Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 401

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: ХХЗХ нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Радио давтамж ашиглах 290/ТҮ.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , Т.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

“М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...  Телевизийн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх үйл ажиллагаа явуулахад аж ахуйн нэгжүүд нь “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ”, эсхүл “Кабелийн сувгийн үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай байдаг.

“Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ” эрхлэгчдийн хувьд өөрийн сувгийг антенаар цацах боломж бүрдүүлэх үүднээс “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл” мөн давхар авах шаардлага гардаг байсан ба, улмаар радио давтамж ашиглан цацсан нэвтрүүлгийг үзэгчид өөрийн гэрт буй телевизийн антенаар шууд хүлээн авч үздэг байсан.

******* оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ХХЗХ ноос ДХ/01/******* дугаартай “Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн эрх олгох дуудлагын худалдаа” зарласан. Тухайн үед манай “М” ХХК нь мөн байгуулагдаад байсан ба телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зорилготой байсан.

Ийнхүү манай компани тус дуудлага худалдаанд оролцож 810,000,000 төгрөг санал болгосноор ялсан ба 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ХХЗХ той “Радио давтамж ашиглах 290/ТV.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-г байгуулж ******* оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай агаарын долгионы 25 дугаар суваг буюу 502.0-510.0 МГц радио давтамж ашиглах эрх авсан.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх 331/В/Т\/.. тоот тусгай зөвшөөрлийг мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан ба энэ нь тусдаа гэрээгээр зохицуулагдаж, тухай бүр сунгагдаад явдаг юм. Энэ асуудал нь тусдаа байх талаар “Радио давтамж ашиглах 290ЛЛ/.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-ний 5.1-д тодорхой зааж өгсөн.

Радио давтамж ашиглах эрхийн хувьд Харилцаа холбооны зохицуулах  хорооноос яагаад Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлан тусгай зөвшөөрөл олгохгүй, дуудлага худалдаа зохион байгуулж байгаа талаар лавлахад телевизүүд хэт олон болж байгаа, харин радио давтамж нь тооны хязгаартай байдаг тул цаашид дуудлага худалдаа явуулах замаар радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож явна гэсэн.

Иймд цаашид радио долгионыг дуудлага худалдаагаар олгож байх тухай өөрчлөлтүүд хуульд тусгагдана гэж ойлгож байсан.

Гэтэл дараагийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд ХХЗХ  нь ямар нэгэн дуудлага худалдаагүйгээр тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Ийнхүү зөвхөн манай компаниас төлбөр авч, бусад аж ахуйн нэгжээс төлбөр авалгүй тусгай зөвшөөрөл олгосон явдал нь шударга бус явдал болсон.

Цаашлаад Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” гарсан ба цаашид телевизийн нэвтрүүлгийг радио давтамж ашиглаж цацах биш, харин тоон технологи ашиглаж цацаж байх хөтөлбөр зарлагдсан. Үүний дагуу Чингэлтэй уулан дахь 58 метр өндөр цамхагт байрлах өөрийн 10 киловаттын хүчин чадалтай нэвтрүүлэх станцыг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн манай компани унтраасан.

Ийнхүү радио давтамжийг телевизийн нэвтрүүлгийн зориулалтаар ашиглах эрхээ алдсанаар 502.0-510.0 МГц радио давтамжийг 10 жил ашиглана гэж төлсөн 810,000,000 төгрөг нь ямар ч хэрэгцээгүй зүйл болсон. Иймд ХХЗХ той энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллах санал тавьсан. Ийм боломжийн талаар дээрх үндэсний хөтөлбөрт заасан байдаг ба хөтөлбөрийн 4.2-т “тоон технологид шилжүүлэхдээ төр-хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах”, 5.5.5-д “тоон радио, телевизэд ашиглах радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалт хийх” зэрэг зарчим туссан байсан тул төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дагуу асуудлыг шийднэ хэмээн найдаж хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан.

Нэг гарц нь 502.0-510.0 МГц давтамжийг тоон системд ашиглах боломж байсан тул №1/513 тоот албан бичгээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай компанийн зүгээс авсан радио давтамжаа цаашид тоон системд ашиглах радио давтамж болгох хүсэлт ХХЗХ нд явуулсан. Гэтэл тус хорооноос 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03/2087 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн ба өргөн нэвтрүүлгийн телевизийн аналоги системд ашиглагдаж буй радио давтамжийн тусгай зөвшөөрөл 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэсэн.

Тусгай зөвшөөрлийн гэрээний 1.2-т заахдаа гэрээг цуцлахыг хүсвэл энэ тухайгаа нөгөө талдаа 30 хоногоос доошгүй хугацааны өмнө албан бичгээр үндэслэлийн хамт мэдэгдэнэ гэж заасан боловч ХХЗХ ноос гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүлээж аваагүй болно. Мөн манай компанийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж байгаагүй тул 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсан.

Үүний тод жишээ нь 2016 оноос хойш ч 290ЛЛ/.. тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл ХХЗХ ноос манай компанид ирсээр байсан. Хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бидэнд 2,580.000 төгрөгийн цахим нэхэмжлэл ирүүлсэн ба төлбөрийн хамрах хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байсан.

Бидний зүгээс гэрээний хүчин төгөлдөр хугацаанд радио давтамжийн зөвшөөрлийн асуудал шийдвэрлэгдэнэ гэж итгэж байсан тул төлбөрийг бүрэн төлсөн боловч ХХЗХ ноос асуудлыг шийдвэрлээгүй болно.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу ХХЗХ  нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий үндсэн байгууллага юм. Дээрхи хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад заасны дагуу тус байгууллага нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй байдаг тул энэ асуудлаар бид ХХЗХ ноос өөр байгууллагад хандах эрхгүй юм. Иймд өөр ямар нэгэн байгууллагад гомдол гаргаж байгаагүй.

Радио долгион хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулж буй хууль нь 1999 онд батлагдсан Радио долгионы тухай хууль юм. Тус хуульд 2001 оноос хойш ноцтой өөрчлөлт ороогүй ба 10 дугаар зүйл нь тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах журмыг, 11 дүгээр зүйл нь тусгай зөвшөөрөл олгох журмыг зохицуулдаг. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар ХХЗХ  нь өргөдөл хүлээж авснаас хойш 30 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгох, эсвэл олгохоос татгалзах шийдвэр гаргана гэж дурдсан.

Өөрөөр хэлбэл Радио долгионы тухай хуульд тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгоно гэж нэг ч заалт байхгүй. Гэтэл тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны журмыг зөрчиж хариуцагч нь дуудлага худалдаа явуулсан нь манай компанид ихээхэн санхүүгийн дарамт учруулсан. Мөн хожим дараагийн тусгай зөвшөөрөл олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй нь манай компанид шударга бус хандсан, улмаар бидний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн явдал байсан гэж үзэж байна.

Хамгийн гол нь анх радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгохдоо хууль зөрчиж дуудлага худалдаа явуулсан гэж бид үзэж байгаа тул захиргааны шүүхэд хандсан явдал нь тус захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, цаашлаад ХХЗХ  нь бусад байгууллагаас аваагүй мөртлөө манай байгууллагаас авсан мөнгөн дүнг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх зорилготой байна.

Өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны гэрээний асуудлаар захиргааны шүүхэд хандах боломж байгаагүй ба энэ асуудлыг иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлдэг байсан. Харин 2016 онд шинэчлэн баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг зөвхөн захиргааны шүүхэд гаргахаар хуульчилсан.

Гэвч тус хуульд илт хууль бус захиргааны гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлөгдсөн аливаа төлбөрийг хэрхэн барагдуулах талаар хуульчлаагүй тул энэ асуудлыг дараа нь иргэний шүүхэд хандаж Иргэний хуулийн дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад зааснаар захиргааны гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол илт хууль бус байхаар заасан. Ийнхүү ХХЗХ  нь Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон байх тул тус захиргааны гэрээг илт хууль болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , Т.У  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХЗХ нд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заагдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.4-д заасны дагуу нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна. Энэ талаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 128/Ш32017/7985 тоот шүүгчийн захирамж гарч байсан хэдий ч захирамжид дурдсан асуудлуудыг тодруулж, холбогдох баримт материалуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

2. “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дах заалтыг мөн хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлд дурдсан асуудлаар тус хороонд болоод бусад эрх бүхий байгууллагад хандаж гомдол гаргаж байгаагүй.

“М” ХХК нь нэхэмжпэлийн шаардлагаа тайлбарлахдаа Зохицуулах хороо нь Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлаагүй, дуудлага худалдаагаар олгох тухай заалт хууль тогтоомжид байхгүй байхад хууль зөрчиж дуудлага худалдаа зохион байгуулж зөвшөөрөл олгосон гэх агуулгаар тайлбарлажээ.

Гэхдээ аливаа тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4, Харилцаа холбооны тухай хуулийн 14.3, Радио долгионы тухай хуулийн 11.4 болон холбогдох бусад баримт бичигт зааснаар өрсөлдүүлэн шалгаруулж олгох боломжтой байдаг.

Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа “2008 оны 290/TV.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”, “...захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, цаашлаад бусад байгууллагаас аваагүй мөртлөө манай байгууллагаас авсан мөнгөн дүнг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх зорилготой” гэжээ.

- 290/TV.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоод 10 орчим жил өнгөрсөн байна. Хэрвээ тухайн дуудлага худалдаатай холбоотой асуудлаар гомдол санал байсан тул тухайн үед шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

- 290/TV.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээгээр зөвшөөрлийн төлбөрийн дүнг тогтоогоогүй бөгөөд дуудлага худалдаанд нэхэмжлэгч тал сайн дураараа оролцож, тухайн 810 сая төгрөгийн үнийг санал болгож, ялалт байгуулсан байдаг.

- Зохицуулах хорооноос “М” ХХК-тай байгуулсан дээрх 290/TV.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заагдсан захиргааны гэрээ биш болно.

Ийнхүү нэхэмжлэгч тал болох М-ээс гаргасан нэхэмжлэл нь холбогдох хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан ажиллагаа хийгдээгүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай тайлбарлаж, холбогдох баримт материалаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд “2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Радио давтамж ашиглах 290/ТҮ.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг ХХЗХ нд холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол захиргааны гэрээ илт хууль бус байна” гэсний дагуу тодорхойлсон бөгөөд төрийн өмчид хамаарагдах радио давтамжийг телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглаж, нийтийн хүртээл болгох үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрх бүхий захиргааны байгууллагатай байгуулсан, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээний шинжийг агуулсан байх тул маргаан бүхий захиргааны гэрээг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар дээрх захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянаж, дараах нөхцөл байдлууд тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Харилцаа холбооны болон Радио долгионы тухай хуулиудын холбогдох заалтуудаар хариуцагч буюу ХХЗХ г тусгай зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэдгийг нарийвчлан зохицуулснаас гадна Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно”, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгож болно” гэж тус тус заасан байна.

Мөн Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-д “радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл гаргах, радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах болон ... журам батлах” эрхийг хуулиар олгосны хүрээнд ХХЗХ ны 2002 оны 06 дугаар тогтоолоор “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”-ыг баталж, 2004 оны 16 дугаар тогтоолоор “06” дугаар тогтоолоор баталсан журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Дээрх журмуудаар иргэн, хуулийн этгээдэд өрсөлдүүлэн шалгаруулалтаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулж, 2 дугаар зүйлийн 2.1-д Үнэ хаялцуулах, Уралдаант шалгаруулалт гэсэн 2 хэлбэрээр сонгон шалгаруулалтыг явуулахаар зааж, Үнэ хаялцуулах ажиллагаа нь дуудлагын худалдааны хэлбэрээр явагдахыг 4 дүгээр зүйлийн 4.1-д тусгасан.

Ийнхүү ХХЗХ ноос ******* оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зарласнаар сонирхогч 5 аж ахуйн нэгж материалыг шаардлага хангасан гэж дуудлага худалдаанд оролцуулснаас “Хамгийн өндөр үнэ /810,000,000.0 төгрөг/ хэлсэн “Ф ” ХХК /нэхэмжлэгчийн тухайн үеийн нэр, улсын бүртгэлийн лавлагаагаар өөрчлөлт орсон нь тогтоогдсон/ дуудаж, дуудлагын худалдаанд ялагч болсон” хэмээн ХХЗХ ДХ/01/******* тоот дуудлага худалдааны үр дүнгийн тухай танилцуулгад дурьджээ.

ХХЗХ ны ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/657 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн тухайн үеийн нэршил буюу “Ф ” ХХК-д ... дуудлага худалдаанд санал болгосон мөнгийг шилжүүлж, гэрээ байгуулахыг урьсны хариуд мөнгө шилжүүлсэн баримтыг хүргүүлж, гэрээ хийхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, санал солилцсон байна.

Үүний үр дүнд ХХЗХ ны ******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасныг үндэслэл болгон “Улаанбаатар хотод Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн эрх олгох дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлсэн “Ф ” ХХК-ийг дуудлага худалдаанд шалгарсанд тооцож, тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ.

Хоёр. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах эрхтэй, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах; 12 дугаар зүйлийн 12.2-т Тусгай зөвшөөрлийг 20 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно, 14 дүгээр зүйлийн 14.1-д Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна гэж хариуцагч ХХЗХ ны иргэн, аж ахуйн нэгжтэй тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх, гэрээ байгуулах эрхийг тогтоож өгсөн байна.

Иймд Харилцаа хорооны зохицуулах хороо, “М” ХХК нарын хооронд хийгдсэн “Радио давтамж ашиглах 290/ТV.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ” нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, дуудлага худалдааны ялагчтай, харилцан хүсэл зоригийн илэрхийллийн үр дүнд 10 жилийн хугацаатай хийгдсэн, талууд харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т “талуудын гэрээ цуцлах, дуусгавар болгох, нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг нээлттэй зааж өгснөөс гадна 4 дүгээр зүйлийн 4.10-д “дуудлага худалдаанд санал болгосон 810,000,000.0 төгрөгийг тусгай зөвшөөрөл авахдаа нэг удаа төлөх бөгөөд эхний таван жилийн төлбөр багтана” гэснээс үзэхэд эхний 5 жилийн төлбөрөөс чөлөөлөгдсөн ба энэ талаар талууд маргадаггүй.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд радио давтамжийг телевизийн нэвтрүүлгийн ашиглах эрхээ алдсан, ... Чингэлтэй уулан дахь 58 метр өндөр цамхагт байрлах өөрийн 10 киловаттын хүчин чадалтай нэвтрүүлэх станцыг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн манай компани унтраасан... 2016 онд тусгай зөвшөөөрлийн төлбөрийн нэхэмжлэл ирсэн” хэмээн нэхэмжлэгч гэрээний улмаас хөндөгдсөн эрх, ашиг сонирхол байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “10 жил төрийн өмчийн долгионыг ашиглаад үр шимийг нь хүртсэн, дуудлага худалдаа болон төлбөрийн талаар тухайн үедээ ямар нэгэн гомдол санал ирүүлж байгаагүй, ... мөн тоон системд шилжих асуудал нэг өдрийн дотор хаасан зүйл биш, 2010 оноос хойш Засгийн газрын бодлогын чиглэл гарч, үүнээс хойш системтэйгээр тодорхой үе шаттайгаар хийгдсэн. Өнөөдрийг хүртэл телевизийн аналоги буюу дуу, дүрсний чанаргүй системээс тоон системд шилжих ажил хийгдээд явж байгаа, нэхэмжлэгч 2016 онд долгионыг зогсоосон гэж байгаа бол ...эфир хаагдаж хэдэн хоногийн турш үзэгчдэд мэдээлэл хүргээгүйгээс болж хэдий хэмжээний хохирол үүссэн талаар нотолсон зүйл байхгүй, ...гэрээний 10 жилийн хугацаанд 2 тал гэрээний үүргээ биелүүлээд дууссан, өөрөөр хэлбэл радио долгионыг гэрээнд заасан хугацаанд ашигласан” гэх шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.  

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол захиргааны гэрээ илт хууль бус байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан “2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Радио давтамж ашиглах 290/ТҮ.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-ний улмаас “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 11 дүгээр зүйлийн 11.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Радио давтамж ашиглах 290/ТҮ.. тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА