Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01505

 

Р.Гы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2018/00274 дүгээр шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00007 дугаар магадлалтай,

Р.Гы нэхэмжлэлтэй

ТАЗД-д холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2.304.000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх, ТАЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие боловсролын салбарт 22 жил ажилласан бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын ЕББДС-ийн захирлын сонгон шалгаруултанд 1 дүгээр байранд орж 2011 оны 01 дүгээр сарын 05-нд захирлын үүрэгт ажилд томилогдсон. Томилогдсон тэр мөчөөс жавар хургасан хичээлийн анги танхим, хуруу гар нь бээрсэн хүүхдүүд, үстэй дээл цасны гуталтай багш, ажиллагсдын ажиллах, суралцах орчин, дотуур байрны цонх нь битүү мөстсөн, хүүхдийн хоол хүнсний чанарыг дээшлүүлэн илчлэг сайтай бүтээгдэхүүнээр хангуулах, үдийн цай хөтөлбөрийг 5 өдөр 5 халуун хоолтой болгох, анги танхимын орчин нөхцөлийг сайжруулах, багш нарыг ажлын байран дээрээ хөгжих нөхцөл боломж, багш ажиллагсдын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, хамт олноо ажилдаа сэтгэлээрээ ханддаг болгох, сургуулийн эргэн тойронд мод тарьж хашаажуулж ногоон төгөл болгохын төлөө ажиллаж байсан. ТАЗД-, сумын засаг дарга, сургуулийн захирал нар 2017 оны 01 дүгээр сарын 16-нд гурвалсан гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан мөртлөө 2017 оны 3 дугаар сарын 06-нд Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж ТАЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамж, Сүмбэр сумын ажил хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 ажил хүлээлцэх захирамжийг танилцуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн. ТАЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн байна. Уг захирамжийг надад 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж, миний ажлыг шууд хүлээн авсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал намайг давтан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй хууль бус бөгөөд миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэмэгдлийн зөрүү, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Р.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг хашиж байх хугацаандаа дотуур байрны хүүхдийн хоолны нормыг 22 хүүхэд амьдарч байхад 40 хүүхдээр зарцуулж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны зөрүүг тооцоход 5525.9 төгрөгийн хоолны зардлыг илүү зарцуулсан зөрчлийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн Аудитын газрын ТӨАГ/30/147 тоот актаар төлбөр тавьж дээрх 5525.9 төгрөгийн төлбөрийг төсвийн шууд захирагч сургуулийн захирал Р.Г нараар төлүүлж аймгийн Төрийн сангийн төсвийн орлого төвлөрүүлэх дансанд тогтоосон хугацаанд төвлөрүүлэхээр хариуцуулсан байдаг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ТӨВ-2016/01/СТА-ТЕГ-51/232 тоот Төв аймгийн Аудитын газрын албан шаардлагыг үндэслэн Аймгийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан хэдий ч төсөвт төвлөрүүлэх мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй Аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын сургуульд санхүүгийн үйл ажиллагаанд нь шалгалт хийхэд санхүүгийн зөрчил дахин илэрч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Санхүүгийн хяналт Аудитын алба улсын ахлах байцаагчийн 33-07-127, 33-09-121, 33-09-122 тоот актаар 982.440 төгрөгийн төлбөр тавигдаж зөрчил давтан гаргасан бөгөөд улсын байцаагчийн акт албан шаардлагыг бүрэн биелүүлээгүй. Аймгийн Засаг даргын тамгын газрын 7027-1111 төвөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүмбэр сумын иргэдээс Р.Гтай холбоотой санхүүгийн зөрчил болон ёс суртахууны доголдолтой талаар өргөдөл, гомдол удаа дараа ирүүлж байсан. Дээрх зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 зөрчсөн бөгөөд Аудитын газрын болон санхүүгийн хяналт аудитын албан шалгалтуудаар удаа дараа санхүүгийн зөрчил илэрч төсвийг зориулалт бусаар захиран зарцуулсны улмаас улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй нь Аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 2 7 3.3.5-д заалтад тусгасан Р.Г хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болж байх тул Аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2018/00274 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 131.2-т зааснаар Р.Гыг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ТАЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн Р.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ТАЗД-ас /цалингийн зөрүү/ 1.680.128 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Гд олгож, үлдэх 623.872 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.Гы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ТАЗД-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 41.832 төгрөгийг хариуцагч ТАЗД-ас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00007 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151/Ш32018/00685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Р.Гыг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ТАЗД-ас цалингийн зөрүү 2.127.933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Гд олгож, үлдэх 176.067 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг баримтлан ТАЗД-ын Зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын 41.832 төгрөгийг ТАЗД-ас гэснийг 48.996 төгрөгийг ТАЗД-ын Тамгын газраас гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ТӨАГ/30/147 тоот актаар дотуур байрны хүүхдийн нормыг хэтрүүлсэн зөрчил, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 33-07-127 тоот актаар үр дүнгийн урамшуулал буруу олгосон зөрчил, мөн өдрийн 33-09-121 тоот актаар суутгалыг орон нутгийн орлогод төвлөрүүлээгүй зөрчил, мөн өдрийн 33-09-122 тоот актаар үр дүнгийн урамшууллыг бодит бусаар тооцон олгосон зэрэг нийт 4 төрлийн зөрчлийг илрүүлсэн болохыг нэг зөрчилд тооцон дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнлчэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн акт нь тухайн төлбөрийг 12 сард багтаан төлөх үүрэг хүлээлгэсэн болохыг анхаарч дүгнэсэнгүй. Мөн нэхэмжлэгч Р.Гы нэр дээр 1111 гомдол ирсний дараа 2016 оны 12 сардаа багтаан төлөх үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж үзэхэд төлбөрийн үлдэгдэлтэй байсан баримтыг нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь буруу дүгнэлт хийх үндэслэл болжээ. Санхүүгийн зөрчил гаргасан ажилтан тухайн төлбөр нь төлөгдөөгүй зөрчилтэй, тухайн ажилтан өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрч зарим хэсгийг төлж барагдуулсан, төлбөр тавигдсан актад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй хэрнээ төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй зөрчилтэй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл хүлээлгээгүй гэж дүгнэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ажил олгогч нэхэмжлэгч Гэрэлсайхныг халахыг урьтал болгоогүй ба аудитаар акт тавигдсан төлбөрийг актад дурдсан хугацаанд төлж, үүргээ биелүүлнэ гэсэн итгэлийг хүлээлгэсэн. Гэвч түүний нэр дээр 2017 оны 01 сарын 27-ны өдөр гомдол ирэхэд өмнөх аудитын дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийг төлөөгүй болох нь нотлогддог. Иймд ажил олгогчийн зүгээс тухайн актаар тавигдсан төлбөрийг төлөөгүй болохыг мэдсэнээс хойш 1 сарын дотор буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргасан. Төсвийн тухай хуульд заасны дагуу Р.Г нь төсвийн шууд захирагч бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалтай учир ажилтныг ажилд авах, ажлаас халах эрх бүхий, байгууллагын эд хөрөнгийг хариуцсан эд хариуцагч мөн болохыг тайлбарласан боловч бас л энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Төсвийн шууд захирагч буюу эд хариуцагчид Аудитын байгууллагын дүгнэлтээр акт тавигдаж, төлбөр гарсан, ажилтан өнөөдрийг хүртэл тэр төлбөрөө бүрэн гүйцэд барагдуулаагүй зөрчилтэй байхад түүнийг ямар нэгэн хууль ёсны үндэслэлгүйгээр, ажилд эгүүлэн томилж байгаа нь ойлгомжгүй байна. Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж цалин хөлсний зөрүүг тооцохдоо ч буруу бодолт хийжээ. Буруу халагдсан ажилтны цалингийн дунджийг тогтоохдоо сүүлийн 3 сарын дунджаар тогтоохдоо захирлаар ажилласан сүүлийн 3 сар болох 2017 оны 12 сар, 2018 оны 1 болон 2 дугаар сарын дундаж, насан туршийн боловсролын багшаар ажилласан 2018 оны 3, 4, 5 дугаар сарын дунджийг бодох ёстой боловч 4, 5, 6 сарыг бодсон нь буруу болжээ. Тиймээс хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь үл зөвшөөрч байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Р.Г, ТАЗД-д холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоолгох,  цалингийн зөрүү 2.304.000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх, ТАЗД-ын “зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Гд сануулах шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт шийдвэрийн огноо, дугаарыг алдаатай бичсэн байх тул үүнийг залруулж, магадлалд өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, уг гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон үндэслэл хуульд нийцсэн эсэх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг ажил олгогч хэтрүүлсэн эсэхэд эрх зүйн бүрэн дүгнэлт өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Р.Г Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамжаар ажлаас халагдсан ба захирамжид ажилтанг 2015, 2016 онд санхүүгийн зөрчил гаргасан буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэл заажээ.

Өмнө нь ТАЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар Р.Гд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч уг шийдвэрийг гаргахдаа хууль зөрчсөн, тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь тогтоогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн хоорондох хугацаа давтан гэж үзэх нөхцөлд хамаарахгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэлд шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн тухай магадлалд заасан нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Р.Г ажлаас халагдсны дараа тухайн сургуульд насан туршийн боловсролын багшаар ажиллаж байгааг зохигч маргаагүй бөгөөд шүүх түүний цалин хөлстэй тэнцэх олговорыг захирлаар ажиллаж байсан үеийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөс тооцож, уг олговор, одоогийн авч байгаа цалингийн зөрүүгээр бодож хариуцагчаас гаргуулсан нь “Дундаж цалин хөлс тооцох” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан журамд харшлаагүй байна. 

Нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00007 дугаар магадлалын 1 дэх заалтад “2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШЗ2018/00685” гэснийг “2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2018/00274” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ