Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

    Э.Гт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Цогтгэрэл,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Гт холбогдох эрүүгийн 201725020704 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Э.Г, 1995 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн .... түр оршин суух,

урьд 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:..../,

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.У халааснаас 650 000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан,

2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....мед” эмнэлгийн захирал С.А өрөөнөөс 1 150 000 төгрөг бүхий түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад нийт 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Э.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бусдад 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн эдлэх ялаас 32 цагийг хасч нийт 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэхийг тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Э.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокуророос яллагдагч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 20 хоног хорих ял оногдуулах саналыг  анхан шатны шүүхэд гаргасан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын  саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байхад прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх саналд тусгасан ялаас өөр төрлийн ял оногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Гт оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь яллагдагч хэргийг хялбаршуулах талаар хүсэлт гаргасан, прокурорын түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг биш 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан ял оноосон нь буруу байна.

Иймд Э.Гт холбогдох шийтгэх тогтоолыг зөвтгүүлэн өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.У халааснаас 650 000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан,

2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.... мед” эмнэлгийн захирал С.А өрөөнөөс 1 150 000 төгрөг бүхий түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад нийт 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Т.У: "...2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Баялаг” хүнсний дэлгүүр дотор найз Э хамт тооцоогоо хийчихээд дэлгүүрээс гарах гэтэл миний зүүн талын халаасанд байсан саарал өнгийн “Ай фоне 6” маркийн гар утас алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-11-12/,

мөрдөн байцаалтанд хохирогч С.А: “...2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 12 цагийн үед ажилынхаа өрөөний үүдэнд өөрийн бор өнгийн цүнхээ сандал дээр тавьчихаад заал руу орж ажилчидтайгаа уулзсан. Тухайн үед өрөөний хаалгаа хааснаа санахгүй байна. Зааланд хэсэг байж байгаад өрөөнд орж иртэл цүнхэнд байсан 1 000 000 төгрөгтэй загасан нүдэн улаан өнгийн хэтэвч алга болсон байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд эмнэлэгийнхээ хяналтын камерийг шүүж үзэхэд 1 нас гарантай хүүхдийг урд талдаа үүргэвчинд суулгаж тэвэрсэн 25-26 орчим насны шар үстэй туранхай 170 см өндөртэй улаан хүрэн өнгийн биеийн тамирын хувцастай залуу манай эмнэлэгт орж ирээд надаас зөвлөгөө авчихаад гарч явснаа буцаж орж ирээд миний өрөөний зүг рүү яваад хэсэг хугацааны дараа гарч байгаа бичлэг байсан. Би өөрийнхөө өрөөг огт цоожилдоггүй юм. Тухайн өдөр би байрны зээл төлөх гээд 1 100 000 төгрөгийг бэлэн авч явж байсан юм. Алдагдсан хэтэвчинд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, голомт банкны виза карт, мөн дэлгүүрийн хөнгөлөлтийн картууд байсан. Би өөрийнхөө бичиг баримт, картуудыг тухайн өдрийн орой нь эмнэлгийн гадна талаас олж авсан. Алдагдсан хэтэвчийг 2016 онд миний танил Тайланд улсаас авч ирээд надад бэлэглэж байсан. Би хэтэвчээ 150 000 төгрөгөөр үнэлж байна. Миний эд зүйлийг хулгайлан авсан залуугаас 1 100 000 төгрөг нэхнэ, хэтэвчээ нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг /хх-48-49/,

мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Гын: "...2017 оны 3 дугаар сар байсан санагдаж байна. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-д байрлах нэг супермаркетад оройны 19-20 цагийн орчимд идэх юм авч идэх гээд ороход 2 эмэгтэй байсан. Нэг эмэгтэйгийн халааснаас “Айфоне-6” маркийн гар утас цухуйсан байсан. Тэгэхээр нь халааснаас нь хулгайлж аваад шууд такси бариад “Монтел” дээр очсон. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Паркийн хажуу талд Б гэдэг ах эхнэр болон хүүхэдтэйгээ явж байхад нь тааралдсан. Б ах хулгай хийдэг учраас таньдаг юм. Намайг цуг гарч хулгай хийх үү гэхээр нь тэгье гэж гараад Замын цагдаагийн газраар урагшаа яваад “Монос фарм” эмийн сан ороод Б ах эм авах гэхэд мөнгө нь хүрэхгүй байсан чинь эхнэртэйгээ эмийн сангаас гараад яваад өгсөн юм. Би хойд талын өрөө рүү нь орсон чинь эмэгтэй хүний цүнх онгорхой дотор нь түрийвч ил харагдаж байхаар нь Б ахын хүүхдийг тэвэрсэн чигээрээ хулгай хийгээд гарч яваад Б ахад хүүхдийг нь өгчихөөд такси бариад явсан. Яг хэдэн төгрөг, ямар бичиг баримт байсныг санахгүй байна..." /хх-91/ гэх мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ: “Ай фоне 6 маркийн гар утас 1 ширхэг-650 000 төгрөг” гэжээ /хх-8/, “Загасан нүдтэй улаан өнгийн арьсан түрийвч 1 ширхэг-50 000 төгрөг” гэжээ /хх-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “цээжин дээрээ цагаан өнгийн бичигтэй улаан цамц, саарал өмд, хар алаг пүүзтэй этгээд “Баялаг” хүнсний дэлгүүр рүү орж ирэх бөгөөд тухайн үед дэлгүүрийн лангууны ард зогсож байсан хоёр эмэгтэйн ард ирж зогсох бөгөөд тэр үед гаднаас хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн орж ирэх бөгөөд тухайн үед тэр хоёр эмэгтэйн ард зогсож байсан этгээд нөгөө хүүхдээ тэвэрсэн эмэгтэйтэй шууд зөрөөд дэлгүүрээс гарч явав” гэжээ /хх-74-75/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-41/, Э.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-95/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь зөв боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь буруу болжээ.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан  зөв байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх заалтыг удирдлага болгосон нь  хууль зөрчжээ.

Иймээс дээрх алдааг зөвтгөн засах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “баривчлагдсан, цагдан хоригдсон 1 хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар...” тооцож эдлэх ялаас хасах заалтыг баримтлан анхан шатны шүүхээс Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн 720 цагаас 32 цагийг хасч нийт 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймээс прокурорын “ял буруу оногдуулсан” талаар гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын “Удирдлага” болгосон заалтаас

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  “17.4 дүгээр зүйлийн 1,4,” гэсэн заалтыг хасч,

2. “Тогтоох” хэсгийн:

“2” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэснийг

“...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,  тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

О.ЧУЛУУНЦЭЦЭГ