Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0305

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

Нэхэмжлэгч: “ХТ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “ХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга : Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0543/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “ХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХТ ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “ХТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг баримталсан, хууль болон журмыг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тул хуульд нийцэхгүй гэж үзэж, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.1.1. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ “...газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас Засаг дарга буюу хамгаалалтын захиргаа, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлж байгаа явдал юм. Маргаан бүхий энэ тохиолдолд газар ашиглах эрх олгох эрх бүхий сайдын тушаал гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь дүүргийн Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй байсныг дурдах нь зүйтэй.

3.1.2. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2017 оноос хойш газрын төлбөр төлж байгаагүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан ...”

3.1.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” газар ашиглагчийн үүрэг нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ, зориулалт, байршлыг тодорхой заасан бөгөөд нэгж талбарт ногдох газрын төлбөрийг тогтоосон хууль, журам байдаг /түүнийг газар ашиглах гэрээгээр өөрчлөх боломжгүй/ тул нэхэмжлэгчийн хувьд ямар хэмжээний төлбөрийг ямар журмаар төлөх нь угтаа ойлгомжтой юм. Иймээс харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч нь холбогдох этгээдээс гэрээ байгуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаагаараа газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаж эхлэх, газрын төлбөрийг төлөхгүй байх сонирхолтой, энэ утгаараа газрын тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэхээр байна”

3.1.4. “...Газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан баримт нотлох баримтаар тогтоогдоогүй...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд нотлох баримтын буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.1.5. Учир нь анх нэхэмжлэгч “ХТ” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаал бол нэхэмжлэгчийг зөвхөн тухайн газарт ямар хэмжээтэй газрыг, ямар хугацаагаар, хаана ашиглаж болохыг зөвшөөрсөн шийдвэр ба газар ашиглуулах гурван талт гэрээгээр газар ашиглах хугацаандаа ямар үүрэг хүлээж, ямар эрх эдлэх, цаашлаад газрын төлбөрийг хэзээ, хэдэн төгрөг төлөх, мөн газрыг ямар байдлаар ашиглах, түүнд нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс хэрхэн хяналт тавьж ажиллах үүргүүдийг нь тодорхой зааж, харилцан тохиролцож, байгуулдаг гэрээ тул зөвхөн дээрх шийдвэрийг хэлбэржүүлж байгаа баримт бичиг мэтээр тайлбарлах нь хуульд нийцэхгүй юм.

3.1.6. Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглуулах гурван талт гэрээг байгуулах талаар 2012.03.05, 2016.02.17, 2016.03.01, 2017.02.17, 2020.02.03-ны өдрүүдэд тус тус Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2015.07.08-ны өдөр БОНХАЖ-ын сайд Д.О-д, 2016.04.20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж хүсэлтүүд гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог ба гурван талт гэрээг байгуулахыг шаардаж байгаагүй, газрыг ашиглах сонирхолгүй, тэгсэн хэрнээ газрын төлбөрийг төлөхгүй байх, мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1.7. Аливаа газар ашиглагч иргэн, хуулийн этгээд нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд эрх бүхий байгууллага, албан тушаалтай шүүхээр маргах эсэх нь түүний эрхийн асуудал боловч бодит байдал дээр шүүхээр маргаан үүсгэх нь эргээд тэрхүү эрх бүхий байгууллага, албан тушаалтантайгаа байнгын харилцаа холбоотой, тэдний хяналт доор байдаг гэдэг утгаараа газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд газраа хэвийн ашиглаж, үйл ажиллагаа явуулахад нь сөрөг үр дагавартай байдаг тул шүүхээр шийдвэрлүүлээгүй гэж нэхэмжлэгчийн буруутгах нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй.

3.1.8. Нөгөө талаасаа хууль зүйн хувьд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахад төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа зэргийг:

3.1.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 2/ “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”,

3.1.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019.11.13-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа" гэснийг "төлбөр төлөхтэй холбоотой үүрэг" гэж өөрчилсүгэй”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”,

3.1.11. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-т “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 34 дүгээр зүйлийн 34.6-т “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”, 34.6.6-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”,

3.1.12. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай 2019.11.13-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд “Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "зохих хууль тогтоомж, гэрээний" гэснийг "Газрын төлбөрийн тухай хуулийн" гэж, 23 дугаар зүйлийн 23.3.8, 23.4.5 дахь заалтын "ногдуулж хураах." гэснийг "тодорхойлж ногдуулах;" гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь заалтын "төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа" гэснийг "төлбөр төлөхтэй холбоотой үүрэг" гэж, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтын "тогтоосон" гэснийг "хуульд заасан" гэж тус тус өөрчилсүгэй”, 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан зэргээс үзэхэд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг газар ашиглуулах гурван талт гэрээнд заасныг үндэслэн төлөх газрын төлбөрийн хэмжээ, хугацаа зэрэг нь тодорхойлогдох нөхцөл бүрдэх байсан болохыг харж болохоор байна.

3.1.13. Мөн газрын төлбөрийн хэмжээний талаар хууль журам байдаг талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн байдаг боловч

3.1.14. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”,

3.1.15. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019.11.13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн "Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан" гэснийг "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр" гэж, 4 дүгээр зүйлийн "гэрээний" гэснийг "эрх бүхий этгээдийн шийдвэрийн" гэж, 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай" гэснийг "Татварын ерөнхий" гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан" гэснийг "Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан этгээд" гэж тус тус өөрчилсүгэй”, 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус зааснаас үзэхэд мөн л гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөр төлөх нөхцөл бүрдэхээр хуульчилсан байх ба хуульд заасан дээрх зохицуулалтууд нь 2020.01.01-ний өдрөөс өмнөх бүх цаг хугацаанд хамаарч байгаа юм.

3.1.16. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан газар ашиглуулах тухай эрх бүхий сайдын шийдвэр гарсан даруйд төлбөр төлөх, газраа ашиглах эрх үүсэх мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байх ба гагцхүү 2020.01.01-ний өдрөөс хойших цаг хугацаанд газар ашиглуулах шийдвэр гарсан даруйд газрын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид автоматаар үүсэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс буруу дүгнэж, газар ашиглах эрх олгосноос хойших бүх цаг хугацаанд хамааруулан дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.  

3.1.17. Цаашилбал Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно”, 3/ “энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар”, 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт "сум, дүүргийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заажээ.

3.1.18. Үүний дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.07.09-ний өдрийн хуралдаанаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг баталсан байсан боловч уг тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.24-ний өдрийн 211/МА2017/0745 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.12.18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байх боловч 2018.04.20-ны өдрийн байдлаар тогтоолыг шинэчлэн батлахаар Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийгдэж байгаа талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.26-ны өдрийн 128/ШШ2018/0411 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагджээ.

3.1.19. /Уг шүүхийн шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн 2021.01.03-ны өдрийн шүүх хуралдаанд амаар гаргасан боловч хүлээж аваагүй ба уг шүүхийн шийдвэрүүд нь shuukh.mn сайтад нээлттэй байршсан байгаа болно/

3.1.20. Дээрх хууль болон шүүхийн шийдвэрүүдээс газар ашиглагч иргэн хуулийн этгээдээс газрын төлбөрийг хэрхэн тооцож, хэзээ төлөх талаар холбогдох хууль тогтоомж, холбогдох журамд тодорхой заасан байсан гэж үзэх үндэслэл байхгүй байх ба хуулиар холбогдох журмыг батлан мөрдүүлсний үндсэн дээр төлөх төлбөрийн хэмжээ тодорхой болохоор байх боловч энэхүү хуулийн дагуу батлан мөрдүүлж байсан журам нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, түдгэлзсэн зэрэг нөхцөл байдлууд байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй нь хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020.11.24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/8076 дугаар мэдэгдлийг “ХТ” ХХК-д хүргүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч энэ үйл баримтаар тогтоогдоогүй, гэхдээ энэ үндэслэл нь маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй...” талаар дүгнэсэн нь хуульд зөрчиж байна.

3.2.1. Учир нь хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тэрхүү үйл баримт нь тогтоогддоггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах ёстой, үүрэгтэй, зарчимтай байхад энэхүү ажиллагааг захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс зөрчсөн нь илт тодорхой, хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү хуулийг зөрсөн болох нь тогтоогдож байгаа нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх зэргээр хуульчилсан захиргааны үйл ажиллагааны зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байхад энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна.

3.2.2. Тодруулбал шүүхээс ийнхүү дүгнэж байгаа нь хариуцагч төрийн захиргааны албан тушаалтнаас маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна, баримтаар тогтоогдож байна, гэхдээ нэхэмжлэгч өөрөө бас хууль зөрчсөн юм чинь хариуцагчийн хууль зөрчсөн асуудал хамаагүй, нэхэмжлэгчийн хууль зөрчсөн нь илүү гэдэг агуулгаар дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг ноцтой зөрчиж, хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

3.3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021.03.12-ны өдрийн А/79 дугаартай "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаалын тушаах хэсэгт баримталсан хуулийн заалтууд нь нэхэмжлэгчид хамааралгүй, хэт ерөнхий заалтуудыг баримталсан байхад анхан шатны шүүхээс энэхүү асуудалд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчинө гэж үзэж байна.

3.3.1. Тухайлбал уг тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021.03.12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020.09.04-ний өдөр 11и-з /5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцлаж, хүчингүй болгосугай гэжээ.

3.3.2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”,

3.3.3. Тушаал шийдвэр гаргахтай холбоотой хуулийн ерөнхий зохицуулалт Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” ,

3.3.4. Тусгай хамгаалалттай газар нутагт явуулж болох үйл ажиллагааны төрлийн заасан ба газар ашиглах эрхтэй холбогдолгүй заалт 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” Төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой хэт ерөнхий зохицуулалтууд,

3.3.5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”,  35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Гэрээ байгуулаагүй байж, ямар гэрээний нөхцөл, болзлыг биелүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчид хамаарахгүй заалтыг баримталсан. Мөн л гэрээ байгуулаагүй хэрнээ хэдэн төгрөгийн төлбөрийг хэзээ төлөх ёстой байсныг төлөөгүй, аль хуульд газрын төлбөрийг тэдийд төлнө гэж зохицуулсан байдаг нь тодорхойгүй.

3.3.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”,  40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” 1. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон эрхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэрэгжүүлсэн байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиас Газрын тухай хуулийн 40.1 дэх заалтыг иш татаж болохоор хуульчлаагүй байна.

3.4. Дээр дурдсан үндэслэлүүдээр гэрээ байгуулагдаагүй, төлбөрийг хэзээ төлөх хугацаа тодорхойгүйн дээр байгуулаагүй гэрээний зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.

3.4.1. Ийнхүү хуулийн хэт ерөнхий зохицуулалтуудыг баримтлан, мөн нэхэмжлэгчид хамааралгүй, өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхээр дээрх хуулийн заалтуудыг баримтлан маргаан бүхий захирааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлаж, хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасныг зөрчиж байна.

3.4.2. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай /1994.11.15-ны өдрийн/ хуульд газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох эрхийг хариуцагчид олгож хуульчлаагүй, энэ процессыг нь ч хуульд заагаагүй байхад хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байхад энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

3.4.3. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглагчийн эрхийг цуцлах, хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлахаар хуульд тусгаагүй байх ба гагцхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1/ “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 2/ “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”,

39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;

39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;

39.1.3.эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан;

39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;

39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн. гэсэн зохицуулалтыг л зөвхөн хуульчилсан байна.

3.4.4. Гэтэл дээрх хуулиудыг баримтлан, ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021.03.12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020.09.04-ний өдөр 11и-з /5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, нэхэмжлэгчид огт хүргэгдээгүй мэдэгдэл зэргийг үндэслэн ийнхүү газар ашиглагчийн эрхийг хөндсөн шийдвэрийг гаргасан байхад анхан шатны шүүхээс түүнийг хуульд нийцнэ гэж үзсэн хуульд нийцэхгүй.

3.4.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.03-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар “ХТ” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Нийн задгайд 5 жилийн хугацаатайгаар, аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газрын хэмжээг 10 га болгон уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах 0171072 дугаар гэрчилгээ олгожээ.

2.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд үүнд нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан тул уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.

2.3. Хариуцагчаас “ХТ” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” хэмээн буруутгаж байхад нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагууд гурвалсан гэрээ байгуулаагүй, удаа дараа хандахад шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас төлөх төлбөрийн үнийн дүн тодорхойгүй учир төлбөрийг төлөөгүй, ашиглах боломжгүй байдал үүссэнийг харгалзан үзээгүй хэмээн маргаж байна.

2.4. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Богдхан уулын дархан цаазат газын хамгаалалтын захиргаанд, 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагджээ.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар захиргааны хэргийн шүүх маргааны нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байтал уг маргааныг хянан шийдвэрлэхдээ маргааны үндсэн нөхцөл байдлыг тодруулаагүй, байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2.6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтад заасан зөрчлийг гаргасан эсэхийг хариуцагчаас бүрэн дүүрэн тогтоож, шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу шийдвэрээ гаргах ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс удаа дараа хариуцагч болон Богдхан уулын дархан цаазат газын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахыг хүсэж хандаж байсан ба уг хүсэлтүүдийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэснийг тодруулалгүй үлдээсэн нь алдаа болжээ.

2.7. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.”, 34 дүгээр зүйлийн 34.6.2-т “газар эзэмших зориулалт”, 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж тус тус зааснаар Сум, дүүргийн Засаг дарга хамгаалалтын захиргаатай хамтран газар эзэмшигч этгээдтэй гурвалсан гэрээг газар ашиглуулах шийдвэрийн дагуу байгуулах үүрэгтэй бөгөөд хэрэв захиргааны байгууллагуудын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй бол хууль ёсны итгэл хамгаалах зарчмын үүднээс хөндөгдөж буй эрх ашгийг нь сэргээх боломжтой эсэхийг тодруулах нь зүйтэй.

2.8. Иймд нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахыг хүсэж хандаж байсан ба уг хүсэлтүүдийг хүлээн авсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж, хэрэв хүргүүлсэн бол хариуцагчаас ямар шийдвэр гаргасан талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэвэл зохино.

Ийнхүү дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУнГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА