Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0395

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч Э.Б,  

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Таадаг овогт Ч. Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0139 70516 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Таадаг овогт Ч. Б , Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Дундговь аймгийн ...... 2 дугаар баг, .... гэх газар оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан (РД:...........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Драгон” үйлчилгээний төвийн ард талын орон сууцын гадаа иргэн Э.Бын хамт пиво ууж байгаад унтсаных нь дараа “Samsung S6” маркийн гар утас, тээш хадгалсан баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар “Драгон” үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ачаа тээш хадгалах үйлчилгээний газраас Э.Бын хадгалуулсан байсан цүнхтэй хувцас, бичиг баримт, чемодан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 965.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Э.Б бид хоёр Таван шараас Драгон орох замдаа танилцаж, Драгоны арын байрны гадаа пиво уугаад сууж байхад Э.Б унтсан. Тэгэхээр нь би энгэрийнх нь халаасанд байсан тээш хадгалуулсан бичиг, Samsung S-6 маркийн гар утас зэргийг аваад Драгоны тээш хадгалуулдаг газар очиж чемодантай хувцсыг нь аваад 5 шараас цааш 1 буудал явж цагаан байрны орцонд эрээн куртик, гутлыг нь авч өмсөөд, үлдсэн хувцсыг орцонд хаясан. Баригдсаныхаа дараа мөрдөгчтэй очиж хувцсыг нь хайхад чемоданыг нь олсон. 2 диплом, гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг олоогүй гэв.

 

Хохирогч Ж.Б мэдүүлэхдээ: 2020 оны 3 дугаар сарын 19-ний өглөө би Сэлэнгэ аймгийн Заамар сум руу явах зорилготой гараад Таван шарын түцнээс тамхи авч байгаад шүүгдэгч залуутай тааралдсан. Бид “Драгон” орж тээш хадгалуулдаг газар би тээшээ өгчихөөд, цааш явж пиво уусан. Тэр үед миний нойр хүрээд унтсан байхад миний халааснаас тээшний бичиг, утас зэргийг аваад явсан байсан. Тухайн чемоданд миний хувцас, бичиг баримт байсан. Би шүүгдэгчийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Драгон” дээр согтуу явж байхад нь барьсан. Тэгэхэд миний гутал, хувцсыг өмссөн байсан. Миний хувцас шинэ хувцас байсан. Бичиг баримтнаасаа нэгийг ч олж аваагүй. Хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2008 0139 70516 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

1. Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байрлах төрсөн эгч Э.Н ийн гэрээс гараад “Драгон” авто вокзалын тээш хадгалах газарт өөрийн аяны том цүнх, чемодантай хувцсаа хийх гээд явж байтал үл таних 30-35 орчим насны эрэгтэй хүн ирсэн. Тэгээд хамт тамхилчихаад, тээшинд юмаа хийх гээд дотогш ортол нөгөө залуу намайг дагаж орсон. Тээшинд 2 цүнхээ тавихад хажууд хамт зогсож байсан. Тухайн залуутай хамт 2.5 литрийн нэг ширхэг пиво аваад, хуучин Драгоны ард талын 9 давхар байрны гадна пивоо хувааж уусан. Би хэсэг зүйрмэглээд сэртэл нөгөө залуу байхгүй болсон байсан.

2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 11-12 цагийн үед “Драгон” ороод тээшинд хийсэн ачаагаа авах гэтэл байхгүй байхаар нь тээшний хүмүүст “миний энд хийсэн ачаа байхгүй байна, би өөрөө ирж аваагүй” гэхэд “таныг ачааг тээшний бичиг баримтаар өглөө 06 цагийн үед ирээд авсан байна” гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал миний алдсан хувцсыг надтай хамт пиво уусан гэх хүн өмсөөд явж байхаар нь би барьж аваад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний чемодан болон ажлын хувцсыг хаясан байсан болохоор тэр чигт нь хаясан. Тухайн хүний өмссөн байсан өөрийн хувцсыг эргүүлж авахгүй. Хар өнгийн чемодан дотор өвлийн хувцас, ажлын хувцас, гутал, “Соёмбо” дээд сургуулийг төгссөн диплом, Удирдлагын академи төгссөн диплом, гадаад паспорт, засварын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтууд байсан. Мөн тухайн үед барьж байсан Samsung S6 маркийн хуучин гар утсаа алдсан. Би алдсан нийт эд зүйлээ 420.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн дүгнэлттэй санал нэг байгаа учир дээрх мөнгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

 

            2. Гэрч Э.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

            “...Тухайн үед 22 цаг өнгөрч байхад дүү Э.Б гэртээ ирээд 1 шил 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво уучихаад 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу аавынд очно гээд гараад явсан. Тэгээд өглөөний 07 цагийн орчимд авч явсан цүнхтэй эд зүйл, гар утсаа алдчихлаа гээд гэртээ орж ирсэн. Дүү Э.Б “Samsung S6” маркийн шаргал өнгийн гар утас, хар өнгийн чемодан, цүнхтэй хувцас, дээд сургууль төгссөн диплом хоёр ширхэг, эрүүл мэндийн дэвтэр, гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа аваад аавын гэрт аваачиж тавина гээд гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

            3. Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед Б гэх хүн үл таних нэг залуутай манайд орж ирээд хар цүнхтэй чемодан хадгалуулсан. Удалгүй 30-40 минутын дараа Бтай хамт явж байсан үл таних залуу хүрч ирээд надад тээш хадгалуулсан бичиг баримт үзүүлээд ачаагаа буцаагаад аваад явсан. Манайх тээш хүлээж авахдаа 2 хувь баримт бичээд 1 хувийг нь өөртөө авч үлдээд, нөгөө хувийг нь ачаа тээш хадгалуулсан хүнд өгдөг. Тухайн ачааг миний бичиж өгсөн баримтын нэг хувийг үзүүлээд авсан. Би бичиж өгсөн баримтаа үндэслээд ачааг олгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

            4. Шүүгдэгч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед би нилээн халамцуу Таван шараас Драгон чиглэл рүү алхаж явтал үүргэвч үүрээд, чемодан чирсэн үл таних залуутай танилцахад өөрийгөө Б гэж танилцуулсан. ...2.5 литрийн Сэнгүр нэртэй том пиво худалдаж аваад, хуучин Драгоны ачаа тээш хадгалах байранд хамт орж, Б цүнхтэй юмнуудаа тээшинд хадгалуулчихаад, Драгоны ард талын байрны гадаа пивоо хувааж уусан. Быг нилээн согтохоор нь явъя, танайд очъё гээд татахад унтаад босохгүй болохоор нь би куртикных нь халааснаас тээшинд хадгалуулсан чемодан, цүнхний бичиг, мөн Samsung S6 маркийн гар утас зэргийг авсан. Ачаа тээш хадгалах газар очиж Бын цүнх, чемодантай хувцас зэргийг авсан. Тэгээд Таван шард байрлах цагаан өнгийн 5 давхар байрны орцонд орж цүнхтэй эд зүйл, чемоданыг задалж үзэхэд эрээн өнгийн куртик, хагас түрийтэй гутал байсныг авч өмсөөд, бичиг баримт, сургууль төгссөн диплом байхаар нь торонд хийж аваад, цүнхтэй юмыг нь орцонд үлдээсэн. Тухайн орцноос гарч яваад такси барьсан. Таксины жолоочид Баас авсан “Samsung” гар утсыг 20.000 төгрөгөөр зарчихаад … “Шөлөндөө” нэртэй цайны газарт орж хоол идсэн. Тэгээд гарч яваад үл таних 40 орчим насны эрэгтэй хүнтэй таараад хамт нэг шил 0.33 литрийн архи хувааж уугаад, дахиж 0.5 литрийн Цагаан гэсэн бичигтэй архи аваад, нөгөө архиа Бын бичиг баримтыг хийсэн торонд хийчихсэн явж байгаад “Мөнгөн гүүр” эмнэлгийн гадаа нөгөө үл таних залууд тортой архи, бичиг баримтаа үлдээгээд, бие засаад иртэл тэр залуу явчихсан байсан. Тэгээд Драгон дээр явж байгаад Бт баригдсан. Би мөнгө олж архи уух зорилгоор тийм үйлдэл гаргасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

 

            5. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Ч.Б ын мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-53 дугаар тал),

 

            6. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ц-282 дугаартай “...хар өнгийн чемодан 1 ширхэгийг 120.000 төгрөгөөр, “Samsung S6” маркийн гар утас 1 ширхэгийг 120.000 төгрөгөөр, алаг эрээн /десант хувцас/ 1 хосыг 180.000 төгрөгөөр, нийт 420.000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

            7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ц-321 дугаартай “...цэргийн үүрэгтний үнэмлэхийг 2.500 төгрөгөөр, нийгмийн даатгалын дэвтрийг 2.500 төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг 4.000 төгрөгөөр, “Соёмбо” дээд сургуулийн дипломыг 251.800 төгрөгөөр, гадаад пасспортыг 32.500 төгрөгөөр, “Удирдлагын академи”-н дипломыг 251.800 төгрөгөөр, нийт 545.100 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай баримтууд:

8. Гэрч Я.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

            “...Ч.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг зургийн багшаар төгсөж ирээд Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуульд зургийн багшаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

            9. Гэрч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

            “...Ч.Б нь 2011 онд МУБИС-ийг дүрслэх урлагийн багш мэргэжлээр төгссөн. Дундговь аймгийн Өндөр шил, Өмнөговь аймгийн Баяндалай, Төв аймгийн Баян-Өнжүүл сумдын Ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн багшийн ажил хийж байгаад 2017 онд ажлаасаа гараад мал маллах болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

            10. Шүүгдэгч Ч.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал), шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 60-63 дугаар тал), хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ч.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Драгон” үйлчилгээний төвийн ард талын орон сууцын гадаа иргэн Э.Бын хамт пиво ууж байгаад унтсаных нь дараа “Samsung S6” маркийн гар утас, тээш хадгалсан баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар тээш хадгалах үйлчилгээний газраас Э.Бын цүнхтэй хувцас, бичиг баримт, чемодан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 965.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ч.Б хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ч.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Б , хохирогч Э.Б нар 2020 оны 3 дугаар сарын 19-ний  02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Драгон” үйлчилгээний төвийн орчим танилцаж, улмаар хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Драгон” үйлчилгээний төвийн орчим архидан согтуурсан байна. Энэ явцад шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ иргэн Э.Быг согтсоны дараа, унтсан байхад нь түүний хувцасны халааснаас “Samsung S6” маркийн гар утас, тээш хадгалуулсан бичиг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар “Драгон” үйлчилгээний төвийн ачаа тээш хадгалах үйлчилгээний газраас Э.Бын хадгалуулсан чемоданыг авч, бусдад 965.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад ...эгч Э.Н ийн гэрээс гарсан. ...үл  таних 30-35 орчим насны эрэгтэй хүнтэй тамхилчихаад, тээшинд юмаа хийх гээд дотогш ортол нөгөө залуу намайг дагаж орсон. ...тээшинд 2 цүнхээ тавихад хажууд хамт зогсож байсан. Тухайн залуутай хамт ...хуучин Драгоны ард талын 9 давхар байрны гадна пиво уусан. ...би хэсэг зүйрмэглээд сэртэл нөгөө залуу байхгүй байсан. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ...Драгон ороод тээшинд хийсэн ачаагаа авах гэтэл байхгүй байсан. ...“таны ачааг тээшний бичиг баримтаар өглөө 06 цагийн үед ирээд авсан байна” гэсэн. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ...алдсан цүнхтэй хувцсыг надтай хамт пиво уусан гэх хүн өмсөөд явж байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Хар өнгийн чемодан дотор өвлийн хувцас, ажлын хувцас, гутал, “Соёмбо” дээд сургуулийг төгссөн диплом, Удирдлагын академи төгссөн диплом, гадаад паспорт, засварын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтууд байсан. Мөн тухайн үед “Samsung S6” маркийн гар утсаа алдсан. ...мөнгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

            -гэрч Э.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дүү Э.Б нь ...02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу аавынд очно гээд гарсан. Тэгээд өглөөний 07 цагийн орчим авч явсан цүнхтэй эд зүйл, гар утсаа алдчихлаа гэж хэлээд гэртээ орж ирсэн. Дүү Э.Б нь “Samsung S6” маркийн шаргал өнгийн гар утас, хар өнгийн чемодан, цүнхтэй хувцас, дээд сургууль төгссөн диплом 2 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр, гадаад пасспорт, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа аваад аавын гэрт аваачиж тавина гээд гарсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед Б гэх хүн үл таних нэг залуутай манайд орж ирээд хар цүнхтэй чемодан хадгалуулсан. ...30-40 минутын дараа Бтай хамт явж байсан үл таних залуу хүрч ирээд надад тээш хадгалуулсан бичиг баримт үзүүлээд ачаагаа буцаагаад аваад явсан. ...Тухайн ачааг миний бичиж өгсөн баримтын нэг хувийг үзүүлээд авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

            -шүүгдэгч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед би нилээн халамцуу Таван шараас Драгон чиглэл рүү алхаж явтал үүргэвч үүрээд, чемодан чирсэн үл таних залуутай танилцахад Б гэж танилцуулсан. ...2.5 литрийн Сэнгүр нэртэй том пиво худалдаж аваад, хуучин “Драгон”-ы ачаа тээш хадгалах байранд хамт орж, Б цүнхээ тээшинд хадгалуулаад, Драгоны ард талын байрны гадаа пиво уусан. Быг нилээн согтохоор нь ...би куртикных нь халааснаас тээшинд хадгалуулсан чемодан, цүнхний бичиг, мөн “Samsung S6” маркийн гар утас зэргийг аваад, ачаа тээш хадгалах газар очиж Бын цүнх, чемодантай хувцас зэргийг авсан. Тэгээд Таван шард байрлах цагаан өнгийн 5 давхар байрны орцонд орж цүнхтэй эд зүйл, чемоданыг задалж үзэхэд эрээн өнгийн куртик, хагас түрийтэй гутал байсныг авч өмсөөд, бичиг баримт, сургууль төгссөн диплом байхаар нь торонд хийж аваад, цүнхтэй юмыг нь орцонд үлдээсэн. ...Би мөнгө олж архи уух зорилгоор тийм үйлдэл гаргасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал), шүүгдэгч Ч.Б ын мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-53 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29, 32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

Шүүгдэгч Ч.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн тээшинд өгсөн чемодантай хувцсыг авах санаа зорилготойгоор куртикний халаасанд нь байсан тээш хадгалуулсан баримтыг “Samsung S6” маркийн гар утасны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан байна. Улмаар Драгон төвийн тээш хадгалах газарт очиж хохирогчоос хулгайлсан тээшний бичгээр түүний хадгалуулсан чемодантай хувцсыг авч, хувцсыг нь өөртөө авч өмссөн үйл баримт тогтоогдож байгаа учраас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 965.100 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно.

Харин хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь чемоданд гутал байсан, уг гутлыг шүүгдэгч Ч.Б нь баригдах үедээ өмссөн байсан талаар хэрэгт мэдүүлсэн байдаг бөгөөд энэхүү гутлын үнэлгээг хийлгээгүй, хохирлын хэмжээнд ороогүй, мөн хохирогчоос эрээн куртик, өмд, фудволк, богино өмд, срочкон цамц зэрэг байсан талаар мэдүүлэх ба энэ талаар хохирлын хэмжээнд ороогүй, мөн л хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгээгүй зэргээр мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй зөрчил байна.

Гэвч шүүх хуралдаанд хохирогч нь дээрх эд зүйлийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүх шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч Э.Бын хулгайд алдагдсан эд зүйлийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК 965.100 төгрөгөөр үнийг тогтоосон ба, хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Ч.Б оос 965.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бт олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ч.Б өөрийн өмгөөлөлдөө “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Мөн шүүгдэгч Ч.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ч.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээр Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн байх ба, уг ялын хугацаа дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь 2018 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, шүүх түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байх боловч шүүгдэгч Ч.Б нь нийгэмшээгүй, засраагүй, хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

 

3.Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таадаг овогт Ч. Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оос 965.100 (есөн зуун жаран таван мянга нэг зуу) төгрөг гаргуулж хохирогч Ж.Бт олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.АЛТАНТУЯА