| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0276/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/274 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/274
2020 08 28 2020/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Г-д холбогдох 2021003930300 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............................төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ................. овогт Г. /РД: ..................
Шүүгдэгч Г нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг нойтон ургаа шинэс мод бэлтгэж ойн санд 235047 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...“ гэв.
Иргэний нэхэмжлэгч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Гын байгаль экологид учруулсан хохирол 235047 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар гэрт ороод цай уучихаад рашаан хийх сав аваад гарах гэж байхад манай хадам аав Г нь Ц бид хоёрт хандаж зүүн талын ой модон дотор бэлэн мод байгаа та хоёр тэрийг надтай хамт очоод ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд нь бид хоёр хамт хадам аав Гтай гараад ертөнцийн зүгээр гэрээс зүүн талд нь байдаг шинэс болон нарсан ой модтой газар очсон юм. Би ******* ДОА улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг нь гэрийнх нь гаднаас бариад явсан юм. ...Намайг машинаас буугаад очиход газар тайрч унагасан нилээн хэдэн шинэс мод байсан. Тэр унасан модыг манай хадам аав Г ойролцоогоор 2.5 метрийн урттайгаар моторт хөрөөгөөр тайрсан. Хэдэн мод газар унасан байсныг би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/
Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ой модны захад очоод Г ах түрүүлээд зам заах гээд машинаас буугаад явган алхсан. Намайг машинаас буугаад очиход газар хоёр ширхэг унагасан шинэс мод байсан. Тэр хоёр мод нь тайрч бэлдээгүй бүтнээрээ байсан. Тэгээд Г ах тэр хоёр модыг ойролцоогоор 2.5 метр урттайгаар моторт хөрөөгөөр тайрч мөчрийг нь сүхээр цавчсан юм. Яг тухайн үед хэдэн мод газар унасан байсныг би анзаарч хараагүй. Сүүлд нь экологийн цагдаа ирээд шалгахад 7 ширхэг шинэс мод унасан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/
Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед бид нар машинаасаа бууж ой мод руу ороход ******* гэх нэртэй уулын орой дээрх ой модны урд захад ******* ДОА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл тавиатай байсан ба түүний цаахан талд 100 орчим метрийн зайд 3 хүн зогсож байсан ба нэг хүн моторт хөрөө орилуулан цэнхэр утаа гартал нь мод хөрөөдөж байсан. Ингээд бид нар тэр гурван хүн дээр яваад очиход Баян-Уул сумын 1 дүгээр багийн иргэн Г, тус сумын 5 дугаар багийн иргэн Ө.Ө, Г.Ц нар байсан. Бид нарыг очиход Ц нь зүгээр хараад Г нь сүх бариад модны мөчир цавчиж, харин ******* нь газар унасан модыг бензин моторт хөрөө ашиглан хөрөөдөж байгаад газар дээрээ баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот дүгнэлтэд:
1. 22 ширхэг шинэс төрлийн бөөрөнхий хэрэглээний мод, 0.8066 м3 байна.
2.Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадвартай ургаа мод унагасан байна. Ургаа модны нойтон шинэс мод байна.
3.Баян-Уул сумын 1 дүгээр баг ******* гэх газар нь аль ч ашиглалтаар мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй байсан.
4.Мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй. Эхлэл, төгсгөлийн акт, технологийн карт үйлдэгдээгүй.
5.2-р муж, ашиглалтын бүсийн ойд хамаарна. 2018 оны ойн тооллогын материалыг үндэслэв.
6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод, гуалин учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.8, шууд үр ашгийн 2-р мужийн ургах чадвартай шинэс мод учраас нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 161892 төгрөг байна. 0.8066 м3*1.8*161892=235047, 75696 төгрөг байна. Нийт үнийг 3 нугалж хохирол бодох эрх бүхий албан тушаалтан нь Сум дундын ойн ангийн инженер биш болно. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэжээ. /хх-ийн 38-40/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 11-12, 14-15/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17/
-Гэрч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 34-35/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41, 42/
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/
-Шүүгдэгч Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг нойтон ургаа шинэс мод бэлтгэж ойн санд 235047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Р.М, гэрч Ө.Ө, Г.Ц, Р.Б, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Гад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Гыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан YD загварын “Jinliang” гэх бичигтэй 350000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метр 70 сантиметр урттай 22 ширхэг 235047 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий хэрэглээний нойтон шинэс модыг тус тус хураан авч, шүүгдэгч Гын ойн санд учруулсан 705141 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авбал зохино.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, мөн зүйлийн 4 хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Гын хууль бусаар бэлтгэсэн 22 ширхэг шинэс төрлийн 0.8066 м3 бөөрөнхий хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 235047 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 705141 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эзэмшлээс “Huyndai porter” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, YD загварын “Jinliang” гэх бичигтэй 350000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөө, 2 метр 70 сантиметр урттай 22 ширхэг хэрэглээний нойтон шинэс мод зэргийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/66, 4/67 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Гын ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр алаг өнгийн улаан таг бүхий YD загварын “Jinliang” гэх бичигтэй моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон хэрэглээний нойтон 2 метр 70 см урттай 22 ширхэг мод зэргийг тус тус хураан авч, шүүгдэгч Гын ойн санд учруулсан 705141 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.1-т тус тус зааснаар шүүгдэгч Гаас гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол 705141 төгрөг/ экологи эдийн засгийн үнэлгээ болох 235047 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/-ийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ