүүрч дээд уруул унжиж байгаа нь надад мэдэгдсэн. Би  Аийг архины шилээр цохисон. Би  Аийг эхэлж цохисон уу эсхүл  А намайг цохисон уу гэдгийг би санахгүй байна. Айлын гэрийн эзэн Адилбиш гарч ирээд нүүр, ам үзээд бид нарыг муудалцаж, зодолдсонд уурлаж загнаад аймгийн төв рүү цагдаад дуудлага өгсөн байсан.  А, Мөнх-Очир бид 3 машины тэвшинд унтаж байхад цагдаа, эмч нар ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  А надад нийт 120,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр эм, тариа, шархны боолтын материал авсан”. /хавтаст хэргийн 24-25  дугаар хуудас/

Хохирогч  Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Мөнх-Очирын гэрт байж байхад Т Мөнх-Очирын гэрт ирээд хөдөө хонины ноос хяргах ажил байна өнөөдөр хүн нь ирж авна гэсэн хамт явж ажил хийе гэж ирсэн. Би тухайн үед явах дургүй байсан хэдий ч Мөнх-Очир хамт явъя гэсэн болохоор би зөвшөөрч ойр зуурын юм бэлдээд Тулгын гэр рүү явсан. Т гэр рүүгээ явах замдаа дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил архи авсан. Би өөрийн данснаас 140,000 төгрөг гаргаж авсан. Тулгын гэрт очиход хүүхдийн төрсөн өдөр болж байна гээд 1 шил архиа Т, Мөнх-Эрдэнэ бид гурав хувааж ууцгаасан. Би дэлгүүр яваад 1 шил 0,75 литрийн архи аваад бид гурав хувааж уусан. 17 цагийн орчимд Т, Мөнх-Очир бид гурвыг хөдөө авч явж хонь хяргуулах ажил хийлгэхээр машинтай хүн ирсэн. Т, Мөнх-Очир хоёр тэр хүнээс урьдчилгаа авъя гээд 120,000 төгрөг аваад Т эхнэртээ 40,000 төгрөгийг өгсөн. Мөнх-Очир 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Үлдсэн 40,000 төгрөгөөр 0.75 литрийн хараа, ерөөл нэртэй 2 шил архи, тамхи, худалдаж авсан. Хонь хяргах айл нь Даланзадгад аймгийн төвөөс урагш 60 орчим километр зайд Адилбиш гэх айлд гэгээ тасарсан байхад очсон. Айлын хүүхэд машин дээр юм дэвсчихлээ гээд Т, Мөнх-Очир бид гурав амрахаар айлын гэрийн зүүн талд байсан “Маяти” ачааны машины тэвшин дээр гараад бид 3 унталгүй архи ууцгаасан. Би хүнд хэзээ ч эхэлж гар хүрч цохиж зоддоггүй хүн. Т архи уухаараа их овилгогүй ааш гаргадаг хүн их өдсөн зантай болдог юм байна. Би Ттай яг юунаас болж муудалцаж зодолдсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд Т, Мөнх-Очир нартай хамт унтаж байсан. Цагдаа, эмч хоёр бид нарыг сэрээсэн. Миний баруун талын хацар бага зэрэг зүсэгдэж ангайсан, баруун талын хөмсөгний дээд талд бага зэрэг язарсан байсан. Тулгын уруул, ам нь цул цус болчихсон уруул нь язарч унжсан байсан. Мөнх-Очирт ямар нэгэн гэмтэл учраагүй. Эмч миний хацран дээрх зүсэгдсэн шарханд 2 оёдол тавиад эмч, цагдаа нартай хамт аймаг руу буцсан. Т ах бид хоёрын өөрсдийн буруугаас болж үүссэн асуудал байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Гэрч А.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Т гэрт ирээд надтай уулзаад хонь хяргах ажил байна гэж хэлсэн. Ттай хамт явж ажил хийхээр болж найз  Ад хамт явъя гэж хэлэхэд эхлээд дургүй байснаа намайг гуйсан болохоор надтай хамт явахаар болсон.  А бид хоёр ойр зуурын юм бэлдээд Ттай хамт гэр рүү нь явсан.  Замдаа банк орж  А өөрийн данснаас 140,000 төгрөг авч Т ах бид хоёрт 20,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь бид хоёр 0,75 литрийн архи аваад бид гурав Т ахын гэрт очиход хүүхдийнх нь төрсөн өдөр болж байсан. Бид гурав  0,75 литрийн архиа ууж дуусгаад дахин 1 шил архи авч уусан. Хонь хяргуулах айлын хүн бид гурвыг авч явахаар ирсэн. Т ах ажлаа хийлгэх гэж байгаа хүнээс урьдчилгаа мөнгө авахыг хүссэн. Тэр хүн урьдчилгаа гээд 120,000 төгрөг өгсөн. Т эхнэртээ 40,000 төгрөгийг өгсөн. Би 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Үлдсэн 40,000 төгрөгөөр 0.75 литрийн хараа, ерөөл нэртэй 2 шил архи, тамхи, худалдаж авсан. Хонь хяргах айл нь Даланзадгад аймгийн төвөөс урагш 60 орчим километр зайд Адилбиш гэх айлд гэгээ тасарсан байхад очсон. Айлын хүүхэд машин дээр юм дэвсчихлээ гээд Т,  А бид гурав амрахаар айлын гэрийн зүүн талд байсан “Маяти” ачааны машины тэвшин дээр гараад бид 3 унталгүй архи ууцгаасан. Т ах архи уухаараа хүмүүсийн дургүй хүргэх өдөж хатгасан хорон үгтэй болчихдог хүн. Т ах  А-д хорон өдөж хатгасан үг хэлээд байсан. Би архи уугаад согтоод унтчихсан байсан. Намайг Т ах дуудаж сэрээхэд би босоод хартал Т ахын ам хамар нь нил цус болсон байсан.  А-ийн баруун талын хацар нь зүсэгдсэн байдалтай ангайсан цус гарч байсан.  А, Т ах хоёрын дунд юу болсон юунаас болж  хэн хэнийгээ яаж зодсоныг би тэр үед мэдээгүй согтоод унтчихсан байсан. ...Унтаад байж байхад цагдаа, эмч нар ирж Т ах,  А хоёрт эмнэлгийн тусламж үзүүлээд бид гурвыг аймгийн төв рүү авч явсан”. /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Г.Адилбиш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Т гэх хүнтэй утсаар холбогдон 15 цагийн орчимд явна бэлдэж байгаарай  гэж хэлсэн. Манай эхнэр Т гэдэг хүнийг авахаар аймаг руу явсан. ...Намайг гэрт орж ирэхэд хонь хяргах ажлаар аймгаас 3 хүн ирсэн байсан. Тэр 3 хүний нэрийг Т, Мөнх-Очир,  А гэдэг ба гэрт архи гаргаад тавьчихсан гурвуулаа согтуу байдалтай сууж байсан. Би тэр гурван хүнтэй танилцаад хүүхдээрээ гадаа машины  тэвшин дээр ор засуулаад унтаж амар гээд гэрээс гаргасан. Тэд нар шууд амраагүй хоорондоо юм яриад байгаа сонсогдсон. Удалгүй хашгиралдаад хоорондоо зодолдоод байгаа сонсогдсон. Би өөрийн хүү Содномыг гарч хар гээд гэрээс гаргасан. Манай хүү тэд нарыг харчхаад гэрт орж ирээд нөгөө 3 чинь хоорондоо зодолдоод архины шилээр нэг нэгнийгээ цохичихсон цусандаа холилдсон байна гэж хэлсэн. Би гэрээс гарч очин тэр гурвыг загнаж унтаж амар гээд очоод харахад Т-ын хамар, ам нь язарсан цус нөждөө холилдсон байдалтай байсан.  А-ийн баруун талын хацар нь зүсэгдсэн байдалтай гурвалжин хэлбэртэй арьс нь ангайж цус гарсан байгаа харагдсан. Мөнх-Очир нь зүгээр байсан. Би Цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн ба шөнө дунд цагдаа, эмч нар тэд нарыг авч явсан”. /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Ж.Гүндүвмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Т, Мөнх-Очир,  А нар Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт айлын хонь хяргах ажлаар явахаар манай гэрт цугласан байсан. Энэ өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болж Т, Мөнх-Очир,  А нар манайд 2 шил архи хувааж дуусгасан. Хонь хяргуулах айлын гэрийн эзэн машинтайгаа ирээд тэр гурвыг гэр рүүгээ авч явахаар ирсэн. Айлын эзэн эрэгтэй ажлын хөлсний урьдчилгаа гээд 120,000 төгрөг өгсөн. Манай нөхөр надад 40,000 төгрөг өгөөд Мөнх-Очир эхнэртэй 40,000 төгрөг өгсөн. Үлдсэн 40,000 төгрөгөөр өөрсдөө тамхи уух юм аваад 18 цагийн орчимд явсан. ...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 цагийн орчимд цагдаа манай нөхрийг эмнэлэгт үзүүлж оёдол хийлгүүлээд гэрт ирсэн”. /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Б.А-ийн биед баруун шанаа, баруун гарын дунд хуруунд зах ирмэг нь тэгш шарх, хүзүү хоолойн доод хэсгийн арьсанд зөөлөн эдийн няцралт, доод уруулын шалбаралт зэрэг гэмтлүүд учирсан байна.  Б.А-ийн баруун шанаа, баруун гарын дунд хуруунд үүссэн гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлээр үүссэн байх боломжтой.  Б.Аийн биед учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.  Б.А-ийн биед үүссэн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Т-н биед дээд уруулын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Шүүгдэгч  А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө хонь хяргуулах ажил хийлгэх хүн залгаж өнөөдөр 14 цагийн орчимд очиж авъя гэж надад хэлсэн. Би өөрийн эхнэр Гүндүвмаагийн хамт Мөнх-Очирын гэрт очиж өнөөдөр 14 цагийн үед хонио хяргуулах хүн ирж авна гэж байна манайх руу явъя гэрт ирж бид нарыг авна гэсэн. Мөнх-Очирын гэрт  А хамт байсан. Мөн  А бидэнтэй  хамт явж ажиллахаар болсон. ...Удалгүй  А өөрийн дансанд байсан 140,000 төгрөгөө бүгдийг авчихлаа гээд эргээд ирсэн. Тэр өдөр манай хүүгийн төрсөн өдөр болж байгаа гэдгийг хэлсэн. Би Мөнх-Очиртой хамт түрүүлээд мотоцикл унаад гэр рүү явсан. Явахаасаа өмнө би  Аээс 20,000 төгрөгийг гуйж аваад гэр рүүгээ явах замдаа дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил архи худалдаж аваад гэртээ очсон. ...Хүүхдийн төрсөн гээд 1 шил архиа гаргаж Мөнх-Очир,  А бид гурав хувааж уусан. Дараа нь  А дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи авч өгсөн. Тэр архийг бид гурав хувааж ууж дуусгасан. 16 цагийн үед хонио хяргуулах айлын эхнэр нь бид гурвыг авахаар ирсэн. Би тэр эмэгтэйгээс ажлын хөлсний урьдчилгаа авч эхнэртээ мөнгө үлдээе гээд нийт 120,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Мөнх-Очир 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Үлдсэн 40,000 төгрөгөөр замын хүнс ус ундаа тамхи авъя гэж өөртөө үлдээсэн. Аймгийн төвөөс гарахаас өмнө 0.75 литрийн хараа, ерөөл нэртэй 2 шил архи, тамхи, худалдаж аваад аймгаас гарсан. Замдаа 2 удаа зогсож 1 шил архиа задалж бид гурав хагасыг нь ууссан. Гэгээ тасарч харанхуй болж байхад “Өлзийтийн гол” гэх газарт оторлож байсан Адилбиш гэх айлд ирсэн.  А, Мөнх-Очир бид гурав айлд орж сууж байгаад замдаа задалсан 1 шил ариа хувааж ууцгаасан. Уг архийг ууж бараагүй байхад гэрийн эзэн Адилбиш ирсэн ба гэрийн эзэн архи уугаагүй. Айл амрах цаг болж бид гуравт гэрийн гадаа байгаа ачааны машины тэвшин дээр ор зассан байгаа тэнд амарцгаа гэрээс гаргасан. Бид гурав амрахаар гэрээс гарч авч ирсэн архиа ууж дуусгаад сүүлийн 1 шил архиа гаргаж ууцгаасан. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд орой болтол тасрахгүй архи уусан болохоор  А, Мөнх-Очир бид нар их согтсон байсан. Юунаас болж яагаад би  Атэй муудалцсанаа сайн санахгүй байна. Би архи ууж согтохоороо жаахан ааш муутай болчихдог хүн байгаа юм. Миний одоо санаж байгаагаар  А миний нүүрэнд архины шилээр цохисон гэдэг нь үнэн. Мөн  Аийн толгой руу нь архины шилээр цохисон гэдэг нь үнэн. Гэхдээ хэн хэнийгээ юунаас болж эхэлж цохисныг би санахгүй байна. Би Мөнх-Очирт миний уруулаас цус гараад тогтохгүй байна  А намайг цохичихлоо гэж хэлсэн байдаг. Манай эхнэрт Адилбишийн эхнэр утсаар холбогдож болсон зүйлийн талаар хэлэхдээ танай нөхрийг чинь өндөр хар залуу нь зодоод алчих шахлаа нүүр ам цул цус болчихсон байна гэж хэлсэн байсан.  А, Мөнх-Очир бид гурав машины тэвшин дээр унтаж амарсан. Шөнө дунд эмч, цагдаа нар ирж эмч миний цусыг цэвэрлэж шархыг 2 оёдол тавьж Даланзадгад сумын төв рүү авч явсан. Аймгийн төвд ирээд би эмнэлгийн хүлээн авах дээр уруулдаа 8 оёдол тавиулж боолт хийлгэсэн”. /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/

Шүүгдэгч  Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Мөнх-Очирын гэрт байж байхад Т ах өөрийн эхнэр Гүндүвмаагийн хамт ирж өнөөдөр 14 цагаас хонь хяргуулах айлын хүн ирж авна гэж хэлж ирсэн. Тухайн үед би явах дургүй байсан гэхдээ найз Мөнх-Очир хамт явж ажил хийе гэж гуйсан болохоор би хамт явахыг зөвшөөрсөн. Т ах Мөнх-Очир, Гүндүвмаа эгч нарыг гэрт байж байхад би “Хаан” банк орж өөрийн данснаасаа 140,000 төгрөг авч таксигаар Мөнх-Очирын гэрт эргэж очсон. Т ахын хүүгийн төрсөн өдөр болж байгаа гэдгийг хэлсэн. Би Мөнх-Очиртой хамт түрүүлээд мотоцикл унаад Т ахын гэр рүү явсан. Замаараа би Т ахын хүүхдэд бэлэг авч очсон. Т ахын гэрт очиход хүүхдийн төрсөн өдөр гээд замаараа 0,75 литрийн хараа архи авч ирсэн. Тэр 1 шил архиа гаргаж Т ах, Мөнх-Очир бид гурав хувааж уусан. 16 цагийн үед хонио хяргуулах айлын эхнэр нь бид гурвыг авахаар ирсэн. Т ах тэр эмэгтэйгээс ажлын хөлсний урьдчилгаа авч эхнэртээ мөнгө үлдээе гээд нийт 120,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Мөнх-Очир 40,000 төгрөгийг эхнэртээ өгсөн. Үлдсэн 40,000 төгрөгөөр замын хүнс ус ундаа тамхи авъя гэж өөртөө үлдээсэн. Аймгийн төвөөс гарахаас өмнө 0.75 литрийн хараа, ерөөл нэртэй 2 шил архи, тамхи, худалдаж аваад аймгаас гарсан. Замдаа 2 удаа зогсож 1 шил архиа задалж бид гурав хагасыг нь ууссан. Гэгээ тасарч харанхуй болж байхад “Өлзийтийн гол” гэх газарт оторлож байсан Адилбиш гэх айлд ирсэн.Тулга ах, Мөнх-Очир бид гурав айлд орж сууж байгаад замдаа задалсан 1 шил ариа хувааж ууцгаасан. Уг архийг ууж бараагүй байхад гэрийн эзэн Адилбиш ирсэн ба гэрийн эзэн архи уугаагүй. Айл амрах цаг болж бид гуравт гэрийн гадаа байгаа ачааны машины тэвшин дээр ор зассан байгаа тэнд амарцгаа гэрээс гаргасан. Бид гурав амрахаар гэрээс гарч авч ирсэн архиа ууж дуусгаад сүүлийн 1 шил архиа гаргаж ууцгаасан. Гадаа салхинд суусан болохоор би уусан архиндаа согтож юу болсныг санахгүй байгаа юм. Би айлын гэрт орчихсон эмч миний баруун талын хацранд үүссэн зүсэгдсэн шархыг оёдол тавьж байсан. Эмч миний гэмтэлд 2 оёдол тавьсан. Т ахын дээд уруул нь язарсан маш их цус болсон байдалтай миний хажууд сууж байсан. Эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний дараа цагдаа бид гурвыг аваад Даланзадгад сум руу явсан. Өөр зүйл би санахгүй байна”. /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/

Эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч  А.Т,  Б.А нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар нь 2020 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Өлзийтийн гол гэх газарт харилцан зодолдож  Б.А нь А.Т-ын нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Мөн тухайн цаг хугацаанд  А.Т нь  Б.А-ийн нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус    үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар хоорондоо харилцан зодолдох явцад бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч А.Мөнх-Очирын “...Намайг Т ах дуудаж сэрээхэд би босоод хартал Т ахын ам хамар нь нил цус болсон байсан.  Аийн баруун талын хацар нь зүсэгдсэн байдалтай ангайсан цус гарч байсан.  А, Т ах хоёрын дунд юу болсон юунаас болж  хэн хэнийгээ яаж зодсоныг би тэр үед мэдээгүй согтоод унтчихсан байсан...”, гэрч Г.Адилбишийн “...Манай хүү тэд нарыг харчхаад гэрт орж ирээд нөгөө 3 чинь хоорондоо зодолдоод архины шилээр нэг нэгнийгээ цохичихсон цусандаа холилдсон байна гэж хэлсэн. Би гэрээс гарч очин тэр гурвыг загнаж унтаж амар гээд очоод харахад Тулгын хамар, ам нь язарсан цус нөждөө холилдсон байдалтай байсан.  Аийн баруун талын хацар нь зүсэгдсэн байдалтай гурвалжин хэлбэртэй арьс нь ангайж цус гарсан байгаа харагдсан. Мөнх-Очир нь зүгээр байсан. Би Цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн  Б.Аийн биед баруун шанаа, баруун гарын дунд хуруунд зах ирмэг нь тэгш шарх, хүзүү хоолойн доод хэсгийн арьсанд зөөлөн эдийн няцралт, доод уруулын шалбаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт, мөн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн А.Т-ын биед дээд уруулын зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар хоорондоо харилцан зодолдох явцад бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч  Б.А нь хохирогч  А.Т-д 120,000 төгрөгийг хохирол төлбөр төлсөн тул шүүгдэгч  Б.А,  А.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  А.Т,  Б.А нарын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 71-72 дугаар хуудас/ гэснээр нотлогджээ.

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоор тогтоогдсоны дараа мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Тд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч  Б.Ад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Т-д 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч  Б.А-д 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч тус бүрт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шилний хагархай 1 ширхэг, архины шилний амсар хагарсан шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч  А.Т,  Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Т,  Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч А.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч  Б.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Т нь шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч  Б.А нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шилний хагархай 1 ширхэг, архины шилний амсар хагарсан шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.   

5 .Шүүгдэгч  А.Т,  Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  Б.А нь хохирогчид 120,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Т,  Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ