Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Шаравжамцын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1624 дүгээр шийдвэртэй, Н.Шаравжамцын нэхэмжлэлтэй, “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү 8 723 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Шаравжамц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гөн-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 73 дугаар байрны 13 давхарт 145 тоот 56.64 м.кв 2 өрөө орон сууцыг 106 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Захиалга өгөхөд 16 давхар байшингийн краказ боссон, дотор засал хийгдэж байсан. 2016 оны 8 дугаар сард орон сууцаа худалдахаар болж, худалдан авагч талбайн хэмжилт хийлгэх саналын дагуу “Инженер геодиз” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 52 м.кв байсан бөгөөд 4.64 м.кв дутуу байсан тул 8 723 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Юу Би Эйч Проперти” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2013/04-12 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 77, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас 70 хувийн гүйцэтгэлтэйгээр худалдан авсан. Уг барилгыг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчид байрны түлхүүрийг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үед хэмжих боломжтой байсан. Тухайн 3 барилгыг улсын комисст өгснөөс хойш 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байрнуудын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ манай компанийн нэр дээр гарсан. Хэдий орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ боловч зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг 6 сарын хугацаанд гаргаагүй. Уг барилга 2008 оноос баригдсан гэтэл 2009 онд батлагдан хэрэгжиж эхлэсэн стандартаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Шаравжамцын нэхэмжлэлтэй, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 8 723 200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлын хөлс 172 227 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499009345 дансанд тушаахыг хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1.Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Гэтэл миний бие хариуцагч компанитай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НРТ13А96 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасны дагуу байгуулсан бөгөөд хэрэгт уг гэрээ авагдсан байхад шүүх Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь баригдсан орон сууцыг санал болгоогүй бөгөөд баригдаж буй барилгынхаа 13 давхарт 56.64 м.кв орон сууцны краказыг санал болгосон. Уг барилга нь цонх, хаалга, шал хийгдээгүй буюу баригдсан орон сууц биш байсан. Өөрөөр хэлбэл, Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулахад уг баригдаж дуусаагүй орон сууцны 13 давхрын 56.64 м.кв-ийг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж дуусгах, захиалагч хэлэлцэн тохирсон үнийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар бидний хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байна.

2.Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бие хуулиар тогтоосон гомдлын шаардлага гаргах хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар орон сууц нь газраас салгаж үл болох барилга байгууламжид хамаарах тул гомдол гаргах хугацааг 3 жил гэж ойлгож байна. Иймд уг хугацааны дотор нэхэмжлэл гаргасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.6-д “Барилгын баталгаат хугацаа орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш 3 жил байна” гэж зааснаас үзвэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дутагдлыг илрүүлсэн өдрөөс буюу 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тусгай зөвшөөрөлтэй “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэж мэдсэн өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолох ёстой байсан гэж үзэж байна. Иймд миний бие шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа дуусаагүй эрхээ хамгаалуулах боломжтой байна. Гэрээний 1.1, 1.2, 1.5, 4.2.1-д зааснаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэм, стандартын дагуу орон сууцыг хүлээлгэн өгнө гэсэн гэрээний үүргээ буюу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн гэрээний 5.4-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гарч болох хохирол нэмэлт зардлыг гэм буруутай тал хариуцах ёстой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Н.Шаравжамц нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 8 723 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуульд заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах НРТ14А96 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Юу Би Эйч Проперти” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 2 дугаар орцны 13 давхарт 56,64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж, захиалагч Н.Шаравжамц нь 1 м.кв-ыг 1 880 000 төгрөг, нийт 106 483 200 төгрөгийн үнэ төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх5-6/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, улмаар мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул тэрээр шаардах эрхээ алдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв эргэлзээгүй талаас харьцуулан үнэлэх журамд нийцээгүй.

 

Учир нь талууд гэрээг байгуулах үед уг орон сууц бүрэн гүйцэд бус, харин барилгын краказ баригдсан байсан болох нь гэрээний 1.2-т зааснаар тогтоогдсон тул Н.Шаравжамц гэрээ байгуулах үед орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авах боломжгүй, харин ирээдүйд бий болох ажлын үр дүн гэрээний зүйл байсан гэж үзнэ. Тодруулбал, орон сууцыг ашиглах боломжтой, бүрэн гүйцэд баригдсан буюу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №2014/709 дүгээр акт үйлдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгчийн нэр дээр уг орон сууц шилжсэн үеэс өөрийн эзэмшилдээ авч, ашиглах боломжтой болсон гэж үзнэ. /хх18-19/

 

Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдогүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

 

Орон сууцны м.кв-ын хэмжээ, түүний үнийн талаар талууд тухайлан тохиролцсон буюу гэрээнд заасан тоо хэмжээнээс 4.64 м.кв дутуу болох нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагч буюу Н.Шаравжамцад ямар нэгэн шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК нь нь орон сууцыг нэхэмжлэгчид 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

 

Нэхэмжлэгч Н.Шаравжамц нь гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал энэ тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш буюу дээрх хугацаанаас хойш зургаан сарын дотор гаргахаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зохицуулжээ. Ийнхүү гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа дууссан үеэс эхлэн Иргэний хуулийн 349.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Шаравжамцын орон сууцны талбайн зөрүү 8 723 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1624 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 8 723 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Шаравжамцад олгосугай”,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч“Юу Би Эйч Проперти” ХХК-иас 154 521 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Шаравжамцад олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 521 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА