Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0922/З |
Дугаар | 400 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 400
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НДЕГ ,
Хариуцагч: ХУДЭМНДХ /хуучин нэрээр/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “... цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийг тогтоосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө , хариуцагч ХУДЭМНДХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш , Ж.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д миний бие Ардын цэргийн албан хаагч, хошууч цолтой нисгэгчээр 1970 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 23 жил 4 сар, иргэний байгууллагад нисгэгчээр 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 20 жил 8 сар ажилласан. 2003 онд хортой, халуун нөхцөлөөр тэтгэвэрт гарсан.
Ингээд нийт 44 жил ажилласнаас 23 жил нь хошууч хүртэл цолтой, цолныхоо мөнгийг авч байсан байдаг. Гэтэл намайг иргэний байгууллагад ажилласнаар тооцон тэтгэвэр тогтоосон байдаг тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-д заасан заалтын дагуу цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор өрөгдлөө ХУДЭМНДХ т өгсөн боловч Иргэний нисэх зэвсэгт хүчинд хамаарахгүй, цэргийн алба хаасан хугацаа чинь 23 жил хүрэхгүй байна гэсэн шалтаг заах болон Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл авч байж хариу өгнө гээд хуулийн хугацаанд хариу өгөхгүй 4 сар болсон тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт асуудлаа шийдүүлэхээр өргөдөл өгсөн боловч миний өргөдөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудад заасан хуулийн заалтуудын дагуу арга хэмжээ авч асуудлыг шийдээгүй учир шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийг тогтоосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоож өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д нь “Цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох”-оор тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Д нь 1970 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд нийт 23 жил 4 сар Ардын цэргийн албан хаагч, офицер, нисгэгч мэргэжлээр, 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 20 жил 8 сар иргэний байгууллагад нисгэгчээр тус тус ажилласан бөгөөд 2003 онд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар түүний цэргийн байгууллагад ажиллаж байсан нь холбогдох эрх бүхий байгууллагын тодорхойлолт, баримт бичгээр нотлогдвол түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэгч хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлөөр анх тэтгэвэр тогтоолгохдоо баримталсан баримтыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай үндсэн баримтыг нэхэмжлэгчээс тус тус гаргуулах, анх түүний тэтгэврийг тогтоосон ХУДЭМНДХ ийг /хуучин нэрээр/ хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна.
Жич: Нэхэмжлэлийн шаардлага болох “Цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох”-д шаардлагатай баримтыг нэхэмжлэгч бүрдүүлээгүй бол түүний тэтгэврийг шинэчлэн тогтоох боломжгүй юм” гэжээ.
Хариуцагч ХУДЭМНДХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С , Э.Х нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д нь “Цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох”-оор тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан өргөдөлдөө Иргэний агаарын тээврийн байгууллагад нисгэгч, цэргийн офицер /хошууч/ цолтой алба хаасан хугацаагаар тооцож, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоож өгнө үү гэж хүсчээ.
Д нь 2017 оны 5 дугаар сард тус хэлтэст хандан дээрх утгатай өргөдөл гаргасныг судалж үзээд 1970-1986 онд нисгэгч, цэргийн офицероор ажиллаж байсан хугацааг цэргийн алба хааснаар тооцон, дээр нь энгийн ажилласан жилээс нь шилжүүлэн тооцож цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоох эсэх талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл авч шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлсэн.
Улмаар тус хэлтэст ирүүлсэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын “Чиглэл хүргүүлэх тухай” 1/3379 албан бичгийн 13-д дурдсанаар Иргэний агаарын тээврийн байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэдийн тэтгэврийн асуудал Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаагүй гэсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д нь шүүхэд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийг тогтоосон шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Эрүүл мэнд, НДЕГ /хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч ХУДЭМНДХ /хуучин нэрээр/-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Д нь 1970 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 23 жил 4 сар Ардын цэргийн албан хаагч, офицер, нисгэгч мэргэжлээр, 1993 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 22-ны хооронд 20 жил 8 сар иргэний байгууллагад нисгэгчээр тус тус ажилласан бөгөөд 2003 онд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон байна.
Монгол Улсын Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох”-оор нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Энэ нэмэлт өөрчлөлтийг үндэслэн нэхэмжлэгч Д ХУДЭМНДХ т “... тэтгэврийнхээ хэмжээг цэргийн алба хаасан жилээ оруулан тооцуулж, өөрчлөн тогтоолгох, ... иргэний байгууллагад ажилласан жилээс цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, цэргийн алба хаасны бүрэн тэтгэврээр өөрчлөн тогтоолгох” хүсэлтүүдийг удаа дараа гаргасан.
Хэдийгээр нэхэмжлэгч Д-ны иргэний байгууллагад ажилласан жил нь цэргийн байгууллагад ажилласан жил рүү Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг баримтлан хөрвүүлэн тооцоход хангалттай хэдий ч цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох гол шалгуур нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тэтгэвэр авах эрх үүссэн байх нөхцөл юм.
Өөрөөр хэлбэл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д цэргийн байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй албан хаагч нь нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үндсэн эрхтэй болно. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Д нь цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох тусгайлсан харилцааг зохицуулсан хуулийн шаардлагыг хангаагүй байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаар өндөр насны тэтгэврийг цэргийн алба хаасны тэтгэвэр болгон өөрчлөн тогтоож болохгүй юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т орсон нэмэлт өөрчлөлтөд хамааруулах боломжгүй.
Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан ...цэргийн байгууллага ... эрхлэн гүйцэтгэнэ, 24 дүгээр зүйлд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна гэснээр нэхэмжлэгч Д-ны ажиллаж байсан байгууллага болох Иргэний агаарын тээврийн байгууллага нь цэргийн байгууллагад харьяалагдахгүй учир Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаар цэргийн бүрэн тэтгэврийг тогтоох үүрэг нийгмийн даатгалын байгууллагад олгогдоогүй.
Харин нэхэмжлэгч Д нь 2003 онд хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосноос хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасны дагуу хүсэлтээ гаргаж тухай бүр тэтгэврийн нэмэгдлийг олгож байсан нь хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч ХУДЭМНДХ /хуучин нэрээр/ нь Д-ны өргөдлийг хүлээн авч Эрүүл мэнд, НДЕГ т 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 282 тоот албан бичгээр тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл зааварчилгаа хүссэн, үүний хариуг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/3379 тоот албан бичгээр нийт Аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд ерөнхий баримтлах чиглэлийг хүргүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийг тогтоосон шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоол гарсантай холбоотой Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх залгамжлагчаар НДЕГ болгон сольсон ба харин хариуцагчийн төлөөлөгч нараас Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг өөрчилсөн шийдвэр гараагүй гэх тайлбарыг гаргасан тул тус хэлтсийн эрх залгамжлагчийг солих тухай шийдвэр гараагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д-ны хариуцагч НДЕГ , ХУДЭМНДХ /хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийг тогтоосон шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА