Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 992

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч Ч.О, өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц овогт Чын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Чын О нь Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” арьс нэхийн үйлдвэрт манаачаар ажилладаг, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял;

-Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 19 хоногийн ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 1 сар 19 хоногийн хорих ял тус тус шийтгэгдсэн (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт”-ийн задгайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж бугалга, шуу гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О нь: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Ч.О нь архи уусан байдалтай манай гэрт ирэхээр нь “чи согтуу байна, одоо харих хэрэгтэй” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн задгай буюу 36 тоотод байрлах өөрийнх нь харуул хийдэг байранд хүргэж өгөөд хамт хоносон. Маргааш өглөө нь гэртээ хариад амарч байтал орой 17-18 цагийн хооронд зүс таних дэлгүүрийн худалдагч “танай нөхөр энэ хавиар архи уугаад, мөнгөө хаяад яваад байна” гэхээр нь гэрээсээ гараад очиж авах санаатай явж байтал ...өөдөөс Ч.Оын ээж Дэмбэрэл таараад дэлгүүрээс нэг шил Тайга нэртэй архи авч, Ч.Оын гэрт очиж хувааж ууж дуусгаад хадам ээжийн танил айлд очсон. Тухайн айлд очихдоо мөн нэг шил Тайга нэртэй архи авч очоод ууж байтал айлын эзэн ажилтай гээд явахаар нь бид үлдсэн архиа аваад буцаад гэртээ очсон. Хадам ээж, О хоёр үлдсэн архиа хувааж ууж дуусгаад дахиад 2.5 литрийн пиво аваад ууж суутал Ч.О үл таних хүнтэй “сайхан хүүхэн аваад ир, би үхлээ” гэж ярихаар нь би “чи яахаараа нэгнийгээ доромжилж байдаг юм, урд шөнө хамт хоносон биз дээ” гэж хэлтэл “чи муу гичий дуугай бай” гэж хэл амаар доромжилсон. Би гутал аваад Ч.Оын зүүн талын мөр рүү цохитол Ч.О босож ирээд шууд нүүр, нүд, биеийн бүх хэсэг рүү цохиж, хөл болон гараараа хэд хэдэн удаа өшиглөж, гэрт байсан машины сандлыг авч над руу шидэх үед би гараараа хаасан. ...Гараараа хааснаас болж баруун болон зүүн гарын шуу хэсэгт зулгаралт, цус хуралт, хөхрөл, няцрал үүссэн. Бид хамт амьдраад 2 гаруй жил болж байна. Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

2. Шүүгдэгч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“... 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Эмээлтийн задгай 36 тоот хашааны үүдэнд байрлах манаачийн байр дотор хамтран амьдрагч Н, төрсөн эх Дэмбэрэл бид гурав 0.5 литрийн Тайга архи уусан. Архи дуусаад би найз Баавгай гэх залуутай ярихад “хоёр сайхан хүүхэн байна, чи нэгийг нь авах уу” гэхээр нь авъя гэж хэлсэн. Тэр яриаг Н сонсоод уурлаад “чи муу ингэж заваарч явдаг юм байна” гээд гутлаар баруун мөр рүү цохисон. Би зөрүүлээд нэг удаа алгадаж, машины төмөр сандлыг аваад шидсэн чинь Н баруун гараараа хаасан. Бид эвлэрч, би Нгаас уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-61 дүгээр тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7646 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхинд 4.5х3 см хөх ягаан цус хуралттай, хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, цээжний зүүн дээд хэсэгт 3.5х3 см, 4.5х3 см, 2х2 см, 3х2 см, баруун бугалганы урд дээд хэсэгт 1х1 см, 1.2х1 см, 1х1 см, 1.5х1.2 см, зүүн бугалганы урд дунд хэсэгт 2х2.5 см, гадна доод хэсэгт 4х3 см, зүүн шууны гадна дунд хэсэгт 3х2 см, 1.5х1 см, баруун гуяны урд дунд хэсэгт 4х2.5 см, урд доод хэсэгт 2х1 см, 1.5х1.5 см хөх ягаан цус хуралтуудтай, баруун тохой үений урд хэсэгт 9х4.5 см бүдэг хөх цус хуралттай, 7х4 см улаан хүрэн зулгаралттай, хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй.   

Дүгнэлт: “...Х.Нгийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж, бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

4. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн/ (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 42-48 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 3-7 дугаар тал), дуудлага, мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 52 дугаар тал),

 

Хохирогчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт:

5. Хохирогч Х.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт:

6. Шүүгдэгч Ч.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), таслан шийдвэрлэх тогтоолууд (хавтаст хэргийн 88-93 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 14 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 72, 75 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 80-84 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Оод холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ч.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Нг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Ч.О нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ч.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.О, хохирогч Х.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2018 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Ч.О нь нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт”-ийн задгайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж бугалга, шуу гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Ч.О үл таних хүнтэй “сайхан хүүхэн аваад ир, би үхлээ” гэж ярихаар нь би “чи яахаараа нэгнийгээ доромжилж байдаг юм, урд шөнө хамт хоносон биз дээ” гэж хэлтэл “чи муу гичий дуугай бай” гэж хэл амаар доромжилсон. ...Ч.О босож ирээд шууд нүүр, нүд, биеийн бүх хэсэг рүү цохиж, хөл болон гараараа хэд хэдэн удаа өшиглөж, гэрт байсан машины сандлыг авч над  руу шидэх үед нь би гараараа хаасан. ...Гараараа хааснаас болж баруун болон зүүн гарын шуу хэсэгт зулгаралт, цус хуралт, хөхрөл, няцрал үүссэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-шүүгдэгч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...би найз Баавгай гэх залуутай ярихад “хоёр сайхан хүүхэн байна, чи нэгийг нь авах уу” гэхээр нь авъя гэж хэлсэн. Тэр яриаг Н сонсоод уурлаад “чи муу ингэж заваарч явдаг юм байна” гээд гутлаар баруун мөр рүү цохисон. Би зөрүүлээд нэг удаа алгадаж, машины төмөр сандлыг аваад шидсэн чинь Н баруун гараараа хаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-61 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7646 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 42-48 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 3-7 дугаар тал), дуудлага, мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 52 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ч.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Нгийн бие махбодид халдаж, зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Нгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон тэдгээрийн хоорондын таарамжгүй харилцаа, эр эмийн хардалт, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.О нь хохирогч Х.Нгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Х.Н нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг;

            Өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ: Шүүгдэгч нь өдрийн 30.000 төгрөгийн цалинтай арьс нэхийн үйлдвэрт ажилладаг, ажил хөдөлмөр эрхэлдэг гэдэг нь нотлогдсон.

            Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажлаасаа халагдах магадлалтай тул түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2 удаа ял шийтгүүлж байсан боловч уг ялыг эдэлж дууссан, түүнд энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч Ч.Оод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ч.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Ц овогт Чын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар болон улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА