Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/980

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 2008 00000 1065 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” ХХК-ын барилгын материалын дэлгүүрт туслах ажилтан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, одоо хот, дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Буурал овогт Бын З /РД:/.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дугаар байрны орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Т.Цтай “машины түлхүүр авах гэж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “дух, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун шууны зулгаралт, баруун гуя, шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 746 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд болон шүүгчдэгчийн хувийн байдлыг тодруулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  /хх2/

2. Хохирогч Т.Цын “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед дүүргийн  дүгээр хороо, дугаар байрны үсчингийн газарт байж байхад гаднаас нөхөр З орж ирээд буцаад гараад явах гэж байхаар нь би нөхрийгөө хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад нөхөр хөдөө ажлаар явах гэж байна гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би удалгүй хойноос нь гараад дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр байсан нөхрийнхөө машинд очоод суусан. Тэгээд би нөхөртөө хандаж “чи машиныхаа түлхүүрийг үлдээгээд яв, би ойр зуур унаж байя” гэсэн чинь нөхөр түлхүүрээ өгөхгүй гэж уурлахаар нь би гарнаас нь машиных нь түлхүүрийг авах гэхэд нөхөр миний гарын бугуйны хэсэгрүү гараараа 2-3 удаа цохиод машинаас буусан. Тэгэхээр нь би бас машинаас буугаад нөхөр рүү ойртож очоод түлхүүр өг гээд гарнаас нь барихад нөхөр миний духны хэсэгрүү гараараа цохиод, баруун хөлний шилбэний хэсэгрүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд, эрүү хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэр үед хажууд нэг цагдаа явж байж таараад нөхөр бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... Өмнө нь зодож гар хүрч байгаагүй... нөхрөөсөө нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх11/

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6602 дугаартай “...Т.Цын биед дух, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун шууны зулгаралт, баруун гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх20-21/

4. Б.Зын яллагдагчаар өгсөн “...эхнэр машинд орж ирээд “надад машиныхаа түлхүүрийг өгөөд яв, би ойр зуурын хэрэгцээнд унаж байя” гэсэн тэгэхээр нь би хариуд нь “юу яриад байгаа юм бэ? чи жолооны үнэмлэхгүй байж унаж яваад асуудал гаргавал яах юм, түлхүүр өгөхгүй” гэж хэлсэн... би эхнэрийхээ гар руу буюу нэг гарынх нь бугуй хэсэгрүү нь гараараа нэг удаа цохиод машинаас буусан. Тэр үед эхнэр бас машинаас бууж ирээд ахин миний гарнаас бариад энхгэрээс зуураад түлхүүр өг гээд байсан. Тэгэхээр нь би эхнэрийн духны хэсэгрүү гараараа нэг удаа цохиод, баруун хөлийн шилбэ хэсэгрүү нь нэг удаа өшиглөөд, эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх31-32/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.З нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

             Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч болон хохирогч нар нь 2017 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь талуудын мэдүүлэг тайлбар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.З нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн  дүгээр хороо,  дугаар байрны орчим хамтран амьдрагч Т.Цтай “машины түлхүүр авах гэж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Энэ нь хохирогчийн “...нөхөр миний гарын бугуйны хэсэгрүү гараараа 2-3 удаа цохиод машинаас буусан. Тэгэхээр нь би бас машинаас буугаад нөхөр рүү ойртож очоод түлхүүр өг гээд гарнаас нь барихад нөхөр миний духны хэсэгрүү гараараа цохиод, баруун хөлний шилбэний хэсэгрүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд, эрүү хэсэгт гараараа 2 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Цын биед “...дух, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун шууны зулгаралт, баруун гуя, шилбэний цус хуралт...” бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6602 дугаартай нэмэлт шинжилгээгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч Т.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Зыг энэ тогтоолоор бусдад төлөх төлөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дуруур хүлээж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР