| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2016/0303/э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 179
Г.А-, Э.У, Б.С-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,
шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Энхбаяр,
шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 90 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээртэй прокурорын эсэргүүцлээр Г.А-, Э.У, Б.С- нарт холбогдох 201301021120 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт хх дүүргийн хх дугаар хороо хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. Э.У, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт хх дүүргийн хх дугаар хороо хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
3. Б.С, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт хх дүүргийн хх дугаар хороо хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Г.А- нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Э-ийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Б.С- нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар Б.Урангэрэлтэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Э-т хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
Э.У нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар Б.С-тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Э-т хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.А-од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.С-, Э.У нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.У, Б.С-, Г.А- нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар шүүхийн тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу биелүүлж ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шинжээч томилсон тогтоолд шинжээч нар гарын үсэг зураагүй, шинжээчийн дүгнэлтэд нэг шинжээч нь гарын үсэг зураагүй бөгөөд дээрх нотлох баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж дүгнэсэн байтал дахин шинжээч томилж өмнө гарсан нотлох баримтаар үнэлэх боломжгүй шинжээчийн дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ. Иймд дээрх шүүхийн тогтоолуудад заагдсан ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Э.У, Б.С-, Г.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.У, Б.С-, Г.А- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн 90 дүгээр захирамжид “Тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар шүүхийн тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу биелүүлж ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шинжээч томилсон тогтоолд шинжээч нар гарын үсэг зураагүй, шинжээчийн дүгнэлтэд нэг шинжээч нь гарын үсэг зураагүй бөгөөд дээрх нотлох баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж дүгнэсэн байтал дахин шинжээч томилж өмнө гарсан нотлох баримтаар үнэлэх боломжгүй шинжээчийн дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.” гэжээ.
Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийж, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хэргийн анхан шатны журмаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн билээ.
Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг анхан шатны журмаар хэлэлцэхээр шийдвэрлэн улмаар хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хэргийг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцаахаар заасан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг эцэслэн шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ. Хуулийн дээрх үндэслэлүүдээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчлөө гэж үзэж байна.
Мөн шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн атлаа шүүхийн шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Хохирогч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оноос хойш 5 жил үргэлжилж байгаа энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй...” гэв.
Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шийдвэрлэж болохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Г.А-, Э.У, Б.С- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Улсын яллагчийн эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлийг хянаад:
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллагдагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн прокурорт буцаах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн /хх-ийн 71 тал/ байх тул прокурорын эсэргүүцлийн “...шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн атлаа шүүхийн шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна...” гэх талаарх эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал, нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн талаар гаргасан гомдлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэж болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан ба нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хүсэлтийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаараа шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Гэхдээ давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзээд хохирогч Б.Э-ийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй /ДҮГНЭЛТ хэсгийн 2,3 дахь заалтад хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон/ шинжээчийн дүгнэлт гарсан /3-р хх-ийн 17-18 тал/ байна. Энэ шинжээчийн дүгнэлтийг ойлгомжгүй гэж үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийх, хэрэв хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээтэй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх боломжтой гэж дүгнэлээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийн талаар яллагдагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг санал гаргаж байсан байх ба энэхүү саналыг үндэслэн шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байжээ.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоож хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 90 дүгээр “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А-, Э.У, Б.С- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 90 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр прокурорын эсэргүүцлийг ханган Г.А-, Э.У, Б.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Г.А-, Э.У, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Д.ОЧМАНДАХ