| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1519/Э |
| Дугаар | 1556 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 1556
2020 08 26 2020/ШЦТ/ 1556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Уранцэцэг /томилолтоор/,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Д-ийн Б-эд холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтуугаар
2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар байрны 29 тоотод хохирогч А.Анхбаярын гаран тус газарт хутгалж эрүүл мэндэд нь баруун бугалга, шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ББ март дэлгүүрийн гадна хохирогч Б.Өсөхбаярийн нүүрэн тус газарт гараараа цохьж эрүүл мэндэд нь үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч А.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 107 дугаар байр 20 тоотод байрлах найз Бэрсээгийн гэрт Бэрсээ, Ариунбилэг, Лхагваа бид нар пиво уусан. Тэнд пиво ууж байгаад Бэрсээ намайг цохих шиг болсон, тэгээд би хойшоо нэг хартал баруун гарнаас цус гараад эхлэсэн ... Миний биед учирсан гэмтлийг манай найз Бэрсээ учруулсан ... найз Бэрс эхнэр бид хоёрын голоор орж эхнэр Бурмаатай маргалдахаар нь би эхнэрийгээ өмөөрөөд Бэрсэд уурлаж маргаан эхлэсэн, тэгээд Бэрсээгийн гэрт Бэрсээ бид хоёр барицалдаж аваад бие биенийгээ харилцан цохилцож байсан ... Нэг сэрсэн чинь Бэрсээгийн байрны орцон дотор байсан ба Бэрсээ гүйж ирээд ногоон иштэй хутгаар миний баруун гарны шуу хэсэгт нэг удаа хутгалсан” /хх-ийн 15-16, 17-18 дугаар хуудас/,
Гэрч С.Алтан-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед гэрээсээ шатаар доош бууж байхад хоёр давхарт баруун гарын шууны орчмоос нь их цус гарчихсан 20 гаран насны эрэгтэй хүн шатан дээр сууж байсан ... Архи уугаагүй эрүүл залуу нь гарыг нь зүссэн гэх залууг ахын дүү найзыгаа яаж байгаа юм бэ гэж хэлж байсан тэгээд би гарыг нь зүссэн гэх залуугийн гутлын үдээсээр нь баруун гарынх нь булчингийн хэсэгт нь боож өгчихөөд байж байтал удаагүй эмнэлэг ирсэн” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7329 дугаартай “А.Анхбаярын биед баруун бугалга, шууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Яллагдагч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруула ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны 107 дугаар байрны 2 дугаар давхарын орцон дотор хохирогч А.Анхбаярын баруун гарны шууны хэсэгт ногоон өнгийн иштэй хутгаар нэг удаа хутгалсан. Хохирогч А.Анхбаярын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан ... Анхбаяр гэрээс гараад явсан, миний уур хүрээд гэрээс хутга авч гараад Анхбаярын баруун гарт нэг удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед надаас тамхи нэхсэн залуу чи ямар атаман юм бэ хоёулаа үзье гэж хэлэхээр нь би үгүй ээ, би ажил руугаа явж байна, би чамтай үзэж яадаг юм гэж хэлэхэд намайг цамцнаас заандаж байгаад машины хамар дээр дарж унагаасан. Тэгэхэд ББ маркетаас хүн гарч ирээд тухайн залууг надаас холдуулаад салгасан, тэгэхэд хажуу талаас буцаж орж ирээд уруул хэсэгт нэг удаа мөргөсөн ... Тэгтэл нөгөө залуу хоёулаа энд үзье би эндэхийн атаман байна гээд намайг цамцны энгэрээс заамдаж хоолой боосон, тэгээд тэнд зогсож байсан машины хамар дээр дарж унагаагаад би өөдөөс нь түлхээд босч ирээд гарыг нь тавиултал миний толгой руу цохисон. Тэгтэл миний орсон дэлгүүрт байсан нэг ах гарч ирээд салгатал нөгөө намайг боосон залуу гэнэт шүд рүү мөргөсөн. Тэгээд би тэр залууд чи шүд хугалчихлаа гэсэн чинь би чамайг алж байж гээд хөлрүү өшиглөсөн” /хх-ийн 77-78, 79-80 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 8160 дугаартай “Б.Өсөхбаярын биед үүдэн зүүн дээд нэгдүгээр шүдний цөгцний хугарал, сулрал, уруул язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлий зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Гэрч Ө.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Найз Бэрс бид хоёр гэр лүүгээ орох гэж явж байгаад ББ маркетын гадна петровисийн улаан өнгийн хувцас өмссөн байсан үл таних залуутай найз Бэрс маргалдсан. Найз Бэрс нь уг залуугаас тамхи асуугаад маргалдсан юм аа. Тэгэхэд найз Бэрс тухайн үл таних залууг нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн ... Нэг удаа нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөсөн, тэгэхэд тухайн үл таних залуугийн амнаас нь цус гарч байсан” /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Замд петровисийн улаан хувцастай үл таних залуутай таараад тамхи асууж маргалдсан. Тэгээд миний уур хүрээд хохирогч Б.Өсөхбаярын нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгэхэд хохирогч Б.Өсөхбаярын амнаас хальт цус гарч байх шиг байсан ... баянзүрх хотхоны 107дугаар байрны 1дүгээр орцонд 2-3давхарын хооронд хохирогч А.Анхбаяртай маргалдаж улмаар хутгаар баруун гарын шуу хэсэгт нэг удаа хатгаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 2020оны 7дугаар сарын 14ны орой Баянзүрх дүүргийн 8дугаар хороо Баянзүрх хотхон ББ маркетын гадна хохирогч Б.Өсөхбаярыг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Дээрх хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 84-85, 103 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтуугаар
2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар байрны 29 тоотод хохирогч А.Анхбаярын гаран тус газарт хутгалж эрүүл мэндэд нь баруун бугалга, шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ББ март дэлгүүрийн гадна хохирогч Б.Өсөхбаярийн нүүрэн тус газарт гараараа цохьж эрүүл мэндэд нь үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, сулрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.Анхбаярын “... Тэнд пиво ууж байгаад Бэрсээ намайг цохих шиг болсон, тэгээд би хойшоо нэг хартал баруун гарнаас цус гараад эхлэсэн ... найз Бэрс эхнэр бид хоёрын голоор орж эхнэр Бурмаатай маргалдахаар нь би эхнэрийгээ өмөөрөөд Бэрсэд уурлаж маргаан эхэлсэн, Бэрсээгийн гэрт Бэрсээ бид хоёр барицалдаж аваад бие биенийгээ харилцан цохилцож байсан ... Нэг сэрсэн чинь Бэрсээгийн байрны орцон дотор байсан ба Бэрсээ гүйж ирээд ногоон иштэй хутгаар миний баруун гарны шуу хэсэгт нэг удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18 дугаар хуудас/, гэрч С.Алтан-Очирын “2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед гэрээсээ шатаар доош бууж байхад хоёр давхарт баруун гарын шууны орчмоос нь их цус гарчихсан 20 гаран насны эрэгтэй хүн шатан дээр сууж байсан ... Архи уугаагүй эрүүл залуу нь гарыг нь зүссэн гэх залууг ахын дүү найзыгаа яаж байгаа юм бэ гэж хэлж байсан тэгээд би гарыг нь зүссэн гэх залуугийн гутлын үдээсээр нь баруун гарынх нь булчингийн хэсэгт нь боож өгчихөөд байж байтал удаагүй эмнэлэг ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7329 дугаартай “А.Анхбаярын биед баруун бугалга, шууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Яллагдагч Д.Бийн “... А.Анхбаярын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан ... Анхбаяр гэрээс гараад явсан, миний уур хүрээд гэрээс хутга авч гараад Анхбаярын баруун гарт нэг удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, хохирогч Б.Өсөхбаярын “... Тухайн үед надаас тамхи нэхсэн залуу чи ямар атаман юм бэ хоёулаа үзье гэж хэлэхээр нь би үгүй ээ, би ажилруугаа явж байна, би чамтай үзэж яадаг юм гэж хэлэхэд намайг цамцнаас заамдаж байгаад машины хамар дээр дарж унагаасан. Тэгэхэд ББ маркетаас хүн гарч ирээд тухайн залууг надаас холдуулаад салгасан, тэгэхэд хажуу талаас буцаж орж ирээд уруул хэсэгт нэг удаа мөргөсөн ... тэр залууд чи шүд хугалчихлаа гэсэн чинь би чамайг алж байж гээд хөлрүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78, 79-80 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 8160 дугаартай “Б.Өсөхбаярын биед үүдэн зүүн дээд нэгдүгээр шүдний цөгцний хугарал, сулрал, уруул язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/, гэрч Ө.Мөнхтулгын “Бэрс бид хоёр гэрлүүгээ орох гэж явж байгаад ББ маркетын гадна петровисийн улаан өнгийн хувцас өмссөн байсан үл таних залуутай ... тамхи асуугаад маргалдсан. Бэрс тухайн үл таних залууг нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн ... амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/, яллагдагч Д.Бийн “... ББ маркет дэлгүүрийн гадна хохирогч Б.Өсөхбаярыг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Дээрх хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85, 103 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Д.Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч А.Анхбаяр, Б.Өсөхбаяр нар хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Бийн зүгээс хохирогч А.Анхбаярт учирсан хохиролд 4.000.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Өсөхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан зарим хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Д.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэгт холбогдсон буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бэд мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б. овогт Д-ийн Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бэд 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бэд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Б.Өсөхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ