Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 666

 

                                                                 

 

 

 

 

 

      

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 18 дугаар байрны 46 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ТЕ 92050301, Их Шавь овогт Батболдын Ундраагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 3 дугаар хороолол, 35-Б байрны 94 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар КЮ 91061632, Боржигон Чой  овогт Төмөрбаатарын Очирбатад холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Ундраа, хариуцагч Т.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ундраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2010 онд Очирбаттай танилцаж, 2011 онд гэр бүл болсон бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Мишээл төрсөн, охиныг 9 сартай болох хүртэл хугацаанд бид гурав хамт амьдарсан боловч зан харьцааны хувьд таарч тохирохгүй болоод 2014 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарсан цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, охин миний асрамжид байгаа, охиндоо эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна, Очирбатыг охинтойгоо баяр ёслолын өдрүүдээр уулзуулж байна гэв.

 

Хариуцагч Т.Очирбат шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид 2011 оны 4 дүгээр сард гэр бүл болж амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бидний дундаас 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Мишээл төрсөн, бид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охиндоо тэтгэлэг өгөхөд татгалзахгүй, би охинтойгоо баяр ёслолын үеээр уулзаж баймаар байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ундраа хариуцагч Т.Очирбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ундраа, Т.Очирбат нар 2012 оноос эхлэн  хамтран амьдарсан  бөгөөд тэдний дундаас 2012 оны 3 дугаар сарын 12-ны  өдөр охин Мишээл төрсөн болох нь хүүхдийн төрсний 0000738114 Г-216 дугаартай гэрчилгээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч Мишээлийг эцэг Очирбатаар нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх бөгөөд охин Мишээл эх Б.Ундраагийнхаа асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Ундраа цаашид Т.Очирбаттай хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх бөгөөд Мишээл 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 4 настай байх бөгөөд хүүхдийн насны байдал, түүний дассан орчин нөхцөл, эрүүл мэнд, амьдрах орчин, хүмүүжилд тавих анхаарал, халамж, эхийн хүсэлт зэргийг харгалзан түүнийг ээжийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Мишээлийг ээжийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч Т.Очирбат дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Т.Очирбатын  хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Мишээлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Очирбатаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т зааснаар Т.Очирбат охин Мишээлтэйгээ баяр ёслолын өдрүүдээр уулзаж байхаар тогтоосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Т.Очирбатаас 50 546 /тавин мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Очирбатаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Б.Ундраад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН