Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00294

 
   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-15 тоотод оршин суух, РЮ82071106 регистрийн дугаартай, Мэргэд овогт Чулууны Нямгэрэлийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ховд аймгийн Буянт суманд 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, ПЮ77020770 дугаар регистртэй, Соён овогт Цагаанхүүгийн Мөнхтүвшинд холбогдох

 Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, цэцэрлэгийн сургалтын төлбөр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2017/00206/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ч.Нямгэрэл, хариуцагч Ц.Мөнхтүвшин нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нямгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Мөнхтүвшинтэй 2014 онд танилцан хамтран амьдарч байх хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Төгс-Эрдэнэ маань төрсөн. Ц.Мөнхтүвшин өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир хүүгээ өөрийн нэрээр овоглосон, хүүг маань 6 сартай байхад нь хаяж яваад өөр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Хүүгээ ерөөсөө харж ханддаггүй, би ажил хийхийн тулд хүү Н.Төгс-Эрдэнийг хувийн цэцэрлэгт өгөх шаардлагатай болж, сард 100.000 төгрөгийн төлбөр төлөх болж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сарын төлбөрийг 150.000 төгрөгөөр тооцож Ц.Мөнхтүвшингээс 2 жилийн төлбөр 2.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шаардлагаа багасгаж, 1.500.000 төгрөг гаргуулж авна. Хүү Н.Төгс-Эрдэнэ маргааш цэцэрлэгт явна, 1 сарын төлбөрт нь 100.000 төгрөг тушаасан. Ц.Мөнхтүвшин миний 16.000.000 төгрөгийн өрийг дарсан гэж буруу яриад байна. Анх би түүний  цалингийн зээлийг төлөх гэж хүнээс мөнгө зээлж аваад тэр мөнгөний хүү, алданги нь өссөөр 11.000.000 төгрөг болж түүнийг төлсөн. 5.000.000 төгрөгийг өөртөө зарцуулсан. Ц.Мөнхтүвшин өөрийн асрамжид хүүгээ авна гэж байгаа ч түүнд өгөхгүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Н.Төгс-Эрдэнийн төрсөн эцэг Ц.Мөнхтүвшин мөн болохыг тогтоож, түүнээс хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Мөн хүүхдийн цэцэрлэгийн сургалтын төлбөр 1.500.000 төгрөг авна гэв.

Хариуцагч Ц.Мөнхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Нямгэрэлтэй 2014 онд танилцаж улмаар хамт амьдрах хугацаанд хүү Н.Төгс-Эрдэнэ 2016 оны 5 дугаар сард төрсөн нь үнэн. Н.Төгс-Эрдэнэ миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй байгаа тул цэцэрлэгийн сургалтын төлбөр 1.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Ч.Нямгэрэл олон хүүхэдтэй тул хүү Н.Төгс-Эрдэнийг надад өгөхийг зөвшөөрвөл өөрийн асрамжидаа авмаар байна.  Би Ч.Нямгэрэлтэй хамтран амьдарч байх хугацаандаа түүний хүнээс авсан зээл 16.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тус зээлийг төлөхдөө цалингийн зээл авсан бөгөөд одоо би өрөнд орсон, намайг шүүхээс дуудаж эхлээд байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нямгэрэл нь хариуцагч Ц.Мөнхтүвшинд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, цэцэрлэгийн сургалтын төлбөр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд сургалтын төлбөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг грагуулахаар шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.        

Ч.Нямгэрэл, Ц.Мөнхтүвшин нар 2014 онд танилцан, 2014 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Төгс-Эрдэнэ төрсөн болох нь зохигчийн тайлбар, 6701000469 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Н.Төг-Эрдэнэ нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ц.Мөнхтүвшингээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Н.Төгс-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн цэцэрлэгийн сургалтын төлбөр 1.500.000

/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч нь хүү Н.Төгс-Эрдэнийн  цэцэрлэгт явах 2 жилийн сургалтын төлбөр нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг Ц.Мөнхтүвшингээс гаргуулж авна гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар өгсөн 100.000 төгрөг тушаасан тухай бэлэн мөнгөний орлогын баримтыг давхар нотлох баримт байхгүй, мөн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, цэцэрлэгийн сургалтын төлбөр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн ба хариуцагчаас хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Төгс-Эрдэнэ 10 /арав/ сар хүрч байгаа тул хуулинд зааснаар Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Ц.Мөнхтүвшин төлөх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Н.Төгс-Эрдэнэд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Төгс-Эрдэнийн төрсөн эцэг Соён овогт Цагаанхүүгийн Мөнхтүвшин мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны  өдөр төрсөн хүү Н.Төгс-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Соён овогт Цагаанхүүгийн Мөнхтүвшингээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч  Ц.Мөнхтүвшингээс

хүүхдийн цэцэрлэгийн сургалтын төлбөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж нийт 99.734 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхтүвшингээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНБЯМБА