Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 181/2016/1327/и |
Дугаар | 524 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 524
“Энгүйгоо медикал” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01327 дугаар шийдвэртэй, “Энгүйгоо медикал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Булнайн ар” ХХК, “Өндөр буянт холдинг” ХХК-д холбогдох,
2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Талбай түрээслэх захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дотор засалд зарцуулагдсан 56 385 915 төгрөг, 17 сарын орлого 47 900 000 төгрөг, барьцаанд төлсөн 27 035 165 төгрөг, нийт 131 321 080 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
Нүдний эмнэлгийн талбайн өөрчлөлтийн ажлын өртөг 43 585 156 төгрөг, ашиглалтын төлбөр 4 023 750 төгрөг, түрээсийн төлбөр 136 002 750 төгрөг, ашиглалтын төлбөр төлөөгүйн алданги 2 011 875 төгрөг, түрээсийн төлбөр төлөөгүйн алданги 40 643 899 төгрөг, нийт 226 267 430 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Булнайн ар” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батчимэг,
Хариуцагч “Булнайн ар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга,
Хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь 2012 оны 9 сард нүдний эмнэлэг байгуулан, 2012 оны 12 сард “Өндөр буянт холдинг” ХХК-ийн “Булнайн ар” оффист ажлын байр түрээслэхээр харилцак тохиролцож, “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-г 2013 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу 2013 оны 4 дүгээр улиралд түрээсийн байрандаа орон үйл ажиллагаа эхлүүлэх байсан боловч уг барилга нь ашиглалтад орох хугацаа хойшилсноос шалтгаалан эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх ажлын байрны дүгнэлтэд тавьсан шаардлагад тэнцэхгүй байсан тул үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй байсаар 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүргэсэн. Барилгын ажил удааширснаас шалтгаалан манай эмнэлгийн гол үйл ажиллагааг хангагч лазер мэс заслын тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний хугацаа дуусч, уг тоног төхөөрөмжийг худалдагч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг удаа дараа ирүүлэн, гэрээнд заасны дагуу их хэмжээний торгууль, алданги төлөхөд хүрээд байна. Бид 2013 оны 9 сараас эхлэн уг барилгыг ашиглалтад орохыг тууштайгаар хүлээж 27 035 165 төгрөгийг барьцаа болгон түрээслүүлэгчийн дансанд байршуулан, өөрсдийн зүгээс түрээсийн байрны дотор засал, тохижилт, тавилгажилт, багаж тоног төхөөрөмжүүдийн татан авалт, хадгалалт зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захиралтай удаа дараа уулзаж түрээсийн төлбөрийг урт хугацаанд тогтвортой байлган, түрээсийн төлбөрийн хэмжээг шинэ барилга дээр үйл ажиллагаа эхэлж байгаа компанийг санхүүгийн хүндрэлгүйгээр ажиллах нөхцөлийг хангаж өгөхийг хүсэж, удаа дараа уулзсан боловч бусад байгууллагуудтай адил түрээсийн үнийг биднээс шаардаж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх санхүүгийн бодит боломжгүй учраас түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 265.7 м.кв байрны дотор заслыг хийхэд зарцуулсан 56 385 915 төгрөг, 17 сарын орлого дунджаар сард 2 800 000 төгрөг буюу 47 900 000 төгрөгийг “Булнайн ар” ХХК-иас, барьцаанд өгсөн 27 035 165 төгрөгийн “Өндөр буянт холдинг” ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Булнайн ар” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус компани нь “Энгүй гоо медикал” ХХК-тай “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-г байгуулан хамтран ажилласан. Манай компани тухайн түрээсийн байранд “Энгүй гоо медикал” ХХК-ийн захиалгаар урьдчилан баталсан төсвийн дагуу дотоод засварыг хийж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар “Энгүй гоо медикал” ХХК-д хүлээлгэн өгч түрээсийн байрны ашиглалтын төлбөр төлөх үндэслэл бүрдсэн юм. Гэтэл “Энгүй гоо медикал” ХХК нь манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрийн байранд гуравдагч этгээдээр дахин нэмэлт засвар хийлгэсэн бөгөөд энэ зардлаа биднээс нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй байна. Манай зүгээс түрээсийн төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч “Энгүй гоо медикал” ХХК нь манай засвар дуусаагүй байна, бид тэгэж байгаад төлнө гэх зэргээр элдэв шалтаг шалтгаан хэлж, мөн тухайн түрээсийн талбайг худалдаж авах тухай санал гаргаж, үнэ тохиролцохгүй байна гэх зэргээр хугацаа авсаар огт төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бодит байдал ийм байсаар байхад манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд дурдсан ажлын байрны дүгнэлт гараагүй, үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байсан нь манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд бид түрээсийн талбайг үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлд хүлээлгэн өгсөн юм. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан “Энгүй гоо медикал” ХХК-ийн бусадтай байгуулсан гэрээнээс үүсэх хариуцлагыг манай компани хүлээхгүй юм. Үүнээс гадна бидний хооронд түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй байхад тэдний зүгээс түрээсийн төлбөр өндөр байна гэсэн үндэслэлгүй шалтгаанаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн огт үндэслэлгүйгээр 17 сарын орлогыг гаргуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хуульд заасан гэрээ байгуулах үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. “Энгүй гоо медикал” ХХК нь манай компанитай гэрээний дагуу түрээсийн харилцаа үүссэн бөгөөд гэрээнд заасны дагуу түрээсийн талбайг албан ёсоор актаар хүлээлцээгүй бөгөөд одоо болтол түрээсийн төлбөр огт төлөгдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус компани нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй учир хариуцагч биш юм. “Булнайн ар” ХХК нь захиалагч компани, “Өндөр буянт холдинг” ХХК гүйцэтгэгч компани байсан. Барилга барихад санхүүжилт орно. “Булнайн ар” ХХК-ийн санхүүжилтийг эдний мөнгөөр дүйцүүлсэн. Яагаад манай данс руу орсон гэхээр “Булнайн ар” ХХК манай байгууллагад мөнгө өгөх ёстой учраас дансаараа шилжүүлэхгүйн тулд шууд “Өндөр буянт холдинг” ХХК руу шилжүүлүүлсэн. Одоо бол манай компани “Булнайн ар” ХХК руу уг 27 000 000 төгрөгийг буцаагаад шилжүүлчихсэн байгаа учир манай компани хариуцах үндэслэлгүй юм. “Булнайн ар” болон “Өндөр буянт холдинг” компаниуд нь хоорондын өглөг, авлагын тооцоотой ажилладаг компаниуд юм гэжээ.
Хариуцагч “Булнайн ар” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Манай компани “Энгүй гоо медикал” ХХК-иас “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-ний 4, 6 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас компанид учруулсан дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: Нүдний эмнэлгийн талбайн өөрчлөлтийн ажлын өртөг 43 585 156 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын төлбөр 4 023 750 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 136 002 750 төгрөг, ашиглалтын төлбөр төлөөгүйн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны алданги 2 011 875 төгрөг, түрээсийн төлбөр төлөөгүйн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны алданги 40 643 899 төгрөг, нийт 226 267 430 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“Булнайн ар” ХХК нь зөвхөн манай эмнэлэгт зориулан дотоод засал хийсэн нь үндэслэлгүй, худал гүтгэлэг юм. Шинээр баригдаж, ашиглалтад орсон барилгын хувьд засвар хийхгүй нь мэдээж бөгөөд барилгын дотор заслын тухай ярьж байгаа бол уг барилгын стандарт заслаас илүү сайжруулсан заслын ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлах ёстой. Бид түрээсийн үнийн талаар хариуцагчтай тохиролцохыг хичээсэн боловч шийдэлд хүрээгүй тул бидний хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Бид ажлын байрны захиалгын гэрээг зөрчөөгүй бөгөөд барилга хугацаа хэтрэн ашиглалтад орсноос шалтгаалан хохирол амссан болно. UBH центрийн барилга нь 2013 оны 11, 12 сард ашиглалтад орно гэсэн нөхцөлөөр 27 000 000 төгрөгийн барьцаа байршуулан захиалгын гэрээ хийсэн боловч “удахгүй ашиглалтад орно” гэсэн хоосон амлалтыг удаа дараа өгсөөр 2015 оны 5 сарыг хүргэсэн. Манай компани эмнэлэгт хэрэглэгдэх тоног төхөөрөмж, түүний захиалга, татан авалт, үнэ төлөлтийг 2013 оны 11 сард багтаан хийж дуусгасан болно. Энэ хугацаанд нүдний эмнэлэг байгуулах төслийг хийж гүйцэтгэн 2013 оны 10 сард Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгч улмаар ажлын байрны дүгнэлт хийлгэх хүсэлтийг тус газарт 2013 оны 12 сард өгсөн боловч “барилга ашиглалтад ороогүй тул тухайн барилгад үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт гарган өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч дүгнэлт гаргахаас татгалзсан. Энэ нь хариуцагчийн 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Ийнхүү барилга ашиглалтад орохгүй удаан хугацаагаар хойшилсноос шалтгаалан манай эмнэлгийн үйл ажиллагаа 2 жилээр саатсан ба эмнэлэгт ашиглагдах бусад төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зээлээр худалдаж аван 2 жил ашиглалгүй хадгалснаас уг тоног төхөөрөмж багаж хэрэгслийн техник үзүүлэлт нь хоцрогдож үнэлгээ нь буурсан хохирол мөн зээлд төлсөн мөнгөөр давхар хохирч байна. “Энгүй гоо медикал” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Булнайн ар” ХХК-ийн байрыг суллаж өгсөн. Иймээс хариуцагчийн нэхэмжилсэн 95 515 614 төгрөгийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх бөгөөд уг шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 42 дугаар зүйлийн 42.10, 43 дугаар зүйлийн 43.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “Булнайн ар” ХХК болон “Энгүйгоо медикал” ХХК нарын байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Талбай түрээслэх захиалгын гэрээний 2.2, 3.1 дэх заалт, 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцон, гэрээний үлдэх заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, хариуцагч “Булнайн ар” ХХК-иас 19 990 754 төгрөг, “Өндөр буянт холдинг” ХХК-иас 27 035 165 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Энгүйгоо медикал” ХХК-д олгож, үлдэх 84 295 161 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийт 226 267 430 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896 805 төгрөг болон хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 447 239 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Булнайн ар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257 904 төгрөгийг, хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-иас 293 126 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Энгүйгоо медикал” ХХК-д олгож, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 157 952 төгрөгийг хариуцагч “Булнайн ар” ХХК-д буцаан олгож, шинжээчийн зардал 1 440 000 төгрөгийг хариуцагч “Булнайн ар” ХХК-иас гаргуулан “Энгүйгоо медикал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Булнайн ар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Нэг. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлдээ ...бусад байгууллагуудтай адил түрээсийн төлбөрийг шаардаж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх санхүүгийн бодит боломжгүй учраас түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах... гэсэн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль хэсгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаараа тодорхой дурдаагүй. Мөн зүгээр л түрээсийн төлбөр өндөр байгаа учраас л гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах санаа зорилготой байгаа нь тодорхой байхад анхан шатны шүүх үүнийг хүлээн авч энэ шаардлагыг хангаж хууль бусаар шийдвэрлэсэн. Мөн “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-ний барьцаа төлбөр болох 27 034 165 төгрөгөөс уг гэрээнд заасан хохирол, зардлаа нөхөн төлүүлэх манай компанийн эрхийг хязгаарлаж, уг төлбөрийг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн зэргээс үзэхэд шүүх зөвхөн нэг талд үйлчилсэн болох нь харагдаж байна. /Гэхдээ манай компани шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй болно/ Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:... “Булнайн-Ар” ХХК нь ... оффисын баршгын 224.94 м.кв талбай ашиглалтанд орсон өдрөөс “Энгүйгоо медикал” ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, “Энгүйгоо медикал” ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх, 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх мөнгийг барьцаа болгон “Булнайн-Ар” ХХК-нд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна мөн ... “Булнайн-Ар” ХХК-ийн бариулж буй оффисын барилгыг ашиглалтанд орсны дараа түрээсийн гэрээг тусгайлан байгуулахаар харилцан тохиролцсон байжээ... гэж дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... “Талбай түрээслэх захиапгын гэрээ”-нд ...хоосон зай үлдээсэн байх тул түрээсийн гэрээний харилцаа үүссэн, энэ талаар тапууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна ... иймд гэрээний түрээслэх, түрээслүүлэх харилцааг зохицуулсан 2.2, 3.1 дэх заалт, 4, 5, 6 дугаар зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцох ... үндэслэлтэй гэж шүүх дүгнэв... гэжээ. Ийнхүү бидний хооронд байгуулсан гэрээний түрээслэх, түрээслүүлэхтэй холбогдох зүйл заалтыг хүчингүй болгохдоо Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь “Энгүйгоо медикал” ХХК нь өөрийн захиалсан талбайдаа 2014 оноос материал, тоног төхөөрөмж суурилуулах, тохижилтын ажлыг хийж, уг талбайг түрээслэхээр бэлтгэл ажлаа хангаж, тусгай зөвшөөрлөө хүртэл хөөцөлдөн авч, эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд манайхаас тус компанид хандаж түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад 2015 оны 7 дугаар сарын 31-нд эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдсон тул 8 дугаар сарын 1-нээс түрээсийн төлбөрөө төлөх талаар хариу мэдэгдэж байсан албан бичиг хэрэгт авагдсан байгаа. “Энгүйгоо медикал” ХХК нь ийнхүү талбайг эзэмшиж байх хугацаандаа эмнэлгийн үзлэг, эмчилгээ зэргийг хийж байсан бөгөөд чухам энэ баримтаа үндэслэж 17 сарын орлогыг манай компаниас нэхэмжилсэн байдаг. Дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасны дагуу “Энгүйгоо медикал” ХХК нь түрээсийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байсныг нотлох ба бидний хооронд бичгээр хийх хэлцэлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна “Энгүйгоо медикал” ХХК-ны эдгээр үйлдэл буюу түрээсийн талбайг эзэмшиж байсан байдал нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3-т заасантай нийцэж байхад анхан шатны шүүх энэхүү хуулийн заалт ёсоор бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр зөвхөн “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-ний үг үсгийн алдаа, хоосон зай зэрэг техникийн шинжтэй хэсгийг үнэлж, шийдвэр гаргасан нь зөвхөн нэг талыг барьсан хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа юм. Гэрээнд хэдийгээр хоосон зай үлдээсэн байх боловч гэрээнд оффисын талбайн байгуулалтын зургийг хавсаргаж. түүнд тухайн түрээсийн талбайн хаяг, талбайн хэмжээ гэх зэрэг мэдээллүүдийг тусгасан байсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй ... гэсэн байгаа нь шүүх анхнаасаа “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох зорилготой байсан мэт харагдаж байна. Энэхүү түрээсийн талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгүй бөгөөд харин оффисын барилгын зөвхөн нэг хэсэг юм. Тиймээс тухайн талбайн түрээсийн гэрээ нь заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар “Булнайн-Ар” ХХК нь үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй ба 219.1, 222.7-д зааснаар хугацаа хэтруүлсэнээс учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгчээс “Энгүйгоо медикал” ХХК шаардах эрхтэй байна ... иймд оффисын барилгад хийсэн салгаж үл болох 19 990 754 төгрөгийн тохижилт “Булнайн-Ар” ХХК-ийн оффист үлдсэн ... тул уг төгрөгийг “Булнайн-Ар” ХХК-иас гаргуулах иь зүитэй байна... гэж дүгнэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Учир нь “Энгүйгоо медикал” ХХК нь нэхэмжлэлдээ манай зөвшөөрөлгүйгээр, гэрээний заалтыг зөрчиж гуравдагч этгээдээр түрээсийн байрны дотор заслыг хийлгэхэд зарцуулсан зардлыг нэхэмжилсэн байхад шүүх үүнийг түрээсийн талбайг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж буруу дүгнэсэн байна. Хэрэв манай компани үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс болж нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн тохиолдолд үүнийг хохирол гэж үзэх боломжтой болох боловч нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 17 сарын хутацаанд орлого олох ёстой байсан тухай шаардлагыг шүүх үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Харин нэхэмжлэгч нь “Талбай захиалах түрээсийн гэрээ”-ний заалтыг зөрчиж, манай компаниас албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн тохижилтын ажлыг хийсэн бөгөөд гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа юм. Нэхэмжлэгч энэхүү тохижилтын ажлыг өөрийнхөө эмнэлгийн үйл ажиллагаанд зориулан хийсэн болохоос бидэнд, өөр хэн нэгэнд зориулж хийгээгүй. Мөн одоог хүртэл түрээсийн талбайг бидэнд хүлээлгэж өгөөгүй байгаагаас болж манай компани тухайн талбайг бусдад түрээслэж чадахгүй хохирсоор байгаа юм. Мөн тухайн талбайд угсарагдсан материал, тоног төхөөрөмжийг манай компани байтугай өөр хэн нэгэн этгээд ашиглах боломжгүй тул манай компани бусдад түрээслэх боломжгүй байхад үүнийг шүүх огт харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс шинжээчийн дүгнэлтээр оффисын талбайд угсрагдсан материал тоног төхөөрөмжийн өртөг болох 19 990 754 төгрөгийг оффисын талбайг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй хугацаа хэтрүүлсэнээс учирсан хохирол гэж үзэх ямар ч хуулъ зүйн үндэслэл байхгүй бөгөөд манай зүгээс үүнийг төлөх үндэслэлгүй байна.
Гурав. Анхан шатны шүүхээс манай гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-ний холбогдох заалтууд хүчин төгөлдөр бусд тооцогдсон байх тул “Булнайн-Ар” ХХК нь түрээсийн болон ашиглалтын төлбөр, түүний алдангийг “Энгүйгоо медикал” ХХК-иас шаардах эрхгүй байна ... гэж дүгнэсэн нь манай хуульд заасан эрхийг хөндсөн шийдвэр болсон. Учир нь манай компани сөрөг нэхэмжлэлдээ “Талбай түрээслэх захиалгын гэрээ”-ний заалтын дагуу төлбөр нэхсэн боловч бодит байдал дээр 2015 оны 5 дугаар сараас хойшхи хугацаанд “Энгүйгоо медикал” ХХК-ийн эзэмшиж байсан талбайг бусдад түрээслэсэн бол олох ёстой байсан орлогыг буюу хохирлоо нэхэмжилсэн юм. “Энгүйгоо медикал” ХХК нь бүхэл бүтэн 5 сарын турш түрээсийн талбайг эзэмшиж байсан боловч ямар нэгэн шалтаг тоочиж байсаар түрээсийн төлбөр байтугай ашигласан тог, цахилгаан, талбайн болон бусад ашиглалтын төлбөрийг огт төлөөгүйгээс гадна өнөөдрийг хүртэл түрээсийн талбайг бидэнд хүлээлгэж өгөөгүй. Нууцаар эд хөрөнгөө нүүлгэн, хаяж явснаас болж бид уг түрээсийн талбайг бусдад түрээслэх боломжгүй болж өдийг хүртэл хохирсоор байхад энэхүү бодит нөхцөл байдлыг шүүх огт дүгнээгүй бөгөөд шинжээчийн дүтнэлтээр тогтоосон нэхэмжлэгчийн захиалгаар “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хийсэн талбайн өөрчлөлтийн ажлын өртөг 25 сая гаруй төгрөгийг “Энгүйгоо медикал” ХХК төлөх үндэслэлгүй гэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүхийн энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг шүүх зөрчсөн бөгөөд манай компани өөрийн түрээсийн талбайг “Энгүйгоо медикал”“ ХХК-нд 5 cap гаруй хугацаанд нэг ч төлбөр авч чадалгүй ашиглуулчихаад хариуд нь тус компанид төлбөр төлөхөөр болж, мөн бид түрээсийн талбайгаа огт ашиглаж чадалгүй хохирсон хохирлоо нэхэмжлэх эрхгүй болж байгаа нь шударга бус бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан зэрэг шударга бус шийдвэр гэж үзэж байна. 1.Нотлох баримтыг дутуу үнэлсэн. Анхан шатны шүүхээс “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь барьцаа төлбөр болох 27 035 165 төгрөгийг “Өндөр буянт холдинг” ХХК-иас “Булнайн-Ар” ХХК-д шилжүүлсэн тухай хоёр компанийн санхүүгийн баримт хэргийн материалд авагдсан байтал шүүхээс эдгээр нотлох баримтыг үнэлэхгүй орхин, үүнийг дотоод асуудал хэмээн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан шийдвэрлэсэн нь асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзээгүй, хөрөнгийг хууль бусаар олж авсан мэтээр шууд тулгаж хүчээр шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 15 давхар “UBH CENTER” оффисын зориулалттай барилгыг манай компани барьж ашиглалтанд оруулсан бөгөөд охин компани болох “Булнайн-Ар” ХХК-ийн нэр дээр уг барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлсэн. “Энгүйгоо мэдикал” ХХК-ийн захирал Б.Батчимэг анх 2013 онд “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүтэй уулзан эмнэлгийн зориулалтаар талбай түрээслэх тухай тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөр болох 27 035 165 төгрөгийг “Өндөр буянт холдинг” XXK-ийн дансанд тушаасан. Талбай түрээслэх захиалгын гэрээ нь “Энгүй гоо мэдикал” ХХК болон барилгын өмчлөгч болох “Булнайн-Ар” ХХК хооронд байгуулагдсан ба “Булнайн-Ар” ХХК нь тусдаа данс тооцоотой, бие даасан эрх үүрэгтэй хуулийн этгээд тул барьцаа төлбөрийг “Булнайн-Ар” ХХК-д шилжүүлсэн.
2.Нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талд шийдвэр гаргасан. Дээр дурдсан барилга нь оффисын зориулалттай барилга бөгөөд бид “Энгүй гоо мэдикал” ХХК-ийн захирал Б.Батчимэгийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу 3 давхарын 224.94 м.кв талбайг эмнэлгийн зориулалтаар өөрчилж, дотор хана хаалга, салхивч, шал, шугам сүлжээ зэрэгт шинэчилсэн засал тохижилтыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотой зардлыг “Энгүй гоо мэдикал” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх энэ зардлыг хангаагүй. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Бэсгэ” ХХК-ийн шинжээч, тэргүүлэх төсөвчин Д.Жаалхүүгээр ахлуулсан шинжээчийн баг ажиллаж, түрээсийн талбайг засаж тохижуулах ажлын хүрээнд хоёр талын хийсэн ажлаар дүгнэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэн “...хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр оффисын талбайд угсрагдсан байгаа материал тоног төхөөрөмж нь Булнайн-Ар ХХК-ийн оффист үлдсэн байх тул 19 990 754 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн мөртлөө уг дүгнэлтийн 1-д дурьдсан “Өндөрбуянт холдинг ХХК-ийн тухайн талбайд гүйцэтгэсэн цахилгаан, салхивч цэвэр бохир усны 43 858 158 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг баримтаар нь зураг төсөвтэй тулган үзэхэд 243 м.кв паркетан шалны ажил хасагдаж, үлдэх нийт засвар тохижилтын ажил нь 25 236 677 төгрөг болж байна” гэсэн дүгнэлтийг орхигдуулан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...хэрэгт нүдний эмнэлгийн өөрчлөлтийн ажлын төсөв авагдсан байх боловч түүнд дурьдагдсан ажлууд нь ердийн тохижилт буюу шинээр ашиглалтанд оруулах гэж буй оффисын талбайд хийгдэх дотор заслын ажлууд байх тул талбайн өөрчлөлтийн ажлын өртөгийг гаргуулах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хэт ташаа, амьдралгүй шийдвэр болсон. Учир нь өмнө нь дурьдсанчилан “UBH CENTER” барилга нь оффисын зориулалттай барилга бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий зургийн компаний баталгаажуулсан зураг төслийн дагуу уг барилгыг оффисын зориулалтаар барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин “Энгүй гоо мэдикал” ХХК-ийн хувьд олон дахин ярьж тохиролцсоны дагуу энэ байгууллагын онцлог, тогтвортой ажиллах нөхцөлийг хангах үүднээс эмнэлэгийн зориулалтаар тусгайлан тохижуулж өрөө, хана, салхивч зэргийг өөрчилсөн. Гэтэл “Энгүй гоо мэдикал” ХХК нь түрээсийн талбайд нэмэлт тохижилт хийн, засвар хийж байна гэсэн шалтгаанаар түрээсийн гэрээг сунгалгүй төлбөр төлөхөөс зайлсхийж, хугацаа алдсан бөгөөд эцэст нь түрээсийн талбайг албан ёсоор хүлээлгэж өгөлгүйгээр гэнэт хаяж явсан нь талбайн өмчлөгч болон түүнд зардал гаргасан компаниудыг хохирооход хүргэсэн. Шинжээчийн дүгнэлтэнд хоёр талын хийсэн ажлын зардлыг 2-ланг нь тодорхойлсон байтал зөвхөн нэхэмжлэгч талын зардлыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талыг баримталсан шударга бус шийдвэр гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Өндөрбуянт холдинг” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Энгүйгоо медикал” ХХК нь “Булнайн ар” ХХК, “Өндөр буянт холдинг” ХХК-д холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн талбай түрээслэх захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дотор засалд зарцуулагдсан 56 385 915 төгрөг, 17 сарын орлого 47 900 000 төгрөг, барьцаанд төлсөн 27 035 165 төгрөг, нийт 131 321 080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “Булнайн ар” ХХК нэхэмжлэгч компанинд холбогдуулан нүдний эмнэлгийн талбайн өөрчлөлтийн ажлын өртөг 43 585 156 төгрөг, ашиглалтын төлбөр 4 023 750 төгрөг, түрээсийн төлбөр 136 002 750 төгрөг, ашиглалтын төлбөр төлөөгүйн алданги 2 011 875 төгрөг, түрээсийн төлбөр төлөөгүйн алданги 40 643 899 төгрөг, нийт 226 267 430 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал түрээсийн талбайг тохижуулахад гарсан зардалтай холбогдуулан шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг шүүгч явуулаагүй нь хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзнэ. /хх 94, 101-103/
Энэ утгаараа хэргийн оролцогчийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан түүний хүсэлт шийдвэрлэгдсэн, нотлох баримт зохих ёсоор бүрдсэн гэх боломжгүй бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэлээ болгожээ.
Түүнчлэн, шүүх зохигчдын хооронд эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлж, нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн маргаантай харилцаанд оновчтой дүгнэлт хийгээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй боловч талуудын хооронд харилцан үүрэг шаардаж байгаа нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тодруулах, хуульд нийцүүлэн дүгнэлт хийх шаардлагатайг дурдах нь зүйтэй..
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Булнайн ар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттулга, “Өндөр буянт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч “Булнайн ар” ХХК-ийн 1 706 000 төгрөг, “Өндөр буянт холдинг” ХХК-ийн 295 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Т.ТУЯА