Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 4

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г ” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  , үнэлгээний хороонд холбогдох,

“Мэргэжлийн хяналтын газрын контор, лабораторийн барилга  ТӨБЗГ-2018/IV.2.1.3 дугаартай барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанитай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд даалгах” (шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан) шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч Э.И , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Г ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга /Өмнөговь, Даланзадгад сум/ ТӨБЗГ-2018/ 1\/6.2.1.3 дугаартай барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон.

        Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2-2054 тоот мэдэгдлээр манай компанийг ТОӨЗ 5.3 /в,г/-д заасан шаардлагуудыг хангаагүй мөн 67-82 УБҮ машин болон Ц.О ын машины татвар төлөөгүй байна гэх үндэслэлээр хамгийн сайн тендерээр шалгараагүй гэж мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэл дэх татвар төлөөгүй гэсэн нь татвар төлсөөр атал төлөөгүй гэж тодорхойлсон үндэслэл нь ойлгомжгүй байв. Бусад шаардлагууд нь бүрэн хангаж байгаа тул компанийн зүгээс Засаг даргын Тамгын газрын татгалзсан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус үйл ажиллагаа болсон гэж үзэж Сангийн яаманд тендертэй холбоотой гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/5454 тоот хариуг ирүүлсэн.

 Уг албан бичигт /Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “ГМ ” ХХК нь ТОӨЗ 5.3(в), ТОӨЗ 5.3(г) -д заасан шаардлагыг тус тус хангахгүй байгаа тул татгалзах нь зүйтэй гэсэн. “Г ” ХХК нь ТОӨЗ 5.3(в)-д “ажилд ашиглах машин механизм тоног төхөөрөмж нь улсын үзлэгт бүрэн хамрагдсан, татвар хураамжаа төлсөн байна” гэж заасныг хангаагүй тул тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн ч тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хууль журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэж ирүүлсэн.

         Манай компанийн хувьд Өмнөговь аймгийн Засаг дарга Тамгын газраас ирүүлсэн мэдэгдэлд дурдсан нэг үндэслэл буюу “Машин механизм тоног төхөөрөмж нь улсын үзлэгт бүрэн хамрагдсан, татвар хураамжаа төлсөн байна” гэсэн шаардлагын хангаагүй гэж үзсэний дээр дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

Хэдийгээр манайх татвар төлсөн байх шаардлагыг /67-82/ УБҮ машины татварыг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн Ц.О ын 49-20 УБХ улсын машины татварыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн/ хангаж байсан ч дахин үнэлгээ хий гэснийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасны дагуу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр эцсийн шийдвэр болно гэдгээр үндэслэн бид захиалагчийг дахин үнэлгээ хийхийг хүлээсэн.

        Гэвч аймгийн Засаг даргын Тамгын газар нь Сангийн яамны шийдвэрийг үл биелүүлж дахин үнэлгээ хийхгүйгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссаны дараа буюу /тус тендер нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас нээсэн бөгөөд хүчинтэй хугацаа нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5 д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 минутад дууссан/ 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2-2238 тоот мэдэгдлээр манай компанитай гэрээ байгуулах боломжгүйг мэдэгдсэн.

 Үүгээрээ Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5, 28.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.

       Иймд захиалагч буюу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,үнэлгээний хороонд холбогдуулан “үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанитай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Үнэлгээний хорооны газар дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанитай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд даалгах нэхэмжлэл гаргасан.

Хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгаж үнэлгээ хийсэн гэж тайлбараа дурдлаа. 08 дугаар сарын 29-ний өдөр хуулийн хугацаа дуусаад 08 дугаар сарын 30-ны өдөр  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сангийн яамнаас хүчинтэй хугацаа сунгасан албан бичиг нь 08 дугаар сарын 31-ний өдөр ирсэн байдаг.  Үүнийг хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Үнэлгээний хороог хүчинтэй хугацаандаа  хуралдаагүй гэж үзэж байна. Бид хуанлийн хоногоор тоолоход 29-ний өдөр тендерийн хүчинтэй хугацаа дуусаж байгаа. Орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28  дугаар зүйлийн 28.2-т зааснаар Тендерийн үнэлгээг хүчинтэй байх хугацаанд багтаж, аль болох богино хугацаанд хийнэ гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна...”гэв.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б   шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерт оролцогч “Г ” ХХК Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаснаар гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн ба Сангийн яамны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/5454 дүгээр албан бичгээр “Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3/в/-д машин, механизм нь татвар хураамжаа төлсөн байх шаардлагыг хангаагүй “Г ” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна”, мөн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “ГМ ” ХХК нь “...инженер, техникийн ажилчдыг томилж ирүүлээгүй, инженер, техникийн ажилчдын 50-иас дээш хувь нь тухайн компанид доод тал нь 3 сараас доошгүй хугацаанд ажилласан байх шаардлагыг тус тус хангаагүй байх тул татгалзах нь зүйтэй. Иймд тендер шалгаруулалтыг үнэлгээг тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй байна гэсэн хариу ирүүлсэн.

           Дээрх албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж /үнэлгээ хийж/ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул тус тендерийг хүчингүй болгож шууд гэрээ байгуулах тухай зөвлөмж”-ийг захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2-2238, 2-2239 дүгээр албан бичгээр “Г ” ХХК болон “Галмөнх” ХХК-д гэрээ байгуулах боломжгүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн юм.

           “Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга барих ажил”-ы төсөв нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт батлагдсан ба цахим тендер зарлах эрхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлснээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг манай байгууллагад шилжүүлээгүй.

 Иймээс үнэлгээний хорооны шууд гэрээ байгуулах зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

         ... 07 дугаар сарын 16-ны  өдөр нээсэн тендерийн хуулийн хугацааг үзэхэд нээснээс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна. Үүнийг үзэхэд 08 дугаар сарын 30-ны өдрөөр тендерийн хүчинтэй хугацаа дуусаж байгаа.

 Үнэлгээний хороо дахин үнэлгээ хий гэсэн зөвлөмж, албан бичгийн дагуу 08 дугаар сарын 30-ны өдөр дахин үнэлгээ хийгээд шаардлагад нийцсэн тендерийн материал ирээгүй гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгон, шууд гэрээний аргыг хэрэглэж “ГӨ ” ХХК-тай шууд гэрээ байгуулах зөвлөмжийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр энэхүү үр дүнг захиалагч буюу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт явуулсан.

Үүнийг үндэслээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 10 дугаар  сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг захиалагч гээд хариуцагчаар татаад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд оролцож байгаа бол хариуцагчаа солихгүй юм уу, нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж үзвэл манайх гэрээ байгуулах боломжгүй, хуулийн дагуу хариуцагчаа солих ажиллагаа хийх юм бол уу, Тамгын газар хариуцагч биш учраас ажил гүйцэтгэх гэрээ гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.

 

       Хариуцагч Э.И  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах албан бичгийг Сангийн яаманд хүргүүлэн Сангийн яамны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/5694 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 заалтын дагуу тендер хүчинтэй байх хугацааг дууссан өдрөөс 30 хоног сунгасан байна. “Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга барих ажил”-ын тендерийг цахим хэлбэрээр, нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 2 удаа зохион байгуулсан ч шаардлагад нийцсэн тендер ирээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1,1-т/энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдол/ заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн.

           Иймд үнэлгээний хороо нь тендерийг хуулийн дагуу хүчинтэй байх хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэж шууд гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн Сангийн яамны гомдол хянан үзсэн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийгээгүй тендерийн хүчинтэй байх хугацааг дууссан дараа гэрээ байгуулах боломжгүйг мэдэгдсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

           ...Сангийн яаманд гомдол гаргасан захиалагчаасаа шалтгаалаагүй нөхцөлд Сангийн яам 45 хоног дээр нэмж 30 хоног сунгаж өгнө гэж заасан. Бид Сангийн яаманд албан тоот явуулж, тухайн үед 45 хоногийн хугацаа дуусахад үргэлжлүүлээд 30 хоногийн хугацаагаар сунгасан.

Үнэлгээг тендерийн хүчинтэй хугацаанд хийж компаниудад албан бичиг, мэдэгдэл гарсан өдөр утсаар мэдэгдэж, хүргүүлсэн байгаа.

Тендерийн хүчинтэй хугацаа гэдэг нь тендерийг нээснээс хойш 45 хоногийн хугацаатай. Бид 07 дугаар сарын  17-ны өдрөөс хойш тоолж эхлээд 45 хоногийн хугацаа нь  08 дугаар сарын  30-ны өдөр дуусаж байна. Сангийн яамнаас 30 хоногоор сунгасан баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Үнэлгээг цаг хугацаанд нь хийсэн гэж үзэж байгаа.

 Машин, механизмын тавар төлөөгүй талаар Үнэлгээний хороо 08 дугаар сарын 07-ны өдөр “Г ” ХХК нь мэдэгдлээ эдгээр машины татвар төлөөгүй гэсэн мэдэгдэл байсан учраас гэрээ байгуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.

 Энэ мэдэгдлийг хүлээж аваад Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны гомдол 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот бичигт машин, механизм тоног төхөөрөмж бүрэн хамрагдсан, татвар хураамжаа төлсөн байх ёстой заалтыг хангаагүй. “Г ” ХХК-нд ирүүлсэн тендерт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж ирүүлсэн.

          Иймд 2 шатны үнэлгээнээс “Г ” ХХК нь татвар хураамжаа төлөөгүй байна. Тухайн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гарсан.

 Сангийн яамны шийдвэр эцсийн шийдвэр байна. Иймд Үнэлгээний хороо 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдэгдэлд компанийн бүх мэдээлэл материалыг үнэлээд үзсэн байгаа. Дахин компанийн материалыг үзэх шаардлага байхгүй. Сангийн яамны ирсэн бичиг дээр шаардлага хангах компани байхгүй байна.

 “Г ” ХХК нь захиалагчийн шийдвэрээр шаардлага хангаагүй байна. Шалгаруулсан “Галмөнх” ХХК , “ГӨ ” ХХК-иуд шаардлага хангахгүй байсан учир энэ 3 компани нь тендерт ирүүлсэн компаниудын материалд бүх шаардлага хангахгүй байгаа тул энэ тендерээс татгалзаад, хүчингүй болгоно гэсэн шийдвэрийг ярьж хэлэлцээд хурлын тэмдэглэл гарсан.

 Сангийн яамны эцсийн шийдвэр дээр бид ярилцаад дахин үнэлгээ хийсэн...” гэв.

         

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2 үндсэн нөхцөлөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох.  Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан.

Хариуцагч нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь захиалагч юм тийм учраас бидэнд хамаагүй гэсэн хариуцагч нар байр суурьтай байна. Өмгөөлөгчийн хувьд хамгийн хамаарал бүхий этгээд бол хариуцагч нар юм.

 Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг дараах байдлаар тайлбарлая.  2018 оны  08 дугаар сарын  21-ний өдрийн  54 тоот гомдол хянан хэлэлцсэн тухай Сангийн яамны хариу ирсэн.

08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Үнэлгээний хороо дахин Сангийн яамны гомдол хянан үзсэн нийт 10 хүн  үнэлгээ хийж үү гэдэг дээр үнэлгээ хийгээгүй гэж үзэж байна. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрээс хурал хийж үү гэдгийг харах ёстой, тэмдэглэл байна, бид маргахгүй.

Та нар хуралдаад товчхон нэг хоёр юм ярьдаг. Хэдэн хүний гишүүнтэй байгуулагдсан, бүх гишүүд нь оролцож байж үнэлгээ хийгдсэн гэж хууль журмаараа үзэх ёстой. Үнэлгээний хорооны гишүүдийн даргаар Э.И , гишүүд нь Цэвээн, Батцэцэг, Чинзориг, Будгэрэл, Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй, тухайн  хурлын нарийн бичгийн даргаар Д.О , гишүүний бүрэлдэхүүнд орсон.

 Хуралд бүрэлдэхүүнээрээ хуралдаж уу гэдгийг харах ёстой. Энэ бүрэлдэхүүнээс үзэхэд О , А гэсэн 2 хүн байхгүй.  Гишүүн дутуу тухайн хууль журмаар байгуулагдсан гишүүнийг дутуу оруулж, үнэлгээ хийх, мөн хурлын тэмдэглэл хүчинтэй юу, гэдгийг ярих ёстой. Хорооны гишүүд бүгд орж, тухайн үнэлгээг хийгээгүй байна. 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлд 7 гишүүн гарын үсэг зурж,  олонхын саналаар хийдэг гэж тайлбарлаж байна.

Бид олонх болон цөөнхийн саналаар хийж үү гэдэгт маргахгүй. Энэ хэргийн хүрээнд Ч нь гарын үсэг зурдаггүй. Аливаа баримт бичгийн шаардлага тавигддаг. Нэг хүний гарын үсэг дутуу бол тухайн тэмдэглэл, албан бичиг хүчингүй тооцогдох хууль эрх зүйн үндэслэл байдаг.

Нэг хүний гарын үсэг зураагүй нь, энэ хүн орсон ороогүй нь эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсэж байна.

Яагаад үнэлгээний хороо хуралдаагүй юм бэ үнэлгээг хийж үү гэдэг дээр тайлбар хэлье. Худалдан авах ажиллагааны албаны даргын 103 тоот өрөөнд 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад эхэлж, хамгийн сүүлийн өгүүлбэр шийдвэрлэсэн нь тухайн хурлыг 10 цаг 40 минутад хааж, 2,514,500,000 төгрөгийн худалдан авалт ажиллагааг үнэлэх гээд байгаа хүмүүс, энэ үнэлгээг 15 минутад хийдэг юм уу,  цаг хугацааны хувьд үнэлгээ хийсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Үнэлгээний хороо хуралдсан гэх эрх зүйн үндэслэл байхгүй байгаа нотлох баримт болох хурлын тэмдэглэлийг үгүйсгэж няцааж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т тендер  нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна. Уг тендерийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт нээсэн.  

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт тендерийн хүчинтэй байх 45 хоногийн хугацаа дуусаж байгаа. Үүнийг шүүгч та анхааран үзнэ үү. Хамгийн гол нь цаг хугацаандаа үнэлгээг хийж үү гэдэг дээр маргаж байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 24.2-т тендерийн  үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэж заасан заалтыг зөрчсөн байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендер сонгон шалгаруулах үйл ажиллагааг  эрх шилжүүлж авах, тухайн тендертэй холбоотой асуудлыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж харьцсан байдаг.

      Иймд манайх хариуцагчаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэлээ гаргасан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч “Г ” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын газрын контор, лабораторийн барилга  ТӨБЗГ-2018/IV.2.1.3 дугаартай барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанитай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд даалгах” (шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан) нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Өмнөговь аймгийн Засаг даргаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн    1-1250 дугаар албан бичгээр[1] Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн “...Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендер шалгаруулах эрхийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний систем (tender.gov.mn)-ээр шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-3/1755 дугаар албан бичгээр[2] төсөл арга хэмжээний зураг, төслийг хүргүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны а/172 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо “Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгын ажил”-ын худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “ГМ ” ХХК-д 2-2053 дугаар албан бичгээр, нэхэмжлэгч “Г ” ХХК-д 2-2054 дугаар албан бичгээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

Уг мэдэгдлийг нэхэмжлэгч “Г ” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/5454 дүгээр албан бичгээр[3]  ...тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (в)-д “Ажилд ашиглагдах машин механизм тоног төхөөрөмж нь улсын үзлэгт бүрэн хамрагдсан, татвар хураамжаа төлсөн байна” гэж заасныг хангаагүй тул “Г ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн захиалагчийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлсэн “ГМ ” ХХК нь ...тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г)-д заасан шаардлагыг хангаагүй... байх тул дээрх зөрчлийг арилгаж уг тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй... гэсэн хариуг “Г ” ХХК болон Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлжээ.

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь Сангийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу үнэлгээний хороо хуралдаж, дахин үнэлгээ хийхгүй байгаа, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тендер хүчинтэй байх хугацаа дууссан гэж маргадаг.

Сангийн яамны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/5694 дугаар албан бичгээр ... ТӨБЗГ-2018/IV.2.1.3 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын  лабораторийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж, уг хугацаа тендерийн хүчинтэй хугацаа дууссан өдрөөс тоологдох болохыг анхаарна уу... гэснээс үзвэл уг тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 30 хоногоор сунгагдсан байх тул энэ талаар нэхэмжлэгчийн маргаж буй нь үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.7-д зааснаар тендер зохион байгуулах үнэлгээний хорооны шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хэрэгт “... Сангийн яамны 2018 оны 08 дугаар 21-ний өдрийн 6-1/5454 дугаар гомдол хянан үзсэн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийх боломжгүй болсон, тендерийг хүчингүй болгох...” гэсэн агуулга бүхий 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажлын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл[4] авагдсан ба хариуцагч үнэлгээний хорооноос хуралдаж, холбогдох шийдвэр гаргасан гэж тайлбарладаг.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний хорооноос аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд тендерийг хүчингүй болгож, шууд гэрээ байгуулах саналыг[5] хүргүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2-2239, 2-2238 дугаар албан бичгээр[6] “ГМ ” ХХК, “Г ” ХХК-д гэрээ байгуулах боломжгүй тухай  мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч мөн өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас хүлээн авсан гэсэн тайлбар гаргасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу тендерийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, тендерт оролцогч бүрт шалгараагүй талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байх ба Сангийн яамны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/5454 дугаар албан бичгээр гомдол хянаж ирүүлсний дараа хуралдан, дээрх шийдвэрүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна.

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “ГӨ ” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ТӨБЗГ/201801004 дугаар “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” байгуулагджээ.

 Дээрх үйл баримтуудаар үнэлгээний хороо хуралдаж, тендерийг дахин үнэлэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэлийн “үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн “манай компанитай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдож, уг этгээдэд даалгах шаардлага байгаа хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл нь барилгын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбогдсон, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээ байгуулах эрх бүхий албан  тушаалтан нь нэхэмжлэгчийн тодорхойлсон этгээд биш байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендер шалгаруулах эрхийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн бөгөөд shilendans.gov.mn вэбсайтад байрших Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын худалдан авах ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд уг ажил тусгагдсан ба гэрээ байгуулах эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлээгүй, энэ эрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт  байна.

Энэ тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг хийх боломжгүй юм.

Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт оршин байрладаггүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх буюу ямар эрхээ хэрхэн хамгаалуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хугацаа тогтоож нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын гаргасан захиргааны актын улмаас хөндөгдсөн, уул эрхээ хамгаалуулахаар шаардлагаа гаргах, хариуцагчаа зөв тодорхойлох боломжийг шүүхээс олгосон болохыг дурдав.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “манай компанитай гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд даалгах”  тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.2, 47.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Г ” ХХК-ийн үнэлгээний хороонд холбогдуулж гаргасан ““Мэргэжлийн хяналтын газрын контор, лабораторийн барилга  ТӨБЗГ-2018/IV.2.1.3 дугаартай барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б  өд холбогдуулан гаргасан “манай компанитай гэрээ байгуулахыг даалгах”  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА

 


[1] Хавтаст хэргийн 156 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 117 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 68 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 70 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 71-71 дугаар хуудас