Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1005

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Сгийн Б нь Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2-16 тоотод Ч.Даваажавтай маргалдан, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Байцаагчид болсон асуудлаа бүгдийг ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ч.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой найз С.Б Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2-16 тоот манай гэрт ирж хоносон. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагийн орчим С.Б “цэргийн бүртгэлээ хийлгээд ирье” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд гэртээ байж байхад Мооноо гэх найзын хамт 0.33 литрийн архи аваад орж ирсэн. Бид тухайн архийг ууж дуусаад байж байхад С.Б “би гаднаас архи аваад ирье” гээд гарсан. Би гэрийнхээ баруун талын орон дээр унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь С.Б, Мооноо хоёр бие биенийгээ заамдаад байж байхаар нь би босоод “яаж байгаа юм бэ” гэсэн чинь С.Б намайг “Чи Мооноотой унтсан биз дээ” гэж хэлэхээр нь би “яалаа гэж Мооноотой унтаж байдаг юм” гэж хэлэхийн завдалгүй миний нүүр рүү гараараа хоёр удаа цохиод, бас газарт байсан түлээний модыг аваад миний зүүн талын эрүү хэсэгт цохиход би гэрийн багана руу нуруугаараа налаад унасан. Миний биед учирсан гэмтлүүдийг С.Б гар болон модоор цохиж учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн:

“...Би С.Бтэй гэр бүлийн харилцаа байхгүй, бэлгийн харьцаанд орж байгаагүй, зүгээр найзууд байгаа юм. Надад С.Бээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

            2. Шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

            “...Би Ч.Даваажавтай найзууд байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ч.Даваажав над руу залгаад “гэрт хүрээд ир” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2-16 тоотод очиж хоноод, маргааш өглөө нь микронд кондуктар хийх гээд гарсан. ...эргээд Даваажавын гэрт ирээд Даваажав бид хоёр 0.33 литрийн архи уугаад байж байхад манай найз Мооноо гэх залуу над руу залгахаар нь би Даваажавын гэрт хүрээд ир гэсэн. Удалгүй Мооноо ирээд бидний ууж байсан архинаас уусан. Тэгээд би дахиад нэг шил архи аваад ирье гэж хэлээд дэлгүүр ороод ирэхэд ...Мооноо, Даваажав хоёр нэг орон дээр хэвтэж байхаар нь би “та хоёр яагаад хамт унтаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Даваажав “чамд ямар хамаатай юм бэ” гээд орноос босоод ирэхээр нь миний дургүй хүрээд Даваажавын хоёр нүд рүү нь тус бүр нэг удаа цохиж, газарт багана эвсэн байсан модыг аваад хойш савсан чинь Даваажав миний хойно байж таараад эрүүний хэсэгт нь цохисон. Тэгтэл Даваажав хойш саваад авдар руу нуруугаараа налаад унасан. Би Ч.Даваажавын биед учирсан гэмтлүүдийг гар болон модоор цохиж учруулсан. Өөрийн гэм бурууг ухамсарлаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43 дугаар тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2543 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Эрүүний баруун буланд мэс заслын шархтай, ариун боолттой, хоёр нүдний дээд, доод зовхиор, нурууны баруун дунд хэсэгт 7х2 см хүрэн улаан өнгийн цус хуралттай.

ГССҮТ-н №018178 тоот өвчний түүхээс:.....түүх нээсэн 2020.02.07...хэвтэх үеийн зовиур: эрүү зүүн талдаа өвдөнө гэнэ. Өвчний түүх  2020.01.31-нд бусдад зодуулж гэмтсэн. Үзлэгт:...Хэсэг газар: эрүүн дор хаван хавдартай, ам ангайлт хязгаарлагдсан, зуулт алдагдсан. ...Гэмтлийн эмчийн үзлэг: Биеийн ерөнхий байдал дунд, ...Уушги цулцангийн амьсгалтай. ...хэвийн.

2020.02.10-ны мэс заслын тэмдэглэлээс: ...эрүүний үений толгой хугарлыг ил гаргаж хугарлын шугамыг NACI-0.9% уусмалаар угааж цусыг тогтоох хугарлыг эвлүүлж, титан ялтас шургаар бэхэлж хадав. Шарханд үечилж оёдол тавьж шархыг хаав. Хагалгаа хүндрэлгүй.

2020.02.05-ны өдрийн Лазер мед эмнэлгийн толгойн КТГ-д: ...Эрүүний яс зүүн талын үений сэртэнгийн суурь хэсгээр зөрөөтэй хугаралтай. Хоёр талын гайморын хөндийн салст хана даган бага зэрэг зузаарсан. ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Духны урд хэсэг, баруун нүдний эргэн тойрны болон баруун хацрын зөөлөн эдэд хаван хавдартай.

Дүгнэлт: “...Ч.Даваажавын биед эрүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх 2020 оны 01 дүгээр сарын 31-нд үүсгэгдсэн байх боломжтой.

-Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /Шинжээч эмч М.Аригуунтөгс/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

4. Гэрч Г.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...С.Б нь миний хуурай дүү байгаа юм. ...манай микронд явдаг байхдаа их хөдөлмөрч залуу байсан. Хүнтэй зөв боловсон харьцдаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

5. Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), үл хөдлөх  хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), “Худалдаа хөгжлийн банк”-нд данс эзэмшдэггүй тухай, “Хас банк”-нд түүний данс үлдэгдэлгүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Бэд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2-16 тоотод Ч.Даваажавтай маргалдан, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч С.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2-16 тоотод иргэн Ч.Даваажавтай архидан согтуурч, улмаар тухайн үед үүссэн эр эмийн хардалтын улмаас маргалдан, түүний биед гар болон модоор цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ч.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 31-нд ...гэртээ байж байхад Мооноо гэх найзын хамт архи аваад орж ирснийг ...ууж дуусгасан. ...гэрийнхээ баруун талын орон дээр унтсан. Нэг сэрсэн чинь С.Б, Мооноо хоёр бие биенээ заамдаад байж байхаар нь би босоод “яаж байгаа юм бэ” гэхэд ...С.Б “Чи Мооноотой унтсан биз дээ” гэж хэлэхээр нь би “яалаа гэж Мооноотой унтаж байдаг юм” гэж хэлэхийн завдалгүй миний нүүр рүү гараараа хоёр удаа цохиод, ...газарт байсан түлээний модыг аваад миний зүүн талын эрүү хэсэгт цохиход, би гэрийн багана руу нуруугаараа налаад унасан. Миний биед учирсан гэмтлүүдийг С.Б гар болон модоор цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

            -шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ч.Даваажавтай найзууд байгаа юм. ...Даваажавын гэрт ирээд ...архи уугаад байж байхад манай найз Мооноо гэх залуу ...ирээд бидний ууж байсан архинаас уусан. ...Мооноо, Даваажав хоёр нэг орон дээр хэвтэж байхаар нь би “та хоёр яагаад хамт унтаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Даваажав “чамд ямар хамаатай юм бэ” гээд орноос босоод ирэхээр нь миний дургүй хүрээд Даваажавын хоёр нүд рүү нь тус бүр нэг удаа цохиж, газарт багана эвсэн байсан модыг аваад хойш савсан чинь Даваажав миний хойно байж таараад эрүүний хэсэгт нь цохисон. Тэгтэл Даваажав хойш саваад авдар руу нуруугаараа налаад унасан. Ч.Даваажавын биед учирсан гэмтлүүдийг би гар болон модоор цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2543 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч С.Бийн хохирогч Ч.Даваажавын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Ч.Даваажавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх ба хохирогч Ч.Даваажав нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч С.Бтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаварыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Бэд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Даваажав нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА