Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01514 дүгээр шийдвэртэй, М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдох,

 

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 17 122 909 төгрөг гаргуулах, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үндэсний технологийн дээд сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. ШУТИС-ын ректор Б.Очирбат нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр А-162 тоот ҮТДС-ийн захиргааны орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал гаргаж, номын санчийн 1 орон тоог хасахаар болсон байдаг. Энэхүү тушаалыг үндэслэн ҮТДС-ийн захирал Н.Ганзориг нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсон тухай мэдэгдлийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний гэр бүлийн хүнд өгч улмаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ҮТДС-ийн номын санд тооллого хийж, миний ажлыг өөр хүнд хариуцуулан ажиллуулахаар болсон байдаг. Ажил олгогч нь орон тоогоо цөөрүүлж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг бусдад шилжүүлснээр миний хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Нэгэнт цаашид ажиллах боломжгүй болсон тул ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаа болох 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллуулж, цалин хөлсийг өгч, цаашид ажиллуулаагүй болно. Гэвч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг надад өгснөөс хойш ажлаас халсан тухай тушаал, шийдвэрийг гаргахгүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Ажлаас чөлөөлөх тухай Б/91 тоот тушаалыг гаргасан.

Миний хувьд ШУТИС-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэснээр сарын 576 000 төгрөгийн цалин, хөлс авдаг байсан болно. Иймд ажил олгогч нь ажлаас халсан тухай тушаал, шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 2013 оны 10 дугаар сауын 16-ний өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор нийт 17 122 909 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Тус шүүхэд хянагдаж буй М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй ШУТИС-д холбогдох ажил олгогчийн буруугаас болж ажиллуулаагүй хугацаа буюу 2013 оны 10 дугаар сарын 16-нии өдрөөс эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий иргэний маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрлэж 101/ШШ2016/03029 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1067 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээ сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00902 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Одоо энэхүү иргэний хэрэг анхан шатны журмаар хянагдаж байна. Ажил олгогч нь энэхүү хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэснээс хойш 2 хоногийн дараа хэрэг маргаан эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй байхад буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б/91 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр намайг гэнэт ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч М.Алтанцэцэг би 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан тушаалын хуулбарыг гардан авч, түүнийг эс зөвшөөрч, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Үндэсний Технологийн Дээд Сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан гаргасан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/Ш32016/05404 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Иймд намайг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасанаар Ажил олгогч нь 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь намайг ажилуулаагүй өдийг хүрсэн атлаа хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж, надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, ажлаас чөлөөлөх болсон талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.“Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбараас харахад 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ШУТИС-ын Ректор Б.Очирбатын А-162 тоот “ҮТДС-ийн захиргааны орон тоонд өөрчлөлт оруулах тухай” тушаал нь орон тоог хасах биш, орон тоог цөөрүүлэх тушаал гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Гэтэл тухайн үед ҮТДС-д ахлах номын санч 1, номын санч 2 нийт 3 номын санч ажиллаж байхад ямарч шалгуургүйгээр, ялгаварлан гадуурхаж зөвхөн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг аль 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр надад өгсөн нь хуулиин хувьд ч, цаг хугацааны хувьд ч мөн адил үндэслэлгүй хууль зөрчиж байгаа болохыг харуулж байна. Ажил олгогч нь орон тоо цөөрсөн байхад орон тоо хасагдсан гэсэн хууль бус үндэслэл бүхий 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлдээ М.Алтанцэцэг надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр болсон байдаг. Энэхүү мэдэгдлийнхээ дагуу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гаргах боломжтой байсан атлаа гаргаагүй, мөн намайг ажил үүргээ хийж гүйцэтгэх боломжоор ханган өгч ажиллуулаагүй, өнөөдрийг хүртэл хугацаанд ямарч цалин хөлсгүй хохироож байна. Миний хувьд цалин хөлсгүй, ямар ч орлогогүй арга ядахдаа захиргаанаас тэтгэвэрт гаргаж өгөөч ээ гэдэг асуудлыг ажил олгогчид удаа дараа тавьж, хөдөлмөрийн маргаан таслах комисст хүртэл хандаж байсан боловч үүнийг хүртэл шийдвэрлэж, ажлаас ямар нэгэн байдлаар халсан, чөлөөлсөн шийдвэр гаргаж өгөөгүй болно. Эцэст нь хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ректор Б.Очирбатад хандан ажил үүргээр хангаж, ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж өгөх гомдол гаргасан боловч түүнийг шийдвэрлэж өгөөгүй болно. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг дээрх байдлаар ажил олгогч өөрөө зөрчсөн атлаа ажлаас чөлөөлсөн Б/91 тоот тушаалдаа намайг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаа сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан мэтээр үндэслэлгүйгээр буруутгасан байна. Миний хувьд ажил олгогчоос өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2013 оны 10-р сарын 16-ны өдөр аливаа байдлаар ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гаргахад хуулийн хувьд боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн өвчтэй, акттай байгаагүй болно. Иймд дээрх үндэслэлээр Ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б/91 тоот тушаалыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Үндэсний Технологийн Дээд Сургуулийн номын санчийн ажилд эгуулэн тогтоолгож, ажилгуй байсан хугацаан (2016 оны 04 дугээр сапын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хуртэл)-ы урьд авч байсан дундаж иалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. Номын санч М.Алтанцэцэгт захиргааны орон тоог цомхотгох болсонтой холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлииг 2013 оны 9 дүгээр сарьн 16-ны өдөр гардуулан өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүлээн авснаас хойш номын санч М.Алтанцэцэг өвчтэй гэсэн шалтгаан зааж, эмчийн акт, эмнэлэгийн магадлагаа, эмч нарын комиссын шиидвэр тасралтгүй өгч байгаад эмчилгээнд явлаа гэх тайлбар гаргаад АНУ руу 1 жил гаруй яваад ирлээ гэж байснаа ажилдаа орох талаар нэг удаа ч хүсэлт гаргаж байгаагүй.

2. ШУТИС-ийн удирдлага М.Алтанцэцэгийг 2013 оны 9 дүгээр сарын 16-наас хойш ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл авснаас хойш эмнэлгийн акт бичиг баримт гаргаж, АНУ-д эмчилгээнд явах болсон зэргийг харгалзан үзээд эргэж ажилдаа орох бололцоогоор хангаж, ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй харж байсан болно.

3. М.Алтанцэцэг эмнэлгийн бичиг баримт гаргаж, ажилдаа орох талаар ярилгүй байж байснаа ажилгүй байсан хугацааны, цалин гэж 2013 оны 10 дугаар сарын 16-наас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан нөхөн олговорт 17 122 909 төгрөг нэхэмжилснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан. М.Алтанцэцэг ажил хийхгүй байж байгаад амар хялбар аргаар мөнгө олох эрмэлзэлтэй болох нь тодорхой болсон.

4. М.Алтанцэцэг болон түүний өмгөөлөгч ажилдаа орох талаар нэг ч үдаа ярилгүй хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг олон янзаар таилбарлан бичиж нөхөн олговрын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг бүхииажлаа хийлгүй өвчтэй гэж хоёр жил гаруй эмнэлгийн акт баримт бичиг гаргаж явчихаад нөхөн олговор нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.

5. М.Алтанцэцэг номын санчийн ажилдаа эргэн орох талаар хүсэлт гаргалгүй дахин дахин нөхөн олговрын мөнгө нэхэх болсон учраас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б/91 тоот тушаалаар номын санчийн ажлаас чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгон шийдвэрлэсэн нь хууль зүйд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Алтанцэцэг 2013 оны 9 дүгээр сарын 16-наас номын санчийн ажилдаа нэг ч ажиллахгүй өвчтэй гэж явчихаад нөхөн олговор нэхэмжилж, ажилд орох талаар нэхэмжлэл гаргасан нь бодит баидалд нийцэхгүй байна. М.Алтанцэцэгийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэлт болгож байна гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 5 710 880 төгрөгийг гаргуулж М.Алтанцэцэгт олгож, М.Алтанцэцэгийн нэхэмжлэлээс 11 412 029 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Алтанцэцэгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ҮТДС-ийн номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны /2016 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл/ цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 106 324 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1.Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв талаас нь үнэлж дүгнэлт хийлгүй зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Ажил олгогч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлийг заасан. Гэтэл орон тоо хасагдаагүй болох нь ШУТИС-ийн ректор Б.Очирбатын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А-162 тоот тушаал, хариуцагчийн гаргаж өгсөн бүтэц зохион байгуулалтын схем зураг, тайлбараар нотлогддог. Гэтэл орон тоо хасагдаагүй байхад 3 номын санчаас намайг ямар ч үндэслэлгүйгээр сонгон авч, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчин, ялгаварлан гадуурхаж, хууль бусаар ажлаас халахдаа ҮТДС-ийн захиргааны орон тоонд өөрчлөлт орсон гэх тодорхой бус үндэслэл заасан, мөн мэдэгдэл хүлээн авсан боловч шүүхэд мэдэгдэл хүчингүй болгох тухай нэхэмжлэхээр маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл өвчтэй байж ажлаас чөлөөлөх тушаал гаралгүй орхигдсон гэсэн аслаас чөлөөлөхтэй холбоогүй хууль бус үндэслэлийг зааж 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ажлаас чөлөөлөс Б/91 тоот тушаал гаргасан байхад шүүх М.Алтанцэцэг өвчтэй байсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтийнхээ эсрэг, тушаалын бусад үндэслэлийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, зөвхөн ажил олгогчид ашигтай байдлаар нотлох баримтыг тайлбарлаж, тушаалыг шууд хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль бус байна. Мөн ажил олгогч нь мэдэгдлээ 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажлаас халсан тушаалдаа дурдаагүй нь өмнө өгсөн мэдэгдлийн дагуу ажлаас халж байна гэж үзэх үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

2.Анхан шатны шүүх нь зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх “хариуцагч ШУТИС нь М.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй бөгөөд ажил үүргийг нь бусдад шилжүүлж, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон байна ... хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч учирсан хохирлоо нэхэмжилж байна гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна ... Иргэний хуулийн 227.3-д ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг тооцно” гэж тус тус ажил олгогчийг буруутай байна гэж дүгнэсэн атлаа түүнийхээ эсрэг намайг буруутай мэтээр цалингийн хэмжээгээр хохироогүй байна гэж хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж хуулийг буруугаар тайлбарлаж ажил олгогчид ашигтай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хэрэв хохирол гэж үзвэл би цалин хөлснийхөө хэмжээгээр хохирч байгаа болно. Гэтэл ажил олгогчийн буруугаас болж намайг ажиллуулаагүй тохиолдолд би цалингийнхаа хэмжээгээрээ бүхэлд нь хохирч байхад ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хохирол гаргуулсан нь хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр номын санд тооллого хийж миний ажлыг хүлээн авч, М.Алтанцэцэг миний ажлыг 2013 оны 10 удгаар сарын 16-ны өдөр өөр хүнд хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс ажлаас халагдсан өдөр гэж зохицуулснаас харахад би өөрийгөө 2016 оны 10 удгаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас халагдсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй болно. Энэ талаарх тайлбар, үндэслэлээ анхан шатны шүүхэд бичгээр гаргаж өгсөн.

Гэтэл шүүх “Хөдөмлөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлүүдэд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол ажлаас халсанд тооцохоор зохицуулаагүй байна ... ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хохирсон байна” гэж дүгнэн хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг хэрэглэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 17 122 909 төгрөг гаргуулах, тус сургуулийн Үндэсний технологийн дээд сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, М.Алтанцэцэг нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй, өвчтэй гэж явчихаад нөхөн олговор нэхэмжилж, ажилд орох орох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл М.Алтанцэцэгийг Шинжлэх ухаан, техниологийн их сургуулийн ректорын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйл, ШУТИС-ийн дүрмийн 4.12.6, ҮТДС-ийн захиргааны орон тоонд өөрчлөлт оруулах тухай ректорын 2013 ны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/162 тоот тушаал, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн сургуулийн номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй атлаа ажил хөдөлмөр эрхлүүлээгүй гэж, хариуцагч М.Алтанцэцэг нь өвчтэй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлүүлэх тушаал гаргуулаагүй, орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж мэтгэлцэн маргажээ.

 

Шүүх М.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаалыг ажил олгогч гаргаагүй байхдаа түүний ажил үүргийг бусдад шилжүүлж, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иймд хариуцагч нь М.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч буруугүй тул нэхэмжлэгч нь уг хугацааны цалинг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Харин М.Алтанцэцэгийн ажиллах боломжоор хангаагүй хугацааны буюу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 5 710 880 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, ажил олгогчоос ажлаас халсан тушаал гаргаагүй байх хугацаанд ажилтан нь цалингаа авахаар шаардах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс дээрх хугацаанд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас халихгүй хэмжээнд 17 122 909 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А-162 дугаар “ҮТДС-ийн захиргааны орон тоонд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар номын санчийн орон тоог хассан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Улмаар дээрх тушаалын үндэслэн ажлаас чөлөөлөх “Мэдэгдэл”-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан нэхэмжлэгчид өгч, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцсэн бөгөөд шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 17 122 909 төгрөгийг гаргуулж М.Алтанцэцэгт олгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “106 324 төгрөгийг” гэснийг “243 564 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА