Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1008

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Дгийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Дгийн У, Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Д.У нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хамбын овооны задгай тоотод өөрийн хашаандаа 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн З.Түмэндэмбэрэлийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ:

Дүү Түмэндэмбэрэлийг архи уугаад, ажил хийхгүй байхаар нь архи уулаа гэж уурлаад шанаа тус газар нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын танилцуулсан торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, биелүүлэхгүй бол хорих ялаар сольдог гэдгийг ойлгосон гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1.Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст ирсэн дуудлагын лавлагаанд “... 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 02:59:22 цагт согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай (хавтаст хэргийн 3 дугаар тал),

 

2.Хохирогч З.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хамбын задгай тоотод хамаатны ах Уын хашаанд монгол гэрт эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг юм. 2020 оны 7 сарын 29-ний орой 22 цагийн үед гэртээ 0.5 литрийн савалгаатай 4 шил пивийг эхнэр Золбоогийн хамт уусан. Би пиво ууж дуусаад шөнийн 02 цаг өнгөрч байхад гараад бие засахад У ахын гэр гэрэлтэй байхаар нь яваад ороход У эхнэрийн хамт байсан. Би У ахаас тамхи байвал өгөөч гэж хэлэхэд байхгүй гэж хэлсэн. Тамхи нь цонхны тавцан дээр байхыг нь хараад У ахад хандаж “наана чинь тамхи байна шүү дээ, та ямар харамч юм бэ” гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Миний араас У ах гараад ирэхээр нь би тамхи өгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод эргэж харахад гараа атгаж байгаад миний баруун нүд, нүүр рүү нилээн хэдэн удаа хүчтэй цохисон. Намайг газар тонгойгоод сууж байхад миний зүүн гараас татаад дугтарахад миний баруун гарын мөр мултарсан. Баруун нүд хөхөрч хавдсан, үүдэн дээд нэг шүд хөдөлсөн. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

3. Гэрч Б.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хамбын овооны задгай тоот гэртээ нөхөр Түмэндэмбэрэл, хүүхдийн хамт байж байхад манай гэрийн хойд талд байдаг Даваа ах, эхнэр Отгонтуяагийн хамт орж ирсэн ба Даваа, Түмэндэмбэрэл хоёр архи уугаад нилээн согтсон. Даваа ах нэг том пиво авч орж ирээд Түмэндэмбэрэл тэр хоёр уугаад шөнийн 02 цаг болж байхад Түмэндэмбэрэл гараад явсан. Удалгүй араас нь Даваа ах гараад явсан. Тэгээд Отгонтуяа бид хоёрыг гэрт сууж байхад хүмүүс маргалдах чимээ гарахаар нь гэрээс гараад У ахын гэрийн үүдэнд очиход манай нөхрийг У ах зодоод, нүүр, амаас нь цус гаргасан байсан. У ахыг гэрт нь оруулах гээд байж байхад манай нөхөр хутга бариад ирэхээр нь Отгонтуяа Түмэндэмбэрэлийн гараас хутгыг нь авсан. Энэ үед дахиад У ах Түмэндэмбэрэлийн нүүр рүү гараараа цохиход Даваа ах салгаад, манай нөхрийг Отгонтуяа аваад цааш явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

4. Гэрч Ю.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед хажуу айл Дэмбээгийн гэрт 2.5 литрийн савалгаатай пиво хувааж уух санаатай орсон. Пиво ууж дуусгасны дараа шөнө 00 цагийн үед Дэмбээ гэрээсээ гараад явсан. Гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь гайхаад араас нь гарахад Дэмбээ Ууганаатай хамт зогсож байсан. Яваад очиход “чиний аав, ээжийг чинь дуудаж авч ирнэ” гэж хэлээд Ууганаа Дэмбээгийн нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Дэмбээ хөл алдаж газар унахдаа жалга руу өнхрөөд унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

5. Гэрч Х.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...Манай нөхөр Даваасүрэн, Дэмбээ хоёр Дэмбээгийн гэрт пиво ууж, юм ярьж суугаад нилээн орой болсон, шөнө 01 цаг өнгөрч байсан. Тэгээд сууж байхад Дэмбээ гэрээс түрүүлээд гараад явсан, орж ирэхгүй байхаар нь манай нөхөр араас нь хайхаар гараад явсан. Гадаа хүмүүс маргалдах чимээ гарахаар нь Золбоо бид хоёр гэрээс гарахад У Дэмбээг зодож, гар, хөлөөрөө нүүр рүү нь цохиход Дэмбээ жалга руу унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хамбын овооны задгай тоот гэртээ ирэхэд манай ээж Дгийн төрсөн эгч Болормаагийн бага хүүхэд архи уучихсан, хашаан дотор орилоод явж байхаар нь би дуудаад “яагаад байгаа юм бэ” гэж асуухад “хажууд байдаг Даваатай уусан” гэж хэлэхээр нь би хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд гэртээ ороод сууж байхад Түмэндэмбэрэлийн эхнэр орж ирээд “Түмэндэмбэрэл агсам тавьж, орилж хашгираад унтахгүй байна” гэхээр нь би гэрээс гарахад Түмэндэмбэрэл машины хажууд гартаа хутга барьсан зогсож байхаар нь “чи яах гэж байгаа юм” гэсэн чинь чамайг хутгална гэсэн, би хутгыг нь булааж аваад, нүүр, нүд хэсэг рүү нь гараараа 2-3 удаа  цохиод гэр рүүгээ орсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8854 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн дээд, доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун доод зовхинд 2х4 см, зүүн зовхинд 1х0.5 см хүрэн өнгийн зулгаралттай.

Дүгнэлт: “...З.Түмэндэмбэрэлийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүд доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Даваасүрэн/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

8. Шүүгдэгч Д.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 61 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 49-52 дугаар тал), Д.Уын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54, 62 дугаар тал), “Дэзон” ХХК-ийн “Д.У нь ахлах мужаанаар ажилладаг, сарын цалин 1.500.000 төгрөг болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Д.У нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг яллагдагчид танилцуулахад зөвшөөрснийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Ут холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.У нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хамбын овооны задгай тоотод өөрийн хашаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн З.Түмэндэмбэрэлийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.У нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Д.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.У нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хамбын овооны задгай тоот өөрийн хашаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн З.Түмэндэмбэрэлийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч З.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би пиво ууж дуусчихаад шөнийн 02 цаг өнгөрч байхад ...У ахын гэрт ...ороод ... тамхи байвал өгөөч гэхэд байхгүй гэсэн. ...гэрээс нь гараад явсан. ...У ах гарч ирээд... гараа атгаж байгаад миний баруун нүд, нүүр рүү нилээн хэдэн удаа хүчтэй цохисон. ...миний зүүн гараас татаад дугтарахад миний баруун гарын мөр мултарсан. Баруун нүд хөхөрч хавдсан, үүдэн дээд нэг шүд хөдөлсөн. ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 12 дугаар тал),

-гэрч Б.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Даваа, Түмэндэмбэрэл хоёр архи уугаад нилээн согтсон. ...шөнийн 02 цаг болж байхад Түмэндэмбэрэл гараад явсан. ...хүмүүс маргалдах чимээ гарахаар нь гэрээс гараад У ахын гэрийн үүдэнд очиход манай нөхрийг У ах зодоод, нүүр, амаас нь цус гаргасан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-гэрч Ю.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ууганаа Дэмбээгийн нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Дэмбээ хөл алдаж газар унахдаа жалга руу өнхрөөд унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-гэрч Х.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гадаа хүмүүс маргалдах чимээ гарахаар нь ...гэрээс гарахад У Дэмбээг зодож, гар, хөлөөрөө нүүр рүү нь цохиход Дэмбээ жалга руу унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-шүүгдэгч Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед манай ээж Дгийн төрсөн эгч Болормаагийн бага хүүхэд архи уучихсан, хашаан дотор орилоод байхаар нь  ...би хацар руу нь нэг удаа алгадсан. ..Түмэндэмбэрэл ...гартаа хутга барьсан байхаар нь “чи яах гэж байгаа юм” гэсэн чинь чамайг хутгална гэсэн, би хутгыг нь булааж аваад, нүүр, нүд хэсэг рүү нь гараараа 2-3 удаа  цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8854 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.У нь хохирогч З.Түмэндэмбэрэлийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Уыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тус гэмт хэрэг гарахад хохирогч З.Түмэндэмбэрэл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, улмаар шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж орилж хашгирах зэргээр согтуурхаж, бусад руу хутга барьж чиглэсэн зэрэг зүй бус үйлдэл нь тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.У нь хохирогч З.Түмэндэмбэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд хохирогч З.Түмэндэмбэрэл нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Утай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.У нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Д.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ял шийтгүүлж байсан байх ба, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уг ялыг биелүүлж дуусгасан талаар дээрх баримтад тэмдэглэсэн байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.У нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 265 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байх ба, Д.Ут 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад зөвшөөрч гарын үсгээ зурсан, мөн шүүх хуралдаанд зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Иймд шүүгдэгч Д.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Дгийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2008000001227 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч З.Түмэндэмбэрэл нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА