Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МС” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Э

Гомдол гаргагч “МС” ХХК

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар суриалчилгааны газрын улсын байцаагч Л.А

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн *********  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагч улсын байцаагч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0702/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “МС” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар суриалчилгааны газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн *********  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар шийдвэрээр:

2.1. “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*********  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “МС” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.  

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтээс үзэхэд, өвлийн түлш хэт хүйтэн бүс эсэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байх нөхцөлд стандартын шаардлага хангахаар байна. Мөн Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 17-д зааснаас үзэхэд 20ºС дахь хувийн жин, кг/м 840-860 байхаар байна. Дээрх лабораторийн сорилтын үр дүнгүүд болон холбогдох стандартуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн үр дүнгийн аль алинаар "МС” ХХК-ийн дизелийн түлшний /агуулахаас болон хошуунаас авсан дээжийн/ цетаны тоо стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна..." гэжээ.

Анхан шатны шүүх стандартын шаардлагыг зөв тайлбарлан хэрэглээгүй бөгөөд мөн хэрэглэвэл зохих стандартыг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтээс үзэхэд, өвлийн түлш хэт хүйтэн бүс эсэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байх нөхцөл нь евро дизелийн түлш дээр хэрэглэгдэх үзүүлэлт юм. Уг стандартын 1-д хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд дизель түлшийг экологийн ангиллаас хамааруулан КЗ, К4, К5 гэж ангилахаар заасан байдаг.

Манай компанийн ОХУ-аас оруулж ирсэн Дизель түлшийн К2 ангилалд хамаарахаар Роснефт компанийн паспорт дээр тодорхойлогдсон байдаг тул уг стандартаар бус Дизель түлш MNS 6861-2020 стандартад хамаарах юм. Энэхүү оруулж ирж буй дизель түлшний ангиллыг буруу тайлбарлан лабораторийн болон Улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан байгаа юм.

Мөн анхан шатны шүүх цетаны тоог "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын үзүүлэлтээр харин хувийн жинг "Дизель түлш MNS 6861-2020" стандартын үзүүлэлтээр буюу нэг түлшийг хоёр өөр стандартын үзүүлэлтээр хэмжин шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Дизель түлш MNS 6861-2020 стандартын 1 дүгээр хүснэгтэд зааснаар 45-аас багагүй байхаар заасан байдаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 №GT073 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ "МС” ХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо 46.6 гарсан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн дүнгээр Дизель түлш MNS 6861-2020 стандартын шаардлагыг хангаж байгаа юм.

Хувийн жингийн тухайд Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн № СШ21/167 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ дизелийн түлшний хувийн жин буюу нягт 15ºС дахь 824.7 хувийн жин буюу нягт 20°С дахь 821.1, Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 NGTO73 дугаар Сорилтын үр дүнгээр 15°С дахь 824.9 гарсан байна.

Дизель түлш MNS 6861-2020 стандартын 1 дүгээр хүснэгтийн 17-д зааснаар 20ºС дахь хувийн жин 840-860-ын хооронд байхаар бус 840-860-аас ихгүй байхаар заасан. Өөрөөр хэлбэл уг стандартаар 840-оос их тохиолдолд стандартын шаардлагыг зөрчихөөр байхад 840-860-ын хооронд байхаар гэж буруу тайлбарлан хэрэглэж уг стандартын шаардлага зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

2. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнг бусад лабораторуудын дүнгүүдээс яагаад илүү ач холбогдолтой, зөв гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбарыг гаргахгүй байна. Иймд АИ-92 бензиний хувьд "МС” ХХК-ийн агуулахын болон худалдаалж байсан АИ-92 бензин нь стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдохгүй, хэрэгт зөрүүтэй баримтууд авагдсан, хариуцагч буюу захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалгах, шинжээч судлах үүргээ гүйцэд биелүүлээгүй байна..." гэж дүгнэсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал бензин болон дизель түлшний аль аль үзүүлэлтэд хийгдэх дүгнэлт байхад зөвхөн АИ-92 бензинд дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байгаа юм.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт "...Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд "Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь дизелийн түлшний цетаны тоог хэмжих эрхгүй буюу энэ хүрээний итгэмжлэл байхгүй тул тус лабораторийн сорилтын дүн шаардлага хангахгүй, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус лабораторийн ахлах инженер Ж.С  нь манай лаборатори дизелийн түлшний цетаны тоог хэмжих итгэмжлэлгүй ч гэсэн энэ нь манай лабораторийн сорилтын дүнг буруу гэж үгүйсгэх үндэслэл биш гэсэн агуулгаар мэдүүлэг өгч байгаа, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын тов лабораторийн дүнгээр цетаны тоо стандартын шаардлага хангахгүй нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй..." гэжээ.

Улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас бичсэн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2-ийн 5-д заасныг зөрчсөн гэх үндэслэл бөгөөд уг заалт нь "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэсэн заалт билээ.

Өөрөөр хэлбэл бензин болон дизель түлшийг хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулах бүтээгдэхүүн гэж үзсэн юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. "Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна." гэж заасан бөгөөд харин мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д "Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүнд зөвхөн итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээ хийнэ.” гэж тус тус заасан байгаа болно.

Гэтэл Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь дизелийн түлшний цетаны тоог хэмжих үзүүлэлтээр итгэмжлэгдээгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг зөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2-д "Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно." гэж заасны “стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Иймээс шаардлага хангахгүй мэдээллийг үндэслэн дүгнэлт гарч улмаар шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Гомдлын шаардлага Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 0178 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “МС” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн *********  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалж байна” гэх мэдээллийн дагуу хянал шалгалт явуулаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд үүнд гомдол гаргагч “МС” ХХК-ийн бензиний АИ-92 болон Дизелийн түлш нь MNS 0216:2017, MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэлт гаргажээ.

3.3. Дээрх дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас “МС” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил гаргасан нь илэрхий гэж үзэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас үйлдэж, гомдол гаргагчийг 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

3.4. Гомдол гаргагчаас гомдлын үндэслэл болон давж заалдах гомдолдоо ижил дээжийг шинжилсэн хоёр лабораторын шинжилгээний сорилтын үр дүнгүүд өөр хариу гарсан ба хариуцагчаас хоёр өөр стандартын үзүүлэлтээр хэмжин шийдвэр гаргасан. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. "Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна.”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүнд зөвхөн итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээ хийнэ.” гэж заасныг хариуцагчаас зөрчин дизелийн түлшний цетаны тоог хэмжсэн Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь итгэмжлэх эрхгүй болохыг тодруулалгүйгээр шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь буруу гэх байдлаар тайлбарлан маргаж байх боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

3.5. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зах зээлд оролцогч нь стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн бол дээрх хуульд заасан шийтгэлийг оногдуулахаар заасан тул “МС” ХХК бүх тохиолдолд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулах үүргээ биелүүлээгүй байхад гомдлын шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.6. Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT073 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ дизелийн түлшний цетаны тоо 46.6, хувийн жин 15C дахь 824.9, TL-025 № GT048 дугаар Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/ дизелийн түлшний цетаны тоо 46, хувийн жин 15C дахь 817.9 гарсан.

3.7. Харин Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/168 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ дизелийн түлшний цетаны тоо 42.8, №СШ21/167 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ дизелийн түлшний хувийн жин буюу нягт 15C дахь 824.7, хувийн жин буюу нягт 20C дахь 821.1, №СШ21/114 дүгээр Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/ дизелийн түлшний цетаны тоо 43.1, №СШ21/113 дугаар Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/ дизелийн түлшний хувийн жин буюу нягт 15C дахь 817.9, хувийн жин буюу нягт 20C дахь 796.3 тус тус гаржээ.

3.8. Дизелийн түлш Евро. Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага МNS 0216:2017 стандартаар цетаны тоо 51-ээс багагүй мөн тус стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтээс үзвэл, өвлийн түлш хэт хүйтэн бүсэд хэрэглэгдэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байхаар харин Дизелийн түлш Техникийн шаардлага МNS 6861:2020 стандартаар Дизелийн түлш цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан.

3.9. Гэтэл гомдол гаргагч “МС” ХХК-ийн борлуулж буй шатахуун Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн Сорилтын үр дүнгүүдээр 46.6, 46, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилтын үр дүнгүүдээр 42.8, 43.1, гарсан байх тул Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын дүнгээр чанарын шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй.

3.10. Үүнээс гадна Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага МNS 0216:2017 стандартаар дизель түлшний хувийн жин 20С-д 840-850 кг/м3 байхаар, Дизелийн түлш Техникийн шаардлага МNS 6861:2020 стандартаар дизель түлшний хувийн жин 20С-д 840-860 кг/м байхаар заасан. “МС” ХХК-ийн давж заалдах гомдолдоо стандартад дизель түлшний хувийн жин 20С-д 840-850 кг/м ихгүй хэмээн заасан нь 840-850 кг/м хэмжээнээс бага байх тухай зохицуулалт хэмээн тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тус 840-850 кг/м, 840-860 кг/м гэх хэмжээний тус стандартуудын холбогдох хүснэгтийн зөвшөөрөгдөх хэмжээ гэх ангилалд хамаарч байх тул “МС” ХХК-ийн дизелийн түлшний хувийн жин буюу нягт нь мөн шаардлагаас бага байна.

3.11. Хэдийгээр гомдол гаргагчаас Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь дизелийн түлшний цетаны тоо хэмжих итгэмжлэх эрхгүй хэмээн маргаж байх боловч “МС” ХХК-ийн дизелийн түлшний агуулахаас болон хошуунаас авсан дээж бусад стандартын шаардлагыг хангаагүй, болох нь нотлогдож байхад шийтгэл оногдуулах хангалттай үндэслэлтэй бөгөөд гомдол гаргагчаас “МС” ХХК-ийн худалдан борлуулж буй түлш чанарын шаардлага хангахгүй талаар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт гаргасантай маргаагүй байх бөгөөд хэрэв маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч гомдол гаргагчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА