Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 837

 

 

 

   

 

 

 

 

 2020            9           24                                        2020/ШЦТ/837

 

 

     

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Хатиган  овогт Батболдын  Болдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005023981370 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... компанид борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  ........ дүүргийн 8 дугаар хороо ... дүгээр хороолол ...... дүгээр байрны ... дугаар орцны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын Б.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна манай хүүг зодлоо гэх шалтгаанаар Э.Э-ыг нүүр хэсэгт мөргөж гараар цохиж, хөлөөр нуруу хэсэгт өшиглөж биед баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун хацарт зулгаралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл  бүхий эрүүл мэнд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна “манай хүүг зодлоо” гэх шалтгаанаар Э.Э-ыг нүүр хэсэгт мөргөж гараар цохиж, хөлөөр нуруу хэсэгт өшиглөж биед баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун хацарт зулгаралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл  бүхий эрүүл мэнд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын “Би ээж Т.Б- болон 9 настай дүү Эрдэмбаярын нарын хамт амьдардаг. Манай дүү 54 дүгээр сургуулийн 3 дугаар анги төгссөн жоохон хүүхэд байдаг юм. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед байрныхаа гадаа байж байтал дүү Эрдэмбаяр хүрч ирээд намайг нэг ах дээрэлхээд байна гэсэн. Тэгэхээр нь би дүү дээрэлхээд байгаа хүүхэд дээр нь очоод нэг байрных байж аятайхан тоглож бай гэж хэлсэн. Ингээд найзуудтайгаа уулзаад явсан. Манай дүү тоглоод үлдсэн. Хэсэг байж байгаад манай дүү дахиж хүрч ирээд намайг дахиад дээрэлхээд байна гэсэн. Тэгээд би явж очоод дүү дээрэлхээд байсан хүүхдэд нь хандан  аятайхан тогло гэж хэлсэн биздээ гээд сагсны бөмбөгөөр толгой дээр нь цохиод нэг удаа зүүн хацарт нь алгадсан. Тэгээд яваад өгсөн юм. Ингээд би найз Отгонбаяртайгаа уулзаад 13 дугаар байрны 1 дүгээр орцноос гарах үед энэ мөн байна гэсэн. Тэгтэл  30 гаран насны саарал фудволк, бараан өнгийн шорттой 175 см орчим өндөртэй эрэгтэй хүн шууд хоолойноос багалзуурдаж аваад зүүн нүдэнд цохих үед миний баруун хацар зулгарсан. Ингээд газар унагаад баруун талын хавирга хэсэгт өвдөглөөд нуруу руу жийсэн. Босгож ирж байгаад дух руу мөргөсөн. Намайг зодож байх үедээ яагаад хүүхэд рүү бөмбөг шидэж байгаа юм гэж хэлсэн. Өөр нээх юм яриагүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Намайг зодсон ахыг хараад танина. Тэр ах 8 дугаар хорооны 13 дугаар байрны 2 дугаар орцны 45 тоотод оршин суудаг юм. Намайг зодохыг манай найз Тайшир, Сэргэлэн 2 харсан. Томографит харуулсан 100.000 төгрөг, толгойгоо 3 удаа бариулсан 60.000 төгрөг, эм авч уусан 15.000 төгрөг болсон. Надад баримтууд нь байхгүй. Эдгээр зардлаа нэхэмжилж байна. Хуулийн дагуу шалгаж шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16-17 дугаар хуудас/

“... Цаашид хийлгэх эмчилгээ байхгүй. Одоо хохиролдоо 175.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Т-ын “  ... Намайг харж байхад тэр ах Э-ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод мөргөөд газар унагаад нуруу хэсэг рүү өвдөглөж байсан. Тэгээд босгож ирээд дахиад нүүр хэсэгт нь нэг удаа цохиж авсан. Ингээд байж байтал орцны жижүүр гарч ирээд тэр ахыг болиулаад удалгүй Э-ын ээж нь ирээд тэр ахтай уулзаад байсан. Э-аас юу болсон талаар асуухад би хүүхдийг нь бөмбөгөөр цохисон чинь намайг зодчихлоо гэж байсан. Э-ын 2 нүд нь хавдаад хацар нь шалбарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8732 дугаартай:

“1. Э.Э-ын биед баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун хацарт зулгаралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Б.Бын яллагдагчаар өгсөн “2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хэвтэж байтал 16 цагийн орчим үед манай хүү Анхболд гадаа тоглож байгаад орж ирэхдээ толгой руу бөмбөг шидээд нүүр лүү нэг хүүхэд цохичихлоо гэсэн. Хэдэн настай хүүхэд юм бэ гэхэд 20 гаран насны хүүхэд зүгээр байхад дээрэлхээд бөмбөгөөр цохисон, аавдаа хэлнэ шүү гэтэл тэгэхгүй юу гэж хэлээд дагз руу сагсны бөмбөг шидсэн гэж хэлсэн. Ингээд би хүүхдээ дагуулаад гадаа гараад хайгаад олоогүй. Ингээд тэр хавиар явж байгаа байх гэж бодоод хүлээгээд гадаа байж байтал хажуу талын орцноос гараад ирсэн. Манай хүү энэ ах мөн байна гэсэн. Би явж очоод нүүр хэсэгт нь цохисон. Тэгтэл нүүрээ дараад суухаар нь хөлөөрөө нуруу руу нь өвдөглөсөн. Татаж босгож ирээд яаж байгаа юм бэ, хүүхэд яагаад бөмбөгөөр цохиж байгаа юм бэ, гэтэл танай хүүхэд чинь манай дүүг зодсон болохоор нь зодсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь уурандаа нүүр хэсэгт  нь мөргөсөн. Ингээд байж байтал жижүүр гарч ирээд боль гээд холдуулсан. Удалгүй ээж нь ирээд ярилцаад салцгаасан. Тухайн үед хүүхдээ өмөөрөөд биеэ барьж чадалгүй тэр хүүхдийг зодсон нь үнэн. Шүүх эмнэлгийн дугнэлттэй танилцсан. Дугнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулах болно. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “... эмчилгээний зардал 175.000 төгрөг өгсөн. Бид сайн дураар эвлэрсэн. Иймд хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ