Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0405

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч С.А ,

шүүгдэгч Л.Н , өмгөөлөгч А.Буяндэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигон овогт Л  Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0644 90414 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Л  Н , Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “..............” ХХК-д талбайн үйлчлэгчээр ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ..............дугаар гудамжны .............. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.........).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Н  нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” худалдааны төвийн ард талын хашаанд С.А ийг “хашаанд гишгүүр гүвлээ” гэх шалтгаанаар маргалдан, үснээс нь зулгааж, биед нь зулайн хуйхны үс халцрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Л.Н  мэдүүлэхдээ: Хэрэг гарсан өдөр би талбайн үйлчлэгчийн ажлаа хийгээд байгууллагын гадаа талбайг цэвэрлэсэн. Гэтэл 15 цагийн үед “Хас банк”-ны салбарын үйлчлэгч С.А  миний цэвэрлэсэн хашаа руу хөлийн гишгүүр гөвөөд байсан. Түүнд шаардлага тавихад намайг компанийхаа угаадсыг ууж байхдаа таарсан юм гэж доромжилсон. Тэгэхээр нь би түүнийг үсдсэн нь үнэн. С.А  намайг бас өшиглөсөн. Цагдаа нар ирээд намайг авч явсан, та архи уусан байна гэж хэлэхээр нь би уугаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд болсон явдлыг болон буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Би ар гэрээ авч явдаг. Өрх толгойлдог. С.А  намайг эрэгтэй хүн гэдгээр нь хүндлэх хэрэгтэй шүү дээ. Би ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. С.А ийг үсдсэндээ гэмшиж байгаа гэв. 

 

            Хохирогч С.А  мэдүүлэхдээ:  Тэр өдөр 16 цагийн үед ажил тарах гэж байхад “Өгөөж” захын арын хашаанд байдаг цасан дээр хөлийн гишгүүр гөвж байсан. Тэгтэл Л.Н  ирээд үснээс зулгаасан. Би нэг мэдэхэд сөхрөөд унасан байсан. Үс унасаныг мэдээгүй, хиймэл шүд газар унасан байсан. Тэгээд цагдаа ирээд та үсээ аваач гэхээр нь харсан чинь миний үс зулгаагдаж унасан байсан. Бид өмнө нь хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Би энэ хүнийг үг хэлээр доромжилсон зүйл байхгүй. Намайг хөлийн гишгүүр гөвж байхад араас ирээд үсдсэн. Би хашаанд нь хөлийн гишгүүр гөвсөн нь буруу. Энэ хэргийн улмаас нуруу нугас өвддөг болсон, үсээ төлүүлж авмаар байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0644 90414 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны үүдэнд байдаг хөлийн гишгүүрийг аваад “Өгөөж” захын ард талын хашаанд гөвөөд зогсож байхад тухайн захын талбайг цэвэрлэдэг эрэгтэй хүн ирээд миний толгойны үснээс үсдээд, зулгааж чирсэн. Нэг мэдэхэд би “Хас” банкны үүдэнд манарсан байдалтай шатан дээр сууж байсан. Миний толгойны үснээс их хэмжээгээр унасан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг миний үснээс чирсэн залуу учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

2. Гэрч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...Тухайн үед би уурын зуух руу орох гээд явж байтал манай талбайн үйлчлэгч Л.Н  “Хас” банкны үйлчлэгчтэй манай обьектод гишгүүр гөвснөөс болж маргалдаад байхаар нь би Л.Н  ахыг дуудсан. Л.Н  ахыг ирж байхад тэр үйлчлэгч эмэгтэй араас нь “наад байгууллагынхаа угаадсыг долоо” гэж орилсон чинь Л.Н  ах буцаж очоод үйлчлэгч эмэгтэйн үснээс зулгаахад тэр үйлчлэгч эмэгтэй зөрүүлээд өшиглөөд байсан. ...Л.Н  нь “..............” ХХК-д 7 жил ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

3. Шүүгдэгч Л.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ажлын байран дээр цэвэрлэгээ хийж дуусаад амраад байж байтал манай ажлын хашаан дотор байдаг уурын зуухны үүдэн дээр “Хас” банкны үйлчлэгч С.А  хөлийн гишгүүрээ гөвөөд байсан. Тэгэхээр нь би “болиоч ээ, наадах чинь албан газрын хашаа шүү дээ, чи даргыг доромжлоод байгаа юм уу” гэж хэлэхэд С.А  “үүдэн дээр чинь хогийн савтай хог авчирч асгачихаа юу” гэж уурласан. С.А  рүү яваад очтол С.А  миний баруун талын өвдөг хэсэг рүү гурван удаа өшиглөсөн. Тэгээд би С.А ийн үснээс зулгаахад атга дүүрэн зулгаагдчихсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би гараараа үснээс нь зулгааж үүсгэсэн. Хохирлын тооцоотой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би ажлаа хийгээд цалингаасаа өгнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 149 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зулайн урд хэсгийн хуйханд 8х2 см талбайд үс халцарсан, хуйх хавдсан, дарахад эмзэглэлтэй.

Дүгнэлт:“...-С.А ийн биед зулайн хуйхны үс халцрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, тухайлбал үсийг татах, чангаах, зулгаах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

            5. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-86 дугаар тал),

 

            6. Хар өнгийн 5.5 грамм хэмжээтэй үсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 92 дугаар тал), эд мөрийн баримт болох хураагдсан үсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-88 дугаар тал) хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

 

            7. Хохирогч С.А ийн ажил, орлогын талаарх хувийн байдлын, мөн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 48-61 дүгээр тал), түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

8. Шүүгдэгч Л.Н ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), “..............” ХХК-ийн “...Л.Н  нь “Өгөөж” худалдааны төвд талбайн үйлчлэгчээр ажилладаг” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар тал), хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 64-65 дугаар тал), түүний “Төрийн банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 71 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Н ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Н  нь С.А ийн үснээс зулгааж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй. Хөлийн гишгүүрийг гөвснөөр шүүгдэгчид ч тэр, тухайн байгууллагад ч тэр хохирол учраагүй. Байгууллагын хашаа руу ч нэвтрээгүй. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй гээд байгаа боловч хэрэг гарах болсон шалтгаант холбоо нь хохирогчийн буруутай үйлдэл гээд өөртөө дүгнэлт хийхгүй байна” гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь гэрч Б гийн мэдүүлгээр тогтоогддог. Миний үйлчлүүлэгчийн хэлээд байгаа шиг харилцан зодоон болж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх боломжтой. Гэрч Б гийн мэдүүлгээр хохирогч нь Л.Н ийг явж байхад араас нь дуудаад угаадсаа долоо гэж үг хэлээр доромжилсон байдаг, гэхдээ шүүгдэгч Л.Н  гэм буруугийн талаар маргахгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Н ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Н  нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” худалдааны төвийн ард талын хашаанд иргэн С.А ийг манай байгууллагын хашаанд хөлийн гишгүүр гөвж, хогоо хаялаа” гэх шалтгаанаар маргалдан, үснээс нь зулгааж, биед нь зулайн хуйхны үс халцрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч С.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны үүдэнд байдаг хөлийн гишгүүрийг аваад “Өгөөж” захын ард талын хашаанд гөвөөд зогсож байхад тухайн захын талбайг цэвэрлэдэг эрэгтэй хүн ирээд миний толгойны үснээс үсдээд, зулгааж чирсэн. ...Миний толгойны үснээс их хэмжээгээр унасан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-гэрч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...манай талбайн үйлчлэгч Л.Н  “Хас” банкны үйлчлэгчтэй манай обьектод гишгүүр гөвснөөс болж маргалдаад байсан. ...тэр үйлчлэгч эмэгтэй араас нь “наад байгууллагынхаа угаадсыг долоо” гэж орилсон чинь Л.Н  ах буцаж очоод үйлчлэгч эмэгтэйн үснээс зулгаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-шүүгдэгч Л.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ...манай ажлын хашаан дотор байдаг уурын зуухны үүдэн дээр “Хас” банкны үйлчлэгч С.А  хөлийн гишгүүрээ гөвөөд байсан. Тэгэхээр нь би “болиоч ээ, наадах чинь албан газрын хашаа шүү дээ...” гэж хэлэхэд С.А  “үүдэн дээр чинь хогийн савтай хог авчирч асгачихаа юу” гэж уурласан. С.А  рүү яваад очтол С.А  миний баруун талын өвдөг хэсэг рүү гурван удаа өшиглөсөн. Тэгээд би С.А ийн үснээс зулгаахад атга дүүрэн зулгаагдчихсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би гараараа үснээс нь зулгааж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай “...С.А ийн биед зулайн хуйхны үс халцрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь мохоо зүйлийн, тухайлбал үсийг татах, чангаах, зулгаах үед үүсгэгдэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-86 дугаар тал), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 92 дугаар тал), эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-88 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэрэг маргаан гарах болсон шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, “Хас” банкны үйлчлэгчээр ажиллаж байхдаа хохирогч С.А  нь өөрийн байгууллагын хөлийн гишгүүрийг өөр байгууллагын хашаанд орж цэвэрлэсэн зэрэг зүй бус үйлдэл нь нөлөөлжээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан “харилцан зодоон болсон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Л.Н  нь хохирогч С.А ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Н ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.Н  нь хохирогч С.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч С.А  нь бүсэлхий нурууны MRI хийлгэсэн 270.000 төгрөгийн, “Эпимон” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 424.580 төгрөгийн, эмийн зардалд 39.666 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.А т  “зулайн хуйхны үс халцрал, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдсон, харин нурууны гэмтэл тогтоогдоогүй тул энэ талаар хэрэгт ирүүлсэн оношилгоо, шинжилгээний 270.000 төгрөгийн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 424.580 төгрөгийн зардлын баримт нь энэ хэрэгт хамааралгүй, тус хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэхгүй тул 694.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н оос хохирогчийн нэхэмжилсэн эмийн зардалд 81.650 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрч, шүүх хуралдааны явцад хохирогч С.А т 81.650 төгрөгийг нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч Л.Н ийг хохирогч С.А т төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид хэрвээ хөнгөн ял шийтгэл оногдуулбал дахин хэрэгт холбогдох боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “шүүгдэгч нь хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний хувийн байдлыг харахад 59 настай, хэдий бага орлоготой ч гэсэн хөдөлмөр эрхэлж байгаа тул  450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүгдэгч Л.Н  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба,  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Л.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдлыг харгалзан түүнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн, гялгар уутанд хийсэн 5.5 грамм жинтэй хүний үсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Л  Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.А т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.А ийн нэхэмжилсэн 694.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн, гялгар уутанд хийсэн 5.5 грамм жинтэй хүний үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА