Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 0064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч  Г.Сарантуяа даргалж, шүүгч  А.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багт оршин суух иргэн  Боржигон овогт *******ийн /РД:МФ-/ нэхэмжлэлтэй    

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг  ******* ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 42.827.810 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

            Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г.Отгонтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдэлгэр, хариуцагчийн төлөөлөгч  Амбагайтан овогт *******/Рд УЖ-\, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг ******* ХХК-д тракторын жолоочоор 2012 оноос эхлэн ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. Энэ гэмтлийн улмаас одоо хүртэл бие эрүүл мэнд сайжрахгүй, гэмтэл эдгэрэхгүй, нүд бүр гэрэл мэдрэхгүй байдалд хүрч, толгой байнга өвдөж, тэнцвэрээ алдан, эргэж босож явж чадахгүй хэмжээнд хүрч байнга хэвтэр бусдын асаргаанд байна. Гэтэл компанийн гүйцэтгэх захирал эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр монголд эмчлэхгүй гэснийг мэдсэн, улмаар Солонгос улсад явж эмчлүүлэх зардлыг хөрөнгө оруулагч буюу компанийнхаа япон захиралтай яриад шийдэж өгнө гэж хэлж байсан хирнээ хурлаас хойш хэд хэдэн удаа уулзаж байхад асуудлыг шийдвэрлэхгүй эцэст нь утсаа хааж миний эрүүл мэндийн талаар ямар ч анхаарал тавихгүй байгаад гомдолтой байна. Бид тухайн үед түүний энэ үгэнд итгэж хүнийг хориулж ял шийтгэл оногдуулаад яахав, тариа хураалт ид явагдаж эхэлж байгаа үед ажилд нь хүндрэл учирна, хугацаа алдана гэж тариа будаагаа хурааж авчихаад надад Солонгос явах зардлыг нэн даруй өгчих байх гэж түүний үгэнд итгэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг хохирогч би болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Би өөрийн эрүүл мэндийн асуудал цаг мөчөөр муудаж таг хараагүй болчих байсан тул хугацаа алдахгүйн тулд мөн залуу хүний цаашдын амьдрал хувь заяаг, насан туршдаа эрүүгийн ял шийтгэл хүлээж байсан гэсэн муу нэр зүүлгээд яахав гэж ярилцаж түүнд хүнлэг сэтгэлээр хандаж байхад миний эрүүл мэндийг хөсөр хаяж, ажилчнаа гэсэн өчүүхэн төдий сэтгэл гаргахгүй байгаад маш их гомдолтой байна. Уг нь бол эрүүгийн хэрэг үүссэн ч бай үүсээгүй ч бай нэгэнт үйлдвэрлэлийн осол гэдэг нь тогтоогдчихсон тохиолдолд компани бүх зардлыг гаргаж эмчилгээг хийлгэх ёстой гэтэл монгол хүний үнэ цэн, амь насыг гудамжны нохойн гөлөгнөөс дор үзэж байгаа япон захиралд ч гомдолтой байна. Гүйцэтгэх захирал нь өөрийгөө өмч хөрөнгө захиран зарцуулах эрхгүй гэж шүүх хурал дээр мэдүүлж Япон захиралдаа асуудлыг танилцуулж шийдвэрлүүлнэ гэсэн тул би ийм дүгнэлтэнд хүрч байна. Нэгэнт монгол хүний амь нас эрүүл мэндийг уландаа гишгиж байгаа тул бид Японы элчин сайдад хүртэл хандана. Миний биед учирсан гэмтлийг Монгол улсад эмчлэх боломжгүй тул Солонгос улс руу материалаа явуулж тэнд эмчлэх боломжтой талаар хариу авсан талаар анхан шатны шүүх хурлаас өмнө нэг бус удаа компанийн гүйцэтгэх удирдлагад хандсан шүүх хурал дээр ч яригдсан тул би энэ мөнгийг хүлээсээр эмчилгээнд явж чадахгүй өнөөг хүрлээ. 2016 онд улсын хэмжээнд зуншлага сайн ургац арвин байсан компанийн удирдлагуудад хүнээ гэсэн сэтгэл байсан бол /1 тонн будаа 400.000-450.000 төгрөгөөр гурилын үйлдвэрүүд авч байгаа учир / миний эмчилгээний зардал 10 тонн будааны мөнгө зарцуулахад хангалттай байсан. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын 5 дах заалтанд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу Солонгос улсад эмчлүүлэх зардал 39.991.200 төгрөг шүүх хурлаас хойш гарсан зардал 514.000 төгрөг нийт 40.505.200 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авна уу гэжээ.

  Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бат-Эрдэнэ 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ үйлдвэрлэлийн орсолд орж хүнд гэмтэл авсан. Энэ гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Компанийн захирал Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад эмчилгээний зардлыг Япон захиралд танилцуулж шийдвэрлэж өгнө гэхээр нь итгэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналыг гаргаж Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Гэтэл энэ зардлыг төлөөгүй, ажилтныхаа эрүүл мэндэд анхаарал тавихгүй байгаа тул шүүхэд хандаад байна. Гүйцэтгэх захирлыг Монгол-Хьюндай эмнэлэгт үзүүл гэсний дагуу үзүүлсэн боловч эмчилж чадахгүй гээд өөрийн харьцдаг гурван Солонгос эмнэлэгт хандсан ч бас эмчлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул бид Эмнэлэг зуучлалын төвд хандахад энэ эмнэлэг эмчилгээний зардлыг урьдчилсан байдлаар гаргаж явуулсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед вонын ханш 2.07 төгрөг байсан тул 39 991 200 төгрөг болж байсан. Гэтэл одоо 2017 оны 3 дугаар сарын байдлаар вонын ханш 2.14 төгрөг болж нэмэгдсэн тул Солонгос явж эмчлүүлэх зардал 41 342 660 төгрөг болж байгаа ба 1 505 650 төгрөгийг нэмж нийт 42 827 810 төгрөгийг нэхэмжилж байна. үйлдвэрийн осол гэдэг нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хууль, Аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлыг зохион байгуулах журмын 3.1.Б заалтын дагуу компани бүх зардлыг гаргаж өгөх зохицуулалттай байгаа. Бат-Эрдэнийн нэг нүд нь хараагүй болж нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа. Хацрын яс маш олон тооны хугарал бяцралтай байдаг. Комьпютерийн оношилгоо хийсэн шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон комиссын шийдвэрээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэв.

Хариуцагч “*******” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Өлзийнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Одоогийн байдлаар *******д 16 755 000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Нэхэмжлэлийн талаар тайлбар хэлэхэд “*******” ХХК-д Япон захирал гэж байхгүй. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. хөрөнгө оруулагч юм. Нэхэмжлэгч байнгын хэвтэрт бусдын асаргаанд байгаа нь худлаа. Над дээр ирж агсам тавьж, зун хадлангийн ажилд явж байсан. Намайг утсаа хаагаад алга болсон гэж байна. Би утасныхаа дугаарыг солиод энэ хүний эхнэрт нь хэлсэн. Гадаадад явж эмчлүүлэх зардлын тал дээр компанийн зүгээс оношийг баталгаажуулах үүднээс нүдний эмч, эрүү нүүрний гажиг заслын эмчид үзүүлэх хүсэлт өөрт нь тавьсан боловч өөрөө очиж үзүүлээгүй. Сүүлд нь Монгол Хьюндай гэдэг эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэр хариугаа өгөөгүй байгаа. Манай зүгээс заавал гадаадад эмчлүүлэх ёстой гэсэн үндэслэл нь хангалтгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч  өөрөө тэр эмнэлэгт үзүүлсэн. Заавал гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж байна гэж амаараа хэлсэн. Тийм учраас манайд Улсын төв эмнэлгийн дүгнэлт шаардлагатай байна. Өмгөөлөгчийн зардлыг тэр хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс эрхээ эдэлж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан тул тэр зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл дээр нэг тонн будаа 400 000-450 000 төгрөгний үнэтэй байдаг. Эмчилгээний зардалд 10 тонн будааны үнэ хангалттай гэсэн байна. Энэ бол ташаа ойлголт ба энэ жил ургац арвин байсан тул будаагаа хямд борлуулсан гэв.

Түрүүчийн хурал дээр Монголд эмчлэгдэхгүй гэсэн нотолгоог гаргаж өгөөч гэж хүсч байсан. Шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцлаа. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

            Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн: Д.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Татварын тасгийн татварын улсын байцаагч Д.Энхжаргалын тодорхойлолт, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, ослын бүдүүвч зураг, “Health-Aid” үүдэн эмнэлэгийн эмчийн 2016 оны 06 сарын 08-ний өдрийн “Гавал тархины тодосгогчгүй КТ-ийн шинжилгээ”, 2016 оны 06 сарын 08-ний өдрийн шүүх эмнэлэгийн ¹7812 тоот шинжээчийн дүгнэлт, даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Эрүү нүүрний гоо сайхан, гажиг, нөхөн сэргээх мэс заслын профессор эмч Таг Мин Сонгийн танилцуулга, Сүн Чон Хян Сөүл эмнэлэгийн хариу бичиг, Эм Би Эс Мед ХХК-ний кассын орлогын ордер, Монгол Хьюндай фрам ХХК-ний кассын орлогын ордер, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар, Хот хоорондын зорчих тасалбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, Монос УБ ХХК-ний  зарлагын баримт, 2017 оны 03 сарын 15-ний өдрийн Б.Мөнхдэлгэрт олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Д.Бат-Эрдэний өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлт, Д.Бат-Эрдэнийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Монгол Хьюндай эмнэлэгийн эрүүл мэндийн бүртгэлийн маягт, эрүүл мэндийн үйлчилгээний санал, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2017 оны 01 сарын 09-ний өдрийн,  Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2017 оны 03 сарын 13-ний өдрийн, зөвлөгөөний хуудас, эмнэлэгийн хариу,     

            Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хариуцагч талаас ирүүлсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоол  зэрэг бичмэл баримтыг уншин сонсгож  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

            ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “*******” ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн орсолд орж хүнд гэмтэл авсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 40.505.200 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр Солонгос улсын  мөнгөн тэмдэгт воны ханш өссөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 42.827.810 төгрөг нэхэмжилж байна.

            Хариуцагч “*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийнасан нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  хэмээн  мэтгэлцэж байна.

            Сэлэнгэ аймгийн Сайхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “*******” ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан  нэхэмжлэгч  ******* нь 2016 оны 05-р сарын 20-ны өдөр тракторт засвар хийх гэж байгаад лопатик төмөр харван үйлдвэрлэлийн осолд орж  зүүн нүдний ухархайн дотор доод гадна хана, зүүн хацар, зүүн чаамархайн хөхлөг сэртэн, суурь яс дух хамар ясны хугарал зүүн зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацарын төвгөр, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, тархи доргилт, хүзүүны зулгаралт бүхий хүнд гэмтэл учирчээ.

            Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн биед хүнд гэмтэл учирсан нь  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09-р сарын 29-ны өдрийн 44 тоот хүчин төгөлдөр шийтгэх  тогтоол, 2016 оны 07-р сарын 05-ны өдрийн  үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт,  “Health-Aid” үүдэн эмнэлэгийн эмчийн 2016 оны 06 сарын 08-ний өдрийн “Гавал тархины тодосгогчгүй КТ-ийн шинжилгээ, 2016 оны 06 сарын 08-ний өдрийн шүүх эмнэлэгийн ¹7812 тоот шинжээчийн дүгнэлт, даатгуулагч Д.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна. 

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09-р сарын 29-ны өдрийн 44 тоот хүчин төгөлдөр шийтгэх шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 5 дахь заалтад Д.Бат-Эрдэнийг цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

            Иймд ******* Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1,498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар  эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролыг   “*******” ХХК-аас шаардах эрхтэй байна.

            Д. Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохиролд 42.827.810  төгрөг “*******” ХХК-аас нэхэмжилснээс   заримыг нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

             ******* нь Солонгос улсын  “Сүн Чон Хян Сөүл” эмнэлгийн хариу бичигт /х.х-ийн 12-рт/ дурдсанаар  амбулаторын үзлэг- 36000

вон, нөхөн сэргээх мэс засал- 15.000.000 вон,

нүдний дэлгэрэнгүй шинжилгээ- 500.000 вон,

хэвтэж эмчлүүлэх нэг хүний өрөө 322.000 вон ба 10 хоног хэвтэнэ гэж үзэн 3220.000 вон

нийт 18.756.000  воныг  шүүх шийдвэр гарах үеийн ханшаар буюу 2.14 төгрөгөөр  тооцон 40.137.840  төгрөг, Монголд эмчлүүлсэн зардалд 616.350 төгрөг, өмгөөлөгчийн зардал 900.000 төгрөг,  онгоцны тийз 1200.000 төгрөг  бүгд 42 827 810 төгрөг гаргуулахаар/ шүүх хуралдааны явцад  26380 төгрөгөөр  нэмэгдүүлснээ тооцолгүй/  нэхэмжилжээ.

            Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаас үзэхэд  ******* нь Солонгос улсын  “Сүн Чон Хян Сөүл” эмнэлгийн хариу бичигт  дурдсанаар  амбулаторын үзлэг- 36000 вон

вон, нөхөн сэргээх мэс засал- 15.000.000 вон,

нүдний дэлгэрэнгүй шинжилгээ- 500.000 вон,

хэвтэж эмчлүүлэх нэг хүний өрөө 322.000 вон ба 10 хоног хэвтэнэ гэж үзэн 3220.000 вон /322.000вон х10хоног 3.220.000=вон/

 Нийт 18.756.000/36000вон+15000000вон+500000вон+3220000=18.756.000вон/воныг 2017 оны 03-р сарын 03-ны өдрийн ханшаар буюу 2.14 төгрөгөөр  тооцон 40.137.840 /18.756.000вон х2.14=40.137.840  төг/ төгрөг нэхэмжилсэн нь Сүн Чон Хян Сөүл эмнэлгийн хариу бичиг /х.х-ийн 12-рт/, Монгол банкнаас зарласан ханшийн тодорхойлолтод Бүгд Найрамдах Солонгос улсын үндэсний мөнгөн тэмдэгт вон 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн байдлаар 2.14 төгрөгийн ханштай гэж тодорхойлсон тодорхойлолтоор нотлогдсон, хуулийн үндэслэлтэй  байна.

            Б.Бат-Эрдэнэ эх орондоо эмчилгээ хийлгэсэн болон замын зардалд 616.350 төгрөг нэхэмжилсэн  нь эмнэлгийн карт, эм тариа авсан баримтууд, автобус вагоны билет/х.х-ийн 17, 18,19-р тал/ зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

             Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “ Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Д.Бат-Эрдэнийн нүдийг  Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлэх зардалд урьдчилан 40.137.840 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  эх орондоо эмчлүүлсэн эмчилгээний  зардалд 616.350 төгрөг нийт 40.754.190 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар эрхзүйн туслалцаа авсан  өмгөөлөгчийн хөлс 900.000 төгрөг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хорын зайлшгүй зардал биш гэж үзэж, онгоцний тийз 1.200.000 төгрөг нотлох баримтгүй тул хасаж тооцон нийт 2.073.720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Өлзийнасан албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ *******д гэм хор учруулсан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09-р сарын 29-ны өдрийн 44 тоот хүчин төгөлдөр шийтгэх  тогтоолоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байсан ажил олгогч   “*******” ХХК хүлээнэ гэж үзсэн болно.

             “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Өлзийнасан нь нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийг заавал гадаад улсад эмчлүүлэх шаардлагаа нотлоогүй гэж мэтгэлцэж байгаа ба өөрөө нэхэмжлэгчийг Монгол улсад эмчлүүлэх боломжтой талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ шүүхэд нотлоогүй  болно. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-наас нэхэмжлэл хангагдсан 40.754.190  төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 361.721 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Монгол улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1,498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ******* ХХК-наас 40.754.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.073.720  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-наас 361.721 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

            3.Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА

                                                                   ШҮҮГЧИД                        А.НАРАНТУЯА

                                                                                                            Г.ДЭЛГЭРСАЙХАН