Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01559

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00760 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1337 дугаар магадлалтай,

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ГСХ ХХК-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 157.955.355 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ч.Н, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ГСХ ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ-24 тоот зээлийн болон БГ-24 тоот барьцааны гэрээг байгуулж 160.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож /ГД-000116187, Ү-2203020405 бүртгэлийн дугаартай 93.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, /ГД- 000067612, Г-2201000903 хаягт байрлах 526.90 м.кв талбайтай газар, /ГД:000237894, Ү-2203021191/ хаягт байрлах 180 м.кв талбайтай хувийн сууц, ГД:0349450, нэгж талбарын /18642325140485/ дугаартай газрыг тус тус барьцаалуулж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 13.775.270,32 төгрөг, зээлийн хүү 14.744.095,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161.860 төгрөг, нийт 28.681.225,34 төгрөг төлсөн. ГСХ ХХК-тай байгуулсан ЗГ-82 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуусах боловч зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийн гэрээний хугацаа хэтрэлт 338 хоног болсон. Зээлдэгч нь үндсэн зээл 146.224.729,68 төгрөг, зээлийн хүү 9.775.521,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.955.104,25 төгрөг, нийт 157.955.355,19 төгрөгийн өр төлбөртэй байна. Зөрчлийг арилгах талаар удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, ГСХ ХХК-иас зээлийн төлбөр 157.955.355,19 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Тус компани Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв болон КБ ХХК-иас 400.000.000 төгрөгийн төслийн зээлийн хүсэлт гаргаж 2015 оны 7 дугаар сараас эхлэн хөөцөлдөж зээл олгох тухай шийдвэр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гарсан боловч КБ ХХК нэг компанид 3 өөр чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зээл олгохгүй гэсэн шалтгаанаар зөвхөн оёдлын үйлдвэрлэлд зориулан 160.000.000 төгрөгийн төслийн зээл олгосон. Төлөвлөсөн 400.000.000 төгрөгийн зээлээ авч чадаагүй учир 360 м.кв талбайтай ажлын байраа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, мужааны цех, гутлын цехийг эхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Компани оёдлын үйлдвэрлэл явуулахаар зээл авсан бөгөөд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч зах зээл, эдийн засгийн хямрал нөлөөлж худалдан авах чадвар эрс буурч, төлөвлөсөн орлого хангалтгүй байгаа. Орлогоо бүрдүүлж зээлээ бүрэн хэмжээгээр төлж барагдуулна. Мөн КБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж төлбөрийн үүргийг нэхэмжилж байгаа асуудал дээр КБ ХХК-ийн буруу биш, компани нь хүссэн хэмжээний зээл, санхүүжилт авч чадаагүйн улмаас төлөвлөж байсан ажил, төслөө бүрэн хэрэгжүүлж чадаагүй, зах зээл эдийн засгийн хямрал зэрэг бусад шалтгааны улмаас болж зээлийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Анх зээл авч байх үед барьцаа хөрөнгийг хангалттай хэмжээнд байршуулж, баталгаажуулсан бөгөөд ажлын хөлсөнд авсан байрыг зарж, одоо эрхэлж буй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадвал уг зээлийг бүрэн төлөх боломжтой ба гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргах зүйлгүй. Барьцаа хөрөнгө болох орон сууц нь 210.000.000 төгрөгийн үнэтэй, Шаргаморьт дахь хувийн сууц 160.000.000 төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газар 10.000.000 төгрөгийн үнэтэй. Тухайн 2 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00760 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГСХ ХХК-иас 157.955.355 төгрөг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.017.927 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.017.927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ГСХ ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд тавьсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14080/, 1 дүгээр хэсэг гудамжны 97 тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021191 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000237894 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлалтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй, 0349450 дугаартай гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 11-р гудамж, 33 тоот хаягт байрших, 18635318950602 нэгж талбарын дугаартай, Эрхийн улсын бүртгэлийн Г-220100303 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний 000067614 дугаартай, 526,9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, Б.Оюунчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-39-р байрны 117 тоотод байршилтай, 93,7 м.кв талбайтай, 3 өрөө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020405 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000116187 дугаартай, орон сууцыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1337 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 157.955.355 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргуулахьг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд манай зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшоөрөхгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн гурав дах хэсгийг хүлээн зөвшөөрхгүй байна. Учир нь манай компани нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн бөгөөд тухайн зээлээ буцааж төлнө. Манай компани зээл авахдаа анх 400 сая төгрөгийн зээл хүссэн бөгөөд түүнд дүйцэхүйц барьцаа хөрөнгөө байршуулсан боловч банкнаас 160 сая төгрөгийн зээл олгож, манай барьцаа хөрөнгийг бүгдийг нь барьцаалж ямар нэг эргэлт хийх боломж олголгүй түгжсэн бөгөөд одоо энэ бүх барьцаа хөрөнгийг бүхэлд нь, нэхэмжлэлийг шаардлагыг хангуулахаар шийдвэрт тусгасан нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй буюу аль аль барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тодорхой биш байхад шүүх хангаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

КБ ХХК, ГСХ ХХК-с зээл 146.224.729,68 төгрөг, зээлийн хүү 9.775.521,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.955.104,25 төгрөг, нийт 157.955.355,19 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүх зохигчийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ-24 тоот зээл, БГ-24 тоот барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Зээлийн гэрээгээр хариуцагч 160.000.000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлээс төлөх үүргийг хүлээсэн боловч үндсэн зээл 13.775.270,32 төгрөг, зээлийн хүү 14.744.095,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161.860 төгрөг, нийт 28.681.225,34 төгрөг төлж, зээл төлөх хуваарийг зөрчсөн, үүргийн зөрчил нь ноцтойн улмаас нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүрэг шаардсан байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй байна.

Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч зээл авахдаа орон сууц, хувийн сууц, газар барьцаалсан бөгөөд барьцааны зүйл нь зээлийн үүргийг бүхэлд нь хангах үүргийн гүйцэтгэлийн баталгаа болно.

Барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээний салшгүй хэсэг ба зээлийн үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгчийн барьцааны эрх хэвээр хадгалагдана. Барьцаалагч хэд хэдэн барьцааны зүйлээс сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч зарим барьцааг чөлөөлөхийг зөвшөөрөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00760 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1337 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ