Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0968

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Д.Э-,

шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01885 1043 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн,  1995 оны 7 дугаар сарын  14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын оршин суух, урьд ял шийтгэлгүй,

   Б овогт А-ны С /РД:НИ9507....../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.С-  нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний орой 22 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын .... дугаар гудамжны орчим иргэн Д.Э-гийн хоолойг араас нь боож, амыг нь дарж “гар утасны гэрлээ унтраа, аминдаа хайртай бол дуугүй бай, халаасанд хутга байгаа ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний самсунг note-4  маркийн гар утсыг хүч хэрэглэж,  хууль бусаар авч, 160.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Д.Э-гийн мэдүүлэг /хх8/, гэрч Э.Г-ийн мэдүүлэг /хх17/, хүн таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-23/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5371 дугаартай дүгнэлт /хх30-31/, “Тэнцвэрт эстимэйт” ХХК-ийн гаргасан эд зүйлийг үнэлгээ /хх25/, А.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл ургийг үзүүлэлт /хх50-51/, А.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх54, 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх17/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх34-37/ хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. шүүгдэгч С.Сугарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга болон гэм буруугийн дүгнэлт:

            1. Хохирогч Д.Э-гийн “...Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний орой 22 цаг 30 минутын орчим Нарангийн голын хуучин эцсийн буудал дээр автобуснаас буугаад гэрлүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын .... дугаар гудамжны үзүүрийн жалганд миний араас хүн ирж хоолой боосон. Тэгээд тэр хүн надад гар утасныхаа гэрлийг унтраа аминдаа хайртай бол дуугүй бай халаасанд хутга байгаа чамайг хутгалана шүү гэсэн. Тэгээд тэр хүн миний гар утсыг аваад гэрлийг нь унтраасан. Тэгэхээр би та хэн бэ танд мөнгө хэрэгтэй юм уу намайг явуулчих наад гар утсаа аваад явуулчих гэсэн. Тэгтэл тэр хүн намайг барих гээд араас хөөхөөр нь зугтаагаад гудамжны үзүүрт байдаг жалга руу харанхуй байсан учраас уначихсан. Тэгтэл тэр хүн хойноос ирээд миний хоолойноос боож нөгөө гараараа ам хамар дараад дахиад дуугүй бай ална шүү гээд хоолой дараад байсан. Тэгээд би уг хүнийг гарыг хазаад хөлөөрөө тийчэгнээд босоод ирсэн...тэр хүн намайг дагаад нэг тийшээ явчих, би ганцхан юм хийнэ гээд миний 2 гарыг хойно гаргаж бариад мөн нөгөө гараараа хоолойноос бариад намайг чанга дуугарах болгонд хоолойноос чанга бариад байсан. Тэгээд намайг жалгаар дагуулж 10 гаруй алхаж байтал буудлын гудамжнаас гэрэл гарч нэг эмэгтэй хүн ирж байсан ба тэр ах уг хүнийг хараад жалганы баруун талын гудамж руу гүйгээд явсан, явахдаа миний самсунг ноте-4 гар утсыг аваад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх8/,

2. Гэрч Э.Г-ийн “...Манай нөхөр С тэр орой бага зэргийн согтолттой орж ирсэн. Ирэхдээ би хүний гар утас авсан гэж хэлсэн, гар утсыг нь харахад самсунг ноте-4 маркийн шаргал өнгийн гар утас байсан. Манай нөхөр 7 орчим хоног тухайн гар утсыг ашиглаж байгаад ажилдаа яваад ирэхдээ гээгдүүлчихлээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,

3. Хохирогч Д.Э-гаар шүүгдэгч А.С-ыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-23/, 

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 сарын 05-ны өдрийн 53.. дугаартай “...Д.Э-гийн биед баруун тохой, баруун шуу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдатанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх30-31/

5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд “самсунг ноте-4” маркийн гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн, тайлан /хх25/,

            6. Шүүгдэгч А.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх50-51/,

7. А.С-ын “...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээ зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх44/,

Гэм буруугийн дүгнэлт:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

            Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч А.С-  нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний  орой 22 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын .... дугаар гудамжны орчим хохирогч Д.Э-гийн хоолойг боож, амыг нь дарж “гар утасны гэрлээ унтраа, аминдаа хайртай бол дуугүй бай, халаасанд хутга байгаа ална шүү” гэж хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж, түүний самсунг note-4  маркийн гар утсыг авсан болох нь

              хохирогч Д.Э-гийн “...Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний орой 22 цаг 30 минутын орчим Нарангийн голын хуучин эцсийн буудал дээр автобуснаас буугаад гэрлүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын .... дугаар гудамжны үзүүрийн жалганд миний араас хүн ирж хоолой боосон. Тэгээд тэр хүн надад гар утасныхаа гэрлийг унтраа аминдаа хайртай бол дуугүй бай халаасанд хутга байгаа чамайг хутгалана шүү гэсэн. ...тэр ах уг хүнийг хараад жалганы баруун талын гудамж руу гүйгээд явсан, явахдаа миний самсунг ноте-4 гар утсыг аваад зугтсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Г-ийн “...Манай нөхөр С тэр орой бага зэргийн согтолттой орж ирсэн. Ирэхдээ би хүний гар утас авсан гэж хэлсэн, гар утсыг нь харахад самсунг ноте-4 маркийн шаргал өнгийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсаны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг. Хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ буюу “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлэлтийн халдлага хийж, эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтанд оруулж, сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийн дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог.

Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-гийн биед баруун тохой, баруун шуу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл бүхий гэмтэл учирсан боловч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 сарын 05-ны өдрийн 53.... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.С-ыг бусдын эд хөрөнгийг /гар утсыг/ хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хохирогч Д.Э-гийн дээрэмдүүлсэн эд зүйл болох самсунг ноте-4 маркийн гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирол төлөгдсөн талаар талууд бичгээр баримт үйлдэн шүүхэд ирүүлжээ.   

Иймд шүүгдэгч А.С-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн хувьд хохирогчийн гар утсыг хүч хэрэглэн авсаны дараа түүнд хүч хэрэглэсэн үйлдлээ үргэлжлүүлж байсан нь хохирогчийн “...тэр хүн намайг дагаад нэг тийшээ явчих, би ганцхан юм хийнэ гээд миний 2 гарыг хойно гаргаж бариад мөн нөгөө гараараа хоолойноос бариад намайг чанга дуугарах болгонд хоолойноос чанга бариад байсан. Тэгээд намайг жалгаар дагуулж 10 гаруй алхаж байтал буудлын гудамжнаас гэрэл гарч нэг эмэгтэй хүн ирж байсан ба тэр ах уг хүнийг хараад жалганы баруун талын гудамж руу гүйгээд явсан...” гэх мэдүүлэгт дурдагдсан. Хэдий шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь бие даасан гэмт хэргийн шинжгүй боловч түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад авч үзэх гэмт хэрэг үйлдсэн шинж байдал болохыг дурдаж байна.

Шүүгдэгч А.С- нь хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж, хохирогчийг сонгон гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ын цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А-ы С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.С-т 3 /гурав/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР