Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00039/И |
Дугаар | 134/ШШ2017/00038 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2017/00038
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 2-30 тоотод оршин суух, Хөхдан овогт Гомбын Даваадорж /РД:ДЮ74110410, эрэгтэй, утас: 94049114/-ийн гаргасан Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Даваадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Даваадорж миний бие 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлГовьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт жолоочоор ажилласан. Дээрх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэтэл тус газрын дарга Д.Тамир нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хурал хийхдээ намайг ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан. Би хурлын дараа даргын өрөөнд орж та яагаад намайг ажлаас халж байгаа юм бэ? гэхэд шүүхээрээ яв гэж хэлсэн. Даргын гаргасан тушаалтай санал нийлэхгүй, ажлаас чөлөөлсөн үндэслэл буруу гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож намайг ажилд буцаан оруулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Даваадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Тамир өөр ажилд зуучлан ороход тусалсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Даваадорж нь Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэл зоригийн дагуу ...өөр ажилд орсон үндэслэлээр уг нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваадорж нь Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ