| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1413/Э |
| Дугаар | 1512 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 1512
2020 08 18 2020/ШЦТ/1512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Бямбадагва,
Гэрч Б.Цогбадрах,
Шүүгдэгч А.Н түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Андруушийн Нандинбилэг, Боржигон овогт Даваасүрэнгийн Балчиндорж нарт холбогдох эрүүгийн 1906 06476 0182 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Н, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 6 дугаар гудамжны 1767 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 657 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө би ээжийгээ асраад найзуудтайгаа ойрд уулзаагүй байсан үе. Тэгээд тэр өдөр найзуудтайгаа уулзъя гэсэн бодолтой байсан. А.Нийг лангуунаасаа буутал нь хамт байсан. Нандинбилэг эгчдээ орлого өгөөд, бид хоёр Цогбадрахтай уулзах гэсэн Цогбадрах арай гарах болоогүй байна гээд, тэгээд бид хоёр хойшоо Баянхошуу орж хүнтэй уулзаад буцах замдаа Цогоог аваад гадуур жаахан явсан. Эмээгийнд очьё гээд очсон. Яах уу гээд ярилцаад Наднинбилэг машин цэвэрлье гээд хамт гарсан. Цогоо гэрт өндөг чанаад байж байсан. Машинаас нь тэр юмнуудыг оруулж ирэхэд нь би мэдсэн. Тэгээд байж байсан чинь гэнэт хаанаас ч мэдэхгүй гал гараад ирсэн. Би өөрөө өвч хэрэглэдэггүй, тийм зүйлд хамааралтай биш. Нандинбилэг бид хоёрыг машинаас юу оруулсныг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цогбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Н утсаар ярьсан. Нөгөө хүн нь хаана байгаа юм бэ гээд байсан. Надаас хаана билээ гэж асуухаар нь би Дарь-эх гэж хэлсэн. Тухайн үед нэг өвсний талаар яриад байсан ... Гал гараад түлэгдээд гарч ирэхэд гадна хөрш айлын хүмүүс цугласан байсан. Би хөрш айлын хүмүүсээс тусламж гуйгаад ээжрүү яриад дараа нь 103 дугаарт ярьсан. Тэгээд эргээд харахад Нандинбилэг байшингаас гарч ирээд гүйж байсан. Балчиндоржийг анзаараагүй. Байшингаас гарч ирээд баруун тийшээ нэг зүйл шидсэн тэгэхэд миний хажууд нэг эгч тэр хүүхэд юу хийгээд байна гэхээр нь би харсан. Нандинбилэг юм зөөгөөд байсан. Эхлээд өвс оруулж ирчээд дараа нь Балчиндоржтой хамт гарч газ оруулж ирсэн” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад гэнэт их чанга чимээ гараад гал гарч байгаа юм гэрэлтэй болж эхэлсэн. Би гялс хувцсаа өмсөөд гарсан чинь хажуу талын 1767 тоот айлын байшин нь шатаж байсан ... Тэгсэн 1767 тоотоос 1 залуу гарч ирээд манай 00 харалдаа хашааны гадна ямар нэгэн зүйл гаргаж хаяаад ямар азгүй новш вэ пизда гэж хэлээд буцаад гүйгээд явсан ... 1767 тоот хашааны дотор 3 залуу байсан. Нэг нь цээж нүцгэн, нөгөө 2 нь цамцтай байсан. Тэр 2 цамц залуугийн нэг нь манай хашааны гадна ямар нэгэн зүйл авчирч хаясан” /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч О.Маралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад манай нөхөр урд талын байшин дэлбэрчихлээ гэж хэлээд бид 2 хамт гэрээс гарсан. Тэгсэн манай урд талын хашаан доторх байшин шатаж байсан ... Намайг очих үед нэг залуу нь ирээд эгчээ гааз дэлбэрчихлээ түргэн тусламж дуудах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэр залууд миний утас байхгүй байна, чиний утас байна уу гэж асуусан чинь халаасанд байгаа гэж хэлээд би тэр залуугийн халааснаас нь гар утсыг нь аваад түргэн тусламж, цагдаа дуудсан. Би тэр залуугийн гар утсаар түргэн тусламж дуудаад зогсож байхад тэр залуутай хамт байсан 2 залуу хашаан дотроо тал тал тийшээ гүйлдээд юм зөөгөөд байгаа юм шиг санагдсан ... Тэгсэн гэрийнхээ үүдэнд шатаж байгаа байшинруу хараад зогсож байсан чинь гэнэт нөгөө гүйлдээд байсан 2 залуугийн нэг залуу нь шатаж байгаа байшингийн араар гүйж гарч ирээд байшингийн ар талруу нэг юм шидээд цаашаа гүйсэн. Нөхөр бид 2 юу шидчих вэ гээд хашаа давж очоод харсан чинь жижиг улаан өнгөтэй хэрэглээний гааз байсан. Тэр ахуйн гаазыг хашаан дотор гүйлдээд байсан 2 залуугийн нэг нь шидсэн. Учир нь хашаан дотор тэр 2-оос өөр хүн байгаагүй” /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Б.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цагаас 00 цагийн үед гэж санаж байна. Найз Балчиндорж нь надруу залгаад нэг айл хэрэгтэй байна гэж хэлсэн ... Тэр өдөр би гэртээ байхад Балчиндрож ирсэн ба ирэхдээ Нандинбилэгийн хамт машинтай явж байсан ... Бид 3 уулзаад Дарь-Эхэд байрлах Мөнхцэцэг эгчийн байшинруу явсан ... цахилгаан зууханд өндөг чанаж байсан. Би хүүхдийн өрөөнөөс хувцас аваад эргээд хартал өөдөөс гал дүрэлзэж эхэлсэн юу болоод байгааг мэдэхгүй байшингаас гарч чадахгүй 1-2 минут болоод байшингаас гарахад гадаа олон хүмүүс ирсэн байсан. Тэгээд би нэг эгч зогсож байхаар нь халааснаасаа гар утсаа авхуулж түргэн дуудуулсан. 103-руу залгуулаад эргээд харахад нөгөө хоёр гарч ирсэн байсан. Би анх гарч ирээд түлэгдсэн гэдгээ мэдээгүй. Гар утсаа авах гэтэл гарны арьс хууларсан байсан. Нөгөө хоёрынч гэсэн арьс их унжиж хууларсан байсан ... Нандинбилэг бор хайрцагтай зүйл болон цагаан өнгийн гялгар тортой зүйл бариад ороод ирсэн ... архи ууж хонох гээд байгаа юм байна гэж бодоод эмээгээс гэрийнх нь түлхүүрийг гуйж байгаад авчихсан юм. Эмээд хашааных нь нохойг хооллочихоод ирье гэж хэлж гэрийнх нь түлхүүрийг авсан. Тэгээд орой 22 цагийн үед гэрээс гарах үед Балчиндорж залгаад намайг ирж авахаар болсон ... эмээгийнд ортол Балчиндорж, Нандинбилэг хоёр хоорондоо би чамд хэдийг өгөх ёстой билээ гээд л мөнгөний тооцооны талаар яриад байсан ... Нандинбилэг эхлээд ногоон өнгийн шуудайтай зүйл оруулж ирсэн. Тэгээд буцаад гарахад нь Балчиндорж ардаас нь гараад буцаж хамт орж ирэхдээ хоёулаа нэг, нэг бор өнгийн хайрцагтай зүйл аваад орж ирсэн. Би тэрийг нь сонирхоод шуудайтай зүйлийг нь нээж үзэхэд дотор талд нь цагаан өнгийн ууттай өвс, ургамал шиг зүйл байсан Бор өнгийн хайрцагтай зүйл нь битүү байсан болохоор дотор нь юу байгааг хараагүй. Яг тэр үед Балчиндорж, Нандинбилэг 2 утсаар ярьж байхдаа мансууруулах өвсний талаар яриад байсан. Тэр ярианаас нь Нандинбилэгийн манай гэрт оруулж ирсэн ногоон өнгийн шуудайтай, цагаан өнгийн гялгар ууттай зүйлийг мансууруулах ургамал юм байна гэж мэдсэн ... Би тэр өрөөнд барагцаагаар 20-оод минут болсон. Тэгсэн гэнэт чанга чимээ гарахад эргээд харахад улаан гал үлээгээд ороод ирсэн. Би амьсгалж чадахгүй хаалгаруу гүйсэн ... Тэрийгээ гэрт оруулж ирээд хүнтэй утсаар яриад байхад нь би мансууруулах өвс юм байна гэж мэдсэн. Тэр 2 надад мансууруулах өвс гэж огт хэлээгүй. Нандинбилэг цаад хүнтэйгээ утсаар ярьж байхдаа эмээгийн гэрийг зааж өгөөд байсан ... тэр эгчийн утсаар ээжрүүгээ залгуулсан. Тэр хооронд Балчиндорж, Нандинбилэг нар буцаад шатаж байгаа байшинруу орж байсан. Намайг утсаар яриад дуусаад эргээд харахад Балчиндорж харагдахгүй, Нандинбилэг гартаа ууттай зүйл тэврээд гэрээс гарч ирсэн. Тэрийг тэвэрсэн чигтээ хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад манай баруун талын хашааны дэргэд очоод нөгөө ууттай зүйлээ хаяаад, өөрийнхөө хувцсыг тайлаад тэндээ орхисон ... хураагдсан гялгар ууттай мансууруулах өвсийг Балчиндорж, Нандинбилэг хоёр авчирсан ... сүүлд 12 дугаар сард эмчилгээ хийлгэж дуусаад гэртээ байх үед Балчиндорж интернетээр надруу чат бичсэн ... Уг чатад Балчиндорж тэр өвсийг танай эгчийнд чинь байсан, эмээ чинь эмчилгээний журмаар ашигладаг байсан, зах дээрээс авсан гээд хэлье тэгэх үү гээд гуйгаад байсан” /хх-ийн 34-35, 36-37, 38-39 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6243 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн БЗДЦГ-н ЦХ-2 МБТ эд мөрийн баримт /цагаан ууттай өвс мэт ургамал/ гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг болно. БЗДЦГ-н ЦХ-2 МБТ эд мөрийн баримт /битүүмжилсэн ууттай өвс мэт ургамал/ гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. БЗДЦГ-н ЦХ-2 МБТ эд мөрийн баримт /цагаан ууттай өвс мэт ургамал/ гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 657г, БЗДЦГ-н ЦХ-2 МБТ эд мөрийн баримт /битүүмжилсэн ууттай өвс мэт ургамал/ гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6 г байна. /жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдийг буцаан хүргүүлэв/” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
А.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна ... Уг өвсийг хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин зочид буудлын хойд талаас түүсэн юм. Тэнд уг мансууруулах ургамал ургасан байсныг харж байсан болохоор очиж түүсэн юм. Өмнө нь харж байхад ганц нэг салаа ургасан байсан. Харин түүх гээд очиход маш их хэмжээтэй ургасан байсан ... Би түүсэн мансууруулах ургамлаа цагаан өнгийн гялгар уутанд хийгээд, давхар өөрийн цүнхэндээ хийгээд авч явж байсан ... Тэгэхдээ нөгөө түүсэн мансууруулах ургамлаа хамт оруулсан юм. Тэгээд машинаа цэвэрлэж дуусаад байшин дотор сууж байсан чинь зуух нь гэнэт дэлбэрсэн ... Би байшин дотор мансууруулах ургамал байгаа гэдгийг мэдэж байсан болохоор дараа нь ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод шатаж байгаа байшинруу буцаж ороод нөгөө мансууруулах бодисыг авахаар орсон. Тэгсэн ахын машинаас оруулсан хайрцагтай зүйл нь ахуйн гааз байсан болохоор хамт аваад гарсан. Тэгээд тэр 2 зүйлийг аваад хашаанаас гараад хажуу талын айлын хашааны гадна аваачиж хаясан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43 дугаар хуудас/,
Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай “А.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Н нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. А.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Н нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Хувийн байдалтай холбоотой
Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/,
Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний хүү Балчиндорж их даруухан, хүнтэй маргалдаж байгаагүй, худал хэлдэггүй, 1000 төгрөг ч байсан хэлэхгүй авдаггүй, их шударга, ээжээсээ юм огт нуудаггүй, яагаад ийм хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй, надтай их дотно , элэн далангүй байдаг. Тухайн өдөр Балчиндорж 18 цаг хүртэл надтай хамт байсан. Тэгээд 18 цагийн үед найзуудтайгаа уулзаадхъя гэж хэлээд гарсан ... Сүүлийн 1 жилийн хугацаанд намайг асарч миний хажуугаас холдоогүй. Яагаад гэвэл миний бага хүү 10 настайдаа нас барсан. Тэрнээс хойш Балчиндоржтой хамт амьдрах болсон. Миний хөл хугараад хүний асаргаанд бүтэн орсон. Одоог хүртэл надтай хамт ажиллаж байгаа. Энэ хугацаанд мансууруулах бодистой холбоотой зүйл огт анзаарагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Гэрч А.Юмжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нандинбилэг их даруу, дуу цөөтэй, уяхан сэтгэлтэй, өрөвч нинжин сэтгэлтэй, төлөвшил сайтай, хараал хэлдэггүй, ах, эгч нарынхаа урдаас маргалддаггүй, хүний итгэлийг алддаггүй ... Бие нь бүхэлдээ 70 хувийн түлэгдэлтэй, тариа хийх газаргүй түлэгдсэн байсан ... Одоо 2 гар нь хөдлөхгүй, хоолоо идэж чадахгүй, хүний асаргаанд орсон байгаа. Нурууны түлэгдэлт нь бүрэн эдгэрч чадаагүй байгаа. Цаашид насан туршид нь эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч А.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний дүү Юмжав Нандинбилэгийг бага байхаас нь одоог хүртэл өсгөж хүмүүжүүлсэн. Нандинбилэгийн хувьд хамгийн бага дүү болохоор бүгд анхаарал хандуулж байдаг. Ээжийг өнгөрсөн цагаас хойш Нандинбилэгийн сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон. Тэрнээс болоод сэтгэл санаа нь цочирдоод ийм байдалд орсон гэж бодож байна ... Нандинбилэг их дөлгөөн, хүний үгээр, ах эгчийнхээ үгнээс гардаггүй, уян зөөлөн хүн, гэр бүлсэг, аав, ээж, ах, эгчийнхээ хайранд өссөн, их мундаг хүүхэд байгаа ... Одоо 2 гар нь хөдлөхгүй, хүний асаргаанд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 140-142 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримт,
Шүүгдэгч Б.Балчиндоржийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 10 хуудас баримт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Н, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь эх 6 дугаар гудамжны 1767 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө би ээжийгээ асраад найзуудтайгаа ойрд уулзаагүй байсан үе. Тэгээд тэр өдөр найзуудтайгаа уулзъя гэсэн бодолтой байсан. А.Нийг лангуунаасаа буутал нь хамт байсан. Нандинбилэг эгчдээ орлого өгөөд, бид хоёр Цогбадрахтай уулзах гэсэн Цогбадрах арай гарах болоогүй байна гээд, тэгээд бид хоёр хойшоо Баянхошуу орж хүнтэй уулзаад буцах замдаа Цогоог аваад гадуур жаахан явсан. Эмээгийнд очьё гээд очсон. Яах уу гээд ярилцаад Наднинбилэг машин цэвэрлье гээд хамт гарсан. Цогоо гэрт өндөг чанаад байж байсан. Машинаас нь тэр юмнуудыг оруулж ирэхэд нь би мэдсэн. Тэгээд байж байсан чинь гэнэт хаанаас ч мэдэхгүй гал гараад ирсэн. Би өөрөө өвч хэрэглэдэггүй, тийм зүйлд хамааралтай биш. Нандинбилэг бид хоёрыг машинаас юу оруулсныг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Цогбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нандинбилэг утсаар ярьсан. Нөгөө хүн нь хаана байгаа юм бэ гээд байсан. Надаас хаана билээ гэж асуухаар нь би Дарь-эх гэж хэлсэн. Тухайн үед нэг өвсний талаар яриад байсан ... Гал гараад түлэгдээд гарч ирэхэд гадна хөрш айлын хүмүүс цугласан байсан. Би хөрш айлын хүмүүсээс тусламж гуйгаад ээжрүү яриад дараа нь 103 дугаарт ярьсан. Тэгээд эргээд харахад Нандинбилэг байшингаас гарч ирээд гүйж байсан. Балчиндоржийг анзаараагүй. Байшингаас гарч ирээд баруун тийшээ нэг зүйл шидсэн тэгэхэд миний хажууд нэг эгч тэр хүүхэд юу хийгээд байна гэхээр нь би харсан. Нандинбилэг юм зөөгөөд байсан. Эхлээд өвс оруулж ирчээд дараа нь Балчиндоржтой хамт гарч газ оруулж ирсэн” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Цогтбаярын “2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 2 цагийн үед гэртээ унтаж байхад гэнэт их чанга чимээ гараад, гал гарч байгаа юм шиг гэрэлтэй болж эхэлсэн. Би гялс хувцсаа өмсөөд гарсан чинь хажуу талын 1767 тоот айлын байшин нь шатаж байсан ... Тэгсэн 1767 тоотоос 1 залуу гарч ирээд манай харалдаа хашааны гадна ямар нэгэн зүйл гаргаж хаяад ямар азгүй новш вэ пизда гэж хэлээд буцаад гүйгээд явсан ... 1767 тоот хашааны дотор 3 залуу байсан. Нэг нь цээж нүцгэн, нөгөө 2 нь цамцтай байсан. Тэр 2 цамцтай залуугийн нэг нь манай хашааны гадна ямар нэгэн зүйл авчирч хаясан” /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч О.Маралын “... манай урд талын хашаан доторх байшин шатаж байсан ... Би тэр залуугийн гар утсаар түргэн тусламж дуудаад зогсож байхад тэр залуутай хамт байсан 2 залуу хашаан дотроо тал тал тийшээ гүйлдээд юм зөөгөөд байгаа юм шиг санагдсан ... Тэгсэн гэрийнхээ үүдэнд шатаж байгаа байшинруу хараад зогсож байсан чинь гэнэт нөгөө гүйлдээд байсан 2 залуугийн нэг залуу нь шатаж байгаа байшингийн араар гүйж гарч ирээд байшингийн ар талруу нэг юм шидээд цаашаа гүйсэн. Нөхөр бид 2 юу шидчих вэ гээд хашаа давж очоод харсан чинь жижиг улаан өнгөтэй хэрэглээний газ байсан. Тэр ахуйн гаазыг хашаан дотор гүйлдээд байсан 2 залуугийн нэг нь шидсэн” /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Б.Цогбадрахын “2019 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цагаас 00 цагийн үед гэж санаж байна. Найз Балчиндорж нь надруу залгаад нэг айл хэрэгтэй байна гэж хэлсэн ... архи ууж хонох гээд байгаа юм байна гэж бодоод ... Эмээд хашааных нь нохойг хооллочихоод ирье гэж хэлж гэрийнх нь түлхүүрийг авсан ... Нандинбилэг эхлээд ногоон өнгийн шуудайтай зүйл оруулж ирсэн. Тэгээд буцаад гарахад нь Балчиндорж ардаас нь гараад буцаж хамт орж ирэхдээ хоёулаа нэг, нэг бор өнгийн хайрцагтай зүйл аваад орж ирсэн. Би тэрийг нь сонирхоод шуудайтай зүйлийг нь нээж үзэхэд дотор талд нь цагаан өнгийн ууттай өвс, ургамал шиг зүйл байсан Бор өнгийн хайрцагтай зүйл нь битүү байсан болохоор дотор нь юу байгааг хараагүй. Яг тэр үед Балчиндорж, Нандинбилэг 2 утсаар ярьж байхдаа мансууруулах өвсний талаар яриад байсан. Тэр ярианаас нь Нандинбилэгийн манай гэрт оруулж ирсэн ногоон өнгийн шуудайтай, цагаан өнгийн гялгар ууттай зүйлийг мансууруулах ургамал юм байна гэж мэдсэн ... гэнэт чанга чимээ гараад эргээд харахад улаан гал үлээгээд ороод ирсэн. Би амьсгалж чадахгүй хаалгаруу гүйсэн ... Балчиндорж, Нандинбилэг нар буцаад шатаж байгаа байшинруу орж байсан. Намайг утсаар яриад дуусаад эргээд харахад Балчиндорж харагдахгүй, Нандинбилэг гартаа ууттай зүйл тэврээд гэрээс гарч ирсэн. Тэрийг тэвэрсэн чигтээ хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад манай баруун талын хашааны дэргэд очоод нөгөө ууттай зүйлээ хаяад, өөрийнхөө хувцсыг тайлаад тэндээ орхисон ... хураагдсан гялгар ууттай мансууруулах өвсийг Балчиндорж, Нандинбилэг хоёр авчирсан ... сүүлд 12 дугаар сард эмчилгээ хийлгэж дуусаад гэртээ байх үед Балчиндорж интернетээр надруу чат бичсэн ... Уг чатад Балчиндорж тэр өвсийг танай эгчийнд чинь байсан, эмээ чинь эмчилгээний журмаар ашигладаг байсан, зах дээрээс авсан гээд хэлье тэгэх үү гээд гуйгаад байсан” /хх-ийн 34-35, 36-37, 38-39 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6243 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-85 дугаар хуудас/, А.Нийн “... Уг өвсийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аянчин зочид буудлын хойд талаас түүсэн ... Би түүсэн мансууруулах ургамлаа цагаан өнгийн гялгар уутанд хийгээд, давхар өөрийн цүнхэндээ хийгээд авч явж байсан ... Тэгэхдээ нөгөө түүсэн мансууруулах ургамлаа хамт оруулсан ... байшин дотор сууж байсан чинь зуух нь гэнэт дэлбэрсэн ... Би байшин дотор мансууруулах ургамал байгаа гэдгийг мэдэж байсан болохоор дараа нь ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод шатаж байгаа байшинруу нөгөө мансууруулах бодисыг авахаар орсон. Тэгсэн ахын машинаас оруулсан хайрцагтай зүйл нь ахуйн газ байсан болохоор хамт аваад гарсан. Тэгээд тэр 2 зүйлийг аваад хашаанаас гараад хажуу талын айлын хашааны гадна аваачиж хаясан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-43 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн гэмт хэргийн асуумж хэсэгт “2019 оны 07 дугаар сард ТНС буюу өвс хүнд өгсөн хэргээр торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. ТНС гэх зүйлийг хэрэглэж үзэж байсан гэхдээ хэрэгт холбогдсоноосоо хойш огт хэрэглээгүй” гэсэн тэмдэглэл /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
А.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй өвсийг түүж уутлан машиндаа хийсэн, улмаар Д.Б, А.Н нар уулзаж үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж эзэнгүй хүнгүй газрыг эрэлхийлэн олсон, тус газартаа мансууруулах үйлчилгээтэй өвсөө оруулж тавьсан, гал гарах үед өөрийн эрүүл мэндийг биш хуулиар хориглосон эд зүйлээ нуухыг чухалд үзсэн, хэргийг шийдвэрлэхэд явцад гэрчид нөлөөлөхөөр оролдсон гэсэн үйл баримт тогтоогджээ.
Нөгөөтэйгүүр дээрх гэмт хэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр буюу гал гарснаар таслан зогсоогдож илэрсэн онцлогтойг зориуд цохон тэмдэглэвэл зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч А.Н, Д.Б нарыг “Хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч А.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт өвч нэртэй бодисыг урьдаар түүж бэлтгэсэн үйлдэл тогтоогдсон байхад энэ үйлдэлд яллагдагчаар татаагүй байна. Гэвч хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хэргийн хүрээнд шийдвэрлэхээр тогтлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, учирсан хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Н, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Н, Д.Б нарыг “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч А.Нт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлснигй дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч А.Н, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг буюу Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учрах хор уршиг ихтэй байдал болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.Нийн хувьд урьд энэ төрлийн зөрчилд холбогдож байсан гэх ба тус гэмт хэрэг үйлдэх сэдлийг төрүүлж санаачилсан, эзэнгүй газарт мансууруулах үйлчилгээтэй өвсөө оруулж тавьсан, хуулиар хориглосон бодисоо нуухыг оролдсон, Д.Бийн хувьд эзэнгүй хүнгүй газрыг олсон, тус газарт мансууруулах үйлчилгээтэй өвсөө оруулж тавьсан, хэргийн оролцогч буюу гэрчид нөлөөлөхийг оролцсон зэрэг гэмт хэрэг оролцсон үйлдэл оролцооны байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтайгаар авч үзлээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Нт 2 /хоёр/ жил, Д.Бид 1 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 657 грамм жинтэй цагаан өнгийн ууттай “өвс” гэх нэршилтэй ургамал мэт зүйл, 28 ширхэг улаан өнгийн ахуйн газын сав зэргийг устгахаар зааж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч А.Н, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А-н Н, Б овогт Д Б нарыг “Хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Нт 2 /хоёр/ жил хорих ял, Д.Бид 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Нт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, Д.Бид оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Н, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 657 грамм жинтэй цагаан өнгийн ууттай “өвс” гэх нэршилтэй ургамал мэт зүйл, улаан өнгийн ахуйн газын сав 28 ширхэг зэргийг Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Н, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ