| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0127/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 130
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Г,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 2028001990141 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны радист, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 1б-03 тоотод эхнэр Б.Гэрэлтуяатай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Гансүхийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.
Хохирогч Б.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Г-тэй гэр бүл болж амьдраад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд Г архи уудаг болохоос биш намайг зодож цохиж харааж, загнаж байсан асуудал огт гаргаж байгаагүй, даруу төлөв зантай хүн байгаа. ...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г-ийг Мандал-Овоо сум руу гэр рүүгээ авч явсан чинь замдаа би буцаж аймаг явна гээд намайг явуулахгүй, явж байгаа машины хаалгыг нээгээд хөлөө хугална гээд элдэв ааш гаргаад байхаар би Ханхонгор сумаас хойш гараад хөдөө хоносон. Маргааш босоод цаашаа явах гэтэл Гансүх шартаж үхлээ аймаг явъя гээд байхаар нь би буцаад өглөө аймагт ирсэн. Гансүхийн дүү нар Хангайн аймгуудаар аялалд явцгаана хамт явъя гэхээр бид хоёр аялалд явахаар болоод нэг айлаас Г-ийн хөнжил гудсыг авах гэж очсон. Гэрийн эзэнд 1 шил архи гаргаж өгөөд хувааж уусан. Би машин руу орчихоод ирэхэд тэр айлын хүний утсаар хүнтэй ярьсан байхаар нь миний уур хүрээд Гансүхийг харааж загнаад нүүр рүү нь алгадсан чинь Г миний нүүр рүү гараараа цохисон, цээж, эгэм хавьд хоёр гараараа ээлжлээд цохиход би айлын буйдан ор руу араараа налж суусан. Тухайн үед миний уур их хүрсэн байсан болохоор Гансүхийг элдвээр хэлж их харааж загнасан. ...Г тухайн үед худлаа архи уух гэж л тэр айлд очсон Батсууриас өөр хүн байгаагүй. Би зодуулсныхаа дараа Гансүхийн эхийг дуудахад эцэг, эх хоёр нь ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төгөлийн 1б-3 тоотод манай эхийн хамаатны дүү болох Батсуурь гэдэг хүний гэрт нь архи уугаад байж байтал манай эхнэр очоод намайг авч явна архи уулаа арчаагүй гэж загнаж хараагаад байж байтал тэнд нэг танихгүй эмэгтэй согтуу орж очсон. Тэр эмэгтэйтэй манай эхнэр намайг хардаж загнаад хэрүүл болсон. Би эхнэрийг боль зүгээр байгаа хүнтэй хэрүүл хийлээ гэхэд намайг тэр хүүхнээ өмөөрлөө гээд байхаар нь би тэр хүнтэй хамаагүй гэдгээ хэлээд орой Мандал- Овоо сум руу хамтдаа яваад замдаа төөрөөд унтаж байгаад өглөө сэрэхэд Ханхонгор сумын хойно ойрхон байсан. Миний бие өвдөөд гэж гуйж байгаад буцаж аймагт ирсэн. Түүнээс өөрөөр муудалцсан эсэхээ санахгүй байна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Гэрэлтуяа бид хоёрыг Ханхонгор сумаас аймаг руу ирж явахад Гэрэлтуяагийн биед гэмтэл шарх байгаагүй. Бид хамтдаа Энэбишийнд очоод тэндээсээ Батсууринд очсон юм билээ. Би Гэрэлтуяаг зодож эдгээр гэмтлүүдийг учруулсан байх, өөр зодоон цохион хийх хүн байгаагүй юм. Надтай хамт архи уусан Батсуурь ах бол тал цус харвачихсан, хүнтэй огт зодоон цохион хийх тэнхэлгүй, хүнтэй ярьж чаддаггүй, мэдрэл хагас хүн байгаа”. /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Гэрэлтуяагийн биед зүүн нүдний гадна хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, 2 эгэмийн орчимд болон зүүн гарын бугалга, тохой, сарвууны арын хэсгүүдийн арьс, арьсан доорх зөөлөн эдийн няцралт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Б.Гэрэлтуяагийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 241 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Гансүхэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 1б-3 тоотод эхнэр Б.Гэрэлтуяатай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гэрэлтуяагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Гэрэлтуяагийн “...Г миний нүүр рүү гараараа цохисон, цээж, эгэм хавьд хоёр гараараа ээлжлээд цохиход би айлын буйдан ор руу араараа налж суусан...”, шүүгдэгч Б.Г-ийн “...Би Гэрэлтуяаг зодож эдгээр гэмтлүүдийг учруулсан байх, өөр зодоон цохион хийх хүн байгаагүй юм...” гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн Б.Гэрэлтуяагийн биед зүүн нүдний гадна хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, 2 эгэмийн орчимд болон зүүн гарын бугалга, тохой, сарвууны арын хэсгүүдийн арьс, арьсан доорх зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь Б.Гэрэлтуяатай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 550 /таван зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ