Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/974

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.Л, Т.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа /ШТЭД-/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л, Т.Ц нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Лт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00767 0635 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

- Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, дүүргийн дугаар хороо,  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Дийн Л /РД: /.

- Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ганцаараа дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

Шарав овгийн Тын Ц /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Шүүгдэгч Д.Л, Т.Ц нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачит караокед хохирогч Д.Цын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь түүний гарт байсан алтан болон монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.745.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны дугаар гудамжны тоотод байрлах нийтийн байранд “мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар Ц.Оийг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Д.Цын мэдүүлэг /хх18-22/, эд зүйл хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх9-13/, гэрч О.Нгийн мэдүүлэг /хх34-36/, гэрч Д.Оын мэдүүлэг /хх28/, гэрч Г.Бгийн мэдүүлэг /хх30/, гэрч П.Өын мэдүүлэг /хх32/, хохирогч М.Оийн мэдүүлэг /хх105/, гэрч Э.Бийн мэдүүлэг /хх109/, гэрч Б.Оийн мэдүүлэг /хх111/, гэрч Ц.Бгийн мэдүүлэг /хх113/, гэрч А.Сийн мэдүүлэг /хх115/, шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт /хх119-120/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг-1. Шүүгдэгч Д.Л, Т.Ц нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.1. Хохирогч Д.Цын “...2020 оны 02 дугаар 04-ний өдрийн 18 цагийн үед саппорогийн ард “Ачит” нэртэй пабд ороод 2 шил пиво уугаад сууж байгаад хажуу талын ширээнд сууж байсан 60 гаран насны хоёр хүнтэй хамт хоёр шил архи уусан. Тэр үед гаднаас 3 эмэгтэй 1 эрэгтэй хүн тэр пабд орж ирж байсан тэгээд нэг мэдэхэд миний хажууд нэг эрэгтэй хүн ирээд суучихсан өөрийгөө эмэгтэй хүн гэж хэлээд над руу налаад суугаад байсан. Би тэр хүнийг цааш яв гэж хэлж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай дүү Б намайг авахаар ирсэн, цагдаагийн дэслэгч Бат-Очир намайг дүү Бд хүлээлгэн өгсөн. Хоёр гарт байсан алтан болон монетон бөгж, хаан банкны виза карт, самсунг эс-8 маркийн гар утас алдсан байсан...маргааш нь би цагдаагийн байгууллага дээр очин банкны виза карт, гар утас, симийн хамт авсан, миний эд зүйлийг хулгайлсан хүн намайг дагуулж яваад 3-р хороололд байдаг нэг ломбарднаас миний алтан бөгж, монетон бөгж хоёрыг авчирч өгсөн, одоо нэхэмжлэх зүйгүй...” гэсэн мэдүүлэг /хх18-22/,

1.2. Эд зүйл хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх9-13/,

1.3. Гэрч О.Нгийн /”” караокений зохион байгуулагч/ “...нөгөө өвгөн харагдаагүй тэгээд өрөөндөө ороод байж байгаад эргээд гараад ирсэн чиний манай зөөгч Ө “аниа баларсаан нөгөө өвөө чинь 00-д тасарсан байсан чинь саппорогийн 2 хүүхэн 4-н номерийн өрөөрүү дагуулаад орчихлоо” гэхээр нь би тэгээд яадаг юм гэсэн чинь үгүй ээ аниа тэр өвөө хуруундаа аймар том алтан бөгжтэй байсан, тэрийг нь авчихав дээ гэхээр нь ... би 4-н номерийн цаг сунгах гэж байгаа дүр үзүүлээд ороод харсан чинь өвөө шалан дээр тасраад уначихсан 2 хуруунд нь ямар ч бөгж байхгүй байхаар нь би буцаж текэн дээр ирээд зөөгчдөө хандан 2 бөгжийг нь нээрээ авсан байна шдээ гэж хэлчихээд хэсэг хугацааны дараа манай зөөгч энэ өвөөг бөгжтэй байхыг нь харсан байна та 2 гаргаад ир, авсан юм уу гэхэд бүдүүн эмэгтэй нь муухай хараад байсан...та 2 бөгжийг нь авсан юм бол надад утас, картыг нь өгчих би та 2-г цагдаад хэлэхгүй гэсэн чинь туранхай нь бүдүүн эмэгтэйгээ нэгжиж байгаад өмднийх нь арын халааснаас алтан картыг нь гаргаж өгтөл бүдүүн хүүхэн нь картаа чи надад өгчихөө би 24 цагийн Голомт банк ороод мөнгийг нь аваад талыг нь чамд өгье би кодыг нь мэдэж байгаа гэхээр нь би үгүй ээ манайх тийм юм байхгүй гээд картыг нь аваад үлдсэн, гар утас нь өвөөгийн гуяных нь доор харалдаа газар унасан байсан болохоор би авч гараад текэн доороо карттай нь хамт хийсэн...эрүүл саруул болохоороо манайхаас асуугаад ороод ирэхээр нь би утас, картыг нь гаргаад өгчье гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх34-36/,

1.4. Гэрч Д.Оын “...би хувиараа таксинд явдаг. 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой саппорогийн автобусны буудал дээр 2 эмэгтэй хүн гар өгөөд зогсож байсан. ...саарал хувцастай бүдүүн эмэгтэй нь надад алт, мөнгө авдаг ломбард хэрэгтэй байна гэж хэлсэн. ...тэр хоёр надад бид хоёрт бичиг баримт байдаггүй ээ, чи өөрийнхөө бичиг баримтаар 1 алтан, 1 монетон тавиад өгөөч гэснийг би зөвшөөрсөн. ...Өргөө кинотеатрын баруун талд Бүргэд нэртэй ломбарданд тэр 2 эмэгтэйтэй гурвуулаа ороод алтан бөгжийг 700.000 төгрөгөөр, монетон бөгжийг 240.000 төгрөгөөр нийт 940.000 төгрөгөөр тавьсан...дараа нь гэнэт би юу хийчэхэв, энэ хоёр юм хулгайлсан байна гээд Саппорогийн буудал дээр байсан цагдаагийн путкен дээр очоод тэнд байсан цагдаагийн офицерт болсон асуудлыг хэлсэн. Тэр офицер нэрээ Бат-Очир гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх28/,

1.5. Гэрч Г.Бгийн “...миний гар утас руу цагдаарийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер Б гэх хүн ярьсан. ...очиход манай ахын 2 гарт нь байсан 2 ширхэг бөгж, гар утас нь байхгүй байна гэдгийг хэлсэн. Тэгээд тэр цагдаагийн хамт явж манай ахыг 2 талаас нь сугадаад явж байсан гэх хүмүүсийг хайж түргэн шуурхай олж тогтоосон. Тэгээд цагдаа тэр эмэгтэй, эрэгтэй 2 хүнээс асуухад 2 бөгжийг нь 3 дугаар хороололд ломборданд тавьсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх30/,

1.6. Гэрч П.Өын /зөөгч/ “...21 цаг өнгөрч байхад нөгөө дөрвөөс 2 хүүхэн явсан, гарч явахдаа үлдсэн хоёрыгоо наад хоёр чинь тэр согтуу өвгөний юмыг хулгайлна гэж ярьж байна шүү гэж хэлээд гарсан. ...манай зохион байгуулагч Н 22 цаг өнгөрч байх үед тэр гурвын өрөөнд нь ороод гарч ирэхдээ нөгөө ахын шаргав виза карт, гар утас хоёрыг авч гарч ирээд маргааш ирэхээр нь өгье, сар шинэ болох гэж байхад хамаг юмаа хаях нь гэж ярьсан...Удалгүй 23 цаг өнгөрч байхад нөгөө хоёр цагдаатай хамт орж ирээд... манай зохион байгуулагч Н эгчид байсан нөгөө ахын гар утас, карт зэргийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх32/,

1.7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогчийн эд зүйл болох алтан бөгжийг 1.150.000 төгрөг, монетон бөгжийг 595.000 төгрөг, самсунг эс-8 гар утсыг 300.000 төгрөг, банкны картыг 5.000 төгрөгөөр нийт 2.055.000 төгрөгөөр үнэлжээ. /хх44-45/, 

Хоёр-2. Шүүгдэгч Д.Лыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

2.1. Хохирогч М.Оийн “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтай 3 дугаар гудамжны 285 тоотод байрлах нийтийн байранд очсон. ... Хулан гэх залуу нь согтоод намайг нүүрэн тус газар цохисон. Намайг цохисон шалтгаан нь чи миний картны бүх мөнгийг авсан байна гэж хэлэхэд зодсон...Гэмтлийг Хулан гэх хочтой Л учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх105/,

2.2. Гэрч Э.Бийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтай 3 дугаар гудамжны 285 тоотод эхнэрийн хамт амьдардаг. ...Хулан гэж эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй сонин хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх109/,

2.3 Гэрч Б.Оийн “...эрэгтэй мөртлөө эмэгтэй хувцас өмсдөг Кошка гэх залуу ирсэн...О шалан дээр сууж байхад Кошка ирээд Оийн толгой руу 3 удаа өшиглөсөн... манай нөхөр Цагаанаа зодоон болохыг өмнө Оийг нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх111/,

2.4 Гэрч Ц.Бгийн “...манай эхнэр Б.Оэ Отай үсдэлцээд газар хэвтээд ноцолдсон. Салгаад байж байхад Кошка босч ирээд Оийн нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Кошка гэдэг нь Хулан гэж хүн юм...” гэсэн мэдүүлэг /хх113/,

2.5 Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 3812 дугаар дүгнэлтэд “...Ц.Оийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх119-120/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Л, Т.Ц нар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлгээс шүүгдэгч Д.Л, Т.Ц нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит” караокед хохирогч Д.Цыг согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтсон байдлыг далимдуулан түүний гарт байсан алтан болон монетон бөгжийг авсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай дүү Б намайг авахаар ирсэн, цагдаагийн дэслэгч Бат-Очир намайг дүү Бд хүлээлгэн өгсөн. Хоёр гарт байсан алтан болон монетон бөгж, хаан банкны виза карт, самсунг эс-8 маркийн гар утас алдсан байсан...маргааш нь би цагдаагийн байгууллага дээр очин банкны виза карт, гар утас, симийн хамт авсан, миний эд зүйлийг хулгайлсан хүн намайг дагуулж яваад 3-р хороололд байдаг нэг ломбарднаас миний алтан бөгж, монетон бөгж хоёрыг авчирч өгсөн, одоо нэхэмжлэх зүйгүй...” гэх мэдүүлэг, гэрч О.Нгийн /Ачит караокений зохион байгуулагч/, Д.О, Г.Б, П.Өын /зөөгч/ нарын мэдүүлэг, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хулгайлсан эд зүйлийг ломбарданд тавьсан нөхцөл байдлыг гэрч нар хөтөлбөргүй мэдүүлсэн бөгөөд улмаар цагдаад хандан, цагдаагийн албан хаагч шуурхай илрүүлж шүүгдэгч нарыг олж тогтоожээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, хохирогчийн бөгжийг авсанаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж үзнэ.

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын  хэмжээг хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсон 1.745.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Л, Т.Ц нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Л:

Шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2020 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтай 3 дугаар гудамжны 285 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Ц.Отэй муудалцан түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь дараах баримтаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч М.Оийн “...Хулан гэх залуу нь согтоод намайг нүүрэн тус газар цохисон. Намайг цохисон шалтгаан нь чи миний картны бүхи мөнгийг авсан байна гэж хэлэхэд зодсон...Гэмтлийг Хулан гэх хочтой Л учруулсан...” гэсэн мэдүүлэг, үйл явдлыг шууд харсан гэрч Б.Оэ, Ц.Б нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Лын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол хор уршигийг хүсч учруулсан гэж үзнэ.

Түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Оийн эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, баруун зовхинд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хараарах гэмтэл учирсан нь шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 3812 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бие байдлаар буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлжээ.

Хохирогч Ц.О нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаар 161.320 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Лоос 161.320 төгрөг гаргуулж хохирогч Ц.От олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Л, Т.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар,

Шүүгдэгч Д.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Лд оногдуулсан ялыг нэмж нэгтгүүлэн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэл дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгч Т.Цгийн хувьд уурхайд тогтоочоор ажиллаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Л, Т.Ц нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн байдал, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүйг харгалзан хуульд заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Т.Ц нарт тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Мөн шүүгдэгч Т.Цгийн хувьд хөдөлмөр эрхэлж байгаа талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авах боломжгүйг дурдаж байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Л нь шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагийн хугацаагаар тооцон, түүний эдлэх ялаас хасч тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Л, Т.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Д.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Т.Ц нарт тус тус 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгүй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лын шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан хугацааг нийтэд тустай ажил хийл ялын 16 цагийн хугацаагаар тооцон түүний эдлэх ялаас хасч тооцсугай.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лоос 161.320 /нэг зуун жаран нэгэн мянга, гурван зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Ц.От олгуулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР