| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0124/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 127
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Т.Б,
Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох 2028001660140 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Хөв гэр хороололд Я.Батсүхийн гэрт С.Чанцалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Чанцал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 8 цагийн үед Батсүхийн гэх айлд очиход Б болон нөхөр Баярсайхантай хамт унтаж байсан. Намайг очиход тэр хэд босоод Баярсүрэн, Батсүхтэй хамт архи авна гээд гарч яваад 1 литрийн хэмжээтэй архи авч ирсэн. Тэр хэд архиа задлаад ууж байхад танихгүй нэг залуу 1 литрийн архи авч ирсэн. Эхний шил архийг Батсүх, Баярсүрэн, Б, танихгүй залуу би тойруулаад ууж дууссан. Б нь дараагийн шил архийг задлаад ууж байхад согтчихоод намайг гичий, янхнаар нь дуудаж ална гэсэн. Намайг гэрийн баруун талд сууж байхад урдуур тойрч ирээд намайг үсдэж аваад чирэхээр нь би гарыг нь тавиулах гээд босоод цааш нь түлхэхэд би Б-тэй хамт газар унасан. ...Намайг босох гээд өндийх гэхэд Б нь үсдэж дараад босгохгүй зодоод байсан. Намайг босоод ирэхэд миний нөхрийн толгойг хагаллаа гээд дахиад над руу дайраад байсан. Би Баярсайханы биед огт хүрээгүй, үсдүүлээд газар хэвтэж байсан тэрнийг зодож цохих боломж байгаагүй. Тэндээс гарч яваад дүү Отгонцэнгэлийн гэрт очоод би эмнэлэгт үзүүлсэн. ...Намайг босгохгүй дарчхаад 3-4 удаа толгой руу цохисон хүн бол Б байсан. Баярсайхан намайг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед би Баярсайхан нь эхнэр Болорцэцэгийг өмөөрч намайг элбэж зодсон гэж бодож байсан боловч Баярсайхан эхнэрээ болиулах гээд татаж чангааж байсан. ...Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс үүссэн 38,000 төгрөгийг Баярсайхан, Б нар барагдуулсан. Одоо надад гомдол байхгүй”. /хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас/
Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 09 цагт босоод байж байхад Чанцал, Анхаа гэх залуутай Батсүхийн гэрт ирээд бид нарыг нэг шил архинд яваад ирээч гээд Анхаа 20,000 төгрөг гаргахад Батсүх бид хоёр дэлгүүр рүү архи авахаар явж “Нутаг” нэртэй литрийн архи авсан ба Батсүх, Чанцал, Анхаа, Болорцэцэг нартай уусан. Бандаг нэг шил архи авчихсан Батсүхийн гэрт ирсэн. Архи ууж байхад Чанцалд хандаж миний найз Батсүхийн мөнгийг булаацалдаж байгаа гэж сонссон яах гэж тэгж байдаг юм бэ гэхэд над руу уурлаж аяга авч над руу шидэж миний духан дээр оносон, намайг боогоод авсан. Тэгэхэд эхнэр Болорцэцэг салгах гээд дундуур ороод Чанцалыг надаас салгаж Чанцалтай зууралдаж нүүр рүү нь 2-3 удаа цохиж авсан. Би эхнэрийг салгаж авахад Чанцал нь уурлаж цагдаад мэдэгдэнэ гээд явсан. Би Чанцалыг цохиогүй”. /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч С.Отгонцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад манай эгч С.Чанцал архи уучихсан согтуу хүнээр зодуулсан нүүр нь хавдсан байдалтай манайд ирсэн. Чанцалын охин Золжаргалд утсаар хэлж мэдэгдсэн. Золжаргал ирээд эхийгээ аваад эмнэлэг рүү явсан. Баярсайхан өөрийн эхнэр Болороотой нийлж зодсон намайг зодсон гэж ярьсан. Тухайн үед нэлээн согтуу байсан”. /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
Гэрч Ш.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ нөхрийнхөө хамт гадагшаа ажил хөөцөлдөх гээд гарч явсны дараа манайд Чанцалтай хамт ирээд явсан байсан. Манай нөхрийг гэртээ очиход Баярсүрэн, Б, Чанцал нар байсан. 10 цагийн үед гэртээ алхаж очиход Баярсайхан нь архи авчирсан тэд нар ууж байсан. Б нь архи уугаад согтсон. Чанцалыг янхан гичий гээд дуудаж байгаад өмдийг шувтална гээд дайрч байсан ба тэрнээс болоод муудалцаж эхэлсэн. Тэр 2 нэгэнтэйгээ зууралдаж эхлэхэд Баярсайхан салгахад Чанцал нь чи авгайгаа өмөөрлөө гээд уурлаад Баярсайхан руу шаазан жижиг цагаан өнгийн аяга авч шидэж духан дээр нь хагалсан толгойноос бага зэрэг цус гарсан. Тэгэхэд Болорцэцэг, Чанцал хоёр зодолдсон. Удаагүй Чанцал гэрээс гарч явсан. ...Чанцалын уруулаас нь цус гарсан ам нь тойроод цус болсон байсан ба Б-ийн биед гэмтэл гэх юм харагдаагүй. Баярсайханы духнаас цус гарсан байсан”. /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Я.Батсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед мэдээгүй ба маргааш нь мэдсэн. 2020 оны 06 дугаар сарын 07-ны шөнө нэлээд орой болсон байхад Баярсүрэн, Б 2 нэг шил архитай ирсэн. Тэр архийг бид 3 хувааж уусан. Маргааш өглөө нь Баярсайхан нь архинд явж ирсэн. Тэр архинаас тэд нартай хувааж уусан ба согтоод унтчихсан хойгуур Чанцал нь Б-т зодуулсан байна. Хэн нь яаж цохисныг мэдээгүй”. /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би Чанцалтай архи согтууруулах ундаа уусан үедээ маргалдаж улмаар Чанцалыг хэл амаар доромжилж, Чанцалыг залуу нөхөртэй хүний эрхтэн нь ямар байдаг юм үзье гэж өмдийг нь шувтална гэж барьж аваад газар унагасан боловч тухайн үед гэрт байсан хүмүүс намайг адилхан эмэгтэй хүн байж боль гэхээр нь би болиод эргээд сууж байсан газраа суугаад байж байхад Чанцал Баярсайханыг эхнэрээ өмөөрлөө гээд зуухан дээр угаах гээд саванд хийсэн аяганаас авч шидээд духан дээр нь цохисон. Би уурлаад Чанцалыг бариад авахад Чанцал намайг зөрүүлээд заамдаад авсан. Бид хоёр хоорондоо үсдэлцээд газар унахад би дээрээс нь дарж унаад 3-4 удаа толгой руу нь цохисон. Намайг Чанцалыг зодож байхад нөхөр Баярсайхан болиулах гээд татаад байсан. ...Чанцал чинь тархи толгой нь өвдөөд байна гээд одоо боль гээд болиулсан”. /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Чанцалын биед хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, доод уруулын язрал, хүзүү, нурууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/
Эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Хөв гэр хороололд Я.Батсүхийн гэрт С.Чанцалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Болорцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Чанцалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч С.Чанцалын “...Намайг гэрийн баруун талд сууж байхад урдуур тойрч ирээд намайг үсдэж аваад чирэхээр нь би гарыг нь тавиулах гээд босоод цааш нь түлхэхэд би Болорцэцэгтэй хамт газар унасан. Намайг босгохгүй дарчхаад 3-4 удаа толгой руу цохисон хүн бол Болорцэцэг байсан. Баярсайхан намайг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед би Баярсайхан нь эхнэр Болорцэцэгийг өмөөрч намайг элбэж зодсон гэж бодож байсан боловч Баярсайхан эхнэрээ болиулах гээд татаж чангааж байсан...”, гэрч Б.Баярсайханы “...Над руу уурлаж аяга авч над руу шидэж миний духан дээр оносон, намайг боогоод авсан. Тэгэхэд эхнэр Болорцэцэг салгах гээд дундуур ороод Чанцалыг надаас салгаж Чанцалтай зууралдаж нүүр рүү нь 2-3 удаа цохиж авсан...”, гэрч С.Отгонцэнгэлийн “...манай эгч С.Чанцал архи уучихсан согтуу хүнээр зодуулсан нүүр нь хавдсан байдалтай манайд ирсэн...”, гэрч Ш.Нэргүйн “...Чанцалын уруулаас нь цус гарсан ам нь тойроод цус болсон байсан ба Болорцэцэгийн биед гэмтэл гэх юм харагдаагүй. Баярсайханы духнаас цус гарсан байсан...”, гэрч Я.Батсүхийн “...Чанцал нь Болорцэцэгт зодуулсан байна. Хэн нь яаж цохисныг мэдээгүй...” гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 274 дугаартай шинжээчийн С.Чанцалын биед хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, доод уруулын язрал, хүзүү, нурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь С.Чанцалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 40,000 төгрөгийг төлсөн ба хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Т.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Б-ийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 67 дугаар хуудас/ гэснээр нотлогджээ.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, С.Чанцал хохирогчоор тогтоогдсоны дараа мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Чанцалд хохирол төлбөрт 40,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Чанцалд 40,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ