Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00309

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 4-43 тоотод оршин суух, РЭ70072061 дугаар регистртэй, Агар харуул овогт Мишигдоржийн Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 4-43 тоотод оршин суух, РВ67051811 дугаар регистртэй, эрэгтэй, Хөх боржигон овогт Лхагвын Бат-Эрдэнэд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2017/00057/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч М.Байгалмаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Бат-Эрдэнэтэй 1993 оны 8 дугаар сард гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд 1993 онд том хүү Өнөржаргал, 2002 онд дунд хүү Түвшинжаргал, 2009 онд охин Амаржаргал нарыг төрүүлж өсгөн сайхан амьдарч байсан. Хамт амьдарч байхад бидний дунд зөвхөн гэр бүлийн гадуурх харилцаа үүссэн асуудлаар хэрүүл маргаан гардаг байсан боловч би уучилсаар өдий хүрсэн. Гэтэл сүүлийн 4 жил гэр бүлийн найзууд байсан Ганчимэг гэх эмэгтэйтэй дотно харилцаа холбоо тогтоон, хэрүүл маргаантай байх болж, архи тогтмол хэрэглэн, дарамтлах болсон. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан боловч Л.Бат-Эрдэнэ уучлалт гуйж дахин тийм байдал гаргахгүй гэж эвлэрсэн ч өмнөх явдлаа давтаж, Ганчимэг гэх эмэгтэй нөхрийнхөө шарилыг авч явж байхдаа хүртэл мессеж бичилцэж, утсаар ярьж, байнга хамт байх болсон. Л.Бат-Эрдэнийн энэ байдал миний хүүхдүүдийн хүмүүжил болон цаашдын амьдралд муу үлгэр дууриалал болчих вий гэхээс сэтгэл минь зовж байна. Эдгээр хүмүүсийн энэ байдал нь засрахгүй үргэлжилж байгаа тул гэрлэлтээ цуцлуулна. Л.Бат-Эрдэнэ эрүүл саруул, сайн сайхан амьдраад явж байвал бид хаана амьдрах нь хамаагүй. Том хүү Б.Өнөржаргал тусдаа гарсан. Дунд хүү Түвшинжаргал, бага охин Амаржаргал нарыг өөрийн асрамжидаа авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Эд хөрөнгийн маргаан бидний дунд байхгүй гэв.

Хариуцагч Л.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: М.Байгалмаагийн гаргасан нэхэмжлэл үнэн бөгөөд уг нэхэмжлэлд хүндэтгэлтэй хандаж байна. Бид хоёр 1993 онд албан ёсоор гэр бүл болж, 3 хүүхэдтэй болж боломжийн сайхан амьдралыг хоёр биенийхээ шударга хөдөлмөр, хамтын зүтгэлээр бий болгож ирсэн. Сүүлийн жилүүдэд Л.Бат-Эрдэнэ миний бие архины хамааралтай болж амьдралын бага сага саад бэрхшээл, гэр бүлийн маргааныг эр хүний уужуу ухаанаар бус архи, уур бухимдлаар тайлж, цаашлаад бусадтай гэр бүлээс гадуур нэр холбогдож болшгүй зохисгүй үйлдэл гаргасан. Дээрх үйлдэлдээ миний бие маш их харамсаж, буруугаа хүлээж байна. Нэр холбогдсон эмэгтэйгээс харилцаагаа бүрэн тасалсан бөгөөд цаашид архи уухаа бүрэн зогсоож гэр бүл, үр хүүхэд, ажил төрөлдөө анхаарлаа хандуулж, эрүүл саруулаар амьдрах хүсэлтэй байгаа болно. Би цаашдаа гэр бүлээ бүрэн бүтэн авч явах ба эхнэр М.Байгалмаагаас гэр бүлээ цуцлуулах ямар нэг хүсэлгүй байгаа бөгөөд дахин ийм зохисгүй үйлдэл гаргахгүй байж гэр бүлээ хүндэтгэж үнэнч явах болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Байгалмаа нь хариуцагч Л.Бат-Эрдэнээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрч байсан ч таарамжгүй харилцааны улмаас дахин шүүхэд хандсан, хариуцагчийн согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдээ хүндэтгэн үздэггүй байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй зэрэг шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 1993 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 1994 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0177922 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Өнөржаргал, 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Түвшинжаргал, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.Амаржаргал нар төрсөн болох нь №04,  Г-259, №0339630/573 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Өнөржаргал насанд хүрчээ. Харин 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Түвшинжаргал, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Амаржаргал нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин зэргийг харгалзан эх М.Байгалмаагийн асрамжид үлдээж, эцэг Л.Бат-Эрдэнээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурьдаж байна. 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч М.Байгалмаагийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бат-Эрдэнээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Түвшинжаргал 14 нас, 7 сар хүрсэн тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөг, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Амаржаргал 7 нас 6 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөг, нийт 260.250 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 3.123.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 64.918 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Л.Бат-Эрдэнэд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутанд явуулах шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүх хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Агар харуул овогт Мишигдоржийн Байгалмаа, Хөх боржигон овогт Лхагвын Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Түвшинжаргал, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Амаржаргал нарыг эх М.Байгалмаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Түвшинжаргалыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Амаржаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Бат-Эрдэнээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Л.Бат-Эрдэнэ, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг М.Байгалмаа нарт тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамж 64.918 төгрөгийг хариуцагч Л.Бат-Эрдэнээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА