| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00471/и |
| Дугаар | 506 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 506
| 2017 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/00504 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, Азия Пропертиес ХХКомпанийн байранд байрлах Финфак ХХКомпанийн Адил Шим ХХКомпани болон түүний захирал Адилбишийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч А.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Финфак ХХКомпани шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч А.Дуламсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Адил Шим ХХКомпани манай байгууллагаас зээлээр худалдан авсан сав баглаа боодлын үнэ болох 2 697 750 төгрөгийн төлбөрийг төлөхгүй байгаа тул дээрх байгууллагаас 2.697.750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг харъяа дүүргийн шүүхэд гаргасан боловч хариуцагч “Адил Шим ХХКомпани хаягтаа оршин суудаггүй, хаягтаа бүртгэлгүй байгаа тул Адил Шим ХХКомпани болон түүний захирал Адилбишийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Финфак ХХКомпанийн Адил Шим ХХКомпани болон түүний захирал Адилбишийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн гаргасан тайлбар, Адил Шим ХХКомпанитай байгуулсан гэрээ зэргээс харахад Адил Шим ХХКомпани хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Адил Шим ХХКомпани Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23-В байрны 119 тоотод үйл ажиллагаа явуулахгүй байгаа болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 26884 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Адил Шим ХХКомпанийн захирал Адилбишийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нв зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Адил Шим ХХКомпанийн захирал Адилбишийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Адил шим ХХКомпани болон түүний захирал Адилбишийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Адил Шим ХХКомпанийн захирал Адилбиштэй /утас: 88011700, 91698821/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчид даалгасугай.
4.Адил Шим ХХКомпанийн захирал Адилбиш Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23-В байрны 119 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН