Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч: О.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905033781229 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б-, .... төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лойт Хаус” нэртэй зочид буудалд иргэн Э.О-ийн биед халдаж, зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, духанд шарх, зүүн доод зовхи, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлж барагдуулна. Би ажил хийж цалин авч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Э.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн хэрэг болох үед тасарчихсан байсан болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ би Б-тай маргалдаж, зодолдоод байсан юм байхгүй. Намайг унтаж байхад О.Б- шилээр толгой руу цохисон. Тэрнээс болж миний толгойноос цус гарч би сэрсэн. Уг цохисон шил нь хагархай эсвэл бүтэн байсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан толгой руугаа цохиулчихаад босоод хартал О.Б- гартаа хагархай шил барьчихсан байсан бөгөөд түүгээрээ миний нурууг зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Гэрч П.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхасын баруун хойно Лойт Хаус гэсэн нэртэй зочид буудлын нэг давхарт байрлах өрөөнд ороход О-, Б- хоёр нэг шил 750 граммтай Соёрхол нэртэй архийг ганц хоёр татсан байдалтай сууж байсан. Тэгээд бид дөрөв тэнд байсан нэг шилтэй архийг хувааж уугаад дуусахад О- нэг найзыгаа дуудаж дахиад 750 граммтай Соёрхол нэртэй архи авч ирээд хувааж уусан. Яаж байгаад гэдгийг нь мэдэхгүй Б-, О- хоёр маргалдчихсан, О-ийн нүүр, дух орчмоос нь цус гарсан байсан. Тэр хоёр маргаж байхдаа бие биенийхээ үснээс зулгааж, нэгнийгээ өшиглөж байсан. Миний санаж байгаагаар зүүн талынх нь дух хэсгээс цус гарч, доош урссан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 123-124/,

Шинжээчийн 9981 тоот дүгнэлтэд: “...Э.О-ийн биед зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, духанд шарх, зүүн доод зовхи, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Э.О-ийн үтрээ болон шулуун гэдэсний арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. Э.О- нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчний идэвхгүй хэлбэртэй байна. Э.О-ийн охин хальс 3 цагийн түвшинд хуучин урагдалттай. Шулуун гэдэсний амсар хэсэгт гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 40/,

Яллагдагчаар О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд ярих зүйл байхгүй. Иймд надад холбогдох хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 131/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 16/, хохирогчийн гэмтэл авсан газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 60-62, 139-140/, хохирлын баримтууд /хх-н 56-57/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-69, 91-93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лойт Хаус” нэртэй зочид буудлын өрөөнд иргэн Э.О-тэй маргалдаж   шилээр цохиж зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, духанд шарх, зүүн доод зовхи, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан  гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.О-ийн: “...Намайг унтаж байхад О.Б- шилээр толгой руу цохисон. Тэрнээс болж миний толгойноос цус гарч би сэрсэн. Уг цохисон шил нь хагархай эсвэл бүтэн байсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан толгой руугаа цохиулчихаад босоод хартал О.Б- гартаа хагархай шил барьчихсан байсан бөгөөд түүгээрээ миний нурууг зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, гэрч П.Д-ий: “...Яаж байгаад гэдгийг нь мэдэхгүй Б-, О- хоёр маргалдчихсан, О-ийн нүүр, дух орчмоос нь цус гарсан байсан. Тэр хоёр маргаж байхдаа бие биенийхээ үснээс зулгааж, нэгнийгээ өшиглөж байсан. Миний санаж байгаагаар зүүн талынх нь дух хэсгээс цус гарч, доош урссан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 123-124/, шинжээчийн 9981 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулахдаа шилээр цохиж, хагарсан шилээр зүсэж гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч зовж зүдрэхээр байдал бий болсон гэж үзэн онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар шилээр цохиж, нүүр, нуруу хэсэгт нь зүсэж буюу онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.О-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний зардал 370.350 төгрөг, шатахууны зардал 142.000 төгрөг нийт 512.350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.О-т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал буюу урд удаа дараа ял шийтгүүлж байсан хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба тухайн ялыг эдлээгүй болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан тоот зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 632 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь 632 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-оос 512.350 төгрөг гаргуулж хохирогч Э.О-т олгосугай.
  7. Хохирогч Э.О- нь хохирол хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР