Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: “МХЭ” ХХК,

Гуравдагч этгээд: “БЗР” ХХК,

Гуравдагч этгээд: “ЗН” ХХК,

Гуравдагч этгээд: “ХС” ХХК,

Гуравдагч этгээд: “БТЭА” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Түргэний ам нэртэй газарт “МХЭ” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “БЗР” ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “ЗН” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “ХС” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “БТЭА” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, С ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, өмгөөлөгч Э.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж,

Гуравдагч этгээд БЗР ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О,

Гуравдагч этгээд: ХС ХХК-ийн өмгөөлөгч Б.А,

Гуравдагч этгээд: БТЭА ХХК-ийн өмгөөлөгч Б.А,

Гуравдагч этгээд: ЗН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Гуравдагч этгээд: МХЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0586/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Түргэний ам нэртэй газарт “МХЭ” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, “БЗР” ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, “ЗН” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, “ХС” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, “БТЭА” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, С ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан СХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, Богдхан уул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Түргэний ам нэртэй газарт МХЭ ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаал, БЗР ХХК-д газар ашиглах эрх олгосон А/150 дугаар тушаал, ЗН ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаал, ХС ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дүгээр тушаал, БТЭА ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, С ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл, түүний үйл баримтын тухайд:

3.1.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь анх Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Түргэний ам нэртэй газарт 30 га газар ашиглах эрхтэй болсон.

3.1.2. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ болон 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/11 дүгээр гэрээний дагуу дээрх 30 га газрыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглах эрхтэй байсан боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Ц.Чимэдцэрэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, иргэний хариуцагчаар “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Ц татагдаж, тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримт бичгийг хураан авч, нэхэмжлэгч “С” ХХК нь Түргэний ам нэртэй газарт байрлах 30 газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаас  тодорхой харагддаг.

3.1.3. Ийнхүү дээрх эрүүгийн хэргийн иргэний хариуцагч Ц.Ц нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “С” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1077 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолоор тус тус “885,093,620 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Д.Мт олгосугай” гээд  ”С” ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Цт ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.Мт учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болно.

3.1.4. Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий нийт 30 га газраас 15 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

3.1.5. Улмаар дээрх газраас тусдаа нэгж талбар бүхий, үлдсэн 15 га газрын ашиглах эрхийн хугацаа дууссан буюу газар ашиглах эрх дуусгавар болсон гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах болон гуравдагч этгээдүүдэд Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Түргэний ам нэртэй газарт газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ тодорхойлсон.

3.2. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд:

3.2.1. Анхан шатны шүүх 97 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ өөрийн эрх хэмжээнд хамааралгүй байдлаар буюу “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1077 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолоор: ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-д заасныг баримталсан байна. Үүнээс үзвэл Д.Мт учирсан хохирлыг зөвхөн мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр заасан болохоос биш бусдаас залилж авсан эд хөрөнгийн хохирол төрийн өмчийг буюу Тусгай хамгаалалттай газрыг Д.Мт олгохоор шийдвэрлээгүй” гэж нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг өөрөөр тайлбарлан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2.2. Учир нь дээр дурдсан эрүүгийн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр “шүүгдэгч Ц.Чимэдцэрэнгээс 885,093,620 төгрөг гаргуулж, хохирогч Д.Мт олгуулж” шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгийг шүүх үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлэх гэж заасныг баримтлан “С” ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Цт ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.Мт учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166421 дугаар гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь эцсийн шийдвэр болсон.

3.2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоол заавал биелэгдэх зарчимтай.

3.2.4. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 97 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д дурдсанчлан “С” ХХК-ийн ашиглах эрх бүхий 30 га газар байсныг компанийн хувьцааны үнэлгээнд тооцсон бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д тус тус заасны дагуу “С” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх болон компанийн хөрөнгийг Д.Мт шилжүүлж шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүхийн 97 дугаар шийдвэрт “...Тусгай хамгаалалттай газар нь төрийн өмч байх бөгөөд эрүүгийн хохиролд төрийн өмчийг тэр тусмаа тусгай хамгаалалтай газрыг бусдын өр төлбөрт тооцож олгохыг хуулиар хориглосон”, “уг газрыг шууд эрүүгийн хэргийн хохиролд төлүүлэхээр олгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2.5. Мөн анхан шатны шүүх “С” ХХК-ийн зүгээс 30 га газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсантай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ербахытын үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тогтоолын агуулгаас үзвэл зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон Ц.Ц болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдуулж, Ц.Цыг бусдыг дахин хуурч мэхлэх замаар дээрх газрыг захиран зарцуулахыг хязгаарлахаар гарсан тогтоол байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

3.2.6. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн “С” ХХК-ийн ашиглах эрх бүхий 30 га газраас 15 га газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэнтэй холбоотой анхан шатны шүүхийн 97 дугаар шийдвэрт “С” ХХК нь “...2011-2017 он хүртэл газрын төлбөрт нийт 229,100,000 төгрөгийг төлсөн” гэж дүгнэсэн атлаа тус захиргааны хэрэгт хамааралгүй этгээд болох “иргэн Д.Ц нь дээрх газрын төлбөрт төлсөн 229,100,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд:

3.3.1. Анхан шатны шүүх маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “С ХХК-ийн ашиглах эрх бүхий 15 га газрын эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн” А/121 дүгээр тушаалын үндэслэлд огт дурдаагүй Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг үндэслэн “...гэрчилгээний хугацаа дууссаны дараа хүсэлтээ гаргасан нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

3.3.2. Дээр дурдсанчлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолоор тус хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс “маргаан бүхий 30 газар ашиглах эрхийг сунгуулах талаар хүсэлт гаргах боломжгүй байсан” бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс тус эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх талаар” албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул “С” ХХК-ийн хувьцаа, гүйцэтгэх захирлын эрх мэдлийг Д.Мт шилжүүлэн өгсний дараа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус “Газар ашиглах эрхийг хугацаа сунгуулах тухай” хүсэлтээ гаргасан.

3.3.3. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрт “..Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавьсан зарлалын дагуу холбогдох баримт, хүсэлтүүдээ хариуцагчид ирүүлээгүй” гэж дурдсан байх боловч нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбоотой дээрх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 01 дүгээр сарын 04-ний өдөр, 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлалуудад дурдсан шинэчилсэн бүртгэлд хамрагдахад шаардлагатай бүрдүүлэх материалуудыг гаргаж өгөх боломжгүй байсан болно.

3.3.4. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “С” ХХК-ийн ашиглах эрх бүхий 30 га газраас 15 га газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул дээрх 30 га газраас нийт 12.113 га газрын ашиглах эрхийг гуравдагч этгээд нарт олгосон нь мөн үндэслэлгүй бөгөөд улмаар С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Түргэний ам нэртэй газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай нийт 30 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байх тул анхан шатны шүүхийн 97 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 283 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат хязгаарлалтын бүс нутаг буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Түргэний аманд байрлах 30 га газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зориулалтаар “С” ХХК-д олгож, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаагаар газар ашиглах 2014/11 дугаар гэрчилгээ олгожээ.

2.2. Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 07-ны А121 дүгээр тушаалаар ашиглах эрх бүхий 30 га газраас 15 га талбайн ашиглах эрхийг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэсэн бөгөөд тус газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар 1.5 га талбайг “МХЭ ХХК-д, А/150 дугаар тушаалаар 1.1 га талбайг “БЗР ХХК-д, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/413 дугаар тушаалаар 31013 м.кв талбайг “ЗН ХХК-д, А/416 дүгээр тушаалаар 43878 м.кв талбайг “ХС ХХК-д, А/421 дүгээр тушаалаар 20239 м.кв талбайг “БТЭА ХХК-д тус тус ашиглах эрх олгосон байна.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх газар ашиглах эрх дуусгавар болгосон тушаал болон гуравдагч этгээд “Монголиан херойк экпедишн” ХХК, “БЗР” ХХК, “ЗН” ХХК, “ХС” ХХК, “БТЭА” ХХК нарт газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган “... эрүүгийн хэргийн шүүхээр “С” ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Цт ногдох хэсэг, хувьцаа хөрөнгөөс хохирогч Д.Мт учирсан хохирлыг төлүүлэхээр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн шийдвэр эцэслэгдэж шийдвэрлэгдсэний дагуу Ц.Цаас тус компанийн 80 хувийн хувьцааг 885 сая 93 мянга 620 төгрөгийн хохирол тооцон шилжүүлж авсан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр маргаантай байсан буюу холбогдох компанийн бичиг баримтыг эрүүгийн хэрэгт хураан авсан. Газартай холбоотой үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон учраас тус газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал байгаагүй. Тийм учраас маргаан бүхий 121 дүгээр тушаалд дурдсан үндэслэл үндэслэлгүй ...” гэх агуулгаар маргажээ.

2.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь хуульд заасан үүргээ зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

2.5. Хэдийгээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Мыг бүртгэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрх олж авах хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ербахытын үйлдсэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тогтоолоор “С” ХХК-ийн хувь эзэмшигчдэд өөрчлөлт оруулахгүй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний аманд байрлах 30 га газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэж тайлбарлаж байх боловч тухайн мөрдөгчийн тогтоол нь яллагдагч Ц.Ц өөрийн өмчийн “С” ХХК-ийн хувьцаа, тус хуулийн этгээдийн газар ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон агуулгатай ба харин тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах, хуульд заасан чөлөөлөх газар эзэмшигч ашиглагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй учир давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

2.6. Тодруулбал Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” болон 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, гэж тус тус заасан. “С” ХХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан ч газрын төлбөр төлөх, зориулалт, гэрээний дагуу ашиглах үүрэгтэй.

2.7. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “С” ХХК-ийн газар ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрөл бүхий талбай 30 га газар байсныг компанийн хувьцааны үнэлгээнд тооцсон гэх тайлбар үндэслэл бүхий, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй боловч эрүүгийн хэргийн шүүхээс иргэн Д.Мт учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Түргэний аманд байрлах газрыг шилжүүлэх утгаар тайлбарлагдахгүй ба нэгэнт нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийн буруутай үйлдлийн улмаас газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл бүрдсэн байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А121 дүгээр тушаалыг буруутгах боломжгүй байна.

2.8. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...иргэн Д.Ц нь дээрх газрын төлбөрт төлсөн 229,100,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй буюу анхан шатны ийнхүү дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь Д.Ц 2011-2017 он хүртэл газрын төлбөрт нийт 229,100,000 төгрөгийг төлсөн нөхцөл нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 07-ны А121 дүгээр тушаалаас өмнө газар ашиглах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд газрын төлбөр төлсөн нь зүй ёсны хэрэг бөгөөд энэ талаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй дүгнэлт болжээ.

2.9. Мөн гуравдагч этгээд “Монголиан херойк экпедишн” ХХК, “БЗР” ХХК, “ЗН” ХХК, “ХС” ХХК, “БТЭА” ХХК нарт маргаан бүхий газрыг олгосон шийдвэрүүдийн тухайд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БаТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА