Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00312

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 29-22 тоотод оршин суух, РЭ87080900 дугаар регистртэй, Дайртан овогт Нямаагийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 31-01 тоотод оршин суух,  РЭ91081216 дугаар регистртэй, Ар тогоруутан овогт Алтаншагайгийн Хуншагайд холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2017/00030/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Н.Нарантуяа, хариуцагч А.Хуншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Хуншагайтай танилцан үерхэж байгаад 2012 оноос Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаад жирэмсэн болж, хүүхдээ төрүүлэхээр Мөрөнд ирсэн. Миний араас хүүхдээ төрүүлэхээр А.Хуншагай ирнэ гэсэн боловч ирээгүй. Охин Хулан одоо 4 настай. Бид тусдаа амьдралтай болсон, сая 2 ихэр охин төрүүлж, 5 хүүхэдтэй боллоо. Иймд охин Хулангийн төрсөн эцэг А.Хуншагай мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагч А.Хуншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Нарантуяатай Улаанбаатар хотод 2010 онд танилцсан ба 2012 онд хамт амьдарч байгаад жирэмсэн болсон. Тэр үед би хайгуулын ангид ажил хийдэг байсан. Н.Нарантуяа нутаг буцах болж би төрөх үед нь ирнэ гэсэн боловч эцэг, эх дургүй байсан учраас очиж чадаагүй. Түүнээс хойш Н.Нарантуяатай уулзаагүй. Охин Хулангийн эцэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул маргах зүйлгүй. Ноднин зун нэг удаа очиж охиноо харсан. Иймд хүүхдийн эцгээр тогтоолгож, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь хариуцагч А.Хуншагайд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Нарантуяа, хариуцагч А.Хуншагай нар 2010 онд танилцан, хамтран амьдарсан ба тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Н.Хулан төрсөн болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн тухай №0000807994 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар А.Хуншагай нь Н.Хулангийн биологийн эцэг байх боломжтой байна. 2. А.Хуншагай нь Н.Хулангийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна” гэх бичилттэй №1718 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул охин Н.Хулангийн төрсөн эцгээр А.Хуншагайг тогтоох үндэслэлтэй байна.   

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.Хулан гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг А.Хуншагайгаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Н.Хуланг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн ба хариуцагчаас эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Н.Хулан 4 нас, 4 сар хүрч байгаа тул хуулинд зааснаар Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч А.Хуншагай төлөх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.Хуланд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, бүгд 99.734 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Н.Хулангийн төрсөн эцэг Ар тогоруутан овогт Алтаншагайгийн Хуншагай мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Н.Хуланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Ар тогоруутан овогт Алтаншагайгийн Хуншагайгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж нийт 99.734 төгрөгийг хариуцагч А.Хуншагайгаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНБЯМБА