Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 836

 

                      

 

 

                             

 

 

 

 

 

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

         Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл  эхнэр  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны Зээл гудамж,  тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо 45 дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,  урьд нь 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, /РД:00000000/ Б овогт Д.Б- холбогдох эрүүгийн 2005010641277 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар тооцооны төвийн орчим хохирогч Д.М- өмчлөлийн Самсунг А-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ “Би хохирогчийн гар утсыг халааснаас нь аваад согтуу явж байгаад хаячихсан байсан. Гар утасных нь оронд өөр гар утас худалдаж авч хохирогчид төлбөрийг нь барагдуулсан. Би энэ хулгайн хэргийг ганцаараа хийсэн. Энэ хэрэгт М- ямар ч хамааралгүй. Миний буруу. Хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэв.

 

 

        Xавтаст хэргээс хохирогч Д.М- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байхад найз Энхцацралын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс гараад “Гандан виев” ресторан руу хоол идэхээр явж байсан. Тэгээд замдаа явж байхдаа халааснаасаа гар утсаа алдсанаа мэдсэн юм. Би хамгийн сүүлд Хаан банкин дотор байхдаа гар утсаа шалгаад өөрийн өмсөж явсан куртикны зүүн талын халаасанд хийсэн. Тэгээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан виев” ресторан дотор ороод гар утсаа үзтэл алга болчихсон байсан. Сүүлд хяналтын камер шүүж үзэхэд Спарк үйлчилгээний төвийн ойролцоо явж байхдаа гар утсаа алдаж байгаа нь Солонгос бэлэн хувцасны дэлгүүрийн камерт бичигдсэн байсан...Би 2019 оны 4 дүгээр сард Юнител ХХК-аас Самсунг А-30 маркийн гар утсыг 799.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл сэв зураас гэх зүйл байхгүй 354638103334107, 354639103334105 гэсэн imei кодтой,  хар хөх өнгийн гадаргуутай гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

Гэрч П.М- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван билэг их дэлгүүрийн орчимд өөрийн танил Б- таарсан. Тэгээд бид хоёр доошоо уруудаад алхаж байтал Д.Б- урд явж байгаа эмэгтэйгийн гар утсыг авчихъя гэсэн. Тэгэхээр нь би сүүлд нь иймээ тиймээ юм болвол надад хамаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд Д.Б- надтай хамт алхаж байхдаа урд явж байсан эмэгтэйг дагаад халаасанд нь байсан гар утсыг хулгайлаад буцаад хороолол руу алхаад Алтантөгрөг худалдааны төв рүү дөхөж ирээд салцгаасан. Д.Б-ын авсан гар  утас нь Самсунг маркийн гар утас байсан. Би ямар нэгэн шан хөлс, ашиг хонжоо аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/

 

       Яллагдагч Д.Б- мөрдөн байцаалтанд“...тэр үед бид хоёрын урд талд үл таних хоёр эмэгтэй явж байсан бөгөөд нэг эмэгтэйгийнх нь зүүн талын куртикны халааснаас нь гар утас нь цухуйсан байсан юм. Тэгэхээр нь би дөхөж очоод уг гар утсыг нь хууль бусаар авчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...уг бичлэгийн 01 минут 56 секундэнд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь хохирогчийн араас даган гар утсыг нь авахаар  тонгойж байгааг харуулав...02 минут 22 секундэнд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь гар утсаар оролдон буцаж явж байгааг харуулав” гэжээ. /хх-ийн 73-75/

 

Кости-Эстимэйт ХХК–ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг А30 загварын гар утас 350.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ. /хх-ийн 26-28/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Тэди гар утас худалдааны төвөөс 380.000 төгрөгөөр худалдан авсан баталгааны хуудастай, цагаан өнгийн гадаргуутай, 356050100643548 imei  кодтой, ямар нэгэн сэв, зураасгүй, Самсунг А30 маркийн гар утсыг хүлээн авч хохирогч Д.М-т хүлээлгэн өгсөн”  гэсэн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 77-78/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, ял шалгах хуудас /хх-ийн 61/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

 

 

Шүүхийн дүгнэлт:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Шүүгдэгч Д.Б-  2020 оны 3 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар тооцооны төвийн орчим хохирогч Д.М- өмчлөлийн Самсунг А-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.М- “...Гандан виэв ресторан дотор ороод гар утсаа үзтэл алга олчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/, гэрч П.М-ын “...Д.Б- надтай хамт алхаж байхдаа урд явж байсан эмэгтэйг дагаад халаасанд нь байсан гар утсыг хулгайлаад буцаад хороолол руу алхсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Б-ын “... нэг эмэгтэйгийнх нь зүүн талын куртикны халааснаас нь гар утас цухуйсан байсан юм. Тэгэхээр нь би дөхөж очоод уг гар утсыг нь хууль бусаар авчихсан...” гэсэн /хх-ийн 35-36/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-75/, Кости-Эстимэйт ХХК –ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 77-78/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас Д.Б-ыг “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

        Шүүгдэгч Д.Б- бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

         Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

 

         Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

         Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаа мэдүүлж байгаа  зэргийг тус тус  харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

         Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

        

        4. Д.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй , битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

        5. Хэрэгт хураагдсан нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ