| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0781/Э |
| Дугаар | 0966 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 0966
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Н.Ундрах,
иргэдийн төлөөлөгч Д.Сарантуяа,
шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/, Б.Энхтүвшин /ШТЭД-0938/, С.Чулуунбаатар /ШТЭД-0009/,
шинжээч эмч Н.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-ад холбогдох эрүүгийн 1908 05990 0845 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Хан-Уул дүүрэгт байрлах мод үрсэлгийн газарт туслах ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,
Ө овогт С-ийн С /РД:АЖ9611...../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Шээсэн дээрээ хэвтсэн” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Мөнхзулыг хацар луу нь алгадах, өгзөг, хэвлий, хөл рүү өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, 2 нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөлийн шилбэ, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 682 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: /давхцаагүй байдлаар/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх6/, /хх7/, санал, прокурорын албан тоот /хх18/, гэрч М.М-ын мэдүүлэг /хх35/, С.С-ийн мэдүүлэг /хх34/, гэрч Б.Х-ын мэдүүлэг /хх56/, гэрч С.Х-ын мэдүүлэг /хх59/, гэрч Д.О-ийн /хх74/ мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн баримтыг тус тус шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч С.С-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэрч Н.Б-ийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед өөрийн төрсөн хүү Т-ийн хамт .... дугаар байрны өөрийн хариуцдаг 1, 2 дугаар орцыг цэвэрлэх гээд гарсан. Тухай үед би хүүтэй хамт 2 дугаар орцны 8 давхраас доошоо шатаар цэвэрлэгээ хийгээд явж баитал 5 давхарт буугаад ирсэн чинь 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр дээшээ хараад хоёулаа хар бараан өнгийн куртикнууд өмсчихсөн мөн тэр хүмүүс хоёулаа өмдөө шагайгаа хүртэл тайлчихсан доогуураа цаасан хайрцаг дэвсээд унтаж байсан ба тэр үед би царай луу нь харсан чинь эмэгтэйгийнх нь царай битүү хавдаад хөхөрсөн байсан ба хамт хэвтэж байсан залуугийнх нь дээд уруул сэтэрсэн юм шиг харагдаж байсан. Тэгэхээр нь би тэр 2 хүнийг сэрээгээд гар гэж хэлтэл эрэгтэй нь эгчээ цэвэрхэн хоночихоод маргааш гарчихая тэгэх үү гэж хэлээд гуйгаад байхаар нь би буугаад явчихсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 07 цагийн үед ... 2 хүний унтаж байсан газар шээс болчихсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх61-62/,
2. Гэрч Б.М-ын “...Би өнөөдөр найз М-ийн /шүүгдэгч С.С-ыг дууддаг байсан нэр/ хамт Сонгинохайрхан дүүргийн 19-н буудал дээрээс Мөнхзулыг хайгаад байрнуудын орцоор хайсан. М ...., .... байрны орцонд унтаж байсан. Бид хоёр М-ыг босгоод Т эгчийнд хамт очъё гэж хэлэхэд миний бие муу байна гээд хэвтээд байсан. М бид хоёр М-ыг аваад Т эгчийн гэрт 15 цагийн үед ирсэн. Т гэртээ согтуу унтаж байсан. Т-ийн нөхөр нь ажил хийнэ гэж хэлээд гараад явсан. Бид хэд цай чанаж М-д халуун юм өгсөн. М бие өвдөөд байна гээд дотор муухай оригоод бөөлжих гээд байна гээд бие нь өвдөөд өөрөө түргэн дуудаад өгөөч гээд байсан. М түргэнд дуудлага өгсөн. Нэлээн удсаны дараа түргэний эмч ирж үзээд авч явна гээд М-ыг М-ийн хамт аваад явсан. М буцаад эмнэлгээс ганцаараа ирсэн. Би М гэж эмэгтэйг 2017 оноос хойш таньдаг болсон. Би М-тай үерхдэг байсан. Намайг мөрдөнгөөс гарч ирэхэд М нь М гэж залуутай найзалж байгаа гэсэн...М гэр оронгүй гадуур архи уугаад явж байдаг...” гэсэн мэдүүлэг /хх46/,
3. Гэрч Ц.Г-ын /Хоч Жалга Ганаа/ “...М сүүлийн үед М /шүүгдэгч С.С-ыг дууддаг байсан нэр/ гэж уруулан дээрээ яр гарсан залуутай байнга хамт явж байдаг болсон. Авгай нөхөр хоёр байгаа юм. Би хамгийн сүүлд өчигдөр өглөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө Хархорин зах дээр М нь М гэж залуугийн хамт явж байсан. М надад би өвдөөд байна гэж хэлж байсан. М надтай таарахдаа хоёр нүд нь хавагнасан хоёр хацар дээрээ шалбарсан байсан. Ном зардаг авгай М хандаж чи эхнэрээ алгадлаа гэж загнаад байсан 2-3 хоногийн өмнө тэгж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх51-52/,
4. Гэрч Х.Б-ы “...М-ийн М-ыг бид нар Мөөгий гэж дууддаг бөгөөд 1 дүгээр хороололд байнга архи уугаад явж байдаг. Миний мэдэхээр энэ 1 дүгээр хороололд архи ууж тэнэмэл амьдралаар амьдраад 2-3 жил болж байна. Өмнө нь Б гэх 1 дүгээр хорооллын халаас ухдаг өндөр залуугийн эхнэр байсан. Гэтэл Б 1 жилийн өмнө хэрэгт ороод 7 жилийн ял аваад М ганцаараа үлдэж байсан. Тэгээд 2-3 сарын өмнөөс М, эрэгтэй М-тэй байнга нийлж явах болсон. ...Миний бие эмэгтэй М-г хамгийн сүүлд өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр харсан бөгөөд тэр өдөр бас эрэгтэй М-тэй хамт явж байсан. Тэр өдөр би хоёр М-тэй хамт архи уучихаад 17 цагийн үед салсан бөгөөд тэр үед ямар нэгэн гэмтэл, бэртэл авсан харагдаагүй, өөрөө ямар нэгэн бие өвдөж байна гэсэн зовиур яриагүй. Нүүр нь л жоохон хавагначихсан байсан. Угаасаа эмэгтэй М архи байнга уудаг болохоор нүүр нь дандаа их хавагнасан байдалтай явж байдаг... Өнөөдөр эрэгтэй М-тэй хамт архи ууж байхдаа эмэгтэй М-ийг асуухад “авгай эмнэлэг рүү 103-р хүргэгдээд очсон байгаа. Бие нь жоохон өвдсөн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх54/,
5. Гэрч Г.-ийн /шүүгдэгчийн төрсөн эгч/ “...Сүүлд би С-аас хэрхэн юу болсон талаар нь асуухад С надад хэлэхдээ 2019 оны 8 дугаар сард М гэдэг эмэгтэйтэй танилцаад хамтдаа архи ууж тэнэмэл амьдралаараа хамт амьдардаг гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Хар хорин захын хойд талд байрлах байрны орцонд М-тай унтаж байсан чинь М босоод орцонд шээчхээд шээсэн дээрээ хэвтээд өгөхөөр нь би уурлаад чи яагаад шээж байгаа юм бэ? орцны жижүүрт би цэвэрхэн хононо гээд хэлчихсэн ш дээ гэж хэлээд уурандаа босоод бөгс рүү нь нэг удаа өшиглөөд хэвлий буюу гэдэс орчим нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд буцаж унтаад өглөө нь сэрсэн чинь М байхгүй би ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь босоод М-ыг хайсан чинь өөр байрны орцонд унтаж байхаар нь чи яагаад яваад өгсөн юм бэ гэж хэлсэн чинь миний ам цангаад дотор толгой эргээд байна гэж хэлсэн гэж л надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх78-79/,
6. Гэрч Э.Д-ий “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би гэрлүүгээ явж байхад М нөхөртэйгөө хамт Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо Миний дэлгүүрийн урд байж байсан ба тухайн үед хар нүдний ил зүүчихсэн зогсож байсан. ... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би яг нүүр тулж уулзаагүй, холоос харсан ба тухайн үед зүгээр л явж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх50/,
7. Гэрч Ө.Н-ын “...Хамгийн сүүлд намайг 2019 оны 10 дугаар сарын дундуур Сансарын 1 дүгээр байранд орцны жижүүр хийж байхад М, өөрийгөө М гэж танилцуулсан намхан, 20 орчим настай эрэгтэйтэй хамт ирээд “Найзад нь хонох газар байдаггүй. Бид хоёр дулаан газар нэг өдөр унтаад, усанд ороод, хувцсаа угаах хэрэгтэй байна” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд тэр хоёрыг хонуулчхаад явуулсан. ...Өөрийгөө М гэж танилцуулсан эрэгтэй нь талийгаач М-тай аягүй муухай харьцаж байсан бөгөөд манайд байхдаа жижигхэн шалтгаан гарангуут л М-ыг буруутгаж “Янхан минь чи хаагуур явах гээд байгаа юм. Дандаа архи ууж байх юм” гэх мэтээр удаа дараа хэл амаар доромжлон юм л бол бөгс рүү нь хөлөөрөө өшиглөж, дээрээс нь дэвслээд байсан. Тэр үед М согтуу орон дээр хэвтэж байсан. Би тэр үед их гайхаад “Хөөе чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүнийг. Ингэж хамаагүй зодож болохгүй” гэж хэлээд болиулсан чинь “Энэ муу ойрдоо их давраад байгаа юм. Би байнга л архи, хоолыг нь бэлдэж байгаа юм” гэж байсан. Миний бодлоор энэ М гэх залуу талийгаачийг энэ мэтээр байнга доромжилж, бие эрх чөлөөнд нь халддаг юм шиг санагдсан. Тэр явдал болсны дараахан би талийгаач М-аас тодруулж асуухад “Харин энэ залуу намайг байнга зодоод байгаа юм. Согтуу байхаараа, ялангуяа орцонд хүнгүй үеийг далимдуулж намайг зодоод байгаа юм. Би энэ талаар чамаас өөр хүнд хэлээгүй байгаа. Чамайг найзаа гэж боддог болохоор хэлсэн юм. Би танайд одоо хэд хоночихъё” гээд гуйхаар нь ойлгоод зөвшөөрөөд байж байтал нөгөө М гээд залуу нь удалгүй орж ирээд загнасаар байгаад талийгаач М-ыг аваад явсан. Би С-ийн С /АЖ9611....../ гэх хүний зургийг сая харлаа. Би хараад шууд таньж байна. Тухайн үед талийгаач М-тай хамт явж байсан өөрийгөө М гэж танилцуулсан эрэгтэй мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх76/,
8. М.М /амь хохирогч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 30 минутанд эмнэлэгт/ гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...би өнөөдөр хуурай эгч Т-ийн гэрт өдөр 12 цагт очсон. Т-ийн гэрт 2 танихгүй залуу байсан. Бид дөрөв 0,5 литрийн архи хувааж уусан. Тэр хоёр залуу тэгээд явсан. Би Т-ийн гэрт унтаж байхад миний зүрх дэлсээд амьсгалж чадахгүй байсан Т эгч түргэн дуудсан. Эмч намайг үзээд гэдэс нь хийтэй байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Миний гэдэс хэвлийрүү хүн цохиж нүдсэн асуудал байхгүй...Би долоо хоногийн өмнө танихгүй эрэгтэй хүнд Хархорин зах дээр цохиулж зодуулсан, би тэр хүнийг одоо танихгүй. Надад гомдол санал, цагдаагийн байгууллагаар шалгуулах асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх36-37/,
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ийн “...Миний бие дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлтийн хувьд гэвэл оршуулгын зардал 5 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх24-34/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 25.... дугаартай “...Талийгаач М.М-ын цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний цус хуралт, цусан бүлэн, хэвлийн хөндийн өтгөний гаралтай идээт үрэвсэл, үжил, үжлийн шок, нарийн гэдэсний дунд хэсэгт 12 хуруу гэдэснээс доош 1,5 м зайд, нарийн гэдсийг төгсгөл-төгсгөлөөр нь залгаж оёдол тавьсан мэс заслын дараахи байдал, 2 нүдний дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралттай, баруун, зүүн хацарт хуучин зулгаралт, баруун хөлийн шилбэ, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтлүүд учирчээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач М.М-ын цогцост учирсан хэвлийн битүү гэмтэл: нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний цус хуралт, цусан бүлэн, 2 нүдний дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралттай, баруун хөлийн шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 3 хоногийн дотор үүсгэгдсэн байж болох шинэ гэмтэл байна, харин баруун, зүүн хацарт хуучин тав тогтсон зулгаралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1,7 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Шүүх биологийн шинжилгээгээр В III бүлгийн цустай байна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний цус хуралт, цусан бүлэнгийн улмаас хэвлийн хөндийн өтгөний гаралтай идээт үрэвсэл, үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх81-86/,
11. Шинжээч эмч Н.Т-ийн “...Талийгаачийн биед үүссэн хэвлийн битүү гэмтэл нь өшиглөх, цохих, цохигдох, дэвсэх гэх мэт хатуу мохоо, механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед уг гэмтэл үүсэх боломжгүй юм. Талийгаачийн хэвлий хэсэгт 1 удаа буюу түүнээс дээш өшиглөх, цохих дэвсэх үед үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авсан тохиолдолд хэвлийгээр өвдөх, бөөлжих, дотор муухай оргих ам цангах, ухаан балартах гэх мэт шинж тэмдэгуүд илэрдэг. Уг гэмтлийг авч яаралтай түргэн тусламж аваагүй тохиолдолд тодорхой хугацаанд амьд явах боломжтой ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмнэлгийн яаралтай тусламж аваагүй тохиолдолд өвдөлтийн шок, үжил, үжлийн шокоор нас бардаг. Талийгаач нас бархаас 7 хоногийн өмнө уг гэмтлийг авсан байх боломжгүй. Тухайн гэмтлийг аваад эмнэлгийн яаралтай тусламж авалгүйгээр 7 хоног амьд явах боломж байхгүй. Талийгаачийн хувьд нас бархаас өмнө 1-3 хоногийн дотор энэ гэмтлийг авсан шинэ гэмтэл байх боломжтой. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр талийгаачийн биед үүссэн гэмтэл байж болно. Учир нь уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл талийгаачийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл болон 2 нүдний дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралттай баруун хөлний шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтэлүүд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Шинэ гэмтэл гэдэг нь нас бархаас өмнө 1-3 хоногийн дотор үүссэнийг хэлнэ. Харин гурваас дээш 7 хоногийн дотор үүссэнийг хуучин гэмтэл гэнэ ...Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний үжил үжлийн шокоор хүндэрч нас барсан байна...” гэсэн мэдүүлэг. /хх91-94, 95-97/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 58.... дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх хүрмэнд 80мм, 195х80мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ ханзралтууд гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх98/,
13. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх10-12/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-17/,
14. Гэрч Н.Б-ийн мэдүүлгийн шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх64-66/,
15. С.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх164-167/,
16. Гэрч Н.Б-ээр таньж олуулах ажиллагааг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх67-72/,
17. С.С-ын яллагдагчаар өгсөн “...Талийгаач унтаж байгаад босч ирээд шээчхээд шээсэн дээрээ хэвтээд өгөхөөр нь би уурлаад яагаад шээж байгаа юм бэ орцны жижүүрт цэвэрхэн хононо гээд хэлчихсэн ш дээ гэж хэлээд босч ирээд М-ыг хэвтэж байхад нь бөгс рүү нь хоёр удаа, гэдэс руу нэг удаа өшиглөсөн, баруун талын хацар луу нь 3 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх159-160/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.С-:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.С- нь амь хохирогчийг цохиж, өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч нар “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан” үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, мөн гэр бүлийн хамаарал харилцаа байхгүй үндэслэлээр мэтгэлцэж оролцсон.
Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцох үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол: Шүүгдэгч С.С-, амь хохирогч М.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 2 дугаар орцонд хамт хонох үедээ “шээсэн дээрээ хэвтсэн” гэх шалтгаанаар шүүгдэгч нь амь хохирогчийг хэвлий хэсэгт нь өшиглөсөн.
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед амь хохирогч нь /Ч.Э-ийн гэрээс/ түргэний машинаар эмнэлэгт очиж, хагалгаанд орсон боловч 2019 оны 11 дүгээр сарын 23-ны 00 цаг 53 минутанд нас барсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, амь хохирогч болон шүүгдэгч нарыг орцонд хамт хоносон, тухайн унтсан газар нь шээс болсон байсанг гэрч Н.Б-ийн “...би тэр 2 хүнийг сэрээгээд гар гэж хэлтэл эрэгтэй нь эгчээ цэвэрхэн хоночихоод маргааш гарчихая тэгэх үү гэж хэлээд гуйгаад байхаар нь би буугаад явчихсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 07 цагийн үед ... 2 хүний унтаж байсан газар шээс болчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,
Тухайн шөнө шүүгдэгч нь амь хохирогчийг өшиглөсөн, маргааш өдөр нь амь хохирогч бие өвдөөд гэж явж байгаад орой нь эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орж, улмаар нас барсан нь: гэрч Г.Ч-ийн /шүүгдэгчийн төрсөн эгч/ “...Сүүлд би С-аас хэрхэн юу болсон талаар нь асуухад С надад хэлэхдээ 2019 оны 8 дугаар сард М гэдэг эмэгтэйтэй танилцаад хамтдаа архи ууж тэнэмэл амьдралаараа хамт амьдардаг гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Хар хорин захын хойд талд байрлах байрны орцонд М-тай унтаж байсан чинь М босоод орцонд шээчхээд шээсэн дээрээ хэвтээд өгөхөөр нь би уурлаад чи яагаад шээж байгаа юм бэ? орцны жижүүрт би цэвэрхэн хононо гээд хэлчихсэн ш дээ гэж хэлээд уурандаа босоод бөгс рүү нь нэг удаа өшиглөөд хэвлий буюу гэдэс орчим нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.М-ын “...Бид хоёр М-ыг босгоод Т эгчийнд хамт очъё гэж хэлэхэд миний бие муу байна гээд хэвтээд байсан. М бид хоёр М-ыг аваад Т эгчийн гэрт 15 цагийн үед ирсэн. Т гэртээ согтуу унтаж байсан. ...М бие өвдөөд байна гээд дотор муухай оригоод бөөлжих гээд байна гээд бие нь өвдөөд өөрөө түргэн дуудаад өгөөч гээд байсан. М түргэнд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, амь хохирогч М.М-ын эмнэлгийн байгууллагад очин гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Г, Х.Б нарын мэдүүлэг, гэрч Н.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч С.С-ын “...Талийгаач унтаж байгаад босч ирээд шээчхээд шээсэн дээрээ хэвтээд өгөхөөр нь би уурлаад яагаад шээж байгаа юм бэ орцны жижүүрт цэвэрхэн хононо гээд хэлчихсэн ш дээ гэж хэлээд босч ирээд М хэвтэж байхад нь бөгс рүү нь хоёр удаа, гэдэс руу нэг удаа өшиглөсөн, баруун талын хацар луу нь 3 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг нь хэргийн бусад үйл баримттай тохирч байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэв.
Амь хохирогчийн үхлийн шалтгаан нөхцлийг тогтоох зорилготой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2564 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний цус хуралт, цусан бүлэн, хэвлийн хөндийн өтгөний гаралтай идээт үрэвсэл, үжил, үжлийн шок, нарийн гэдэсний дунд хэсэгт 12 хуруу гэдэснээс доош 1,5 м зайд, нарийн гэдсийг төгсгөл-төгсгөлөөр нь залгаж оёдол тавьсан мэс заслын дараахи байдал, 2 нүдний дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралттай, баруун, зүүн хацарт хуучин зулгаралт, баруун хөлийн шилбэ, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтлүүд учирчээ. ... Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. ...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний цус хуралт, цусан бүлэнгийн улмаас хэвлийн хөндийн өтгөний гаралтай идээт үрэвсэл, үжил, үжлийн шокоор хүндэрч нас баржээ...” гэжээ.
Энэхүү дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Н.Т-ийн “...Талийгаачийн биед үүссэн хэвлийн битүү гэмтэл нь өшиглөх, цохих, цохигдох, дэвсэх гэх мэт хатуу мохоо, механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед уг гэмтэл үүсэх боломжгүй юм. Талийгаачийн хэвлий хэсэгт 1 удаа буюу түүнээс дээш өшиглөх, цохих дэвсэх үед үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авсан тохиолдолд хэвлийгээр өвдөх, бөөлжих, дотор муухай оргих ам цангах, ухаан балартах гэх мэт шинж тэмдэгуүд илэрдэг. Уг гэмтлийг авч яаралтай түргэн тусламж аваагүй тохиолдолд тодорхой хугацаанд амьд явах боломжтой ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмнэлэгийн яаралтай тусламж аваагүй тохиолдолд өвдөлтийн шок, үжил, үжлийн шокоор нас бардаг, Талийгаач нас бархаас 7 хоногийн өмнө уг гэмтлийг авсан байх боломжгүй. Тухайн гэмтлийг аваад эмнэлэгийн яаралтай тусламж авалгүйгээр 7 хоног амьд явах боломж байхгүй. Талийгаачийн хувьд нас бархаас өмнө 1-3 хоногийн дотор энэ гэмтлийг авсан шинэ гэмтэл байх боломжтой, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр талийгаачийн биед үүссэн гэмтэл байж болно. ...Шинэ гэмтэл гэдэг нь нас бархаас өмнө 1-3 хоногийн дотор үүссэнийг хэлнэ. Харин гурваас дээш 7 хоногийн дотор үүссэнийг хуучин гэмтэл гэнэ ...Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний үжил үжлийн шокоор хүндэрч нас барсан байна...” гэсэн мэдүүлэг гаргажээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан буюу өшиглөсөн үйлдэл дээр маргаагүй, харин хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэгдэх боломжтой гэснийг дараах үндэслэлээр хүлээн авсан.
Шүүгдэгч С.С-ийн амь хохирогчийг өшиглөсөн үйлдэл нь өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэл байх боловч субъектив талын хувьд хохирогчийг алах гэсэн санаа зорилгогүй, учирч буй хор уршигийг хүсээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Учир нь гэрч Б.М-ын “...Би өнөөдөр найз М-ийн /шүүгдэгч С.С-ыг дууддаг байсан нэр/ хамт Сонгинохайрхан дүүргийн 19-н буудал дээрээс М-ыг хайгаад байрнуудын орцоор хайсан. М ...., ..... байрны орцонд унтаж байсан. Бид хоёр М-ыг босгоод Т эгчийнд хамт очъё гэж хэлэхэд миний бие муу байна гээд хэвтээд байсан. ...М түргэнд дуудлага өгсөн. Нэлээн удсаны дараа түргэний эмч ирж үзээд авч явна гээд М-ыг М-ийн хамт аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-ны “...Өнөөдөр эрэгтэй М-тэй хамт архи ууж байхдаа эмэгтэй М-ийг асуухад “авгай эмнэлэг рүү 103-р хүргэгдээд очсон байгаа. Бие нь жоохон өвдсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн дээр дурдсан мэдүүлэг зэргээр шүүгдэгч болон амь хохирогч нар нь хэн аль нь согтуу, архины хамааралтай хүмүүс байсны улмаас хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт болон мэдүүлэгт дурдагдсанаар учирсан гэмтлийн хувьд амь биед аюултай хүнд гэмтэл боловч амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан, нарийн гэдэсний задрал, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, цутгалан гэдэс, мухар гэдэсний үжил үжлийн шокоор хүндэрч нас барсан байна, идээт үрэвсэл 24 цагийн хугацаанд үүсдэг, үжил буюу үрэвсэл цусанд орж хүндэрдэг гэснийг хууль зүйн хувьд үнэлж үзэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн амь хохирогчийг хэвлий тус газар нь өшиглөсөн үйлдэл санаатай, тус үйлдлээс нарийн гэдэсний задрал бүхий хүнд гэмтэл учирсан боловч гэмт хэрэг үйлдэгдэгч этгээдийн сэдлийн хувьд хохирогчийг алах санаа зорилго агуулаагүй, хүнд гэмтэл авсанг шүүгдэгч, амь хохирогч хэн аль нь мэдэлгүй хугацаа алдсан, улмаар гэмтэл хүндэрч амь насыг аврах боломжгүй нөхцөл байдалд хүрсэний дараа эмнэлгийн тусламж авсан байх тул хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.С-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Харин прокуророор шүүгдэгч С.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэснийг дараах үндэслэлээр хүлээн аваагүйг дурдаж байна.
Учир нь хэрэгт авагдсан гэрч Б.М-ын “...Би М гэж эмэгтэйг 2017 оноос хойш таньдаг болсон. Би М-тай үерхдэг байсан. Намайг мөрдөнгөөс гарч ирэхэд М нь М гэж залуутай найзалж байгаа гэсэн...М гэр оронгүй гадуур архи уугаад явж байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-ны “...М-ийн М-ыг бид нар М гэж дууддаг бөгөөд 1 дүгээр хороололд байнга архи уугаад явж байдаг. Миний мэдэхээр энэ 1 дүгээр хороололд архи ууж тэнэмэл амьдралаар амьдраад 2-3 жил болж байна. Өмнө нь Б гэх 1 дүгээр хорооллын халаас ухдаг өндөр залуугийн эхнэр байсан. Гэтэл Б 1 жилийн өмнө хэрэгт ороод 7 жилийн ял аваад М ганцаараа үлдэж байсан. Тэгээд 2-3 сарын өмнөөс М, эрэгтэй М-тэй байнга нийлж явах болсон...” гэх мэдүүлэг, холбогдох бусад гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн “...амь хохирогчтой найзын харилцаатай байсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч болон амь хохирогч нар нь архины хамаарал бүхий тэнэмэл амьдралтай ба хэрэг учрал болохоос 2-3 сарын хугацаанд нийлж, хамтдаа архи ууж байсан нь тогтоогдсон.
Хамтран амьдрагч гэдэгт гэр бүл болох зорилгоор харилцан тохиролцож, хамтын амьдрал үүсгэн, харилцан үүрэг хүлээн хамтдаа амьдарч байгаа этгээдүүдийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.С-ыг амь хохирогч М.М-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаа үүсгэн амьдарч байсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх шинжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэнг тодруулж байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтыг шүүхэд болон мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй байна.
Шүүгдэгч С.С- нь хохирлын мөнгөнд 1.500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн нь баримтаар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох баримтыг бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журамаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа анхнаасаан хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 597 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосонг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хохирогчид хүнд гэмтэл учруулсан, гэмтлийн улмаас хохирогч нас барсан буюу учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд гэм буруугаа анхнаасаан хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ын шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг 106 нийт 108 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С-ийн С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч С-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч С.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-аын цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Б.ДАШДОНДОВ
Г.ГАНБААТАР