| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0484/Э |
| Дугаар | 0527 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 0527
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Цагаан овогт М. Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0109 20485 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Цагаан овогт М. Б , Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.....” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн анги, ........ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:........).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
М.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Б тай “нүүрс зардаг хүмүүстэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний дал орчимд хутгаар хутгалж, бие махбодид нь “...зүүн дал орчимд шарх...” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:
Б тай 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр эхнэр хүүхдийн хамт найзындаа очсон. Айлаас гараад гэр рүүгээ буцах замдаа нүүрс борлуулдаг хүмүүсээс нүүрс авах гэтэл манай эхнэр Б нүүрс борлуулж байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь би эхнэр, хүүхдээ орхиод гэртээ очсон. Гэртээ ороод байж байхад эхнэр араас гэртээ ирээд надтай хэрүүл хийгээд байхаар нь ширээн дээр байсан хутгыг авч түүнийг хутгалсан. Заазуурыг хэрэглээгүй юм гэв.
Хоёр. Эрүүгийн 2008 0109 20485 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагт хэрэг учралын газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн 4-5 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дугаар тал), хойшлуулгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 12 дугаар тал),
2. Хохирогч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд:
2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө.
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд нөхөр М.Б болон хүү Б.Б /2 настай/ нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд найз А ын гэрт очиж М.Б архи ууж, хоол идсэн. 19 цагийн үед бид гэртээ харихаар явж байгаад нүүрс борлуулах цэгээс нүүрс авсан чинь тухайн нүүрс ам нь онгорхой, шуудайны тал байхаар нь ...“танай нүүрс шуудайны тал байна, амыг нь бооход яадаг юм бэ” гэхэд ...М.Б “чи хэрүүл хийхээ болиоч, нүүрс олдохгүй байхад, чи өөрөө энэ нүүрсээ аваад яв” гэж хэлээд тухайн нүүрсний цэгт орхиод явсан. Тэгэхээр нь би хүүхдээ тэврээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн 4 дүгээр гудамжны 5 тоот гэртээ ирсэн чинь М.Б “чи яах гэж тэр нүүрс зарж байгаа хүмүүстэй хэрүүл хийгээд байдаг юм” гэхээр нь би “тэгэлгүй яахав дээ, тал шуудай нүүрс зараад байгаа юм чинь” гэж хэлээд маргалдсан. Манай хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдийнхээ гутлыг өмсүүлэх гээд орон дээр суусан чинь М.Б миний араас цохих шиг болохоор нь би эргээд харахад М.Б гартаа хутга бариад байж байсан. Тэгээд М.Б хутгаа газарт унагаасан. Тэгтэл миний зүүн талын дал хэсэг хүйтэн оргиод байхаар нь гараа хийгээд үзэхэд миний зүүн талын далнаас цус гарч байсан. Би Б өд “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд газарт байсан бор эрээн иштэй хутгыг аваад шургуулганы дээр байсан 2 заазуурыг авч өвөртөө хийгээд хашааны урд байрлах нойлын ард хутга, заазуураа орхиод гэртээ орсон. М.Б “чи цамцаа тайлдаа” гэхээр нь би цамцаа тайлахад М.Б “би эмийн сан орж бент, эм олоод ирье” гээд гэрээс гарч яваад удалгүй эм, бент авч ирсэн. Тэгээд би цус намдаах эм уугаад унтах гээд унтаж чадахгүй байсаар өглөө 06 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажилдаа очсон чинь манай захирал Г миний шархыг хараад “чи ингэж болохгүй, одоо Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв /цаашид ГССҮТ гэх/-д очиж үзүүл” гэхээр нь очиж үзүүлсэн. Гэмтлийн цагдаа намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж өргөдөл өг гэхээр нь би цагдаад хандсан. М.Б намайг бор шаргал өнгийн хуванцар иштэй жижиг хутгаар хутгалсан. Миний биед учирсан гэмтлийг М.Б миний даланд хутгаар 1 удаа хутгалж учруулсан. Надад одоо гомдол санад, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг М.Б хутгалж байхад хажууд манай хоёр настай хүү Б.Б байсан, өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Би гэртээ байсан шар эрээн иштэй хутга, мөн шургуулганд байсан 2 ширхэг заазуурыг өвөртөө хийгээд хашаан дотор байрлах нойлын хойд талд тавьсан. Би гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
3. Гэрч Э.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“...Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Хан Хийлс” хотхоны үүдний постыг эргэхээр очиход постонд Ж.Б үүрэг гүйцэтгэж байсан. Надад “би өчигдөр нөхөр М.Б тэй маргалдахад манай нөхөр миний даланд хутгалсан” гэхээр нь би “чи яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхгүй бол болохгүй” гэж хэлээд Ж.Б ыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авахын үүдэнд хүргэж өгөөд явсан. Тухайн үед Ж.Б шархаа боосон байсан болохоор гаднаас нь ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
4. Гэрч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...М.Б нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Б.Б надад эхнэртэйгээ маргалдаад хутгаар даланд нь зүссэн гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
5. Шүүгдэгч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед эхнэр Ж.Б ын хамтаар найз А ын гэрт очиж Валентины баяр тэмдэглээд А атай нэг шил архи уучихаад эхнэр Ж.Б болон хүү Б ийн /2настай/ хамтаар гэртээ харих замдаа нүүрс борлуулах цэгээс хоёр шуудай нүүрс аваад байж байсан чинь эхнэр хүмүүстэй маргалдаад “тал шуудай нүүрс зарлаа” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би Ж.Б д “чи наад хүмүүстэйгээ хэрүүл хийхээ болиоч, нүүрс олдохгүй байгаа юм чинь” гэж хэлсэн чинь Ж.Б тухайн нүүрс борлуулдаг хүнтэй дахиад хэрүүл хийгээд байхаар нь би “наад нүүрсээ чи өөрөө аваад гэртээ харь” гэж хэлээд явсан. Хоёр шуудай нүүрсээ газарт орхиод 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн анги 4 дүгээр гудамжны 05 тоот гэртээ ирээд байж байсан чинь араас эхнэр Ж.Б хүү Б ийг тэврээд орж ирсэн. Тэгээд “чи яагаад нүүрсээ хаяад явж байгаа юм” гээд хэрүүл хийгээд байсан. Байшингийн зүүн талд байрлах орон дээр хүүхдийн хувцас тайлаад хажуу тийшээ хараад байж байхаар нь би ширээн дээр байсан бор эрээн өнгийн жижиг хутга аваад Ж.Б ын зүүн талын дал орчимд хутгаар хутгалаад шалан дээр хутгаа шидсэн. Тэгтэл Ж.Б “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь би цагдаа, түргэн дуудъя гэсэн. Ж.Б хэрэггүй гээд байхаар нь би гарч эмийн сангаас эм авчирсан. Б ын далнаас гарч байсан цусыг тогтоогоод унтаж амарсан. Өглөө босоход Ж.Б гэртээ байхгүй байхаар нь би ажил дээр нь очсон боловч ажил дээрээ байгаагүй. Маргааш нь манай гэрт цагдаа нар ирсэн. Би Ж.Б тай хамт амьдраад 3 жил болж байна. Гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа нэг хүүхэдтэй. Би эмчилгээний зардал гэж Ж.Б д өгөөгүй, хамт явж эмчилгээ хийлгэсэн. Одоо бид эвлэрсэн. Би өөрийн бурууг ухамсарлаж байгаа тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2703 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн далны дээд хэсэгт хөндлөн байрласан 1.5 см шарханд 2 ширхэг мэс заслын оёдолтой.
2020.02.15-ны өдрийн ГССҮТ-н бичигт: Онош: цээжний зүүн талд хутгалагдсан гүн шарх гэжээ.
Дүгнэлт: “...Ж.Б ын биед зүүн дал орчимд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /Шинжээч эмч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1002 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс:
1. Бор өнгийн иштэй заазуур- 1 ширхэг.
2. Ногоон өнгийн иштэй заазуур- 1 ширхэг.
3. Хутга- 1 ширхэг.
4. Мөрдөгчийн тэмдэглэл- 1 хуудас.
Дүгнэлт:“...2020 оны 02 дугаар смарын 14-нд СХД-ийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн 4-5 тоотод манай нөхөр М.Б миний зүүн даланд хутгалж гэмтээсэн гэх заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг дээрээс гарын мөр илрээгүй. /Шинжээч М.Алтан-Од/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 38-44 дүгээр тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1162 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Нийт урт нь 23 см шар эрээн өнгийн иштэй хутга, бор өнгийн модон иштэй 28 см урттай заазуур, ногоон өнгийн иштэй 23 см урттай заазуур.
Дүгнэлт:“...Шар эрээн өнгийн иштэй хутга, ногоон иштэй заазуур дээр цус илрээгүй. Бор өнгийн иштэй заазуур дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч М.Өнөржаргал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
9. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “... хохирогч Ж.Б аар хутга таньж олуулах ажиллагааг явуулав.
Асуулт: таныг хутгалсан хутгыг та таних уу гэхэд
Хариулт: Намайг хутгалсан хутгыг би танина.
Асуулт:Тухайн хутга ямар содон шинж тэмдэгтэй вэ гэхэд
Хариулт: Би 1, 2, 3, 6, 7 гэж дугаарласан хутга заазуурыг харлаа, намайг хутгалсан хутга 6 гэсэн дугаарт байрлуулсан хутга мөн байна.
Хохирогчийг 103а тоот өрөөнөөс гаргаж байгаад 1 гэсэн дугаартай заазуурыг 6 гэсэн дугаартай хутга хоёрын байрыг сольж хохирогчийг өрөөнд оруулж байгаад дахин таньж олуулах ажиллагааг явуулав.
Асуулт: Та 1,2,3,6,7 гэсэн дугаарт байрлуулсан хутга, заазууран дотроос таныг хутгалсан хутгыг дахин таньж олно уу гэхэд:
Хариулт: Намайг хутгалсан хутга нь 1 гэсэн дугаарт байрлуулсан хутга мөн байна...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн 8 ширхэг гэрэл зураг (хавтаст хэргийн 66-70 дугаар тал),
10.2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар эрээн өнгийн иштэй нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 71 дүгээр тал)
11. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын 6 дугаартай тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 102-103 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 94-101 дүгээр тал), ярилцлагын тэмдэглэл (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 92-93 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
12. Гэрч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:“...М.Б нь уг дүү цөөтэй, ухаалаг, ажилсаг, ар гэртээ анхаарал, халамж сайн тавьдаг сайн залуу байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
13. Гэрч Г.Сайнбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн“...Манай ах М.Б нь ажилсаг, хөдөлмөрч, ар гэртээ анхаарал, халамж сайн тавьдаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
14. Шүүгдэгч М.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 73 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал), түүний нэр дээр хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 83-86 дугаар тал) “Идэр Шонхор” харуул хамгаалалтын албаны ажилтан М.Б нь 700.000 төгрөгийн цалинтай тухай “Хаан Гүрэн Констракшн” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б өд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Б тай “нүүрс зардаг хүмүүстэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний дал орчимд хутгаар хутгалж, бие махбодид нь гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч М.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч М.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Б , хохирогч Ж.Б нар нь 2017 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн ........ тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Б тай “нүүрс зардаг хүмүүстэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний дал орчимд хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн дал орчимд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дугаар тал),
-хохирогч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...бид гэртээ харихаар явж байгаад нүүр борлуулах цэгээс нүүрс авсан чинь тухайн нүүрс ам нь онгорхой, шуудайны тал байхаар нь би нүүрс борлуулдаг хүнд “танай нүүрс шуудайны тал байна, амыг нь бооход яадаг юм бэ” гэхэд ...М.Б “чи хэрүүл хийхээ болиоч, нүүрс олдохгүй байхад, чи өөрөө энэ нүүрсээ аваад яв” гэж хэлээд тухайн нүүрсний цэгт орхиод явсан. ...гэртээ ирсэн чинь М.Б “чи яах гэж нүүрс зарж байгаа хүмүүстэй хэрүүл хийгээд байдаг юм” гэхээр нь би “тэгэлгүй яахав дээ, тал шуудай нүүрс зараад байгаа юм чинь” гэж хэлээд маргалдсан. ...М.Б миний араас цохих шиг болохоор нь би эргээд харахад М.Б гартаа хутга бариад байж байсан. Тэгээд М.Б хутгаа газарт унагаасан. Тэгтэл миний зүүн талын дал хэсэг хүйтэн оргиод байхаар нь гараа хийгээд үзэхэд миний зүүн талын далнаас цус гарч байсан. Би Б өд “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. ...ажилдаа очсон чинь манай захирал Г миний шархыг хараад “чи ингэж болохгүй, одоо ГССҮТ-д очиж үзүүл” гэхээр нь очиж үзүүлэхэд гэмтлийн цагдаа намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж өргөдөл өг гэхээр нь би цагдаад хандсан юм. М.Б намайг бор шаргал өнгийн хуванцар иштэй жижиг хутгаар хутгалсан. Миний биед учирсан гэмтлийг М.Б миний даланд хутгаар 1 удаа хутгалж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-гэрч Э.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Ж.Б ...надад “би өчигдөр нөхөр М.Б тэй маргалдахад манай нөхөр миний даланд хутгалсан” гэхээр нь би “чи яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхгүй бол болохгүй” гэж хэлээд Ж.Б ыг ГССҮТ-ийн хүлээн авахын үүдэнд хүргэж өгөөд явсан. Тухайн үед Ж.Б шархаа боосон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
-гэрч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...М.Б надад эхнэртэйгээ маргалдаад хутгаар даланд нь зүссэн гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-шүүгдэгч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Нүүрс борлуулах цэгээс ...нүүрс аваад байж байсан чинь эхнэр хүмүүстэй маргалдаад “тал шуудай нүүрс зарлаа” гээд хэргүүл хийгээд байсан. Би Ж.Б д “...хэрүүл хийхээ болиоч, ...нүүрс олдохгүй байгаа юм чинь” гэж хэлсэн чинь Ж.Б нүүрс борлуулдаг хүнтэй дахиад хэрүүл хийгээд байхаар нь ...нүүрсээ газарт орхиод ...гэртээ ирсэн. ...араас эхнэр Ж.Б ...ирсэн. Тэгээд “чи яагаад нүүрсээ хаяад явж байгаа юм” гээд хэрүүл хийгээд байсан ...би ширээн дээр байсан бор эрээн өнгийн жижиг хутга аваад Ж.Б ын зүүн талын дал орчимд хутгаараа хутгалаад шалан дээр хутгаа шидсэн. Тэгтэл Ж.Б “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2703 тоот дүгнэлтийн “...Ж.Б ын биед зүүн дал орчимд шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
-Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 66-70 дугаар тал), хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 102-103 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 94-101 дүгээр тал), ярилцлагын тэмдэглэл (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 92-93 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч М.Б нь хамтран амьдрагч Ж.Б д бусадтай харилцах харилцааны талаар шаардлага тавьсан хэдий боловч хүний биед зэвсэг хэрэглэж, гэмтэл учруулж буй нь гэмт үйлдэл юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч М.Б ийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Б ын биед зэвсэг буюу хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Б ийг дээрх хуульд заасан зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба, хохирогч Ж.Б нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч М.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх бөгөөд, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч М.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу зэвсэг болох хутга хэрэглэж гэмтэл учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шар эрээн өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цагаан овогт М. Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Эрүүгийн 2008 0109 20485 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шар эрээн өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч М.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА